Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2020/01536

 

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2020/01536

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 02 дугаар хороо, 02 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, Хиллсайд хотхон, 9В байр, 92 тоот хаягт байрлах О д ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 01 дүгээр хороо, 02 дугаар хороолол, 010-31 тоот хаягт байрлах Ю И д э к ХХК /РД: /-д холбогдох

 

Түрээсийн гэрээний дагуу авч явсан тоног төхөөрөмж болох өрмийн машин дагалдах хэрэгслийн хамт гаргуулах, олох байсан орлого 40,750,000 төгрөг, сэлбэг хэрэгслийн үнэ 1,991,000 төгрөг, нийт 42,741,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 20,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С, хариуцагчийн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Д, Н.Б, гэрч Ө.М, Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О д ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.Б, өмгөөлөгч С.С нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ю и д э к ХХК болон О д ХХК-ийн хооронд 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр тоног төхөөрөмж түрээслүүлэх тухай гэрээ байгуулж, Long year 38 загварын 1 ширхэг өрмийн машин, шаврын насосыг дагалдах хэрэгсэл буюу сугалдаг толгой 1 ширхэг, subb 1 ширхэг зэргийг гэрээ байгуулсан өдрөө манай ажилтан Ө.М Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин хотхон, 68-24 тоотод байрлах аж ахуйн хашаанаасаа Ю и д э к ХХК-ийн захирал Ц.О, Б.Б нарт хүлээлгэж өгсөн. Мөн нэмэлтээр 5 ханатай гэр, өрмийн сэлбэгийг дараа төлбөрийг нь төлөх нөхцөлтэйгээр зээлээр авсан. Бүрэн бүтэн тоног төхөөрөмжийг 10 хоногийн хугацаатай өдрийн 250,000 төгрөгөөр түрээслүүлсэн. Хүлээн авах хугацааг хойшлуулсан бол эд хөрөнгийн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийн алдангийг хожимдуулсан өдөр бүр төлнө гэж гэрээндээ заасан. Гэхдээ нэхэмжлэгч талаас гэрээний заалтыг бариагүй. Учир нь хариуцагч талд хэтэрхий хохиролтой гэж үзсэн. Түрээсийн төлбөрийг өгөхийг шаардаж удаа дараа мессеж бичсэн. Би 2019 оны 11 дүгээр сард шүүхэд өгнө гэж хэлэхэд над руу 100 метр талбайн ажил хийсэн, би авсан учраас буцааж хүлээлгэж өгөх үүрэгтэй гэж мессеж бичсэн. Д.Б надад хэлэхдээ Г.Ө мөнгө идсэн, Ц.О нууцаар ажиллуулаад мөнгө олсон гэдэг. Танай компанийн дотоод асуудал надад хамаагүй гэдгийг хэлсэн. Эд нар гуйсны үндсэн дээр өрмийн машиныг маш хямдхан түрээслүүлсэн. Надад тухайн үедээ энэ талаар хэлж байгаагүй хэрнээ одоо ийм тайлбар гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-д түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно, 295 дугаар зүйлийн 295.4-д гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй гэж заасны дагуу олох байсан орлого түрээсийн төлбөрийг нэхэмжилж байгаа. Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Тиймээс Long year 38 загварын 1 ширхэг өрмийн машинаа дээр дурдсан тоног төхөөрөмжийн хамт буцаах авах хүсэлттэй байна. Харин 5 ханатай гэрээ нэхэмжлээгүй. Манай компани нь 2019 оны 10 дугаар сарын 1-нээс 3 сарын хугацаатай Х ХХК-д өрмийн машинаа, тоног төхөөрөмжийн хамт түрээслүүлэхээр гэрээ байгуулсан байсан боловч хариуцагч компани өрмийн машин, тоног төхөөрөмжийг маань буцааж өгөөгүйгээс олох байсан орлогоороо хохирсон. 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл олох байсан орлого 40,750,000 төгрөг, сэлбэг хэрэгслийн үнэ 1,991,000 төгрөг, нийт 42,741,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь бид бүрэн бүтэн өрмийн машин, тоног төхөөрөмж хүлээлгэж өгсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

Хариуцагч Ю и д э к ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.О, өмгөөлөгч Д.Д, Н.Б нарын гаргасан тайлбарт: Ю И д э к ХХК нь нэхэмжлэгч О д ХХК-иас Long year 38 загварын 1 ширхэг өрмийн машиныг зарим тоног төхөөрөмжийн хамт 10 хоногийн хугацаатай түрээсэлж авсан. Гэтэл тухайн ажиллах газраа очоод ажлаа гүйцэтгэж чадаагүй. Сэлбэг нь дутуу байсан учраас өрмийн машин ажиллахгүй байсан. Тухайн үед О д ХХК-нд энэ талаар мэдэгдэж, сэлбэг өгөх боломж байгаа юу, хэрвээ байхгүй бол бид өөрсдөө худалдаж авъя гэж удаа дараа хэлсэн ч сэлбэгийг өгөөгүй. Бид 10 хоногийн түрээсийн төлбөрт 2,500,000 төгрөгийг төлсөн. Гэрээг манай компанийн нэрээ байгуулсан боловч Г.Ө гэх хүн өрмийн машин, тоног төхөөрөмжийг авч ажиллуулсан. Өрмийн машины радиатор, даралтын цилиндрүүдийн сальник, их биеийн сальник, шаварын насосны гидроликний сальник зэрэг нь эвдэрсэн байгаа тухай О д ХХК-д мэдэгдэж 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Д.Б, Г.Ө нар очиж авсан. Тоног төхөөрөмжийг ажиллуулсан Г.Ө-д уг тоног төхөөрөмжийг О д ХХК-д хүргэж өгөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байгаа. Г.Ө-д холбогдуулан Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст бид гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа. Бид шүүх хурлыг өмнөхөн тухайн өрмийн машин, тоног төхөөрөмжийг аваад ирсэн. Хүлээлгэж өгөхөд бэлэн байгаа.

 

Нэхэмжлэгч хэдий нэхэмжлэх эрхтэй хэдий ч бас үүрэг хүлээнэ. Нэгдүгээрт талууд тоног төхөөрөмж түрээслэх гэрээг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр байгуулж, гэрээндээ бүрэн бүрэн төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн гэж тусгасан боловч гэрч Ө.М төхөөрөмжийг хүлээж авахаас өмнө бүрэн бүтэн гэх үгийг бичсэн байсан гэж мэдүүлсэн. Үүнийг шүүх анхаарч үзээсэй. Төхөөрөмжийг хүлээж аваагүй байхад бүрэн бүтэн гэж бичсэн нь маргаан үүсгэж байна. Төхөөрөмжийг хүлээж авахад аль аль талаас нь мэргэжлийн хүмүүс байгаагүй. Хоёрдугаарт нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэрээний 9 дүгээр зүйлд заасан гэрээний хариуцлагын талаар ярьж байна. Гэрээний 9 дүгээр зүйлийн б-д түрээсийн төлбөр төлөх хугацааг хожимлуулсан бол өрийн дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээгээр алдангийг хожимдуулсан өдөр бүр төлнө гэж заасан. Хэзээ ч алданги 30 хувьтай тэнцэх хэмжээний байдаггүй юм. Иргэний хуульд алданги 0.5 хувиас хэтрэхгүй гэж заасан. Түрээсийн төлбөрийг хариуцагч хожимдуулаагүй, төлбөрийг урьдчилаад төлсөн. Түрээсийн төлбөрийг зориулалтын бусаар ашигласан зүйл байхгүй, энэ талаар тогтоосон баримт байхгүй. Тиймээс уг заалтыг баримтлан шаардаж байгаа нь учир дутагдалтай, хуульд нийцэхгүй байна. Өрмийн машин бүрэн бүтэн байгаагүй талаар гэрч Ц.О мэдүүлсэн. 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сар хүртэл огт ажиллаагүй гэдгийг гэрч Ө.М мэдүүлсэн. Ажлын талбай дээр очсон хойно доголдол гарч ирсэн гэдгийг Ц.О нэхэмжлэгчид удаа дараа хэлж байсан. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.5-д гэрээ байгуулах үед буюу хожим нь эд хөрөнгийн доголдол илэрсэн бөгөөд уг доголдлыг арилгах үүргээ хөлслүүлэгч биелүүлэхгүй саатуулж байвал хөлслөгч хөлсний хэмжээг бууруулах, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч сөрөг нэхэмжилж гаргасан.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ю И д э к ХХК нь О д ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Тоног төхөөрөмж түрээслэх гэрээ байгуулж, Long Year 38 загварын 1 ширхэг өрмийн машиныг 10 хоногийн хугацаатай өдрийн 250,000 төгрөгөөр хөлслөхөөр харилцан тохиролцсон. О д ХХК нь хэдийгээр бүрэн бүтэн техник гэж гэрээн дээр бичсэн хэдий ч тэдний компанийн хашаанд нь очиход өрмийн машины эд анги дутуу энд тэнд өөр өөр машинаас авч сэлбэж тавьж асааж үзээд авсан. Тухайн үед Ю И д э к ХХК-иас Ц.О, Г.Ө, н.Б бид нар байсан бол О д ХХК-ийг төлөөлж Ө.М байсан. Манай компани А х а ХХК-тай тэдний Дорноговь аймгийн Мандах сумын нутагт эзэмшдэг хайгуулын лицензтэй талбайд 10 хоногийн хугацаанд 200 метрийн гүн өрөмдлөг хийхээр 32,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулж ажлын урьдчилгаа болгон 24,000,000 төгрөгийг авсан. Ингээд энэ ажлыг гүйцэтгүүлэхээр иргэн Г.Ө-тай гэрээ байгуулж, 12,000,000 төгрөгийг тохиролцсоноор шилжүүлэн өгсөн. Энэ ажлаа бид 10 хоногт дуусгана гэж итгэн 2,500,000 төгрөгийг О Д ХХК-д шилжүүлэн өгсөн. Дорноговь аймгийн Мандах суманд өрөмдлөг хийх газарт өрмийн машиныг Г.Ө н.Б нар ажиллуулахаар болж ажлаа эхлэх гэтэл өрмийн машин их удаан ажиллаагүй зогссон, ихэд хуучирснаас доголдож ажиллах боломжгүй болсон. Үзэхэд радиатор, даралтын цилиндрүүдийн сальник, их биеийн сальника, шаврын насосны гидролинкны сальник бүгд сэтэрсэн, эвдэрсэн радиотор нь халаад огт ажил хийх боломжгүй байсан. Энэ талаар О д ХХК-ийн захирал н.Б-д удаа дараа утастаж хэлэхэд загнаад хүлээж авахгүй байсан. Бид ядаж сэлбэгээ зарчихаач гэж аргаа бараад гуйсан. 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Г.Ө бид хоёр очиж радиатор авч тавьсан боловч тэр нь хуучин халаад явахгүй хэмжээ хүчин чадал нь багадаад сэлбэг тавихаар 1, 2 цаг ажиллаад цаашид ажиллах боломжгүй засах шаардлагатай болж ажил зогсоод үргэлжлэх ямар ч боломжгүй болсон. Ингээд О д ХХК-ийн эвдэрсэн өрмийн машинаас болоод манайх А х а ХХК-тай байгуулсан 32,000,000 төгрөгийн гэрээ цуцлагдсан, урьдчилгаанд авсан мөнгөнөөсөө 12,000,000 төгрөгийг Г.Ө-н ажлын хөлсөнд өгсөн. Урьдчилгаанд авсан 12,000,000 төгрөгөө буцаан өгч, төлбөрийн үлдэгдэл 8,000,000 төгрөгөө авч чадалгүй, нийт 20,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж, олох ёстой байсан орлого 20,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О д ХХК нь хариуцагч Ю И д э к ХХК-д холбогдуулан Long year 38 загварын 1 ширхэг өрмийн машин, шаврын насос, дагалдах хэрэгсэл буюу сугалдаг толгой 1 ширхэг, sub 1 ширхэг зэргийг гаргуулах, сэлбэг хэрэгслийн үнэ 1,991,000 төгрөг, олох ёстой байсан орлого 40,750,000 төгрөг, нийт 42,741,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Ю и д э к ХХК нь нэхэмжлэгч О д ХХК-д холбогдуулан олох байсан орлого 20,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Ю и д э к ХХК нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг ... гэрээг манай компани байгуулсан боловч өрмийн машин, тоног төхөөрөмжийг Г.Ө авч явж ашигласан, бид өрмийн машиныг авч ирж нэхэмжлэгчид хүлээлгэж өгөхийг түүнээс удаа дараа шаардсан боловч одоог хүртэл өгөөгүй байгаа. Гэвч бид шүүх хурлыг өмнөхөн тухайн өрмийн машин, тоног төхөөрөмжийг аваад ирсэн. Хүлээлгэж өгөхөд бэлэн байгаа. Гэрээнд хэдийгээр бүрэн бүтэн тоног төхөөрөмж хүлээлгэж өгөв гэж тэмдэглэсэн боловч өрмийн ажлын байран дээр авч ирээд ажиллуулах гэтэл хэт удаан ажиллуулаагүй, хэт хуучирснаас болоод асааж ажиллуулж чадаагүй, эвдэрсэн өрмийн машинаас болоод бид ажлаа хийж гүйцэтгэж чадаагүй тул А х а ХХК-тай байгуулсан 32,000,000 төгрөгийн ажил маань цуцлагдаж бид олох байсан орлогоороо хохирсон гэж, нэхэмжлэгч О д ХХК нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ... бид бүрэн бүтэн ажиллагаатай өрмийн машиныг дагалдах хэрэгслийнх нь хамт хүлээлгэж өгсөн, бидний буруугаас шалтгаалж хариуцагчид хохирол учраагүй, сөрөг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

А/ Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

Нэхэмжлэгч О д ХХК, хариуцагч Ю и д э к ХХК нар нь 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Тоног төхөөрөмж түрээслэх гэрээ-г байгуулан Long year 38 загварын 1 ширхэг өрмийн машин, шаврын насос, дагалдах хэрэгсэл буюу сугалдаг толгой 1 ширхэг, sub 1 ширхэг зэргийг 2019 оны 9 дүгээр сарын 17-ний өдрөөс 10 хоногийн хугацаатай, 1 хоногийн 250,000 төгрөг, нийт 10 хоногийн 2,500,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан түрээсийн гэрээ байгуулсан, зохигчдын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, уг гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ ба нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

Гэрээ байгуулагдсан, гэрээний үүрэгт 2,500,000 төгрөгийг төлсөн, өрмийн машин, шаврын насос, дээр дурдсан дагалдах хэрэгслийн хамт хүлээж авсан талаар хариуцагч маргаагүй, мөн хариуцагч өрмийн машин, шаврын насос, дагалдах хэрэгслийг Улаанбаатар хотод авч ирсэн, хүлээлгэж өгөхөд бэлэн гэж нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг зөвшөөрсөн тайлбарыг гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагаас мөнгөн төлбөрийн буюу олох байсан орлогод 40,750,000 төгрөг, сэлбэгийн үнэ 1,991,000 төгрөг, нийт 42,741,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь нэхэмжлэгч шаардлагынхаа энэ хэсгийг ... бид Х ХХК-д 2019 оны 10 дугаар сарын 1-ны өдрөөс 3 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан боловч хариуцагч компани өрмийн машин, насос, бусад тоног төхөөрөмжийг өгөөгүйгээс гэрээ хэрэгжээгүй, мөн 2020 оны 1 дүгээр сараас мөн оны 3 дугаар сарын 17-ны хооронд тухайн эд хөрөнгөө бусдад түрээслүүлсэн бол нийт 40,750,000 төгрөгийг олох байсан гэж тайлбарлаж байх боловч Х ХХК-тай гэрээ байгуулж төлбөрийн мөнгийг бодитоор авсан эсэх, 2020 оны 1 дүгээр сараас 3 дугаар сарын 17-ны хооронд тухайн эд хөрөнгүүдийг бусдад түрээслүүлэхээр гэрээ байгуулсан эсэх нь тодорхойгүй, мөн ямар сэлбэгийг 1,991,000 төгрөгөөр хариуцагчид худалдсан нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн энэ шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй буюу шаардлагаа баримтаар нотолж чадаагүй байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Б/ Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

Хариуцагч Ю и д э к ХХК нь нэхэмжлэгч О д ХХК-д холбогдуулан олох байсан орлого 20,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба үндэслэлээ ... гэрээнд бүрэн бүтэн тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв гэж байгаа боловч тухайн өрмийн машин, шаврын насосыг хөдөө ажлын байран дээрээ аваад очиход хэт удаан ажиллуулаагүй, хэт хуучирснаар болоод эвдрэл гэмтэл гарч ажиллахгүй байснаас болж бид А х а ХХК-тай гэрээ байгуулсан 32,000,000 төгрөгийн өрөмдлөгийн ажлаа хийж гүйцэтгэж чадаагүй тул гэрээ цуцлагдаж, урьдчилгаанд авсан 12,000,000 төгрөгөө буцаан өгч, төлбөрийн үлдэгдэл 8,000,000 төгрөгөө авч чадалгүй, нийт 20,000,000 төгрөгийн олох байсан орлогоо авч чадаагүй гэж тайлбарлаж байна.

Гэвч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотолж чадаагүй, өөрөөр хэлбэл өрмийн машин, шаврын насос нь эвдэрхий, ажиллахгүй байсан, шаардлага хангахгүй тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч өгсөн буруутай гэдгийг баримтаар нотолж чадаагүй тул олох байсан орлого 20,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Ю и д э к ХХК-иас түрээсийн зүйл болох Long year 38 загварын 1 ширхэг өрмийн машин, шаврын насос, дагалдах хэрэгсэл буюу сугалдаг толгой 1 ширхэг, sub 1 ширхэг зэргийг гаргуулж нэхэмжлэгч О д ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх сэлбэг хэрэгслийн үнэ 1,991,000 төгрөг, олох ёстой байсан орлого 40,750,000 төгрөг, нийт 42,741,000 төгрөг гаргуулах хэсгийг, мөн хариуцагчийн олох байсан орлого 20,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 599,805 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР