| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/0177/Э |
| Дугаар | 613 |
| Огноо | 2020-05-14 |
| Зүйл хэсэг | 17.1.3.1., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 613
2020 05 14 2020/ДШМ/613
О.Ш-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мягмаржав, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Сансарсайхан,
шүүгдэгч О.Ш-, түүний өмгөөлөгч С.Соронзонболд,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шүүгч Н.Баасанбат, С.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/305 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Ш-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 1808041521342 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Г овгийн О-ийн Ш, Төв аймгийн Сүмбэр суманд 1999 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 00 дүгээр хороо, Алтайн 00 дугаар гудамжны 000 тоотод оршин суух бүртгэлтэй, /регистрийн дугаар: 000000000/
2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт элдэх ялыг 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ялыг дүйцүүлэн хасч, эдлэх ялыг 2 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар тогтоон, 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.
О.Ш- нь:
1. 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 12в байрны 72 тоотод иргэн Н.Одонмөнхийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч шар даалинтай, шүрэн толгойтой, алтан нуухтай, дунд гарын халтар манан хөөргийг хулгайлан авч 3,530,000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Элизабет” хотхоны 214 дүгээр байрны 212 тоотод бага насны Г.Мөнхгаригийг “Цаас аваад ир, ээжид нь захиа үлдээе” гэж хуурч гэрт нь ороод Б.Эрдэнэтуяагийн монетан бөгж, бугуйвч, 5 ширхэг мөнгөн аяга зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 790,200 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 32 дугаар байрны 384 тоотод бага насны М.Галхүүг ус уух нэрийдлээр хуурч гэрт нь ороод С.Энхмаагийн 1 ширхэг алтан бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 282,512 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2018 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Туул гол” гудамжны 60г байрны 16 тоотод бага насны Б.Аззаяад “зүү, утас өгөөч, гутлаа оёод өгье” гэж хуурч гэрт нь ороод Т.Ариун-Одын монетан ээмэг, зүүлт зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 507,600 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2018 оны 07 дугаар сард Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 35а байрны 604 тоотод бага насны хүүхдийг далимдуулан ус уух нэрийдлээр гэрийн хаалгыг онгойлгуулан гэрт нь нэвтэрч М.Эрдэнэтуяагийн монетан бугуйвч, ээмэг, бөгж, гинж, кулон зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2,042,000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багын нутагт байрлах “Өгөөж” хүнсний дэлгүүрт орж үйлчлүүлэхдээ лангуун дээр байсан иргэн С.Энхчимэгийн 400,000 төгрөг, 5,100 рубль бүхий хэтэвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 609,853 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 68 дугаар байрны 41 тоотод бага насны Н.Тэргэлийг “Уух ус гаргаад өгөөч” гэж хуурч гэрт нь нэвтэрч ороод Д.Нацагдоржийн мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 370,000 төгрөгийн хохирол учруулсан,
8. 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, “Ривер стоун” хотхоны 24б байрны 102 тоотод бага насны Г.Энх-Учралд “Уух ус өгөөч” гэж хуурч гэрт нь ороод Д.Ганцэцэгийн эзэмшлийн монетан бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 990,000 төгрөгийн хохирол учруулсан,
9. 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 48 дугаар байрны 24 тоотод Б.Мажигхандын гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч “Dell” загварын зөөврийн компьютер, хүүхдийн куртик зэрэг эд хөрөнгийн хулгайлан авч 1,029,540 төгрөгийн хохирол учруулсан,
10. 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 57-02 дугаарын байрны 07 тоотод Ж.Даваасүрэнгийн гэрт нууцаар, хууль бусаар нэвтэрч “Acer” загварын зөөврийн компьютерыг хулгайлан авч 380,000 төгрөгийн хохирол учруулсан,
11. 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, “Тэмүүлэл” хотхоны 105-27 тоотод бага насны хүүхдийг мөнгөөр ус худалдаж авах нэрийдлээр хуурч хаалгыг нь онгойлгуулан гэрт нь хууль бусаар нэвтэрч Н.Ганзоригийн мөнгөн аягыг хулгайлан авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан,
12. 2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 26-04 дүгээр байрны 15 тоотод бага насны хүүхэд байгааг далимдуулан ус уух нэрийдлээр хуурч хаалгыг онгойлгуулан гэрт нь хууль бусаар нэвтэрч Ц.Жаргалбаярын эзэмшлийн 47 инчийн “LG” загварын зурагтыг хулгайлан авч 764,800 төгрөгийн хохирол учруулсан,
13. 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, “Богд-Ар” хорооллын 19-37 тоотод бага насны хүүхэд байгааг далимдуулан ус уух нэрийдлээр хуурч хаалгыг онгойлгуулан гэрт нь хууль бусаар нэвтэрч С.Одгэрэлийн “Dell” загварын зөөврийн компьютерийг хулгайлан авч 1,532,120 төгрөгийн хохирол учруулсан,
14. 2018 оны 09 дүгээр сард Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 19/2 дугаар байрны 1 тоотод бага насны хүүхэд байгааг далимдуулан үйлчилгээ үзүүлнэ гэж хуурч хаалгыг онгойлгуулан гэрт нь хууль бусаар нэвтэрч Т.Өлзийсүрэнгийн 6 ширхэг мөнгөн аягыг хулгайлан авч 1,340,000 төгрөгийн хохирол учруулсан,
15. 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Хорго” хотхоны 02-04 дүгээр байрны 27 тоотод бага насны хүүхэд байгааг далимдуулан ус уух нэрийдлээр хуурч хаалгыг онгойлгуулан хууль бусаар нэвтэрч С.Нандинцэцэгийн “Dell” загварын зөөврийн компьютерийг хулгайлан авч 1,709,600 төгрөгийн хохирол учруулсан,
16. 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 18 дугаар байрны 29 тоотод бага насны хүүхэд байгааг далимдуулан ус уух нэрийдлээр хуурч хаалгыг онгойлгуулан гэрт нь хууль бусаар нэвтэрч Э.Өлзийжаргалын монетан ээмэг, бөгж “HTC” загварын гар утас зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч 1,442,000 төгрөгийн хохирол учруулсан,
17. 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 21 дүгээр байрны 110 тоотод бага насны хүүхэд байгааг далимдуулан ус уух нэрийдлээр хуурч хаалгыг онгойлгуулан гэрт нь хууль бусаар нэвтэрч Г.Одончимэгийн “I phone 6s” загварын гар утас, шүрэн ээмэг бөгжний хослол, эмэгтэй хүний алтан гинж зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч 2,277,500 төгрөгийн хохирол учруулсан,
18. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 39-60 тоотод бага насны хүүхэд байгааг далимдуулан үйлчилгээний ажилтан мэтээр хуурч гэрт нь хууль бусаар нэвтэрч Б.Мөнхзулын монетан бөгж, ээмэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч 1,754,400 төгрөгийн хохирол учруулсан,
19. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 24 дүгээр байрны 16 тоотод бага насны хүүхэд байгааг далимдуулан СӨХ-ын ажилтан гэж хуурч гэрт нь хууль бусаар нэвтрэн Д.Ариунжаргалын эзэмшлийн “I phone 6” загварын гар утсыг хулгайлан авч 339,000 төгрөгийн хохирол учруулсан,
20. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 9 дүгээр байрны 32 тоотод бага насны хүүхэд байгааг далимдуулан СӨХ-ны ажилтан гэж хуурч гэрт нь хууль бусаар нэвтрэн Ж.Амарсайханы “Dell” загварын зөөврийн компьютерийг хулгайлан авч 390,000 төгрөгийн хохирол учруулсан,
21. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 11 дүгээр байрны 143 тоотод бага насны хүүхэд байгааг далимдуулан СӨХ-ны ажилтан гэж хуурч гэрт нь хууль бусаар нэвтрэн З.Баяннуурын 10 ширхэг мөнгөн аягыг хулгайлан авч 2,060,000 төгрөгийн хохирол учруулсан,
22. 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Баганат-Өргөө” хотхоны 407 дугаар байрны 38 тоотод бага насны хүүхэд байгааг далимдуулан судалгаа авах нэрийдлээр гэрт нь хууль бусаар нэвтрэн А.Тунгалагчимэгийн 5 ширхэг мөнгөн аяга, монетан ээмэг бөгжний хослол, “Dell” загварын зөөврийн компьютер зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч 1,146,800 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 25,788,325 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,
1. 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Баянцагаан” баг, “Өнөр” хорооллын 104 дүгээр байрны 36 тоотод оршин суух иргэн М.Гэрэлт-Одод “Аав чинь аваад ир гэсэн” гэж хуурч С.Мягмарын дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг, шүрэн хөөрөг 1 ширхэг, зүү ороож оёсон улаан, хөх өнгийн 2 ширхэг даалин, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг зэрэг эд хөрөнгийг залилан авч 3,870,000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Дэнж” багийн СӨХ-3 дугаар байрны 03-76 тоотод оршин суух иргэн Н.Ирмүүнийг гэртээ ганцаараа байхад нь “Аав чинь өртэй, зурагтыг чинь авлаа” гэж хуурч П.Лхагвасүрэнгийн эзэмшлийн 32 инчийн “Haier” загварын зурагтыг залилан авч 320,000 төгрөгийн хохирол учруулсан,
1. 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны 127 тоотод насанд хүрээгүй Э.Бат-Эрдэний хоолойг боож хүч хэрэглэн, “гэртээ дагуулж ор, зодно шүү” гэж айлган сүрдүүлж гэрээс нь сурагчийн цүнх, үзэг, дэвтэр, хавтас, үзэг, харандааны сав, аяга, таваг, халбага, ээмэг, бөгж зэрэг эд хөрөнгийг дээрэмдэн авч 360,974 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.Ш-т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас О.Ш-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хоёр үйлдэлтэй залилах гэмт хэрэг, хулгайх гэмт хэргээс нэг үйлдлийг хэрэгсэхгүй болгон, хэрэг бүртгэлтэд буцааж, шүүгдэгч О.Ш-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 10 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 370 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “CD”-г хэрэгт хавсарган үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Ш-аас 22,432,639 төгрөг гаргуулан насанд хүрээгүй хохирогч Э.Бат-Эрдэнийн хууль ёсны төлөөлөгч Н.Ууганцэцэгт 360,974 төгрөг, хохирогч С.Энхмаад 282,512 төгрөг, Д.Ариунжаргалд 339,000 төгрөг, Т.Өлзийсүрэнд 1,340,000 төгрөг, Н.Одонмөнхөд 3,530,000 төгрөг, М.Эрдэнэтуяад 2,042,000 төгрөг, Г.Одончимэгт 2,277,500 төгрөг, А.Тунгалагчимэгт 1,146,800 төгрөг, Ж.Даваасүрэнд 380,000 төгрөг, С.Нандинцэцэгт 1,709,600 төгрөг, Б.Мөнхзулд 1,754,400 төгрөг, З.Баяннуурт 2,060,000 төгрөг, Э.Өлзийжаргалд 1,442,400 төгрөг, Ж.Амарсайханд 390,000 төгрөг, Т.Ариун-Одод 507,600 төгрөг, С.Энхчимэгт 609,853 төгрөг, иргэний нэхэмжлэгч А.Галбадрахад 400,000 төгрөг, хохирогч Н.Ганзоригт 500,000 төгрөг, Д.Нацагдоржид 370,000 төгрөг, Д.Ганцэцэгт 990,000 төгрөг тус тус олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Ш- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр найз Батболд, Амгалансүлд бид гурав Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд очоод маргааш нь Амгалансүлд “Манай арын дэлгүүрээс хулгай хийхэд амар, хулгай хийж мөнгөтэй болъё” гэж хэлээд гарцгаасан. Такси барихад жолооч нь Амгалансүлдийг таньж байсан. Жолооч ахаар “Өгөөж” дэлгүүрт хүргүүлээд Амгалансүлд бид хоёр ороход хүн байгаагүй. Амгалансүлд лангууны араас улаан хүрэн түрийвч аваад миний нуруунд хийсэн. Дэлгүүрээс гараад буцаж орж ирэхдээ дэлгүүрийн худалдагч эгчтэй хамт орж ирсэн. Бид хоёр картандаа байсан мөнгөөр худалдаа хийчихээд гэрт нь хүргүүлсэн. Энэ талаар мэдүүлгээ мөрдөгч Ариунбаатарт өгсөн. Хохирогчийн мэдүүлэгт Амгалансүлд бид хоёрыг байсан талаар мэдүүлсээр байтал түүнийг шалгаагүй.
Түүнчлэн Амгалансүлд бид хоёр хамтдаа үйлдсэн 12 удаагийн хулгайн гэмт хэрэг байгаа. Энэ үйлдлүүдийг нэгтэж шалгуулах хүсэлтээ удаа дараа гаргасан боловч яллагдагчаар татаж, мэдүүлэг аваагүй тул хэлэлцэхгүй орхисон. Би 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хорих ангиас суллагдаад гэртээ ирэхэд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас “Чиний айлаас үнэтэй хөөрөг хулгайлсан хэрэг чинь гарч ирсэн. Ирж байцаалт өг” гэхээр нь урьдын адил ял авах байх гэж бодоод дахин хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь миний амьдралын хамгийн буруу алхам байсан гэдгийг маш ихээр ухаарч байна.
Хохирогч С.Одгэрэлийн зөөврийн компьютерыг барьцаанд тавьсан газраас хураан авч хүлээлгэн өгсөн. Хохирогч Мажигханд, Жаргалбаяр нарт хэн хохирол төлсөн нь тогтоогдоогүй байна. Би мөрдөн байцаагч Ариунбаатарт хулгайлсан эд зүйлээ зарж борлуулсан хүмүүсээ зааж өгөхөд тэр хүмүүсийг хэрэгт холбогдолгүй болгож, тэр ченж нараас мөнгө авсан. Намайг 1,000,000 төгрөг аваад энэ хүмүүсээ мэдэхгүй гээд мэдүүлэг өгчих гэхэд нь би татгалзсан. Чамайг мөнгө авахгүй гэсэн болохоор Мажигхандын хохирлыг төлсөн шүү гэсэн. Дахин ирээд Г.Батгэрэлийг компьютер тоголдог хүүхэд, мэдэхгүй гээд мэдүүлэг өгчих гэхээр нь би татгалзсан. Гэтэл Батгэрэлээс надад өгөх нэрийдлээр мөнгө аваад Жаргалбаярын хохирлыг төлсөн байдаг. Надаас ченж нар хулгайн эд зүйл авддаггүй юм бол яагаад миний хохирлыг төлөөд байгаа нь ойлгомжгүй байна.
Надтай хамт хулгайн гэмт хэрэг үйлдсэн Чингис, Батгэрэл, Мөнх-Очир, Амгалансүлд нарыг шалгуулж, хохирлоо хувааж төлөх, хэргээ үнэн зөвөөр, хэн нэгийг ял завшуулахгүй шийдвэрлүүлмээр байна. Би хохирлоо яаралтай төлж, шийтгүүлсэн ялаа эдэлж дуусаад эхнэр, үр хүүхэдтэйгээ бусдын адил сайхан амьдрах зорилготой. Хэрвээ миний энэхүү бичсэн өргөдөл худал бусдыг гүтгэсэн байвал би хуулийн өмнө дахин хариуцлага хүлээхээ амлаж байна ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсээ хэлсэн байтал нэг ч шалгаагүй. Хэргийн материалд Сэлэнгэ аймагт шалгагдаж байгаа 6 үйлдэл байхад түүнээс 1 хэргийг нь шалгасан. Прокурорын шатанд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас яллагдагчаар татах хүсэлт гаргахад Гансүх прокурор зөвшөөрөөгүй. Энэ талаар Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас баримтыг хэрэгт хавсаргасан байгаа. Шинэбаяр, Амгалансүлдтэй Сэлэнгэ аймагт 6 хэрэг хамт үйлдсэн гэх гэрчийн мэдүүлэг байхад зөвхөн Шинэбаярыг ганцаараа үйлдсэнээр тогтоогдсон. Хэрэгт хавсаргасан дэлгүүрийн камерын бичлэгээс үзэхэд хоёул орж ирсэн болох нь харагддаг. Мөн таксины жолооч 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Өгөөж” нэртэй дэлгүүрээс тамхи авах гээд орох гэтэл хоёр залуу миний таксинд суугаад үйлчлүүлсэн гэж мэдүүлсэн. Эндээс О.Ш- нь Амгалансүлдтэй хамт хэрэг үйлдсэн нь тодорхой харагдаж байна. Түүнчлэн Баянзүрх дүүрэг болон бусад дүүрэгт яллагдагчаар татахаар мэдүүлэг авах гэтэл Гансүх прокурор мэдүүлэг өгүүлээгүй, шалгуулаагүй. О.Ш- нь Чингис, Батгэрэл, Мөнх-Очир, Амгалансүлд нартай Улаанбаатар хотод 15 гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлолгүй, зөвхөн яллах талыг барьж Шинэбаярыг ганцааранг ялласанд гомдолтой байна. Батгэрэлийг байцааж, түүнээс 1,000,000 төгрөг гаргуулан хохирогч Жаргалбаяр гэх хүний хохирлыг, мөн ченжээс мөнгө авч Мажигханд гэх хүний хохирол 1,000,000 төгрөгийг барагдуулсан байсан. 2,000,000 төгрөгийн хохирлыг О.Ш-ын өмнөөс барагдуулахдаа энд ямар нэг байдлаар хэргийн материалд дурдаагүй. Иймд гэмт хэргийн нотлогдвол зохих байдал, учирсан хохирлын хор уршиг, хэр хэмжээг бүрэн тогтоогоогүй. Мөрдөгчийн зүгээс хохирол төлсөн асуудлыг О.Ш-т мэдэгдэлгүй хохирлыг төлж барагдуулсан гэж байна. Хамт гэмт хэрэг үйлдсэн, эсхүл мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй ченжээс мөнгө авч хохирол төлсөн гэсэн байсан. Энэ талаар шалгаагүй илт нэг талыг барьж, хүнд ял оногдуулсан байх тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.
Прокурор М.Сансарсайхан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. Тухайн үед О.Ш-ын хэлсний дагуу прокурорын газруудаас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол байгаа эсэхийг лавлаж албан тоот явуулсан” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар О.Ш-т холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч О.Ш- нь 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд нийт 21 удаагийн үйлдлээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг болон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нийт 20,447,151 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан, мөн 2018 оны 09 дүгээр сарын 06-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байранд насанд хүрээгүй Э.Бат-Эрдэний хоолойг боон “Гэртээ дагуулж ор, зодно шүү” гэж айлган сүрдүүлж, 127 тоот гэрээс нь цүнх, ээмэг бөгж зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Н.Одмөнхийн “... охин Жаргал, дүү Хулан нар дүү нараа хараад гэрт үлдсэн юм. Танихгүй хүн “... том хүн байна уу, СӨХ-өөс явж байна, хаалгаа тайл ...” гэж хэлж орж ирээд цаас хайх хооронд нь стенк дотор байсан шар даалинтай, шүрэн толгойтой, алтан нуухтай халтар манан хөөрөг хулгайлаад аваад гарсан байсан ...” /2-р хх 122, 127-128/,
хохирогч С.Энхмаагийн “... миний алтан бөгж байхгүй байхаар нь хүүхдээсээ асуухад хүү М.Галхүү “Нэг үл таних залуу “уух ус өгөөч, мөнгө өгье” гээд гэртээ дагуулж орсон талаар хэлсэн ...” /1-р хх 152-153/,
хохирогч Т.Ариун-Одын “... Аззаяаг гадаа тоглож байхад нэг залуу “... пүүз салчихлаа, гэрт чинь зүү, утас байна уу” гээд дагаж гэрт орж ирээд стенк дотроос монетан ээмэг, зүүлтийг маань хулгайлж авсан байсан...” /6-р хх 179-180/,
хохирогч С.Энхчимэгийн “... дэлгүүрийн гадаа зэрлэг зулгааж байхад манайхаас 2 гудамжны урд амьдардаг ах дүү хоёр дэлгүүрт орчихсан байсан. Дүү нь гарч ирээд эгч юм авъя гэсэн ... тэднээс хойш ямар ч хүн дэлгүүрт ороогүй байхад түрийвчээ алга болсон ...” /7-р хх 79-80/,
хохирогч Д.Ганцэцэгийн “... монетан бөгжнүүд, монетан хос ээмэг зэрэг эд зүйлүүд алга болсон байсан. Охин Энх-Учралыг гадаа тоглож байхад нь халмиг үстэй, бор царайтай, үл таних 20 орчим насны эрэгтэй хүн ус гуйгаад гэрт дагаж орж ирээд цонхоор дүүгээ харах нэрийдлээр тагт руу гарч, ундааны сав авчирна гээд гараад эргэж ирээгүй талаар охин хэлсэн ...” /6-р хх 122-123/,
хохирогч М.Эрдэнэтуяагийн “... монетан бугуйвч, бөгж, чигчий хурууны алтан бөгж, гинж, том жижиг гурван хос, зургаан ширхэг монетан ээмэг, янз бүрийн хэлбэр дүрстэй зургаан ширхэг гинжний монетан кулон зэрэг эд зүйл хулгайд алдсан ... Тухайн үед гэрт 9 настай охин Индра байхад ... толгойдоо алчуур боосон, урт хар куртиктай, хар өмд, гуталтай залуу орж ирсэн гэсэн ...” /2-р хх 183/,
хохирогч Д.Нацагдоржийн “... хүү Тэргэл “Нэг ах ус гуйхаар нь хамт гэртээ орсон юм. Тэр ах миний утсыг аваад явсан байна” гэж хэлсэн ... зурагтын тавиур дээр байсан 3 ширхэг мөнгөн аяганаас 2 ширхэг нь байхгүй байна ...” /4-р хх 249/,
насанд хүрээгүй хохирогч Э.Бат-Эрдэний “... үл таних ах ус хийж өгөхөөр аав, ээж нь уурлахгүй байна уу гэхээр нь би гэрт хүн байхгүй тухай хэлсэн ... орцонд намайг багалзуурдаад “гэртээ дагуулж ор, зодно шүү” гэхээр нь би гэртээ оруулсан ... ээжийн үнэт эдлэл байдаг савыг ухаж байгаад миний цүнхийг аваад гал тогооны өрөө рүү ороод хутга аваад шкафны дотор талд байсан жижиг шургуулгыг хутгаараа онгойлгосон ... тэгээд гараад явсан...” /1-р хх 52-53, 54-55, 57-58/,
хохирогч Б.Мажигхандын “... 7 настай хүү маань гэрийн хаалганы түлхүүр таарахгүй, орж чадахгүй байна гэхээр нь гэртээ ирж хаалгаа онгойлгосон. Эд зүйлээ бүртгэхэд “Dell” загварын зөөврийн компьютер алдагдсан болохыг мэдсэн ...” /2-р хх 237-238/,
хохирогч Н.Ганзоригийн “... гэрийн шкафнаас их гарын мөнгөн аяга алга болсон ...” /1-р хх 249-250/,
хохирогч Ц.Жаргалбаярын “... гэрт хүүхдүүд үлдсэн ... охин залгаад хаалга онгорхой, зурагт байхгүй байна гэсэн. Мөнх-Ирээдүй дугуй унах гээд барьцаанд нь гэрийнхээ түлхүүрийг үлдээсэн байсан ...” /3-р хх 100/,
хохирогч С.Одгэрэлийн “... 2018 оны 09 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд зөөврийн компьютераа гэртээ авчирч тавиад, 10 дугаар сарын 01-ний өдөр хайгаад олоогүй ... 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Нийслэлийн цагдаагийн газраас хулгайд алдсан талаар хэлсэн ...” /1-р хх 195-196, 197-199/,
хохирогч Т.Өлзийсүрэнгийн “... цагдаа нар 20 гаран насны эрэгтэй дагуулж ирээд 2018 оны 09 дүгээр сарын эхээр хүү Анандыг гэртээ ганцаараа байхад нь тэр залуу “гэрт үйлчилгээ хийнэ” гэж орж ирээд гал тогооны тавилга дээр байсан 8 ширхэг томоос жижиг рүү өрсөн мөнгөн аягануудаас авсан байна гэхээр нь аягаа үзтэл 2 ширхэг байхгүй байсан ...” /2-р хх 60, 61/,
хохирогч Ж.Даваасүрэнгийн “... Би 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өрөөндөө байсан саарал өнгийн нөүтбүүкээ алга болсон байгааг олж мэдсэн... 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 14:50 цагийн үед гэрээсээ гараад орой 20:30 цагт хүртэл гэрт хүнгүй тагт онгорхой байсан...” /3-р хх 141-142/,
хохирогч С.Нандинцэцэгийн “... хүү Түвшинтөр “Нэг ахад ус буцалгаж өгөөд надад мөнгө өгсөн” гэсэн ... хүрэн модон саванд байсан миний болон нөхрийн бөгж, гинж байхгүй байсан ...” /4-р хх 120-121/,
хохирогч Э.Өлзийжаргалын “... ээмэгний өрөөсөн ширээн дээр байхаар нь гайхаад цоожтой шкафаа онгойлгоод үзэхэд миний ээмэг, зүүлт хийдэг савыг онгичоод эмх замбараагүй болгосон байсан ...” /6-р хх 12-13/,
хохирогч Г.Одончимэгийн “... хүү “Ээж хурдан хүрээд ир, манайд хүн орж ирээд утас аваад явчихлаа” гэж утсаар хэлсэн ... Сантехникийн хүн байна гэж хуурч орж ирээд гэрийн том өрөөний зурагтны доод талд байсан “I phone 6s” загварын гар утас, ээмэг, бөгжний савыг аваад явсан байсан...” /2-р хх 210/,
хохирогч Б.Мөнхзулын “... миний үнэт эдлэлүүд байхгүй байсан ... 10 настай дүү Идэрбаярыг гэртээ ороход нь цахилгаан шатанд 20 орчим насны залуу дагаж ороод, манай давхарт Идэрбаяртай хамт орж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байсан...” /4-р хх 144-145/,
хохирогч Д.Ариунжаргалын “... 11 настай хүү гэртээ ганцаараа байхад “СӨХ-өөс явж байна” гээд, цаас өгч улаан балаар гарын үсэг зурахыг тушааж, хамт улаан бал хайна гээд бүх өрөөгөөр орсон гэсэн ... 1 давхарт шатны хажууд цэнэглээд тавьсан утсыг тэр үл таних залуу аваад гарсан байсан ...” /2-р хх 35-36/,
хохирогч Ж.Амарсайханы “... хүү ганцаараа байхад танихгүй хар хувцастай, хар саравчтай малгайтай эрэгтэй хүн гэрт орж ирээд цаас өгөөд “Гарын үсэг зур” гээд гал тогоо руу оруулсан талаар хэлсэн. Хүү маань тэр орж ирсэн хүн таны зөөврийн компьютерийг аваад явсан байна гэсэн...” /6-р хх 93-94/,
хохирогч З.Баяннуурын “... 8 настай зээ охин Гоо-Маргад гэрт байсан. Зээ маань хулгайч орж ирснийг мэдэлгүй, тоглоом тоглоод унтлагын өрөөндөө байсан. Би гэртээ ирээд цай уух гэтэл өрөөтэй байсан 20 ширхэг мөнгөн аяганаас 10 нь алга болсныг мэдсэн...” /5-р хх 34-35/,
хохирогч А.Тунгалагчимэгийн “... гэрт 10 настай Бямба-Орхи, 8 настай Төгстөгөлдөр, 4 настай Ганбямба нар үлдсэн. Гэртээ ирэхэд дунд гарын 4 ширхэг, бага гарын 1 ширхэг мөнгөн аяга байхгүй, унтлагын өрөөнөөс зөөврийн компьютер алга болсон байсан. Пицца сурталчилгааны хуудас тарааж нэг хүн орж ирсэн гэсэн. Мөн мөнгөн аягатай хамт ээмэг, бөгжнүүд байсан ...” /3-р хх 35-36/,
насанд хүрээгүй гэрч О.Жаргалын “... эрэгтэй хүн “СӨХ-өөс явж байна, том хүн байна уу, яаралтай хамт амьдардаг хүмүүсийн талаар бич” гэсэн. Цаас авчирах хооронд том өрөөнд орсон байсан ... бусад өрөөнд орж үзэж байгаад явсан...” 2-р хх 139/,
насанд хүрээгүй гэрч М.Галхүүгийн “... байрны гадаа тоглож байхад үл таних ах “Халуун ус хийгээд өгөөч, мөнгө өгье” гээд манай гэрт дагаж орсон ... тэр ах унтлагын өрөөнөөс гарч ирсэн...” /1-р хх 154-157, 160-161/,
гэрч Г.Уянгын “... ээжийн улаан ягаан өнгөтэй түрийвчийг хайгаад олоогүй..” /7-р хх 83-84/,
гэрч Ж.Ганхуягын “... “Өгөөж” дэлгүүрийн эзэн Энхчимэгтэй мэнд мэдээд гарахад дэлгүүрт байсан 2 эрэгтэй “таксинд явах уу” гээд суусан ...” /7-р хх 93-94/,
насанд хүрээгүй гэрч Г.Энх-Учралын “... тэр ах ус гуйгаад гэрт дагаж орсон ... “Тагтнаас дүүгээ харъя” гэсэн ... “Эндээс харагдахгүй байна, унтлагын өрөөний цонхоор харъя” гэсэн ... ээжийн ээмэг бөгжийг үзээд сонирхоод байсан ...” /6-р хх 125-126/,
насанд хүрээгүй гэрч Н.Тэргэлийн “... байрны гадаа тоглож байхад нэг ах “Гэрээсээ халуун ус гаргаад өгөх хүүхэд байна уу, түлхүүрийн оосор 1,000 төгрөгтэй өгье” гэсэн. Надад “Хоёр саванд халуун ус хийгээд аваад ир, 2,000 төгрөг өгье” гэхээр нь гэрийн зүг явж байтал тэр ах “Үүдэнд хүлээж байя” гээд дагж орсон ... Цонхоор чинь дүүгээ харъя гээд том өрөөнд орсон ... усаа өгөх гэтэл гараад явсан байсан...” /4-р хх 250, 5-р хх 1/,
гэрч Н.Ууганцэцэгийн “... Хүү маань ганцаараа байгаагаа хэлэхэд цахилгаан шатны үүдэнд хоолойг нь боож, гэртээ оруулахыг шаардаж ороод гэрээс юм авсан байсан...” /1-р хх 66-67/,
насанд хүрээгүй гэрч Б.Нямжаргалын “... 18-20 насны ах “Ам цангаад байна, гэрт чинь хүн байгаа юу, ус уумаар байна” гэхээр нь гэртээ дагуулж ороод ус өгчихөөд буцаж гарсан. Тэр ах миний хүзүүндээ зүүсэн түлхүүрийг “Тоглоход саад болоод байна” гэж аваад намайг тоглож байхад буцааж өгөөд явсан...” /2-р хх 239/,
насанд хүрээгүй гэрч Б.Мөнх-Ирээдүйн “... танихгүй ах дугуй өгөөд “Барьцаанд нь гэрийнхээ түлхүүрийг өгчих” гэхээр нь түлхүүрээ өгсөн ... эгч ирээд зурагт байхгүй байна гэсэн ...” /3-р хх 101/,
насанд хүрээгүй гэрч О.Хангалын “... тэр ах надад “2,000 төгрөг өгье, гэрээсээ ус аваад ир” гэсэн ... гэрт ус буцалгаж байх хооронд нөгөө ах өрөөнүүдээр яваад байсан...” /1-р хх 209-210/,
насанд хүрээгүй гэрч М.Амартүвшингийн “... танайд халуун ус байна уу гэхээр нь ус хийж өгөхөөр саваа угааж байх хооронд тэр ах унтлагын өрөө рүү орсон. Араас нь ороход ээжийн бөгжний савыг ухаж байсан...” /4-р хх 123-124/,
насанд хүрээгүй гэрч Л.Гантүлхүүрийн “... үл таних хүн “Сантехникийн хүн байна, усны тоолуурын заалт авна” гэхээр нь гэртээ оруулсан. Намайг усны заалт харах хооронд ээжийн өрөөнд шилтэй юм унах чимээ гарахаар нь очтол тэр хүн гарч ирэхээр нь юу хийгээд байгаа юм гэж асуухад “Метр байна уу, цонхны хэмжээ авах хэрэгтэй байна” гэсэн ... метр хайх хооронд гараад явсан байсан. Түүнийг гарсны дараа утас алга болсныг мэдсэн...” /2-р хх 212/,
насанд хүрээгүй гэрч Т.Бат-Эрдэний “... гэртээ ганцаараа байхад хаалга тогшоод “Том хүн байна уу” гэхээр нь байхгүй гэсэн. 1-2 минутын дараа дахин хаалга тогшоод “СӨХ-өөс явж байна, сонингоо ав” гэсэн ... нэг хүснэгт өгөөд улаан балаар буд гэсэн ... улаан бал цуг хайна гэсэн. Гүйх чимээ гараад би доош буухад цэнэглээд тавьсан утас алга болсон байсан ...” /2-р хх 37/,
насанд хүрээгүй гэрч А.Эрхэмтөрийн “... эмээгийнхээ гэрт ганцаараа байхад нэг танихгүй хар хувцастай хүн надад цаас өгөөд гарын үсэг зур, гэрийн хаягаа бич, би гараад байж байя гэсэн ... би гал тогооны өрөөнд ороод гарын үсэг зурж дуусаад нөгөө ахад өгөх гэхэд байхгүй байсан ... аавын нөүтбүүк алга болсон гэдгийг тэр ах гарсны дараа мэдсэн ...” /6-р хх 96/ гэх мэдүүлгүүд,
хохирогчдын хулгайд алдагдсан хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээ /1-р хх 81-84, 142-143, 213-214, 2-р хх 7-9, 40-41, 67-68, 152-153, 185-186, 203-204, 3-р хх 4-5, 57-58, 109-110, 146-147, 218-221, 4-р хх 147-148, 5-р хх 41-43, 60-61, 6-р хх 33-55, 87-88, 195-196, 199-200, 7-р хх 95-97/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх 40-44, 128-134, 2-р хх 106-114, 230-233, 3-р хх 21-26, 85-89, 110-116, 243-245, 5-р хх 31-32, 6-р хх 81-83, 7-р хх 75-77/,
барьцаат зээлийн зээлийн гэрээ /1-р хх 187/,
эд хөрөнгө хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх 185-186/,
мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.Ш-ын хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд /1-р хх 4-5, 6-7, 8-9, 10-17, 2-р хх 24-25, 50-52, 76-77, 175-176, 195-196, 220-223, 3-р хх 14-15, 71-74, 121-124, 4-р хх 99-102, 234-235, 5-р хх 242-246, 6-р хх 220-230, 7-р хх 27-28, 30-33/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзлээ.
Шүүгдэгч О.Ш- нь өдрийн цагаар гэрээ сахин үлдсэн бага насны хүүхдүүдийг “СӨХ-ны ажилтан”, “Сантехникийн ажилтан”, “Телевизийн үйлчилгээний ажилтан”, “Сурталчилгаа тараах”, “Судалгаа авах”, “Уух ус мөнгөөр худалдаж авах” гэх мэтээр хуурч гэрт нь хууль бусаар нэвтрэн, хүүхдийн нүдийг хариулж нууцаар эд хөрөнгүүдийг шилжүүлэн авсан, мөн хүнсний дэлгүүрт хүнгүй байгааг далимдуулан лангууны араас бэлэн мөнгөтэй түрийвчийг нууцаар, хууль бусаар авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг, бага насны хүүхдэд хүч хэрэглэн, айлган сүрдүүлж гэрээс нь эд хөрөнгө авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүч хэрэглэсэн дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Тэрээр 2014-2016 оны хооронд нийт 38 удаагийн үйлдлээр бага насны хүүхдүүдийг хуурч гэрт нь хууль бусаар нэвтрэн эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэний учир Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоол /8-р хх 91-112/-оор хорих ял шийтгүүлсний дараа 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл нийт 21 удаагийн үйлдлээр дээрх аргаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасны дагуу энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэсэн хүндрүүлэх шинжээр хэргийн зүйлчлэлийг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Анхан шатны шүүхээс О.Ш-т оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ тохирсон байна.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч О.Ш-ын үйлдсэн гэмт хэрэгт Чингис, Батгэрэл, Мөнх-Очир, Амгалансүлд нар хамтран оролцсон болон энэ гэмт хэргээс тусдаа 12 удаагийн үйлдэлтэй хулгайлах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсонгүй. Хэрэв өөр гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хэрэглэх боломжтой тул шүүгдэгчийн давж заалдсан гомдолд дурьдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Ш-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/305 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Ш-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН