| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэннадмидын Батсүрэн |
| Хэргийн индекс | 128/2020/0220 |
| Дугаар | 128/ШШ2020/0325 |
| Огноо | 2020-05-14 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2020/0325
2020 оны 05 сарын 14 өдөр Дугаар 128/ШШ2020/0325 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Гомдол гаргагч: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Э
Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геодези, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Х.Н
Гомдлын шаардлага: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геодези, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Х.Н-ын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0154648 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Д.Э, хариуцагч Х.Н, гуравдагч этгээд Ц.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Э шүүхэд гаргасан дүгнэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Э би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Х.Н нь 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэн Ц.С-г Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар 0154648 дугаартай шийтгэлийн хуудсаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалыг хянахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн материалд холбогдогч Ц.С-гийн ...банкны барьцаанд тавигдсан байсан болохоор хугацааг анзаараагүй явсан болно, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй газар ашигласан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг, иргэн Ц.С-д 2013 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотод 533 м.кв газрыг 5 жилийн хугацаатай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар олгосон 00044******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримт авагджээ.
Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэж заасныг эрх бүхий албан тушаалтан зөрчиж, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан "учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй, зөвхөн торгох шийтгэл оногдуулах шийдвэр гаргасан байна.
Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөр тооцох журмыг Улсын Ерөнхий прокурор батална" гэж заасны дагуу 2017 оны 07 дугаар сарын 04-ний А/75 дугаартай Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөр тооцох журмыг баталсан.
Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад хохирол, нөхөн төлбөрийг хэмжээг тогтооно гэж, мөн 3.3 дахь хэсэгт Зөрчлийн тухай хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийн тогтоох талаар тусгайлан зохицуулаагүй бол эрх бүхий албан алтан Зөрчлийн шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон холбогдох журмын дагуу шинжээч томилж, хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгоно гэж заасныг тус тус хэрэгжүүлж ажиллаагүй байна.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь
заалтыг удирдлага болгон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Х.Н-ын 2020 оны 03 дугаар сарын 17- өдрийн 0154648 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Ц.С-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.
Хариуцагч Х.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Х.Н би, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр, Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 хороолол, ******* тоот хаягт оршин суугч иргэн Ц.С-гийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах зуслангийн зориулалттай газар эзэмшлийн байдалд шалгалт хийсэн. Шалгалтаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/104 дүгээр захирамжаар иргэн Ц.С-д 533 м.кв газрыг 5 жилийн хугацаатай, зуслангийн зориулалтаар эзэмшүүлж, 00044******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна.
Иргэн Ц.С нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасныг зөрчсөн буюу эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан байх бөгөөд мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах гэж заасны дагуу 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалттын албанд хандаж гаргаагүй байсан зөрчлийг илрүүлсэн. Дээрх зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн тусгай анги 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй газар ашигласан буюу эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан зөрчилд нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөг торгож, Нийслэлийн прокурорын газарт хянуулахаар хүргүүлсэн.
Гэтэл Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Э-ын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 09
дугаартай прокурорын дүгнэлтэд ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөр тооцох журмыг Улсын Ерөнхий прокурор батална гэсний дагуу 2017 оны 07 дугаар сарын 04-ний А/75 дугаартай Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөр тооцох журмыг баталсан байхад Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан учруулсан хохирол, нөхөн төлбөрийг торгуулах хуулийн заалтын дагуу шийтгэлийн хуудсаар иргэн Ц.С-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгосон шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг гаргасан байна.
Дээрх дүгнэлтэд ...Улсын Ерөнхий прокурорын Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөр тооцох журмыг 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/75 дугаартай тушаалын 3 дугаар зүйлийн 3.1 дэх Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад хохирол, нөхөн төлбөрийг хэмжээг тогтооно гэж, мөн 3.3 дахь хэсэгт Зөрчлийн тухай хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийн тогтоох талаар тусгайлан зохицуулаагүй бол эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн шалган шийдвэрлэх тухай хууль, холбогдох журмын дагуу шинжээч томилж, хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгоно гэж заасныг тус тус хэрэгжүүлж ажиллаагүй байна гэж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах үндэслэлийг дурдсан байна.
Улсын Ерөнхий прокурорын баталсан Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөр тооцох журмыг 2017 оны 7 дугаар сарын 04-ний А/75 дугаартай тушаалын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг баримтлаагүй гэжээ.
Улсын Ерөнхий прокурорын А/75 дугаартай тушаалын 3 дугаар зүйлийн 3.6-д Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн улмаас байгаль орчин, ус, ургамал, агаар, амьтан, ой, газар, газрын хэвлийд учирсан хохирол, нөхөн төлбөрийг Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжид заасны дагуу тооцно гэж заасныг баримтлан газарт учруулсан хохирол, нөхөн төлбөрийг тооцохоор журамласан байна.
Тус журамд заасны дагуу газарт учруулсан хохирол, нөхөн төлбөрийг тооцоход Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.11-д Байгаль орчинд учруулсан хохирол гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ,
зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг, 3.12-д байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг арилгах болон цаашид үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийллийг гэж томьёолсон байдаг. Мөн хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2010 оны Аргачлал батлах тухай 156 дугаартай тушаалаар байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал батлагдсан.
Эрх бүхий албан тушаалтан би Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдэл шийтгэл, албадлагын арга хэмжээг тухайн зөрчлийн шинж болон тухайн хүний хувийн байдлыг харгалзан тогтооно, 7.3 дугаар зүйлийн 1 дэх Эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуульд заасан албадлагын арга хэмжээ авах үндэслэл байгаа эсэхийг шалган тогтооно гэж заасны дагуу албадлагын арга хэмжээ болох учруулсан хохирлыг шалган тогтооход Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан хохирол учраагүй байсан. Хуульд заасан нөхцөл байдал болон Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 156 дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөр тооцох хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй тул хохирол, нөхөн төлбөрийг тооцоогүй болно.
Улсын Ерөнхий прокурорын Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөр тооцох журам-ыг 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/75 дугаартай тушаалын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасны дагуу шинжээч томилж, хохирол нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгоогүй гэжээ.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.11-д "Шүүхийн шинжилгээ гэж эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтны шийдвэр, мөрдөгч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид заасан тусгай мэдлэг шаардсан асуудал /шинжлэх ухаан, техник, урлаг, түүх, соёл, нягтлан бодох бүртгэл/-ыг шийдвэрлэхийн тулд шинжилгээний объектод шинжилгээ хийж дүгнэлт гаргах ажиллагааг ойлгоно гэж заасны дагуу шинжээч томилж, шинжилгээний ажиллагаа
явуулах үндэслэл бүрдээгүй байсан тул шинжээчийг томилоогүй.
Иймд иргэн Ц.С-гийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байрлах зуслангийн зориулалттай газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан /эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан/ зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0154648 дугаартай шийтгэлийн хуудсаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөг торгож шийтгэл оногдуулсан шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Ц.С шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.С миний бие Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 251 дугаар захирамжаар 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/104 дүгээр шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 18643320******* дугаар бүхий 533 м.кв газрыг Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотын зусланд эзэмшдэг бөгөөд газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгах хүсэлтээ өгсөн боловч миний нөхөр З.М нь Г банкнаас өөрийн эзэмшлийн газраа барьцаалж зээл авсан байсан тул Чингэлтэй дүүргийн Газрын алба танай 2 газар нэг захирамжтай тул салгаж, сунгах боломжгүй гэснээр нөхөр бид хоёр зээлээ 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төлж дуусгаад газрын гэрчилгээгээ сунгуулах гэсэн боловч дүүргийн Газрын албанаас мэргэжлийн хяналтаар хянан баталгаажуулалт хийлгэсэн байх хэрэгтэй гэснээр бид Мэргэжлийн хяналтын байцаагч Х.Н-тай уулзахад нэг айлыг 500.000 төгрөгөөр торгоно гэсэн. Бид үнэн учраа хэлж Г банкны гэрээг үзүүлж, гуйсан боловч торгоно, өөр арга байхгүй гэсэн. Ямар үндэслэлээр торгож байгааг нь асуусан боловч яг тийм заалтаар гэж тайлбарлаагүй бөгөөд Зөрчлийн тухай хуулиар торгодог болсон үгүй бол газар эзэмших гэрчилгээг чинь сунгахгүй гэсээр байгаад торгосон. Би энэ торгуулийн арга хэмжээтэй санал нийлэхгүй байгаа бөгөөд манай нөхөр хөдөө ажлаар зайлшгүй явах ажилтай тул торгуулийн арга хэмжээг авахуулах тухай бичиг үйлдэж, гарын үсэг зурсан.
Газрын гэрээ, гэрчилгээний хугацаа дууссан тохиолдолд Газрын албанд хүсэлт өгөх ёстой талаар мэдээгүй байсан. Гэрээ, гэрчилгээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хүсэлтээ гаргах ёстой байсан бөгөөд уг хугацаанд хүсэлтээ гаргаагүй учраас Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсныг мэдсэн. Миний ойлгож байгаагаар улсын байцаагчийн оногдуулсан тогтууль дээр нэмж нөхөн төлбөр төлөх, шинжээч томилуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийтгэлийн хуудсыг 500.000 төгрөгийг төлөх тохиолдолд тодорхой журмын дагуу төлмөөр байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Э нь тус шүүхэд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Х.Н-д холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Х.Н-ын оногдуулсан 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0154648 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдол гаргажээ.
Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар прокурорын гаргасан дүгнэлтийн хүрээнд гомдол гаргагч, эрх бүхий албан тушаалтны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр гомдол гаргагчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Маргаан бүхий Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Х.Н-ын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0154648 дугаартай шийтгэлийн хуудсаар[1] иргэн Ц.С-г эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан гэх үндэслэлээр 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурор дүгнэлт бичсэн бөгөөд дүгнэлтийнхээ үндэслэлээ ... Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ....хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэснийг эрх бүхий албан тушаалтан зөрчсөн ..., Зөрчлийн улмаас хохирол нөхөн төлбөрийг тооцох журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, ... 3.3 дахь хэсэгт заасныг ... хэрэгжүүлж ажиллаагүй ... гэж, хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь ... албадлагын арга хэмжээ болох учруулсан хохирлыг шалган тогтооход Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан хохирол учраагүй байсан. ... Хуульд заасан нөхцөл байдал болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 156 дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөр тооцох, хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй тул хохирол, нөхөн төлбөрийг тооцоогүй ... гэж тайлбарлан маргажээ.
Харин хэргийн оролцогч нар гаргасан зөрчлийн талаар болон маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн хэмжээний талаар маргаагүй байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 37 дугаар зүйлийн 37.1-д Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах ... -аар, 37.2-т ... сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших өргөдлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана гэж тус тус заажээ.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн А/104 дүгээр захирамжаар Ц.С-д Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар согоотод байршилтай 533 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн, уг газрын эзэмших эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дууссан, газар эзэмшигч Ц.С нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргаагүй, тухайн газрыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эзэмшиж байсан болох нь газар эзэмших эрхийн 00044******* дугаартай гэрчилгээ[2], газар эзэмшүүлэх гэрээ[3], газрын кадастрын зураг[4] зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх ба хэргийн оролцогч нар энэхүү үйл баримттай маргаагүй байна.
Харин нэхэмжлэгч Ц.С нь эрх бүхий албан тушаалтнаас Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулсны дараа буюу шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар хүсэлт гаргасан байх бөгөөд уг хүсэлтийг хянаад Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/269 дугаар захирамжаар[5] Ц.С-гийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан, дээрх шийдвэрийг үндэслэн Ц.С-д нэгж талбарын 15014******* дугаар бүхий 533 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-22020******* дугаарт бүртгэж, газар эзэмших эрхийн 00008******* дугаар гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогдож байна.
Прокурор нь шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлээ зөрчлийн улмаас учирсан, хохирол, нөхөн төлбөрийг тооцон гаргуулах хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй гэсэн агуулгаар маргаж байна.
Монгол Улсын ерөнхий прокурорын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/75 дугаар тушаалаар баталсан Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам-ын 2.2-т хохирол гэдэг нь Зөрчлийн улмаас иргэн, төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд шууд учирсан үр дагавар байна гэж, 2.3-д Нөхөн төлбөр гэдэг нь зөрчлийн улмаас устсан, гэмтсэн эд хөрөнгө, бараа эд зүйл, түүнчлэн хорогдсон, үрэгдсэн, агнасан ан амьтан, мал, ургамал, байгаль орчны өртөг, үнэлэмж, үнэлгээ байна гэж, 3.6-д эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн улмаас байгаль орчин, ус, ургамал, агаар, амьтан, ой, газар газрын хэвлийд учирсан хохирол, нөхөн төлбөрийг Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжид заасны дагуу тооцно гэж тус тус журамлан заажээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 11-т байгаль орчинд учруулсан хохирол гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, 12-т байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг арилгах болон цаашид үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийллийг хэлнэ гэж, 49 дүгээр зүйлийн 2-т Байгаль орчинд учруулсан хохирлыг дараах байдлаар ангилна, 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 5-д газарт учруулсан хохирол гэж, 57 дугаар зүйлийн 1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заажээ.
Дээрх хууль тогтоомжийн агуулгаас үзэхэд зөрчлийн улмаас байгаль орчин, түүний баялагт шуудучруулсан бодит хохирол, нөхөн төлбөрийг хохирол
учруулсан хүн, хуулийн этгээдээс гаргуулах хуулийн зохицуулалттай байна.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Ц.С нь өөрийн эзэмшлийн 533 м.кв газрыг зуслангийн газрын зориулалтаар эзэмшиж байсан, эзэмшил газар дээрээ барилга, байгууламж бариагүй байх ба зөрчилд холбогдогч нь тухайн эзэмшил газартаа ямар нэгэн хохирол учруулсанболох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул Ц.С-г дээрх зөрчлийн улмаас тухайн газарт шууд бодиттойгоор хохирол учруулсан гэж үзэхгүй. Нэгэнт тухайн газарт бодитой хохирол учруулаагүй байх тул хохирол, нөхөн төлбөр тооцох хууль зүйн боломжгүй гэж үзнэ.
Тодруулбал хохирол, нөхөн төлбөр гаргуулах тохиолдолд хохирол шууд бодиттойгоор учирсан, зөрчил болон учруулсан хохирлын хооронд шалтгаант холбоо байхыг шаардана.
Энэхүү маргааны хувьд хохирол, нөхөн төлбөр гаргуулах эрх зүйн урьдчилсан нөхцөл бодит байдал дээр бүрдээгүй байх тул зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар шүүхийн шинжилгээ гэж ... тусгай мэдлэг шаардсан асуудал /шинжлэх ухаан, техник, урлаг, түүх, соёл, нягтлан бодох бүртгэл зэрэг/-ыг шийдвэрлэхийн тулд шинжилгээний объектод шинжилгээ хийж дүгнэлт гаргах ажиллагааг ойлгох-оор заасан, энэхүү маргааны тохиолдолд зөрчлийн улмаас бодит хохирол учраагүй байх тул тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахаар шинжээч томилох шаардлагагүй байх тул дүгнэлт гаргагчийн ... шинжээч томилж, хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоолгоогүй гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
Дээрх үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн хуудас нь Газрын тухай хууль болон Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байхын зэрэгцээ уг акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимтай нийцсэн байх тул шийтгэлийн хуудсыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд гомдол гаргагчийн дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Гуравдагч этгээд Ц.С нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шийтгэлийн хуудсыгхүчингүй болгуулах бие даасан шаардлага гаргасан боловч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад бие даасан шаардлагаасаа
татгалзсан, ийнхүү татгалзсан нь хуульд харшлаагүй байх тул гуравдагч этгээдийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар
зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Д.Э-ын Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геодези, уул уурхайн хяналтын хэлтсийн байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Х.Н-ын оногдуулсан 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 0154648 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Ц.С нь Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч болон эрх бүхий албан тушаалтан, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН