Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2026/0487

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ч”

НҮТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О

Нэхэмжлэгч: “Ч” НҮТББ

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд

Гуравдагч этгээд: Н.Н, О.О

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/343 дугаар тушаал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/432 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2026/0388 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О

Шүүх хуралдааны нарын бичгийн дарга И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 128/2024/0967/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ч” НҮТББ -аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/343 дугаар тушаал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/432 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2026/0388 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, 47 дугаар зүйлийн 47.1.6, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/343 дугаар тушаалыг хүчингүй болгож, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/432 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Богдхан уулын дархан цаазат газрын захиргааны сайт дээр тавигдаагүй гэдэг үндэслэлээр шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанаас тодруулсан. Анхан шатны шүүхийн шүүгч туслахаараа сайтыг шалгуулж хүсэлтийг ингээд шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх албан ёсоор тодруулах шаардлагатай байсан гэж гуравдагч этгээдийн зүгээс үзэж байгаа. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн зөвшөөрөл байхгүйгээр барилга байгууламжийг түрээсэлж, ашиг олж байгаа асуудлыг манай тал дурдсан. Гэтэл цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Ч” НҮТББ-аас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/343 дугаар тушаал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/432 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Анх  Байгаль орчин, аялал жуулчлалы яамнаас 2008 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 258 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 7,077 м.кв газрыг буддын шашны бясалгал, сургалтын төвийн зориулалтаар нэхэмжлэгч “Ч”-д ашиглуулахаар олгож, мөн яамнаас 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Ч”-д дээрх газрыг ашиглах эрхийн 0222154 дугаартай гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон байна.

3.2. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/149 дүгээр тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн амны хязгаарлалтын бүсэд 1,209.26 м.кв газрыг аялагч зөвшөөрөл бүхий бусад хүн түр отоглох, ажиглалт судалгаа, шинжилгээ хийхээр барьсан орон байрыг ашиглах зориулалтаар гуравдагч этгээд О.От 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар шийдвэрлэсэн байна.

3.3. Гэтэл маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/343 дугаар тушаалаар “... Чд ашиглуулахаар олгосон газраа ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй тул Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Санал хүргүүлэх тухай” 736 дугаар албан бичгийн дагуу газар ашиглах эрхийг дуусгавар болгох”-оор шийдвэрлэжээ.

3.4. Улмаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/432 дугаар тушаалаар “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 4 дүгээр хуралдааны шийдвэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/227 тоот албан бичгээр ирүүлсэн санал, О.Оын хүсэлтийг тус тус үндэслэн гуравдагч этгээд О.От олгосон 1,209.26 м.кв газрын хэмжээг 3,000 м.кв болгон нэмэгдүүлж, солбицолын цэгийг Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд болгон өөрчилж, газар ашиглах гэрчилгээнд гуравдагч этгээд Н.Нардамбыг оруулж шийдвэрлэжээ.

4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд “1/ ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах”, “2/ энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэм, горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль  орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дараахь тохиолдолд дуусгавар болно” гээд “1/ Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан үндэслэлээр”, “2/ тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, “3/ тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх хүчингүй болсон” гэж, 40 дүгээр зүйлийн 4-т “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно” гээд “1/ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр”, “2/ Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр тэмдэгтийн хураамж төлөөгүй” гэж тус тус заасан.

4.2. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхтэй иргэн, хуулийн этгээд нь Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон газар ашиглах гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан, эсхүл тэмдэгтийн хураамж төлөөгүй тохиолдолд тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас уг эрхийг дуусгавар болгох, эсхүл хүчингүй болгох шийдвэрийг гаргахаар хуульчилжээ.

4.3. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/343 дугаар тушаалын үндэслэл нь “... Чд ашиглуулахаар олгосон газраа ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаагүй” буюу Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, газар ашиглах эрхийн гэрчилгээ болон гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй гэж тайлбарлаж байгаа нь дээрх Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн холбогдох заалтад нийцээгүй байна.

4.4. Тодруулбал, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд 7,077 м.кв газрыг буддын шашны бясалгал, сургалтын төвийн зориулалтаар нэхэмжлэгч “Ч”-д ашиглуулахаар олгож, мөн яамнаас 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Ч”-д дээрх газрыг ашиглах эрхийн 0222154 дугаартай гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон бөгөөд уг гэрчилгээний хугацаа 2027 онд дуусгавар болохоор байгаа нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

4.5. Иймд газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад хугацаа сунгуулах хүсэлт гаргаагүй гэсэн үндэслэлээр Ч” НҮТББ-ын газар ашиглах эрхийг дуусгавар болгосон хариуцагчийн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй байна.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/343 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

4.6. Түүнчлэн, маргаан бүхий Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/432 дугаар тушаалыг илт хууль бус захиргааны актад тооцсон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасантай нийцэж байна.

4.7. Тодруулбал, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн гаргана”, 361 дүгээр зүйлийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газар ашиглах эрх олгох сонгон шалгаруулалтыг өөрийн санаачилгаар явуулах бол тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөнд үндэслэн олон нийтэд нээлттэй явуулна” гэж тус тус заасан.

4.8. Гэтэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/432 дугаар тушаалаар “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 4 дүгээр хуралдааны шийдвэр, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/227 тоот албан бичгээр ирүүлсэн санал, О.Оын хүсэлтийг тус тус үндэслэн гуравдагч этгээд О.От олгосон 1,209.26 м.кв газрын хэмжээг 3,000 м.кв болгон нэмэгдүүлж, солбицолын цэгийг Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн аманд болгон өөрчилж, газар ашиглах гэрчилгээнд гуравдагч этгээд Н.Н-ыг оруулж шийдвэрлэхдээ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан журмыг зөрчиж, сонгон шалгаруулалтгүйгээр гуравдагч этгээд О.О, Н.Н нарт газар ашиглах эрхийг олгосон болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байна.

4.9. Түүнчлэн, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, нэхэмжлэгч “Ч” НҮТББ-ын ашиглалтын газартай давхцуулж олгосон байх ба Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 01/227 тоот албан бичигт “... “Ч” НҮТББ-ын газар ашиглах эрх нь дуусгавар болсон хуулийн этгээдийн газартай давхцалтай байна” гэснээс үзвэл хариуцагчаас гуравдагч этгээд нарт газар ашиглуулах шийдвэр гаргахдаа энэ талаар мэдэж байсан гэж үзэхээр байна.

4.10. Хариуцагч, гуравдагч этгээд нараас “... нэхэмжлэгч нь зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан, газрыг зориулалтын бусаар ашигласан, бусдад дамжуулан түрээслэсэн” гэж тайлбарлан маргаж байгаа боловч ийм үндэслэлээр маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/343 дугаар тушаал гараагүй тул энэ талаарх тайлбар үндэслэлгүй.

4.11. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2026/0388 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

ШҮҮГЧ                                                                       М.ЦЭЦЭГМАА

ШҮҮГЧ                                                                       Б.АДЪЯАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ