Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 164

 

2017.06.05


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:166/2017/0179/Э
 
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа, 
Хохирогч ***,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт ***т холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн 201709000301 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *** өдөр Завхан аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 1997 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 395 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан *** /регистрийн дугаар:***/,

Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр *** тоотод хамтран амьдрагч ***ийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нэг удаа нүүр хэсэгт нь гараараа цохиж биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017.5.3-ны өдөр хадам эгчийн нөхрийнх нь бие муу байна гэхээр нь би эхнэртэйгээ хамт гэрт нь очиж эргэчхээд ирсэн. Би тухайн үед архи уусан байсан болохоор эхнэрийгээ гадаа гарч утсаар ярихаар нь ууралсандаа уруул руу нь цохиж гэмтээсэн...” гэх мэдүүлэг,

“...Би тухайн өдөр эхнэр *** түүний хуурай эгч *** нарын хамт манай гэрт нэг шил 0.33 литрийн хараа гэх нэртэй архи хувааж уугаад Дархан сум 5 дугаар баг үйлдвэрийн 6-33 тоотод *** эгчийн нөхрийнх нь бие нь муу байгаа гээд эргэхээр нэг шил 0.5 литрийн архи, ундаа, устай аваад гэрт нь очоод хамт уугаад сууж байтал. Манай эхнэрийн утас нь дуугараад утсаа бариад үүд рүү нь гарсан тэгэхээр нь би араас нь гараад чи хэнтэй яриад байгаа юм гээд нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгтэл уруулных нь зүүн жавж хэсэгт нь сэтэрсэн. Тэгээд гэрээс ***, *** эгч хоёр гарч ирээд эмнэлэг явхаар болоод эмнэлэг дээр очоод оёдол тавиулаад байж байтал цагдаа нар ирээд намайг аваад явсан...” гэх мэдүүлэг \хавтаст хэргийн 21\,
Хохирогч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017.5.3-ны өдөр манай эгч манай гэрт ирсэн. Бид хоол хийж идчихээд 0.33 граммын архи ууж дуусгачихаад өөр нэг эгчийнд очъё гараад архи, ус, ундаа, чихэр аваад эгчийндээ очсон. Бүгд яриад сууж байтал манай охин залгаад *** эгч тантай яръя гэнээ гэхээр нь би хүмүүсийн хажууд  яриад яахав гэж бодоод гадаа гараад ярьтал нөхөр хэнтэй яриад байгаа юм бэ гэж хэлээд цохиод авсан...” гэх мэдүүлэг,

“...2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр манай гэрт *** эгч ирээд манай гэрт манай нөхөр *** бид гурав хараа гэх нэртэй архи 0.33 грамийг хувааж уугаад дархан сум 5 дугаар баг үйлдвэрийн *** тоотод *** гэдэг айлд очиж тухайн айлдаа нэг шил 0.5 литрийн хараа гэх нэртэй архи авч очоод тухайн архиа хувааж уугаад байж байтал над руу манай хотод байдаг охин залгахаар нь гараад ярьсан чинь *** гэдэг хүн ярих гээд байна гэхээр нь би гараад тухайн айлын үүдний амбаарт гараад ярьсан чинь манай нөхөр *** араас гарч ирээд хэнтэй яриад байгаа юм гээд гараараа нэг удаа миний зүүн жавж хэсэг рүү цохисон. Тэгээд бид нар эмнэлэг ороод оёдол тавиулсан. Тэгсэн тухайн эмнэлгээс цагдаагийн газар дуудлага өгсөн гээд цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10/,

        Гэрч Ө.***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр *** түүний нөхөр *** болон ***цэцэгийн хамт манай гэрт нэг шил 0.5 литрийн архитай ирсэн. Тэгээд тухайн архийг нь дөрвүүлээ хувааж уугаад сууж байсан. Тухайн хүмүүс манай гэрт ирэх үедээ бага зэрэг уусан байсан. Тэгээд *** утсаар ярихаар гарсан тэгтэл араас нь *** гараад явсан. Тэгээд араас нь гарсан чинь амбаарт уйлаан болчихсон байсан. Тэгэхээр нь би уурлаад та нар одоо яв гээд хөөсөн. Тэгээд ***, ***, ***цэцэг гурав гараад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11/,

    Гэрч Т.***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн өдөр найз ***гийн нөхрийн бие нь тааруу гээд иргэхээр гэрт нь очихоор болж ***ийн гэрт очоод тэдний гэрт нэг шил 0.33 литрийн Хараа гэх нэртэй архи хувааж уугаад ***гийн гэр рүү нь явсан. ***гийн гэрт очихдоо нэг шил 0.75 литрийн Хараа гэх нэртэй архи авч очоод ***, ***, *** бид дөрөв хувааж уусан. Архиа уучхаад явах гээд гарсан чинь ***, *** хоёр түрүүлж гараад үүдэнд нь *** нь ***ийг цохисон гэж байсан. Тэгээд би чи яаж байгаа юм бэ гээд ***ийг хархад уруул нь зүүн талдаа сэтэрсэн байсан. Тэгээд эмнэлэг дагуулж явж ***ийг үзүүлсэн. Тэгсэн удалгүй цагдаа нар эмнэлэг дээр ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12/

 “...1.***ийн биед тархи доргилт, дээд уруулын шарх тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 
4.***т учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 510 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 15/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас \хавтаст хэргийн 25-26\ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох  баримтууд болно. 
        Шүүгдэгч *** нь 2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр *** тоотод хамтран амьдрагч ***ийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цохиж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг  шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч ***  урьд нь Дархан хотын шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 395 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан боловч түүний ялтай байх хугацаа Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд зааснаар дуусгавар болсон байх тул анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй хэдий ч хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч ***тэй эвлэрсэн, гэм хорыг арилгасан, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
     
Шүүгдэгч *** нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаад, 
                                                                                                                                                                                                 
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *** ***ийг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар  *** ***т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн  71.1-д зааснаар ***ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298 дугаар зүйлийн 298.1.2-т зааснаар  *** нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид нөхөн төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***т урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
    
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ШҮҮГЧ                     Т.ЭНХЖАРГАЛ