Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2020/01443

 

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2020/01443

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 25 дугаар байр, 37 тоот хаягт оршин суух Арвай овогт Ё-н П /РД: ХЛ/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, 17-406 тоот хаягт оршин суух Бээс овогт С-н Х /РД: ТВ/,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 9 дүгээр байр, 37 тоот хаягт бүртгэлтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2а хороолол, 1в байр, 1001 тоот хаягт оршин суух Лигдэн овогт А-н Г/РД: ФМ/ нарт холбогдох

 

Хариуцагч С.Х-ы хууль бус эзэмшлээс миний 36-85 УНЯ улсын дугаар бүхий Тоёота ланд круйзер 70 маркийн автомашины кузовыг гаргуулах, хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулж, уг хэлцлээр шилжүүлсэн сэлбэгийг буцаан авахыг даалгах, хариуцагч А.Г-с кузовт төлсөн 7,500,000 төгрөг, нэмэлтээр будгийн ажлын хөлс 2,300,000 төгрөг, будаг 884,500 төгрөг, нийт 10,684,500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагчийн ажлын хөлсөнд нэхэмжлэгчээс 2,250,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ё.П-, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, гэрч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ё.П-н шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Ё.П миний бие нь 2019 оны 9 дүгээр сарын 12-нд өөрийн Тоёота ланд круйзер-76 загварын, 36-85 улсын дугаартай автомашиныг засуулах зорилгоор А.Г-той тохиролцсон. А.Г нь тухайн үед машиныг засварлахад шаардлагатай кузов, рам болон бусад шаардлагатай сэлбэгийг 7,500,000 төгрөгөөр Түмээ гэх хүнээс авахаар боллоо гэж надад ойлгуулсан тул би А.Г-н Хаан банкин дахь тоот данс руу 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 8,000,000 төгрөгийг 2 хувааж шилжүүлсэн, илүү 500,000 төгрөгийг нь ойр зуурын зарим сэлбэг авч магадгүй гэж бодож шилжүүлсэн. Тухайн үед би энэ кузов, рам найдвартай биз дээ гэж А.Г-с асуухад асуудалгүй, би шалгасан гэж хэлж байсан. Үүний дараа тэрээр кузов, рам будахад хэрэгтэй гээд Эрдэнэтээс будаг хийх Ганцоож гэж хүнийг дуудсан талаар надад хэлсэн. Мөн А.Г нь 2019 оны 9 дүгээр сарын 17-нд машинд шаардлагатай зарим сэлбэг болох нум, копут зэргийг авах шаардлагатай, төлбөрийг нь С.Х-д төлөх ёстой гэхээр нь түүний Хаан банкин дахь тоот данс руу 680,000 төгрөгийг би шилжүүлсэн. Дахиад энэ өдрөө 1,000,000 төгрөгийн ажлын хөлсийг Хаан банкны  тоот данс руу шилжүүл гэсний дагуу төлбөрийг би шилжүүлсэн. 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр засварын ажил хийгдэж байсан Сэлх дэх манай зусланд С.Х миний машины хуучин кузовыг авахаар ирсэн байсан бөгөөд энэ талаар А.Г-с асуухад ... урд гупер, хажуу тасарсан шанаа, 2 ширхэг амаржин, рулийн аппарат, бусад шаардлагатай сэлбэгээр миний кузовыг солихоор С.Х-тай тохиролцсон талаар нь мэдсэн. 2019 оны 9 дүгээр сарын 26-нд өөрийн зуслан дээр очиж ажлын хөлсний талаар А.Г-той ярилцахад тэрээр цуг ажиллаж байгаа боогийд 2,500,000 төгрөг, өөртөө 2,500,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөг гэж надад анх удаа ажлын хөлснийхөө талаар хэлэхэд би арай өндөр байна гэдгийг хэлсэн. Миний зүгээс Ганцоожид ажлын хөлс 2,300,000 төгрөг, Б-д 1,800,000 төгрөгийг тус тус төлсөн. Үүнээс хойш А.Г нь ажлаа дутуу хаяад явсан тул бусад хүмүүст машиныхаа зургийг үзүүлж сураглаж явахад А.Г-н 7,500,000 төгрөгөөр авсан кузов нь Ланд круйзер 76 загварын машиных биш буруу рультэй прадо загварын машиныг кузовыг өвчүүгээр нь залгаж гагнаад зөв рультэй болгосон гэдгийг мэдсэн. Мөн ланд круйзер 76 загварын автомашины кузов дээрээ лүүк байдаггүй, гэтэл А.Г-н авсан кузов нь дээрээ лүүктэй байсан. Ингээд А.Г-т хууртсан гэдгээ мэдээд үндсэн кузов ээ авахаар С.Х-ы гэрт очиход миний кузовыг бүтээсэн байсан, би кузов ээ авья, А.Г-н чамаас авсан сэлбэгүүдээ ав гэхэд С.Х ... энэ кузовыг А.Г минийх гэж надад хэлсэн, би 2 сая гаран төгрөгөөр юм хийсэн өгч чадахгүй гэж надад хэлсэн.

 

Иймд С.Х, А.Г нарын хооронд амаар тохиролцсон автомашины сэлбэг, эд анги солилцох хэлцэл нь зохих этгээдийн буюу өмчлөгч Ё.П миний зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 59 дүгээр зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Мөн хариуцагч С.Х-ы хууль бус эзэмшлээс миний 36-85 УНЯ улсын дугаартай Тоёота ланд круйзер 76 загварын автомашины кузовыг гаргуулж өгнө үү, мөн амаар тохиролцсон хэлцлийн дагуу шилжүүлсэн сэлбэг болох урд гупер, хажуу тасарсан шанаа, 2 ширхэг амаржин, рулийн аппаратаа буцаан авахыг хариуцагч С.Х-д даалгаж өгнө үү. Хариуцагч А.Г-с кузовын үнэ 7,500,000 төгрөг, будгийн ажлын хөлс 2,300,000 төгрөг, будаг 884,500 төгрөг, нийт 10,684,500 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Сөрөг нэхэмжлэлд дараахь хариу тайлбарыг гаргаж байна. А.Ганзориг нь Ё.П-тай найзууд учир зах зээлийн ханшаар доогуур 5,000,000 төгрөгөөр ажлын хөлс хэлсэн гэжээ. А.Г нь анхнаасаа л ажлын хөлсөө тохирьё гэхэд надад үнэ хэлээгүй, хотод нэг найз маань ажилгүй байгаа, үнэ өртөг гээд сүртэй юм байхгүй, бид нар 2-3 өдөр л хийчихнэ гэж надад утсаар хэлж байсан. Миний хувьд А.Г-г ажлын хөлсөө ярилцаж тохиролцьё, ямар ямар ажлууд хийгдэж байна, ямар сэлбэгүүд авсан, миний хуучин кузов юу болсон гэхэд тэрээр дараа больё гэсэн тайлбартайгаар байнга хойшлуулж ирсэн. Ингээд гэнэт ажлын хөлсөө 5,000,000 төгрөг гэж хэлэхэд нь би өндөр байна, Мая кар, лексус засварын төвөөс зах зээлийн ханш асуухад бүтэн угсрахад 2.5-аас 3 сая төгрөгөөр угсарна гэж байна гэхэд ажлаа хаяад явсан. А.Г-н хувьд хуучин кузовыг миний зөвшөөрөлгүйгээр бусдад зарсан, өөр машины тохирохгүй кузов миний машинд тавьсан, мөн 90 хувийн гүйцэтгэлтэй гээд надаад ажлын хөлс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Г-н шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбарт, сөрөг нэхэмжлэлд: 2019 оны 9 дүгээр сард найз Ё.П залгаад манай Голомт банкнаас Ланд круйзер 76 загварын автомашин актанд гарах гэж байна. Чи үүнийг босгоод өгч чадах уу гэж асуухаар нь би найзын хувьд мөн өмнө нь авсан Ниссан патрол загварын автомашиныг нь засаж өгч байсны хувьд боломжтой гэх хариуг өгсөн. Үүний дагуу засварын ажилд шаардлагатай сэлбэгийг хайж эхэлсэн. Түүний гэмтэлтэй кузовыг 100 айлын баталгаат засварын Орхон ахад Ё.П-н хамт очиж үзүүлэхэд 12,000,000 төгрөгөөр засварлах боломжтой гэсэн саналыг хэлэхэд Ё.П үнэтэй байна гэсэн. Ингээд би фэйсбүүкээр хайж байгаад Сүлжмэлд Ланд круйзер 76 загварын автомашины бүтэн рам, кузов байна гэхээр нь Ё.П-н хамт очиж үзэхэд 7,500,000 төгрөг гэсэн, бид 2 ярилцаж тэр үнээр нь авахаар тохиролцсон. Кузовын үнэд 5,000,000 төгрөгийг Ё.П нь 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр А.Ганзоригийн Хаан банкин дахь данс руу, мөн маргааш нь буюу 15-ны өдөр 3,000,000 төгрөгийг мөн А.Г-н данс руу тус тус шилжүүлсэн. Уг козовыг би найз Болорчулууны хамт ачилтын машинаар чирээд Сэлх дэх П-н зусланд аваачиж байшингийнх нь гражид байрлуулаад ажилдаа орсон. Хэд хоногийн дараа уг кузовыг будах шаардлагатай болсон тул Улаанбаатар хотод будгийн ажлын үнэ судалж үзэхэд 4-өөс 4.5 сая төгрөгийн үнэтэй байсан тул Эрдэнэтээс танил дүү Ганцоожийг дуудаж 2.3 сая төгрөгөөр будуулахаар болсон. Угсрах явцад зарим сэлбэг дутаж эхэлсэн, фэйсбүүкт зар тавьтал С.Х гэх залууд хэсэг сэлбэг маань байна гэсний дагуу очиж уулзсан. С.Х-ы гэрт очтол бидний хайж байсан бүх сэлбэг байж таарсан тул авахаар ярилцсан. Би Ё.П-д хуучин гэмтэлтэй кузовыг тасдаад зарж болно, авах хүмүүс гарч ирнэ гэж хэлж байсан учраас Ё.П-н хуучин гэмтэлтэй кузовыг хэрэгтэй байгаа сэлбэгээр солихоор тохиролцсон. Би Ё.П-д сэлбэгүүдийн зургийг явуулсан, тэрээр С.Х-с /нөгөө баачкагаас/ өөр сэлбэг авна биз дээ гэж бараг өдөр бүр асуудаг байсан. Машин угсралтын явц бараг 90 хувь дээрээ хүрсэн үед Ё.П ажлын хөлсийг 2,500,000 төгрөг гэж санал хэлэхэд нь би юу гэж дээ, хаа байсан Сэлх зусланд, гражид амьдран хэн чамд 2,500,000 төгрөгөөр машин босгож өгөх вэ дэ гэж хэлсэн. Би тухай бүр нь зураг явуулж ажлынхаа явцыг түүнд танилцуулдаг байсан. Найз Ё.П-г залилсан зүйл надад огт байхгүй, харин ч найзын хувиар хүйтэн гэхгүй гражид нь мишоконд хонон нэг ч төгрөг авалгүй машиныг нь босгоод өгсөн. Бид ажлын хөлсөн дээрээ тохиролцолгүй ийм дээрээ хүрсэн. Авсан кузов ээ будах шаардлага гарсан тул будагны мөнгийг О гэх хүний данс руу 2019 оны 9 дүгээр сарын 17-нд 479,500 төгрөг, мөн сарын 19-ний өдөр 210,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн Ганцоож гэх хүнээр будгийн ажил хийлгээд 2019 оны 9 дүгээр сарын 19-нд 1,000,000 төгрөг, мөн сарын 23-ны өдөр 1,300,000 төгрөгийг Ё.П нь өөрөө шилжүүлсэн.

 

Дараахь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. А.Ганзориг нь Ё.П-д найзын хувьд ажлын хөлсөө зах зээлийн ханшнаас доогуур буюу 5,000,000 төгрөгөөр тохиролцох саналыг Ё.П-д хэлсэн. Хамтран ажил гүйцэтгэж байсан Болорчулуунд 1,800,000 төгрөгийн хөлсийг төлсөн атлаа А.Г-т нэг ч төгрөг өгөөгүй бөгөөд ажлын хөлсөн дээрээ тохиролцоогүй тул Ё.П нь гэрээгээ цуцалсан. Одоо уг машины засвар, угсралтын ажил 90 хувьтай байгаа тул Ё.П-с 2,250,000 төгрөгийн ажлын хөлсийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Х-ы шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: С.Х миний бие нь хувиараа машин засах, машины сэлбэг худалдах зэрэг жижиг бизнес эрхэлдэг. 2019 оны 9 дүгээр сард А.Г 2 найзын хамт ирээд надад хэрэгтэй сэлбэг байвал мөргөлдсөн Ланд круйзер 76 загварын машины кузовоор сольё гээд утсаа үлдээгээд явсан. Би тэр утас руу нь 7 хоногийн дараа залгаад өөртөө байгаа сэлбэг болох урд тааз 1,200,000 төгрөг, под карла 500,000 төгрөг, рулийн аппарат 1,000,000 төгрөг, урд хойд амаржин 200,000 төгрөг, урд копутны татуурга 100,000 төгрөгөөр үнэлж байгаа талаар санал тавьсан, А.Г дээрх сэлбэгийг 3,000,000 төгрөгт тооцож төлбөрийг нь бартер оролцуулж хийе гэж хэлсэн. Ингээд бид 2 харилцан тохиролцож би кузовыг авахаар портер унаад Ганзориг дээр очиход тэрээр уг хашааг өөрийнхөө хашаа гэж танилцуулаад өөрөөс гадна 4 хүний хамт 76 загварын машин засаж байсан. Миний очсон айл 2 талдаа айлтай, 2 давхар хаус байсан. Тухайн үед Ё.П гаднаас тортой юм бариад ороод ирэхэд А.Г түүнийг манай найз, хажуу талд амьдардаг гэж танилцуулсан, би түүнийг танидаггүй байсан тул хэлснээр нь ойлгосон. Тэгээд би кузовыг үзэхэд зөв талын урд талаасаа мөргөлдөж боссон, өвчүү нь боссон, зөв талын урд талаасаа багана нь гажаа үүссэн, урд багана нь гадагшаа цүлхийсэн, баганын доод талаараа чихэгдэж орсон, үндсэндээ урд талыг нь тэр чигт нь тасдаж өөр хамар залгах хэмжээний кузов байсан. Намайг кузовыг ачаад явахад Г, П нараас гадна 3 хүн байсан, бүгд хамт очиж өгчихөөд хариуд нь сэлбэгээ авахаар Ниссан патролтой хүнийг надтай хамт явуулсан. Би тэр жолоочид урд гупер 400,000 төгрөг, гуперийн нэмэлт гэрэл 260,00 төгрөг, гуперын таг 160,000 төгрөг, 1 ширхэг амаржин зэрэг 900,000 төгрөгийн жижиг зүйлийг өгч явуулсан.

 

Ингээд хэд хоногийн дараа А.Г өөрөөр ирээд урт боолт 1 ширхэг, 2 хаалганы нугас 2 ширхэгийг аваад явсан. Үлдсэн дутуу сэлбэг нь гуперийн 1 ширхэг гэрэл, нүүрний буруу талын под карла 1 ширхэг байсан. Авч ирсэн кузовыг би 3 хүнээр урд таазны гажааг гаргуулсан, жолоочийн доод талыг тэр чигт нь салгаж өөр зүйл гагнуулсан, зүүн талын урд гажааг гаргаж, өвчүүг гагнаж янзлаад ажлын хөлсөнд 2 сая төгрөг төлсөн. Кузовыг янзлуулж дуусаад 4 дэх хоног дээр гэртээ хэвтэж байтал төмөр дугарах чимээ гарахаар нь цонхоороо хартал миний янзлуулсан кузовын дэргэд 1 үл таних хүн зогсож байсан. Та юун хүн бэ, яагаад хүний хөрөнгөнд дураараа халдаад байна вэ гэхэд тэр хүн би Ганзоригийн найз байна, гараад ир уулзья гэсэн. Намайг яваад очиход Ганзоригийнд кузов авахаар очиход гаднаас тортой юм бариад орж ирсэн хүн буюу П байсан. Тэгээд тэр хүн Ганзориг намайг хулхидсан, энэ миний кузов байгаа юм гэж хэлэхээр нь би намайг кузов авахаар очиход хориглохгүй яасан юм, өөрөө хамт ачиж өгөөд явуулсан биз дээ гэж хэлсэн. П гэсэн иргэний үнэмлэхээ Голомт банкнаас 36-85 УНЯ улсын дугаартай автомашиныг шилжүүлэх маягтын хамт гаргаж ирж үзүүлсэн. Би А.Г-той наймаа хийсэн тул түүнтэй ярьж учраа олно, тухайн үед өөрөө ачиж өгч явуулчихаад зассаны дараа ийм асуудал гаргаж болохгүй, кузовыг өгөхгүй гэдгийг хэлсэн. А.Г руу залгахад тэрээр огт утсаа аваагүй, харин Ё.П нь над руу сар шахам 9909, 8811-тэй дугаараас кузов ээ авья гэж залгасан, бүр сүүлдээ миний танидаг хүмүүсээр залгуулсан, хашааны үүдэнд хүнээр мануулсан, жолоочоо хашаан дотор оруулж кузов байна уу үзьё гэж ирүүлсэн. Би А.Г-той учраа олохоор өдөр шөнөгүй залгасан, тэрээр огт утсаа авахгүй байж байгаад нэг өдөр утсаа авсан, тэгээд би болсон явдлын талаар хэлэхэд тэрээр зүгээрээ санаа зоволтгүй, би П-тай тооцооны асуудалтай гэж хэлсэн. Би Ё.П-н нүдэн дээр А.Г-той наймаа хийсэн, энэ кузовыг Ё.П-ынх гэж би мэдээгүй, надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ё.П нь хариуцагч С.Х-д холбогдуулан А.Г, С.Х нарын хооронд амаар тохиролцсон автомашины сэлбэг, эд анги солилцох хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, С.Х-ы хууль бус эзэмшлээс миний 36-85 УНЯ улсын дугаартай Тоёота ланд круйзер 76 загварын автомашины кузовыг гаргуулж, амаар тохиролцсон хэлцлийн дагуу шилжүүлсэн сэлбэг болох урд гупер, хажуу тасарсан шанаа, 2 ширхэг амаржин, рулийн аппаратаа буцаан авахыг С.Х-д даалгах, хариуцагч А.Г-т холбогдуулан кузовын үнэ 7,500,000 төгрөг, будгийн ажлын хөлс 2,300,000 төгрөг, будаг 884,500 төгрөг, нийт 10,684,500 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг,

 

Хариуцагч А.Г нь нэхэмжлэгч Ё.П-д холбогдуулан тоёота ланд круйзер 76 загварын автомашиныг засварлах, угсрах ажлын хөлсөнд 2,250,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

А/ Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч А.Г-т холбогдох шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Ё.П нь хариуцагч А.Г-той 2019 оны 9 дүгээр сард тоёота ланд круйзер 70 загварын автомашины кузовыг засварлах, кузовыг сольж угсруулах, тодорхой төлбөрийг төлөхөөр амаар тохиролцжээ. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тодорхой ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагджээ.

Зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Ё.П, хариуцагч А.Г нар нь гүйцэтгэх ажлын хөлсний талаар болон төлөх хугацааны талаар гэрээг байгуулах үедээ тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д Гэрээнд өөрөө заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө. гэж зааснаар хариуцагч А.Г тухайн ажил, үйлчилгээг буюу Ё.П-н 36-85 УНЯ улсын дугаартай, ланд круйзер 70 загварын тээврийн хэрэгслийн кузовыг сольж дууссаны дараа нэхэмжлэгч хөлсийг төлөх үүрэгтэй гэж үзэхээр байна. Гэвч хариуцагч А.Г нь тохиролцсон ажлаа гүйцэтгэж дуусгаагүй болох нь түүний ... ажлыг 90 хувьтай хийсэн гэх, нэхэмжлэгчийн ... А.Г ажлаа дуусгаагүй хаяж явсан гэх тайлбаруудаар тогтоогдож байна. Иргэний хуулийн 363 дугаар зүйлийн 363.1-д зааснаар ажиллуулагч нь ажиллагчийн эрүүл мэнд, амь насанд аюулгүй, гүйцэтгэх ажлын онцлог, шаардлагад нийцэхүйц байр, багаж, тоног төхөөрөмжөөр хангах үүрэгтэй ба нэхэмжлэгч буюу ажиллуулагч Ё.П нь энэ үүргээ гүйцэтгэж Сэлх дэх зуслангийн байшингийн гражид хариуцагч А.Г-г ажиллуулахаар ажлын байраар хангасан байна. Мөн зохигчид ажиллах хугацааг гэрээгээр тохиролцоогүй ба хариуцагч А.Г нь 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ажлын хөлсний хэмжээг нэхэмжлэгчтэй тохиролцож чадалгүй ажлаа орхиж явснаар хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон буюу Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2-т зааснаар гэрээг талууд дуусгавар болгосон гэж үзэхээр байна.

Хариуцагч А.Г нь ажил гүйцэтгэх явцдаа шаардлагатай кузов, рам, бусад сэлбгийг бусдаас худалдаж авахад 7,500,000 төгрөг шаардлагатай гэснээр нэхэмжлэгч Ё.П нь А.Г-н Хаан банкин дахь тоот данс руу 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 2,000,000 төгрөг, 3,000,000 төгрөг, маргааш нь буюу 15-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, Голомт банкны мемориалын баримтаар тус тус тогтоогдож байна. Нэхэмжлэгч Ё.П-н ... А.Г нь тухайн үед машиныг засварлахад шаардлагатай кузов, рам болон бусад шаардлагатай сэлбэгийг 7,500,000 төгрөгөөр Түмээ гэх хүнээс авахаар боллоо гээд нэг кузов авч ирсэн. Тухайн үед би энэ кузов, рам найдвартай биз дээ гэж А.Г-с асуухад асуудалгүй, би шалгасан гэж хэлж байсан. А.Г-н 7,500,000 төгрөгөөр авсан кузов нь Ланд круйзер 76 загварын машиных биш, буруу рультэй прадо загварын машины кузовыг өвчүүгээр нь залгаж гагнаад зөв рультэй болгосон гэдгийг мэдсэн. Мөн ланд круйзер 76 загварын автомашины кузов дээрээ лүүк байдаггүй, гэтэл А.Г-н авсан кузов нь дээрээ лүүктэй юм. гэх тайлбарыг хариуцагч А.Г баримтаар болон тайлбараараа үгүйсгээгүй тул ажиллагч буюу хариуцагч А.Ганзориг нь хөлсөөр ажиллах гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас кузовын үнэд 7,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгч нь кузовын төлбөрт 8,000,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн нь баримтаар тогтоогдсон боловч 7,500,000 төгрөгийг нь буцаан шаардсан тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэсэн болно.

Хариуцагч А.Г нь бусдаас худалдаж авсан кузовыг Г гэх иргэнээр будуулсан, ажлыг хөлсөнд 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ё.П 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр, 1,300,000 төгрөгийг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр, нийт 2,300,000 төгрөг төлсөн, мөн будгийн үнэд 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Отгонбаярт 479,500 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 210,000 төгрөг, нийт 689,500 төгрөгийг тус тус төлсөн болох нь зохигчдын тайлбар, Голомт банкны мемориалын баримтаар тогтоогдож байна. Дээрх зардлуудыг хариуцагч А.Г-н буруутай ажиллагааны улмаас нэхэмжлэгч бусдад төлсөн байх тул будгийн ажлын хөлсөнд төлсөн 2,300,000 төгрөг, будгийн үнэ 689,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна. Харин нэхэмжлэгч нь будгийн үнэд 884,500 төгрөг нэхэмжилсэн боловч баримтаар тогтоогдсон хэмжээнд энэ шаардлагыг хангаж, үлдэх 195,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ. Иймд хариуцагч А.Г-с кузовын үнэ 7,500,000 төгрөг, будгийн ажлын хөлс 2,300,000 төгрөг, будагны үнэ 689,500 төгрөг, нийт 10,489,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.П-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 195,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ё.П-н хариуцагч С.Х-д холбогдуулан гаргасан шаардлагын талаар:

Хариуцагч А.Г нь 2019 оны 9 дүгээр сард нэхэмжлэгч Ё.П-тай түүний тоёота ланд круйзер 70 загварын автомашины кузовыг сольж угсрахаар харилцан тохиролцсон ба 36-85 УНЯ улсын дугаартай хуучин кузовыг нь захиран зарцуулах эрхгүй атлаа нэхэмжлэгч Ё.П-н зөвшөөрөлгүйгээр С.Х-д өгч, хариуд нь урд тааз 1,200,000 төгрөг, под карла 500,000 төгрөг, рулийн аппарат 1,000,000 төгрөг, урд хойд амаржин 200,000 төгрөг, урд копутны татуургыг 100,000 төгрөгөөр үнэлж авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй. Тухайн 36-85 УНЯ улсын дугаартай кузовыг захиран зарцуулах эрх нь тухайн үед Ё.Пүрэвбатад байсан бөгөөд хариуцагч С.Х-д кузов ээ худалдах, арилжих талаар харилцан тохиролцоогүй, кузовыг шилжүүлэх үүрэг Ё.П-д үүсээгүй байхад С.Х нь кузовыг өөрийн эзэмшилдээ авсан байгаа нь түүнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй:, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон; гэж зааснаар хариуцагч С.Х-г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй ба нэхэмжлэгч Ё.Пүрэвбат нь эд хөрөнгө буцаан шаардах эрхтэй тул хариуцагч С.Х-с тоёота ланд круйзер 70 загварын, 36-85 УНЯ улсын дугаар бүхий козовыг гаргуулж нэхэмжлэгч Ё.П-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Харин шүүхээс хариуцагч С.Х-г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул нэхэмжлэгч Ё.П кузов ээ шаардах эрхтэй гэж үзсэн тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох А.Ганзориг, С.Х нарын хооронд амаар тохиролцсон автомашины сэлбэг, эд анги солилцох хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 59 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн сэлбэгийг харилцан буцааж өгөхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Б/ Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Хариуцагч А.Г нь нэхэмжлэгч Ё.П-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний хөлсөнд 2,250,000 төгрөг нэхэмжилсэн ба үндэслэлээ ... Ё.П-н машины кузовыг сольж бүрэн угсрахад өөрийн найз Б-ы хамт ажилласан, ажлын хөлсийг нийт 5,000,000 төгрөг буюу Б-д 2,500,000 төгрөг, өөртөө 2,500,000 төгрөг гэж Ё.П-д үнийн саналаа хэлсэн, тэрээр зөвшөөрөөгүй, Болорчулуунд ажлын хөлсөнд 1,800,000 төгрөгийг төлсөн, надад нэг ч төгрөг төлөөгүй, би машиныг 90 хувьтай угсарсан тул ажлын хөлсөнд 2,250,000 төгрөг нэхэмжилнэ гэж тайлбарлажээ. Хариуцагч А.Г тухайн ажил, үйлчилгээг буюу Ё.П-н 36-85 УНЯ улсын дугаартай, ланд круйзер 70 загварын тээврийн хэрэгслийн кузовыг сольж угсрах ажлаа бүрэн гүйцэтгэж дуусгаагүй болох нь хариуцагчийн ... ажлыг 90 хувьтай хийсэн гэх, нэхэмжлэгчийн ... А.Г ажлаа дуусгаагүй хаяж явсан гэх тайлбар, гэрч Ц.Б-ы шүүх хуралдаанд ... Автомашиныг анхнаас нь засахад оролцсон. Миний хувьд явах эд анги, агрегат, мотор кроп, тэнхлэг зэргийг хариуцаж засварласан. Кузов засвар бэлэн болсны дараа миний хийж гүйцэтгэх ажил байгаа, тэр ажлаа дуусгана гэх тайлбаруудаар тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д Гэрээнд өөрөө заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө. гэж заасан нөхцөл байдал бүрдээгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч А.Г-с гэрээний үүрэгт кузовын үнэ 7,500,000 төгрөг, будгийн ажлын хөлс 2,300,000 төгрөг, будагны үнэ 689,500 төгрөг, нийт 10,489,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ё.П-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 195,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч С.Х-с тоёота ланд круйзер 70 загварын, 36-85 УНЯ улсын дугаар бүхий автомашины кузовыг гаргуулж нэхэмжлэгч Ё.П-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх А.Г, С.Х нарын хооронд амаар тохиролцсон автомашины сэлбэг, эд анги солилцох хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 59 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн сэлбэг болох урд гупер, хажуу тасарсан шанаа, 2 ширхэг амаржин, рулийн аппаратаа буцааж авахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д заасныг баримтлан хариуцагч А.Г-н ажлын хөлсөнд нэхэмжлэгч Ё.П-с 2,250,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 326,302 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Г-с улсын тэмдэгтийн хураамжид 182,782 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, хариуцагч С.Х-с 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тыоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР