Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар Дугаар 102/ШШ2020/01852

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч Б.Азбаяр, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорнод аймаг Чулуунхороот 1 дүгээр баг Булгийн 4 тоотод оршин суух, 1964 онд төрсөн 55 настай, Боржигон овогт Д.Э

Нэхэмжлэгч: Дорнод аймаг Чулуунхороот 3 дугаар баг Цагаанчулуутад нутаглах, 1970 онд төрсөн 48 настай, Боржигон овогт Д.Э

            Хариуцагч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо МОХХН-УБТЗ

Гэм хорын хохиролд 14.169.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Э, хариуцагчийн төлөөлөгч Д.Э, Х.Э, Б.Г, Н.Б, Д.Ц, шинжээч П.М, Д.Б, Н.Х, иргэдийн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э, Д.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2012 оны 04 дүгээр сарын 23-нд Дорнод аймаг дахь Улаанбаатар төмөр замын харъяа Баянтүмэн тасгийн ажилчид 04 дүгээр сарын 22-ны өдөр цурав тавих ажил үүрэг гүйцэтгэж байгаад түймэр алдсаны улмаас гарсан түймэрт өртөж нэхэмжлэгч нарын хашаа саравч, мал, эд зүйлс шатсан. Шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн шинжээчийн үнэлгээнээс хамаарч багассан. Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээг нэхэмжлэгч Д.Э зөвшөөрсөн учир хохиролд 5.195.000 төгрөг нэхэмжилсэн. Д.Энхболд нь хохирлоо И-Э ХХК-ийн гаргасан 7.778.500 төгрөгийн үнэлгээг зөвшөөрч нэхэмжилсэн тул хариуцагч талаас нийт 12.973.500 төгрөг нэхэмжилж байна. УБТЗ-ын ажилчид таван шатлалтай цурам тавих үйл ажиллагаа явуулсан байсан. Схем зураг нь хэргийн материалд байгаа. 4, 5 дахь шатлалаас оч үсэрч, цурам тавьсан газраас 30 см-ын зайд түймэр гарсан. 04 дүгээр сарын 22-ны өдрийн 12 цагийн үед УБТЗ-ынхан түймэр алдсан. 04 дүгээр сарын 17-ны өдөр Дашбалбар суманд түймэр гарч, 18-ны өдөр галыг унтраасан. Гэтэл 22-ны өдөр дахин түймэр гарч Дашбалбар сумын 17-ны өдөр гарсан түймрийг унтраахад урдаас нь төмөр замын түймэр орж ирсэн. Төмөр замын түймэр Хүдэрээс гарсан түймрийн цурамд орж унтарсан байдаг. Баянтүмэн тасгийн алдсан түймрийн сүүлч Чулуунхороот сум руу орж айлын мал, малын хашаа саравч, эд зүйлсийг шатаасан. Эрүүгийн хэрэгт түймрийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн Иргэний хэрэгт удаа дараа галын шалтгаан тогтоосон бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Дүгнэлтээр УБТЗ-ын ажилчдын алдсан түймрийн хор уршгаар Д.Э, Д.Э нарын гэр, мал, хашаа, саравч шатсан болох нь тогтоогддог. Тухайн үеийн ажлын комисс, цагдаагийн байгууллагаас шалгасан шатсан зүйлийн тоо ширхгийг бүрэн тогтоож, дүгнэлт, актын дагуу хохирлын төлбөр гарсан. Цагдаагийн байгууллагаас цурам тавих ажиллагаанд оролцсон 20 гаран хүнийг шалгах явцад зарим хүмүүс нь байхгүй гадагшаа явсан, өвчтэй, хэрэг шүүхээс буцах гэсэн асуудалтай холбоотой байсаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч хэрэг хэрэгсэхгүй болсон байдаг. Эрүүгийн хэргийг шалгах явцад дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулж галын шалтгаан нөхцөл, тархалтын байдал зэргийг хангалттай тогтоосон. Эрүүгийн хэрэгт төмөр замын ажилчид цурам тавьж өнгөрсний дараа гал гарсан гэдгийг тодорхой мэдүүлсэн. Д.О-ийн тавьсан түймрийн тухайд талбайн хэмжээ, хохирол тогтоогдож ялаа эдэлж хэрэг дууссан. Н.О-ийн тавьсан галтай УБТЗ-ын ажилчидын тавьсан гал нийлж шатсан зүйл огт байхгүй шүү. Нэхэмжлэгч нарын хохирол шатсан эд зүйл 2 дүгнэлтээр таарч байгаа. Оросын сайтад тавигдсан мэдээллээс энд асаж байсан гал ямар хугацаанд тэнд хүрсэн, төчнөөн метр зайг туулсан гэдгийг харах боломжгүй. Гал шатаж байхад хэн бичлэг хийх вэ дээ. Шинжээч нар эрүүгийн хэргийн материалтай очиж танилцан, энд байгаа иргэний хэрэгтэй танилцаж, гэрч, галын шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гаргасан талаар тайлбарласан тул шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа нь хэр үндэслэлтэй юм бол. Хариуцагч тал шинжээчийн дүгнэлттэй холбоотой гомдол санал гаргаж байгаагүй. Хөдөө сумдад төрийн албан хаагч гэж 11-12 хүн л байдаг. Ч.Ч мал эмнэлгийн ажилтан учир мал эмнэлгийн комиссын устгалд томилогдон ажилласан. Малын үнэлгээг энэ хүний оролцсон үнэлгээгээр гаргаагүй. Шатсан малын сэг зэм түнтийсэн түнтийсэн хар нүүрс байсан тул им тамгыг ялгах арга байхгүй. Жижиг хурга ишиг түймэрт шатаад бараг юм үлдэхгүй шахам болдог. Газар дээр нь тоолж гаргасан комиссын актыг үгүйсгэх ямар ч боломжгүй. Малчдын өвөлжөө хаваржаа хэзээч улсын бүртгэлд бүртгэгдэж өмчлөлийн гэрчилгээ гарахгүй. Мөрдөн байцаалтын шатанд өвөлжөө хаваржаа шатсан гэдгийг тогтоосон. Эрүүгийн хэргийг үндэслээд иргэний хэргийг шийдэх гээд байгаа асуудал байхгүй шүү. Иргэний хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, бусад баримтуудын хүрээнд гал гарсан шалтгааныг тогтоож, буруутай этгээдээс хохирол төлбөр гаргуулахаар хэлэлцэж байна. Хуульд заасан арга хэрэгслээр хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгийг үгүйсгэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

            Хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхтуяа, Х.Э, Б.Г, Н.Б, Д.Ц нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. УБТЗ-ын ажилчдын тавьсан гал нэхэмжлэгч нарын мал, хашаа саравчыг шатааж хохирол учруулсан гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед хэн, хэзээ, хаана, ямар үйлдлээр гал тавьсан нь тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг шүүхээр олон удаа хэлэлцэгдэж, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй шалтгаанаар буцааж байсан. Цурамнаас шатсан хомоол хийсч төмөр зам гал алдсан гэсэн урьдчилсан дүгнэлт хийх боломжгүй. Шүүхээс гэм буруу нь тогтоогоогүй байхад хариуцагч талыг буруутгаж байгааг зөвшөөрөхгүй. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон Прокурорын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 535, 591 тогтоолд Эрүүгийн байцаах шийтгэх хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, хаасан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааны 5 жил дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч тал гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилдэг боловч хариуцагч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байхад хохирол нэхэмжлэх боломжгүй. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар гэм хорын шаардлагад тэмдэгтийн хураамж төлөх ёстой байтал төлөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй. Ийм байхад иргэний хэрэг үүсгэсэн нь процесс зөрчсөн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т зааснаар бусдын эд хөрөнгөнд хохирол учруулснаас шаардах хугацаа 5 жил байна. Эрүүгийн хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй, шалгах явцад нэхэмжлэгч нар хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байсан. Иргэний журмаар хэрэг маргааныг шийдвэрлэхэд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. 04 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд Дорнод аймгийн Дашбалбар суманд хээрийн түймэр гарсан. УБТЗ-аас түймрийн аюулаас хамгаалахын тулд ажилчид цурам тавих ажиллагааг хийхдээ орон нутгийн Онцгой байдлын газраас холбогдох зөвшөөрөл авч цурам тавих ажиллагаа, хийж энэ явцад гал алдаагүй болох нь гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Гэрч нар цурам тавих ажил дууссаны дараа түймэр гарсан гэж мэдүүлдэг. Эрүүгийн хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд оч хийссэнээс гал алдсан гэсэн. Гэхдээ цурам тавьж дууссаны дараа оч үсэрсэн эсвэл цурам тавих явцад оч үсэрсэн гэдгийг нарийн тогтоогоогүй байхад төмөр зам алдсан гэж дүгнэх нь буруу. Нэхэмжлэгчийн төлөөлөгч 2 эх үүсвэртэй гал байсан гэлээ. 04 дүгээр сарын 22-ны өдөр хуурайшилтын улмаас Дашбалбар, Чойбалсан сумуудад хээрийн түймэр зэрэг гарсан. Иргэн Б.О 4 дүгээр сарын 17-ны өдөр Дашбалбар суманд өөрийн буруугаас хээрийн түймэр тавьсан. 2 түймэр салхины хурд, хуурайшилтаас шалтгаалж нийлсэн. Нийлсэн галыг иргэний хэрэгт дүгнэлт гаргасан шинжээч нар ..төмөр замын тавьсан гал нэхэмжлэгч нарын гэр, хороонд түрүүлж хүрсэн гэсэн 2 дүгнэлт гаргасан. Төмөр замын алдсан гал түрүүлж, нэхэмжлэгч нарын амьдарч байсан газар хүрсэн гэдгийг ямар баримтад тулгуурлаж гаргасан нь тодорхойгүй. Бодит байдал дээр Дашбалбар суманд гарсан гал нэхэмжлэгч нарын амьдарч байсан газраас 50 орчим км-ын зайтай, 22-ны өдөр төмөр замын цурамнаас оч үүссэн гэх гал нэхэмжлэгч нарын амьдарч байсан газраас 120 орчим км-ын зайтай. Газар нутгийн зайнаас харахад төмөр замын алдсан гал нэхэмжлэгч нарын гэр, хороонд түрүүлж хүрэх боломж байхгүй. Шинжээч нар газар хоорондын зайг хэмжихгүйгээр 2 гал нийлсэн, төмөр замын алдсан гал түрүүлж, хүрсэн гэж ямар тоо, тооцоололд тулгуурласан нь ойлгомжгүй дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Дашбалбар суманд 04 дүгээр сарын 22-ны өдөр гарсан гал хөрснөөс дэгдэж дахин гарсан. Энэ байдлыг шинжээч нар тайлбарлаагүй, дүгнэлтдээ тусгаагүй. н.Бөхчулуун гэрч 4 дүгээр сарын 22-ны өдөр 21 цагийн үед Гурван загал сумаас Дашбалбар суманд түймэр орж ирсэн гэж мэдүүлсэн. Нэхэмжлэгч Д.Э хохирогчоор мэдүүлэхдээ 04 дүгээр сарын 22-ны өдрийн 14-15 цагийн үед манайд гал орж ирсэн гэдэг. Дээрх цаг хугацаанаас харахад 22-ны гал нэхэмжлэгч нарын амьдарч байсан газар хүрэх боломжгүй байна. Гэрч н.Бөхчулууны мэдүүлгээр 22-ны өдрийн 21 цагаас хойш гал гарсан, нэхэмжлэгч 22-ны 14-15 цагийн үед манай нутагт гал орж ирсэн гэж мэдүүлсэн нь зөрүүтэй ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нарын шатсан мал үнэлсэн аймгийн хохирол тогтоосон комиссын үнэлгээ зөрүүтэй. Нэхэмжлэгч мэдүүлэг, гомдолдоо 26 ямаа, 30 ишиг шатсан гэсэн байхад аймгийн комисс 26 ямаа 30 хонь гээд 30 хониор үнэлгээ гаргасан. Энэ үнэлгээгээр нэхэмжлэгч төлбөр шаарддаг. Хохирлын хэмжээг буруу, зөрүүтэй тодорхойлсон. 04 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд аймаг даяар түймрийн дохио зарлагдсан. Ой хээрийн тухай хуулиар иргэн, аж нэгж байгууллага хээрийн түймэр, болзошгүй аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй. Ой сангийн тухай хуулийн 7.2-т иргэн түймрээс хамгаалах, түймэртэй тэмцэхдээ гэр байшин, бэлтгэсэн өвс, малын хашаа, саравчны эргэн тойронд хамгаалалтын зурвас хийх ёстой гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч нь түймэртэй утаа үнэртсэн гэж мэдэж, мэдүүлсэн мөртлөө урьдчилан сэргийлэх, цурам тавих, хамгаалалтын зурвас хийх ажил огт хийгээгүй. Өөрсдийнх нь хайхрамжгүй болгоомжгүй үйлдлээс эд хөрөнгө нь устсан. Эрүүгийн хэрэгт хэргийн газар үзлэг хийхдээ хөндлөнгийн ганцхан гэрч ороцуулж процессын зөрчил гаргасан. ОХУ-ын сайтад тавигдсан галын ирсэн мэдээлэлтэй харьцуулалт хийгээгүй тул шинжээчийн дүгнэлт хуулийн үндэслэлтэй гарсан гэдэгт эргэлзэж байна. Шинжээч нар галын эх үүсвэрийг тодорхойлж чадаагүй. Учир нь хөрсний доорх гал бүрэн гүйцэт унтарсан эсэхт дүгнэлт гаргаагүй. Нэхэмжлэгчийн эхнэр н.Ч ажлын хэсэгт орж хохиролын хэмжээг гаргасан тул бодитой гэдэгт эргэлзэж байна. Нэхэмжлэгч тал эцэслэн шийдвэрлэгдээгүй эрүүгийн хэрэгт өгсөн гэрч, шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагаа нотолж байгаа нь үндэслэлгүй. 2012 онд гарсан галын шинжээчийн дүгнэлт хууль ёсны байх шаардлага хангаагүй. Иргэний хэрэгт дүгнэлт гаргасан шинжээч нар талуудыг байлцуулахгүй, хариуцагч талд мэдэгдэлгүй дүгнэлт гаргасан байна. Шатсан мал им тамгатай байсан эсэх, нэхэмжлэгчийн мал мөн эсэх нь тодорхойгүй. Малын А данснаас гадна эрүүл мэндийн дэвтэр гэж байх ёстой. Малын тоо толгойг ямар тооцоолол, баримтад тулгуурлаж гаргасан нь тодорхойгүй гэв.

            Шүүх хуралдаанд Гамшиг судлалын хүрээлэн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн шинжээч П.М тайлбарлахдаа: Шинжээчийн багийн ахлагчаар ажилласан. Дорнод аймгийн төвд очиж эрүүгийн хэргийн материалтай танилцаж гэрч нарын мэдүүлэг, өөрийн тусгай мэдлэг зэрэгт тулгуурлаж дүгнэлт гаргасан. Хоёр талын төлөөлөгчийн хамт гал гарсан газар очиж шаардлагатай материалыг бүрдүүлж, тэмдэглэл хөтөлсөн. Цаг уур шинжилгээний агентлагт хүсэлт явуулж 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс хойших сансрын өнгөт зургыг авч харахад Сэргэлэн сумын нутаг руу гал тархсан, Чойбалсан сум руу гал орсон байсан. 04 дүгээр сарын 22-ны өдөр төмөр замын түймэр гарч 2 түймэр Дашбалбар суманд нийлсэн харагддаг. Иргэн н.О-ийн тавьсан гал 17, 18, 22-ны өдрүүдэд гарч тухайн үед гарсан галыг байнга унтрааж, цурамд оруулж байсан учир галыг алдчихаагүй. Сансрын зургаас харахад Төмөр замын гал Чулуунхороот сум руу тархсан байдал илүү харагдсан гэв.

            Онцгой байдлын ерөнхий газрын шинжээч Д.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Шинжээчийн баг 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж 2 галын аль нь нэхэмжлэгч нарын амьдарч байсан газар түрүүлж хүрсэн бэ гэх асуултад харилт өсгөн. Энд иргэний хэрэгтэй танилцаад, Дорнод аймагт очиж 7 хавтас 1400 гаруй хуудас материалтай эрүүгийн хэрэгтэй танилцсан. Гал гарсан эхлэлийн цэг харуулсан зургийг Ус цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн зурагтай харьцуулж, гал унтрааж байсан байгаль орчны хамгаалагч н.Бөхчулуун, бусад гэрч, хохирогч нарын мэдүүлэгтэй танилцсан. Түймрийн зургийг харахад 2012 оны 04 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд Чойбалсан сумын нутгаар салхины хамгийн их хурд 12-17 мсек, Дашбалбар сумын нутгаар салхины хамгийн их хурд 8-14 мсек, Гурванзагал сумын нутгаар салхины дундаж хурд 7.25-8.75 мсек байсан нь Дорнод аймаг дахь Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн 145 км-ийн 7 дугаар зуутын орчмоос алдсан гэх 04 дүгээр сарын 22-ны өдрийн тавьсан цуравны гал Чулуунхороот сумыг дайрч тархсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тайлбарлаж дүгнэсэн гэв.

Шүүх хуралдаанаар талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э, Д.Э нар хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ хохиролд 14.169.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж 12.973.500 төгрөг шаардсан байна.

Нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шаардах эрхтэй.

Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А-16 тушаалаар хаврын хуурайшилтын үе эхэлж байгаатай холбогдуулан Эрээнцав-Баянтүмэн хоорондын замыг хээрийн түймрээс хамгаалах зорилгоор замын хоёр талаар хамгаалах зурвас хагалж цурав тавих ажлыг зохион байгуулан ажиллахаар 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтэст Зөвшөөрөл хүсэх албан бичиг хүргүүлж, 2012 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн Галын аюултай ажил явуулахад олгох зөвшөөрлийн хуудсаар Баянтүмэн тасгийг 04 дүгээр сарын 18-25-ны өдөр хүртэл хугацаанд Хөхнуураас Чингис бал, 103 дугаар км-ээс хавирга, Хавиргаас 180 дугаар км хүртэл цурав тавих ажил явуулах зөвшөөрөл олгосон байна. /хх-28-30/

Дорнод аймаг дахь Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасаг 2012 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хэрлэн өртөө, 160 км-ийн замын 8 дахь хэсэг, Хавирга өртөө гэсэн чиглэлээр явж 10.00 цагийн орчмоос 142 дахь км-ийн 1 дүгээр зуутаас троссон шүүрт тостой даавуу ороож хагалсан газрын дотор талын шороо төмөр зам хоёрын хоорондох өвсийг 5 үе шаттай шатааж цурав тавих ажлыг эхлүүлсэн байна. Цурав тавьж байгаа бүлгийг 300 метр газарт явсны дараа багийн ахлагч Ш.Э 12.05 цагийн орчим цурав тавьсан газраас утаа гарч байгааг харснаар хээрийн түймэр гарсныг илрүүлсэн, хагалсан газрын ирмэгээс 40 см, цуравны захаас 5.6 метрийн зайнаас гал анх үүсвэрлэн гарсан бөгөөд уг газарт үхрийн аргал, адууны хомоол ихтэй, өвс ихээр ургасан, төмөр замыг түймрээс хамгаалах зорилгоор цурав тавьж байгаад цуравнаас оч хийсч гал түймэр үүсвэрлэн гарсан болох нь 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Дорнод аймгийн Чойбалсан сумын энгэр шанд баг хавирга гэх газарт гарсан хээрийн түймрийн шалтгаан нөхцөлийг шалгасан тухай танилцуулга, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, Хээрийн түймрийн шалтгаан нөхцөлийг шалгасан тухай танилцуулга, 2012 оны 04 дүгээр сарын 22-нд гарсан хээрийн гал түймрийн эхлэлийн цэгийн байршлын схем, Галын шинжээчийн дүгнэлт, Галын шинжээчийн нэмэлт дүгнэлт, 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлт гэсэн баримтуудаар нотлогджээ. /хх-31-40/

Дээрх галын шинжээчдийн дүгнэлтээр тухайн өдөр салхины хурд 12-14 мсек хүрч байсан нь Дорнод аймгийн ус цаг уур орчны шинжилгээний албаны гаргасан тодорхойлолтоор нотлогдож, гал үүсвэрлэн гарсан газар орны байдал нь тал хээрийн өвс ургамал ихтэй, аргал адууны хомоол ихтэй, цаг агаарын байдал салхины хурд их, хуурайшилт өндөртэй байсан, газар орны болон салхины хурд ихтэй хээрийн түймэр гарах эрсдэлтэй үед цурав тавих ажлыг зохион явуулсан, Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн олгосон галын аюултай ажил явуулахад олгосон зөвшөөрлийн салхины хүч тогтмол үед цуравдах, салхи 5 мсек-ээс их үед цурав тавихгүй байх гэсэн заалтыг зөрчсөн нь гал гарахад хүргэсэн болох нь тогтоогдсон байна.

2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн Хавирга өртөөнөөс баруун тийш төмөр замын 145 км-ийн 7 дугаар зуутын шонгийн орчмоос төмөр замын ажилчид цурам тавьж яваад гал түймэр алдсаны улмаас онц их хэмжээний хохирол учирсан нь хохирогч, гэрч, сэжигтэн нарын мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар нотлогдсон гэх үндэслэлээр тасгийн дарга Л.Э, Ш.Э нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж яллагдагчаар татан, Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замыг иргэний хариуцагчаар татсан боловч дээрхи гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах ба мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-т заасан хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэнээс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн, байцаан шийтгэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх үндэслэлээр Дорнод аймгийн прокурорын газрын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай дугаар 05/91 прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх-63/

Дорнод аймгийн Чойбалсан сумын Энгэр шанд багийн нутагт байрлах Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн Хавирга өртөөнөөс баруун тийш төмөр замын 145 км-ийн 7 дугаар зуутын шонгийн орчим Баянтүмэн тасгийн ажилчидийн тавьсан цуравнаас оч үсэрч гал үүсвэрлэн гарч түймэр хурдтай тархаж Чулуунхороот сумын 1 дүгээр багийн иргэн Д.Э, 3 дугаар багийн иргэн Д.Э нарын амьдарч байсан нутагт хүрч, энэ түймэрт нэрвэгдсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дүгнэлт гаргасан Гамшиг судлалын хүрээлэн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төв, Онцгой байдлын ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, tires.ru сайтад хийсэн үзлэгээр 2012 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Чойбалсан сумын Эхэнхудаг гэх газар төмөр замын Хавирга өртөөний 142 дугаар км-ийн 7 дугаар зуутын шонгийн орчмоос гал үүсч гарсан, цаашлаад 23-ны өдөр рүү шилжүүлэн харахад гал зүүн хойшоо Чулуунхороот, Чойбалсан сумын нутаг дэвсгэрийг хамарсан галтай байсан талаар талуудынг байлцуулж хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул хариуцагч байгууллагыг бусдад гэм хорын хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт цугларсан баримтууд, шинжээчийн дүгнэлтээр хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам буруутай болох нь тогтоогдсон тул бусдын эд хөрөнгөд болгоомжгүй үйлдлээр учруулсан гэм хорын хохиролыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Дорнод аймгийн Чулуунхороот сумын засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/54 дугаартай Малын сэг зэм устгах тухай захирамжаар хээрийн түймэрт шатсан малын сэг зэмийг булж устгах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсгийн Түймэрт шатсан малын сэг, зэмийг устгасан тухай илтгэх хуудаст айл өрхүүдийн малыг булж устгасан ба үүнд Д.Э-ын 56 толгой мал, Д.Э-ы 24 толгой малыг устгалын цэг бэлдэн булж устгасан талаар дурдсан байна. /хх-149-151/

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас Д.Энхтайваны эд хөрөнгийг үнэлсэн 5.195.000 төгрөг, Итгэлт Эстимейт ХХК-иас Д.Энхболдын эд хөрөнгийг үнэлсэн 7.778.500 төгрөгний үнэлгээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж нэхэмжилсэн тул хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас нийт 12.973.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч И-Э ХХК-ийн шинжээчийн зардал 200.000 төгрөгийг хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас гаргуулж шинжээчид олгож, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 222.526 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй.

Хариуцагч тал шүүх хуралдаанд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, нэхэмжлэгч нарын хайхрамжгүй болгоомжгүй үйлдлээс эд хөрөнгө нь устсан гэж тайлбарладаг боловч Улаанбаатар төмөр замын Баянтүмэн тасгийн дарга Л.Энхболд, Ш.Энхтүвшин нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, нэхэмжлэгч нар хохирогчоор тогтоогдсон боловч хүндэвтэр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, нэхэмжлэгч нарын мал, хашаа саравч хээрийн түймэрт нэрвэгдсэн явдалд нэхэмжлэгч нар буруутай болох нь тогтоогдоогүй тул тайлбар нь үндэслэлгүй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 5.195.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-д, 7.778.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Э-д тус тус олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлйийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчид нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас улсын тэмдэгтийн хураамжид 222.526 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т зааснаар хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 200.000 төгрөг гаргуулж И-Э ХХК-нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         Ж.КУЛЬДАНА

 

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

 

А.САРАНТУЯА