Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2013/ШЦТ/141

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2013/0150/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Т маа даргалж, шүүгч Ё.Ринзаан шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэйгээр,

иргэдийн төлөөлөгч Ц.Цэндсүрэн, Д.Ганболд, С.Банди

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар

улсын яллагч Н.Мөнгөнсүх

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг

хохирогчийн өмгөөлөгч Л.Цуурай,

хохирогч Д.Т  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт ******* т холбогдох эрүүгийн 201309000324 дугаартай хэргийг 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 19.. оны .. дүгээр сарын ..-нд Дархан-Уул аймгийн ШГ суманд төрсөн, 45 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Эксковаторын туслах машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группт байдаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн, .. .. сум, .. баг, ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ... дугаартай, Б  овгийн *******  

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч *******  нь согтуугаар 2013 оны 05 дугаар сарын 31-ний орой 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн ШГ сум, ...... баг, ...... тоотод өөрийн эхнэр Д.Б г бие хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүзүүн тус газар нь өшиглөж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2013 оны 05 дугаар сарын 31-ний өглөө 10 цагийн орчим найз Б ыг дуудаж үсээ засуулсан юм. Тэгээд Б  миний үсийг засаж дууссаны дараа Б  дэлгүүр явж 1 шил 0.5 граммын архи авчирч бид 3 хувааж уусан. Тэгээд Б  дахиад 1 шил 0.5 граммын архи аваад бид гурав хувааж уусан. Тэгээд Б  12 цагийн орчим гэр рүүгээ явсан. Тэгээд эхнэр бид хоёр тосгон орж хоол идэх гээд явж байгаад Ука гэх залуутай таарсан. Ука “5000 төгрөг байна нэг шил юм авч уух юм уу” гэхээр нь би “тэгье” гэхэд Ука дэлгүүрээс 0.5 граммын архи худалдаж авч гарч ирээд машинтай нь Шаазгайтад байдаг Жанирбекийн дугуй засвар дээр очиж Жанирбек, Б , Мандах бид 4 хувааж уусан...Тэгээд гэрт Укагаар хүргүүлээд байж байхад Б  “танай дүү Бямбасүрэнгийнд очих уу” гэхээр нь “тэгье” гээд Бямбасүрэнгийн очсон...тэгээд Эрдэнэбат, Б, Б  бид дөрөв Эрдэнэбатын охиноор авчруулсан 0.75 граммын архи хувааж ууж дуусаад Эрдэнэбатыг нэг шил архи авчих гэхэд Эрдэнэбат дэлгүүр яваад 30 минутын дараа надад архи зээлэхгүй байна гэж хэлээд ирсэн. Гэтэл Б , Бямбасүрэн хоёр гараад  дэлгүүрээс 0.75 граммын архи авчраад бид 4 дахиад хуваагаад уусан...тэгээд би Б д Ариунжаргалыг дууд гэртээ харья гэтэл Б  буйдангийн сандал дээрээс доошоо буугаад газарт шалан дээр хэвтэхээр нь зүүн гараас нь татаад “бос явъя” гэхэд Б  жаахан байж байгаад явъя гэж хэлэхэд нь “өө муу арчаагүй новш бэ” гээд баруун хөлөөрөө Б гийн хүзүүний баруун тал руу нь өшиглөхөд Б  хойшоо гэдрэг саваад унасан. Тэр үед манай дүү Бямбасүрэн та хүн алчихлаа ш дээ гэж хэлээд гэрээс гараад гүйсэн... тэгээд байж байтал эмч ирээд нас барсан байна гэхээр нь би айсандаа гэрээс гараад явсан. Хийсэн хэрэгтээ үнэхээр харамсаж байна. Хүүхдийн нэр дээр группээ шилжүүлмээр байна надад хөнгөн ял оноож өгнө үү” гэв.

Хохирогч Д.Т  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний талийгаач дүү уурхайд олон жил ажиллаж байсан. Б  нь урьд миний дүүг зоддог байсан. Чихийг сэт татаад зүүсэн ээмгийг хүртэл авч байсан. Сэтгэл санааны хохирлыг барагдуулж чадах уу үгүй юу. Маш их гарз учирсан. Хүүхдийнх нь төлөө би явж байна. Б ын зүгээс охиндоо хашаа байшингаа тэр чигээр нь өгнө гэж байна. Уурхайгаас өгсөн мөнгө болох нөхөн олговрыг хохирлоос хасаж тооцуулмааргүй байна. Гомдолтой байгаа. Хохирол төлбөрийг барагдуулж өгнө үү. 8.132.500 төгрөгийн оршуулгын зардал гарсан. Дүүгийн минь ганц охин Ариунжаргалыг 18 насанд хүртэлх 2 жилийн хугацааны нөхөн төлбөр 4,621,584 төгрөг, нийт 12,754,084 төгрөг нэхэмжилж байгаагаас Б ын ар гэрээс 790,000 төгрөг өгсөн, үүнийг хасаад одоо 11,964,084 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэв.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 2-4, 10-11 дүгээр тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 5-9 дүгээр тал/,

Гэрч Н.Э  мөрдөн байцаалтанд өгсөн “...Тэгээд бид дөрөв авчирсан архиа хувааж ууж байхад Б  ах Б  эгчид “...танай охин чинь гэр орондоо байхгүй, хоол унд хийгээгүй байна...” гээд хоорондоо маргалдаж байсан. Тэр үед Бямбасүрэн бид хоёр битгий хэрэлдээд бай, больцгоо гэхэд Б  ах Б  эгч хоёр хэрэлдэхээ больсон. Тэгээд бид дөрөв архиа хувааж ууж дуусаад би нилээн согтчихсон байсан. Нэг мэдэхэд Б  ах гараад явчихсан, манай эхнэр бид хоёр орон дээр Б  эгч буйдан сандал дээр суугаад байж байхад гаднаас Б  ах Б  эгчид хандаж “...хүүхэд чинь гэрт байхгүй байна...” гэж орилж орж ирээд Б  эгчийн цээж хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэр үед Б  эгч буйдан сандал дээрээс газар гулсаж унахад Б  ах тэвэрч аваад манай эхнэрийн амийг авараа чээ, хачин болчихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 40-41 дүгээр тал/,

Гэрч ******* н мөрдөн байцаалтанд өгсөн “...Тэгээд зээлж авсан архиа Б  ах, Б  эгч, Эрдэнэбат бид дөрөв хувааж ууж байхад Б  эгч, Б  ах хоёр охин Ариунжаргалтай утсаар яриад “хоол хийсэн үү” гэхэд “ цуйван хийсэн” гэж хэлсэн. Тэгээд Б  ах хоол хийсэн гэж сонсоод гэр рүүгээ явж Б  эгч Эрдэнэбат бид гурав үлдээд байж байхад Б  ах гаднаас “охин чинь гэртээ алга байна” гэж орилж орж ирээд буйдан дээр сууж байсан Б  эгчийн эрүү хэсэг рүү нэг удаа өшиглөхөд би гүйж очоод Б  ахыг барьж авахад Б  эгчийн хоолой хэсэгт нь сонин дуу гараад гулзайгаад газар шал дээр унасан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 42-43 дугаар тал/,

Гэрч Д.Б  мөрдөн байцаалтанд өгсөн “...2013 оны 05 дугаар сарын 31-ний орой Бямбаа эгчтэй таарахад “Б  ахын эхнэр Б гийн бие нь сонин болчихлоо /ухаан алдчихсан/ түргэн  сая дуудчихлаа би орохоос айгаад байна чи ороод Б г ямар байдалтай байгааг үзээд өгөөч гэсэн”...Тэгээд би гэрт ороход том өрөөнд Б  буйдан сандлын урд талд Б  эгчийг тэвэрчихсэн уйлчихсан “Б  эгч нь амьсгаатай байна тийм ээ үзээд өгөөч” гэж хэлсэн. Тэр үед Эрдэнэбат Б  эгчийн гарыг барьчихсан массаж хийгээд сууж байсан. Тэгээд би Б  эгчийн гарын судсыг бариад үзтэл цохилохгүй байхаар нь зүрхийг нь чагнахад бас цохилохгүй байсан. Тэгээд байж байтал эмч орж ирээд тариа хийгээд биеийг нь чагнаж үзээд зүрх нь зогсчихсон байна цагдаа дуудъя гэж хэлэхэд Б  ах Б  эгчийг толгойн доогуур бор өнгийн дэр тавчихаад гэрээс гараад хашааны хойд талын хаалгаар гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 44 дүгээр тал/,

Гэрч О.У  мөрдөн байцаалтанд өгсөн “...2013 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэртээ найз Ц ын хамт сууж байгаад бие засах гээд гараад байж байтал Ц  гэрээс гарч ирээд танай байшингийн дээвэр дээр нэг юм дугараад байна гэж хэлэхээр нь Ц ын хамт гарч хартал манай хөрш айлын ах Б  дээвэр дээр сууж байсан. Тэгэхээр нь би “та наанаа юу хийж байгаа юм бэ” гэхэд Б  ах “цагдаагаас айгаад байна” гэж хэлэхээр нь дээврээс буулгаад гэрт оруулаад цай өгөөд байж байтал гаднаас ах Түмэнбат орж ирээд хоорондоо юм ярьж байгаад Б  ах “өчигдөр орой дүүгийндээ эхнэр Б тай хамт архи ууж байгаад Б г өшиглөчихсөн чинь нас барчихлаа, би хүн алчихсан” гэж хэлэхээр нь та цагдаа дээр очиж үнэнээ хэлсэн нь дээр гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 46 дугаар тал/

Гэрч Ж.Ц ын мөрдөн байцаалтанд өгсөн “...Ууганбаяр бие засах гээд гарахад байшингийн дээвэр дээр юм түчигнэх чимээ гараад байхаар нь байшингаас гараад Ууганбаярт “байшингийн дээр юм дугараад байна хоёулаа үзье” гэхэд Ууганбаяр мод тавьж дээвэр рүү авирч үзээд Ганаа ах буугаад ир гэж хэлэхэд Хоовон Ганаа гэж дууддаг Б  ах дээврээс бууж ирсэн. Тэгээд Ууганбаяр бид хоёр дагуулж гэрт оруулаад цай унд өгөөд сууж байхад гаднаас Түмэнбат нэг шил архи барьчихсан орж ирээд Б  ах намайг тамхи аваад ир гэж хэлэхээр нь дэлгүүр орж тамхи аваад буцаж ирэхэд Б  ах “Баяраа ах нь одоо өнгөрсөн” гээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 47 дугаар тал/,

Насанд хүрээгүй гэрч Э.О  мөрдөн байцаалтанд өгсөн “...2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн орчим гэртээ унтаж байхад ээжийн төрсөн ах Б , эхнэр Б гийн хамт архи уучихсан нилээн согтуу манайд орж ирсэн...” гэх мэдүүлэг /хэргийн 39 дүгээр тал/,

Насанд хүрээгүй гэрч Ш.А  мөрдөн байцаалтанд өгсөн “ 2013 оны 05 дугаар сарын 30-ны өглөө 10 цагийн орчим аав Б , ээж Б  нарын хамт Дархан-Уул аймгийн ШГ сумын .. баг .. тоотод гэртээ байж байхад хойд аав Б ын үсийг засах гэж Болдоо гэж дууддаг ах орж ирээд аавын үсийг засаж дуусаад аав ээж хоёр Болдоо ахтай хамт гадагшаа гараад буцаж орж ирэхдээ архи авчирч уусан. Тэгээд би 12 цаг 30 минутын орчим хичээлдээ явахад аав ээж хоёр Болдоо гэх ахын хамт архиа уугаад үлдсэн. Тэгээд эхний цаг дуусаж байх үед ээж Б  манай ангийн багштай уулзана гээд хойд аав Б ын хамт манай сургуулийн гадаа ирчихсэн байна гэхээр ангиас гарч ээжтэй уулзахад архи үнэртэж байхаар нь та дараа нь ирж ангийн багштай уулзаа одоо танаас архи үнэртээд байна гээд явуулсан. Тэгээд ээж Б  хойд аав Б  хоёр сургуулийн урд талаас цэнхэр өнгийн портер маркийн машинд суугаад Шаазгайт хорооллын зүг рүү явсан. Тэгээд үдээс хойш 17 цаг өнгөрч байхад ээж Б  ... дугаарын утаснаас над руу залгаад хойд аав Б  чинь намайг зодоод байна хурдан гэртээ ир гэж дуудсан. Тэгээд би хичээлээсээ сүүлийн 2 цагийн чөлөө аваад гэрт ирэхэд үүдний амбаарын хаалга хаачихсан цоож байхгүй онгорхой байхаар нь дотогшоо ороход хүнгүй байсан. Тэгээд би ээж Б гийн гар утас руу залгахад хойд аав Б ын төрсөн дүү Бямбасүрэн эгчийн гэрт нь байна гэж хэлээд намайг оройнхоо хоолыг хийгээд байж бай гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд би оройны хоол цуйван хийчхээд 20 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад хажуу талын айл болох найз Ганцэцэгийн гэрт нь байж байгаад орой 21 цаг өнгөрч байхад ээж рүү залгаад байхад утсаа авахгүй байсан юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 58 дугаар тал/,

Шүүх эмнэлгийн 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн задлан шинжилгээний 58 тоот дүгнэлтэд “...1. Талийгаачийн биед тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, ховдлын цусан хураа, хүзүүний 1, 2 дугаар нугалмын нугас орчмын эдийн цус хуралт, гарын зөөлөн эдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно.

3. Талийгаач нь тархины аалзан бүрхүүл доорх цус харвалтын улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ.

4. Талийгаачид умайн булчингийн үрэвсэл, гуурсан хоолойн архаг үрэвсэл, умайн булчирхайн хэт үржил зэрэг архаг хууч өвчин тогтоогдсон бөгөөд үхэлд хүргээгүй байна.

5. Талийгаачийн цусанд 3.1 промиль этилийн спирт илэрсэн нь хүнд зэргийн согтолт болно.

6.Талийгаач нь ВIII бүлгийн цустай байна” гэсэн  дүгнэлт /хэргийн 66 дугаар тал/,

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 59-64 дүгээр тал/,

Шинжээч эмч С.Сүнчинг байцаасан тэмдэглэлд “2013 оны 06 дугаар сарын 01-ний өдөр задлан шинжилгээ хийхэд талийгаач Д.Б гийн биед тархины аалзан бүрхүүл доорхи цус харвалт ховдлын цусан хураа, хүзүүний 1,2 дугаар нугалмын нугас орчны эдийн цус хуралт, гарын зөөлөн эдийн цус хуралтын гэмтлүүд тогтоогдсон ба уг гэмтлүүд нь гэмтлийн зэргийг тогтоох журмын 3.1.3 дах хэсэг заасан “Тархи түүний бүрхүүл хальсны гэмтэл: Үүнд тархины хүнд няцрал, ховдын цус харвалт, тархины эсийн урт сэртэнгийн /аксон/ тархмал гэмтэл, түүнчлэн хатуу хальсны дээрх, доорхи цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархины дунд зэргийн няцралын улмаас амь нас тэнссэн байдал илэрвэл энэ ангилалд хамаарна” хамаарах учраас гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-т заасан амь насанд аюултай гэмтлийн зэрэгт хамаарч байгаа юм.

Талийгаач Д.Б гийн цогцост хийсэн үзлэгээр өшиглөсөн гэх хүзүүн тус газар ямар нэгэн механик гэмтэл тогтоогдоогүй. Гэхдээ хүзүүний нэг, хоёр дугаар нугалмын түвшинд нугас орчмын зөөлөн эд, хальсны цус хуралтын гэмтэл тогтоогдсон. Энэ нь хүзүү хэсгээр хүчтэй, огцом гэдийх хөдөлгөөн хийгдсэнтэй холбоотой судас тасарч цус хуралт үүссэнийг баталж байгаа юм. Өөрөөр хэлбэл хоолой хүзүүн тус газар цохигдоход толгой арагш хүчтэй савагдсан гэдгийг харуулж байгаа юм.

Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн. Тухайлбал хоолой хүзүү орчимд хүчтэй цохигдсоноос толгой арагш хүчтэй савагдаж гэдийх хөдөлгөөн хийгдсэн тархины дээрх гэмтлүүд үүссэн.

Талийгаачийн тархинд үүссэн цус харвалт нь үхлийн шалтгаан бөгөөд энэ нь өвчний гаралтай биш гэмтлийн гаралтай юм. Талийгаач Д.Б  нь хүзүүн тус газраа цохиулаад газар дээрээ нас барсан. Өөрөөр хэлбэл уг гэмтэл нь шинэ гэмтэл юм.

Тархины цус харвалтын шалтгаан согтолт биш. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл. Согтолтын үед хялгасан судсууд тодорхой хэмжээгээр тэлж цэг хэлбэрийн цус харвалт өгч болно.

Талийгаач Д.Б гийн хүзүүн тус газар яллагдагч *******  өшгөлсний улмаас тархинд цус харвалт үүссэн үхлийн шалтгаан болно” гэжээ /хэргийн 119 дүгээр тал/,

Шүүх сэтгэц гэм судлалын магадалгаа 55/13 тоот “Комисс доорхи дүгнэлтийг санал нэгтэй гаргалаа. Сэжигтэн *******  нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй эрүүл болно. Сэжигтэн *******  нь болж өнгөрсөн явдлыг үнэн зөвөөр мэдүүлэх чадвартай болно. Сэжигтэн *******  нь хэрэг хариуцах чадвартай болно гэсэн дүгнэлт /хэргийн 83 дугаар тал/,

Шүүгдэгч ******* ын төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 139 дүгээр тал/, түүний эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар, тэтгэврийн дэвтрийн хуулбар /хэргийн 136-138 дугаар тал/,

Дархан-Уул аймгийн ШГ сумын Санжинт багийн засаг даргын “тус багийн харъяат Аюушдорж овогтой Б  нь Ойчдын ..дүгээр гудамжны.. тоотод оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов” гэсэн тодорхойлолт /хэргийн 135 дугаар тал/,

ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 134 дүгээр тал/

талийгаач Д.Б гийн нас барсны гэрчилгээний хуулбар, Шарын гол ХК-ний хүний нөөцийн ерөнхий менежерийн “нүүрс тээвэрлэх ачих хэсгийг бэлтгэл оператроор ажиллаж байсан агсан Даваа овогтой Б гийн тодорхойлолт”,

ШГ сумын Санжинт багийн засаг даргын “Тус багийн Ойчдын 11 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух Ш.А нь талийгаач ээж Д.Б гийн асрамж, халамжид амьдардаг байсан. Ээж Д.Б  нь 2013 оны 05 дугаар сарын 31-ны өдөр зуурдаар нас барсан.  Эцэг Г.Ш нь 2005 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ цуцлуулан ШГ суманд амьдардаггүй, сураггүй алга болсон” гэсэн тодорхойлолт,

 Дархан-Уул аймгийн ШГ сумын засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 148 дугаар “Асран хамгаалагч тогтоох тухай” захирамжаар “тус сумын Хайрхан багийн иргэн Д овогтой Т ийн төрсөн дүү Д овогтой Б  нь 2013 оны 05 дугаар сарын 31-нд нас барсан тул түүний охин Ш. овогтой А. Д.Т  нь өөрийн асран хамгаалтанд авах хүсэлт гаргаж, материал бүрдүүлсэн тул 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Д овогтой Т ийг асран хамгаалагчаар тогтоожээ”. Ш.А ын төрсний гэрчилгээний хуулбар, талийгаач Д.Б гийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, түүний 2008 оны 06 дугаар сараас 2013 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны цалингийн тодорхойлолт, /хэргийн 170 дугаар тал/

“шүүгдэгч ******* аас хохирогч Д.Т т хохирол төлбөр 5,435,000 төгрөг хүлээлгэн өгсөн тухай” 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хохирол төлбөр хүлээлгэн өгсөн баримт /хэргийн 208 дугаар тал/

2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ШГ ХК-ний Нүүрс тээвэрлэн ачих хэсгийн дарга Ц.Э шүүхэд гаргасан “Ш” ХК-ний Нүүрс тээвэрлэн ачих хэсэгт конвейерын машинчаар ажиллаж байгаад зуурдаар нас барсан Д  овогтой Б гийн буяны ажилд: тус компаний хамтын гэрээний заалтын дагуу 1,000,000 төгрөг, тус компаний үйлдвэрчний эвлэлийн хорооноос 100,000 төгрөг, Нүүрс тээвэрлэн ачих хэсгийн фондоос 100,000 төгрөг, хэсгийн нийт ажилчдаас 410,000 төгрөг, оршуулгын зардалд 300,000 төгрөг, нийт 1,910,000 төгрөгийн туслалцаа үзүүлсэн нь үнэн болно” гэсэн тодорхойлолт /хэргийн 205 дугаар тал/  зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч *******  нь согтуугаар 2013 оны 05 дугаар сарын 31-ний орой 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн ШГ сум, Санжинт баг, ...... тоотод хамтран амьдрагч иргэн Д.Б г бие хамгаалж чадахгүй байгааг /согтуу/ мэдсээр байж хүзүүн тус газар нь өшиглөж санаатай алсан болох нь :

            - Гэрч Н.Э  “...Б  ах Б  эгчид хандаж “...хүүхэд чинь гэрт байхгүй байна...” гэж орилж орж ирээд Б  эгчийн цээж хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэр үед Б  эгч буйдан сандал дээрээс газар гулсаж унахад Б  ах тэвэрч аваад манай эхнэрийн амийг авраа чээ, хачин болчихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг

- Гэрч *******  “...Б  ах гаднаас “охин чинь гэртээ алга байна” гэж орилж орж ирээд буйдан дээр сууж байсан Б  эгчийн эрүү хэсэг рүү нэг удаа өшиглөхөд би гүйж очоод Б  ахыг барьж авахад Б  эгчийн хоолой хэсэгт нь сонин дуу гараад гулзайгаад газар шал нь дээр унасан...” гэсэн  мэдүүлэг

- Гэрч Д.Б  “...Тэгээд би гэрт ороход том өрөөнд Б  буйдан сандлын урд талд Б  эгчийг тэвэрчихсэн уйлчихсан “Б  эгч нь амьсгаатай байна тийм ээ үзээд өгөөч” гэж хэлсэн. Тэр үед Эрдэнэбат Б  эгчийн гарыг барьчихсан массаж хийгээд сууж байсан. Тэгээд би Б  эгчийн гарынх нь судсыг бариад үзтэл цохилохгүй байхаар нь зүрхийг нь чагнахад бас цохилохгүй байсан” гэсэн мэдүүлэг

- Гэрч О.У  “...Б  ах “өчигдөр орой дүүгийндээ эхнэр Б тай хамт архи ууж байгаад Б г өшиглөчихсөн чинь нас барчихлаа, би хүн алчихсан” гэж хэлэхээр нь та цагдаа дээр очиж үнэнээ хэлсэн дээр гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг

- Шүүх эмнэлгийн 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн задлан шинжилгээний 58 тоот “...Талийгаачийн биед тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, ховдлын цусан хураа, хүзүүний 1, 2 дугаар нугалмын нугас орчмын эдийн цус хуралт, гарын зөөлөн эдийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл болно.  Талийгаач нь тархины аалзан бүрхүүл доорх цус харвалтын улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ.  Талийгаачид умайн булчингийн үрэвсэл, гуурсан хоолойн архаг үрэвсэл, умайн булчирхайн хэт үржил зэрэг архаг хууч өвчин тогтоогдсон бөгөөд үхэлд хүргээгүй байна. Талийгаачийн цусанд 3.1 промиль этилийн спирт илэрсэн нь хүнд зэргийн согтолт болно” гэсэн  дүгнэлт ,

- Шинжээч эмч С.С  “...Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн. Тухайлбал хоолой хүзүү орчимд хүчтэй цохигдсоноос толгой арагш хүчтэй савагдаж гэдийх хөдөлгөөн хийгдсэн тархины дээрх гэмтлүүд үүссэн.

Талийгаачийн тархинд үүссэн цус харвалт нь үхлийн шалтгаан бөгөөд энэ нь өвчний гаралтай биш гэмтлийн гаралтай юм. Талийгаач Д.Б  нь хүзүүн тус газраа цохиулаад газар дээрээ нас барсан. Өөрөөр хэлбэл уг гэмтэл нь шинэ гэмтэл юм” гэсэн мэдүүлэг

-Шүүгдэгч ******* ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ******* ын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-т заасан “ хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Хохирол төлбөрийн талаар :

            Хохирогч Д.Т  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт “оршуулгын ажилд зориулсан хүнсний зүйлд 4,061,860 төгрөг, шарилд зориулж хайрцаг сав, хөшөөний чулуу гэх мэт зүйлд 935,000 төгрөг, бензин шатахууны зардалд 646,000 төгрөг, гар цайлгах 1,219,440 төгрөг, талыгаачийн 49 хоног буюу буян хураахад зориулж 5.458.200 төгрөг, эрх зүйн туслалцаа авахад зориулсан 500,000 төгрөг, дүүгийнхээ зээлийн төлбөрт 225,000 төгрөг нийт 8,132,500 төгрөг,

Мөн насанд хүрээгүй Ш.А 18 нас хүртэлх  2 жилийн хугацаанд ногдох төлбөрт 4,621,584 төгрөг, нийт 12,754,084 төгрөг”-ийг нэхэмжилж, холбогдох нотлох баримтаа шүүхэд ирүүлжээ.

 

Хохирогч Д.Т аас гаргаж ирүүлсэн хохирол төлбөртэй холбоотой  нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

2013 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Тэс петролеум” ХХК-ний  нийт 408,000 төгрөгийн шатахууны зарлагын баримтууд /хэргийн 184-185 дугаар тал/, 2013 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “НИК Хангай бүс” ХХК-ний  нийт 238,000 төгрөгийн шатахууны зарлагын баримтууд  /хэргийн 186-187 дугаар тал/, 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн “Буяны дэм” ХХК-ний “Өлгий /450,000/, хөшөө /320,000/ төгрөг, бичилт /40,000/, зул/90,000/, Хорго/35,000/ нийт 935,000 төгрөгийн зарлагын баримт /хэргийн 188 дугаар тал/, “Аривжих” ХХК-ний 2013 оны 06 дугаар 1-ний өдрийн 251,300 төгрөгийн, 2013 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 460,000 төгрөгийн зарлагын баримтууд,  “ДБХД” ХХК-ний 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 375,000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 598,960 төгрөгийн зарлагын баримтууд, “АГС” ХХК-ний 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 431,400 төгрөгийн, 2013 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 736,000 төгрөгийн зарлагын баримтууд, “Группо” ХХК-ний 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 461,900 төгрөгийн зарлагын баримт, “Энхчамин”ХХК-ний 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 292,300 төгрөгийн зарлагын баримт, “Гурван сэнхэр” ХХК-ний 2013 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 455,000 төгрөгийн зарлагын баримт, Дархан номин худалдааны төвийн 2013 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 223,840 төгрөгийн зарлагын баримт, “Уласан уул2” ХХК-ний 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн нийт 545,200 төгрөгийн зарлагын баримт, Дэлгэрэх хангай ХХК-ний 2013 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн зарлагын 995,800 төгрөгийн  зарлагын баримт /хэргийн 188-199 дүгээр тал/ зэрэг нотлох баримтаар талийгаач Д.Б гийн оршуулгын ажилд нийт 7,407,700 төгрөг зарцуулсан болох нь тогтоогдож байна.

 

Хохирогч Д.Т аас охин А 18 нас хүртэлх 2 жилийн хугацааны нөхөн төлбөр 4,621,584 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч  хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нөхөн төлбөрийг бүрэн тооцох боломжгүй бөгөөд энэ нь гэм бурууг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй учир эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж, дээрх нөхөн төлбөрийн талаарх нэхэмжлэлийн шаардлагаа хохирогч Д.Т  нь  иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч Д.Т ийн нэхэмжлэлийн шаардлагаас оршуулгын зардал 7,407,700 төгрөг, өмгөөллийн хөлс 500,000 төгрөг, ХААН банкны зээлийн төлбөрт төлсөн 225,000 төгрөг, нийт 8,132,700 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Талийгаач Д.Б гийн оршуулгын зардалд зориулж ШГ ХК, компаний  ажилчдаас нийт 1,910,000 төгрөг, шүүгдэгч ******* аас нийт 6,225,000 /790,000+5,435,000/ төгрөг, бүгд 8,135,000 төгрөг өгсөн болох нь хохирогч шүүгдэгч нарын тайлбар, 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хохирол төлбөр хүлээлгэн өгсөн баримт /хэргийн 208 дугаар тал/, ШГ ХК-ний Нүүрс тээвэрлэн ачих хэсгийн дарга Ц.Э тодорхойлолт /хэргийн 205 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол 8,132,700 төгрөгийг нотлох баримтын хүрээнд бүрэн төлөгдсөн гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч *******  нь гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураар нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар,  үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т зааснаар хорих ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 293, 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Шүүгдэгч Б  овогт ******* ыг бусдыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-т зааснаар шүүгдэгч ******* т 15 /арван тав/ жил 1 /нэг/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ******* т оногдуулсан 15 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч *******  энэ хэрэгт 2013 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 89 /наян ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар гэм хор учруулсны төлбөр 4,621,584 төгрөг гаргуулах тухай шаардлагыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг хохирогч Д.Т т мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн хар өнгийн нимгэн богино өмд, хар хөх өнгийн хоёр талдаа давхар ягаан канттай биеийн тамирын өмд, ягаан өнгийн хөхний даруулга, ягаан өнгийн дотоож, бор өнгийн ноосон оймс, хар өнгийн богино савхин куртик, хар саарал өнгийн корпустай нокиа маркийн гар утас, цагаан өнгийн гогцоодож зангидсан даавуу, хар өнгийн нарийн үзүүр хэсгийг нь гогцоодож зангидсан уяа, хар цагаан өнгийн хуванцар тагтай ундааны сав 1 ширхэг, хүрэн өнгийн шаазан 2 ширхэг аяга, улаан өнгийн шилэн 1 ширхэг хундага, хар өнгийн нимгэн ултай 38 размерийн эмэгтэй хүний хоёр углааш, саарал өнгийн хүрэм, хар хөх өнгийн биеийн тамирын өмд, ногоон эрээн даавуун өмд зэрэг эд зүйлийг устгасугай.

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *******  нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

           

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ******* т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         З.ТУНГАЛАМГМАА

 

ШҮҮГЧИД                                                           Ё.РИНЗААН

 

                                                                                                  Я.ТУУЛ