Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 2013/ШЦТ/142

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2013/0124/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Ё.Ринзаан, шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэйгээр,

иргэдийн төлөөлөгч Ц.Цэндсүрэн, Д.Ганболд, С.Банди

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар

улсын яллагч Б.Сүрмандах

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М  овогт ******* т холбогдох эрүүгийн 201309000160 дугаартай, нэг хавтас хэргийг 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын .-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-4, эмээ, ах дүү нарын хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .. тоотод түр оршин сууж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 08 дугар сарын 16-ны өдөр 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 147 дугаар зүйлийн 147.2, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 9 жил хорих ялаар шийтгэгдэж, ялыг биечлэн эдэлж байгаад, Төв аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн сулласан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн .. дугаартай, М  овогт *******  

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч *******  нь ялтай байх хугацаандаа, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2013 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн орчимд Дархан сумын 7 дугаар багийн нутагт байрлах Шинэ орчин төвд иргэн А.Э гийн ipone 4G маркийн хар өнгийн корпустай гар утсыг шунахайн сэдэлтээр хулгайлан авч иргэнд 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хэрэг бүртгэлтийн шатанд оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа хэрэг бүртгэлтээс зориуд зайлсхийсэн зэрэг гэмт хэрэгт холбогджээ.

.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 16 цагийн орчим зах дээр найз Бямбаатай тааралдаад нэг ундааны

 

*******  145.4

савтай найруулсан архи хувааж уусан. Дараа нь Цогоо Ууганаа нартай тааралдаад бид 3 Шинэ-Орчин төвийн тэнд архи ууж байсан хүмүүс дээр очиж нэг нэг архи татсан. Тэгээд жимсний лангууны тэнд нэг охины гар утсыг халааснаас авсан. Хулгайлж авсан гар утсаа Ихэр могойд суудаг залууд 150.000 төгрөгөөр зарсан. ...би өөрийн иргэний үнэмлэх бичиг баримттай болохын тулд Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатарт байх хугацаанд бусдад зодуулж толгойдоо гэмтэл авсан учир Дарханд ирж чадаагүй. Байцаагчдаа Улаанбаатарт байгаа гэдгээ мэдэгдэх гэсэн боловч түүний утас нь байхгүй байсан учир мэдэгдэх боломжгүй байсан” гэв.

           

Хохирогч А.Э  мөрдөн байцаалтанд өгсөн “2013 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би 15 цагийн орчимд Буян хүнсний захын хажуугийн шинэ орчин төв дотор Энхтунгалагийн хамт жимс авах гээд явж байсан юм. Өмсөж явсан куртикнийхээ халаасанд ipone 4G маркийн гар утсаа хийсэн байсан. Тэгээд жимс авах гээд очерлож зогсож байхад тэнд хүмүүс их байсан, удалгүй халаасаа уудлаад үзэхэд миний гар утас байхгүй болсон байсан ба миний ар талд 3 залуу зогсож байхаар нь хамгаалагч дуудаад гар утас хулгайд алдчихлаа гэсэн чинь цагдаа дууд гээд бид нарыг байлгаж байгаад цагдаа дуудсан. Тухайн үед гар утас алдсаны дараа ойр орчмоор хэдэн залуучууд эргэлдээд байсан. Хамгаалагч ирээд тэд нарыг гар гээд Шинэ орчин төвөөс гаргасан юм. Би хамгаалагч нарт наад хүмүүс чинь миний гар утсыг авсан байж магадгүй сэжигтэй юм байна гэж хэлж байсан. Би гар утсаа буцаан авсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 22-24 дүгээр тал/,

           

гэрч С.Э  мөрдөн байцаалтанд өгсөн “ ...Тухайн үед Э  эгч гар утсаа барьчихсан жимсээ хайрцганд хийхдээ утсаа өмсөж явсан куртикний халаасанд хийж жимсээ хайрцганд хийчихээд гар утсаа үзтэл утас нь байхгүй болсон байсан. Тэгээд бид хоёр Шинэ орчин төв дотор байсан хоёр хамгаалагчийг дуудаж утас алдсан талаар хэлсэн. Хоёр хамгаалагч ямар хүмүүс ойр очмоор чинь байсан гэж асуусан. Тэгээд хамгаалагч нарын хамт шинэ орчин төвөөс гарахад валют, алт мөнгө авдаг цэгийн хажууд таван залуу зогсон байсан. Тэдгээр залуучуудтай гаднах төрх нь төстэй хүмүүс бид хоёрын ойр орчмоор явж байсан гэж хэлсэн. Тэгээд хоёр хамгаалагч тэр таван залууг дагуулж цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 36 дугаар тал/,

            гэрч М.Ц  мөрдөн байцаалтанд өгсөн “...2013 оны 03 дугаар сарын 08-ны 12 цагийн орчимд Дархан зах дээр дэмий явж байгаад Ууганаа ахтай тааралдаад 0,5 граммын архи авч хувааж уусан. Тэгээд гадаа гудамжинд шээж байтал хамгаалагч хүрч ирээд бариад авсан. Тэгээд хамгаалагчаас гуйж байж салаад явж байтал А тай тааралдаад бид гурав ахиад жоохон архи уух гээд хайсан чинь хэдэн хүмүүс архи ууж байхаар нь очоод тэр архинаас нь жаахан уусан юм. Тэгээд шинэ орчин төв рүү орно гээд бид гурав орсон. А  хаашаа явсныг би мэдэхгүй, нэг харсан чинь Ууганаа ах бид хоёрыг хамгаалагч гар гээд хөөсөн. Тэгээд гарч явтал буцаад ор хүний гар утас алдсан тул цагдаа ирж шалгана гээд бид нарыг цагдаагийн газарт авчирсан. Би нэлээн согтуу байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 27 дугаар тал/,

            гэрч О.А  мөрдөн байцаалтанд өгсөн “2013 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би Ихэр могой төвийн гар утас зардаг лангуун дээрээ сууж байтал гаднаас цэнхэр куртик, саарал малгайтай залуу орж ирээд ipone 4G маркийн гар утас барьчихсан утас авах уу гэхээр нь хэд бэ гэхэд 300,000 төгрөг гэсэн ба би ийм үнэтэй авахгүй ээ 150,000 төгрөгөөр л авна гэхэд нөгөө залуу тэгвэл надад түр барьчих нэг утас өгөөд 150,000 төгрөгөөр ав гэхээр нь би лангуун дээрээсээ 10,000 төгрөгийн үнэтэй гар утас өгөөд нөгөө гар утсыг нь авсан. Тэгээд миний хажууханд зогсдог Лхагваа гээд хүнд 180,000 төгрөгөөр зарчихсан. Надад тэр утсыг 160 см орчим нуруутай бор царайтай, 30 орчим насны залуу зарсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 28 дугаар тал/,

            гэрч Т.Л  мөрдөн байцаалтанд өгсөн “2013 оны 03 дугаар сарын 08-ны өдөр цагийг нь санахгүй байна, нэр дор лангуу түрээсэлдэг А  гэх залуу надад хар өнгийн гадаргуутай ipone 4G маркийн гар утас авчирч 180,000 төгрөг гээд би түүнд өгсөн. Үүнээс хойш нэлээд хэд хоногийн дараа би танд хулгайн гар утас зарчихсан байна гээд буцаагаад тэр утсыг аваад явсан. А од гар утас зарж байсан залууг би 10 орчим метр зайтай газраас харсан. А ын лангууны урд зогсож байсан намхан нуруутай залуу л байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 30 дугаар тал/,

           

Мөрдөн байцаагчийн 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “хураан авах тогтоол”, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хэргийн 14-15 дугаар тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 18 дугаар тал/,

            Эд зүйл үнэлэх комиссын шийдвэрээр “ipone 4G маркийн гар утсыг 450.000 төгрөгөөр үнэлэв" /хэргийн 17 дугаар тал/,

            Шүүгдэгч ******* ын иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 57 дугаар тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хэргийн 65 дугаар хуудас/,

            Чингэлтэй дүүргийн 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоол  /хэргийн 58-62 дугаар хуудас/,

            Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2 дугаартай шүүгчийн захирамжаар “Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.1-т зааснаар ялтан ******* ын эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзжээ” /хэргийн 63 дугаар тал/,

            Алтангэрэл овогтой ялтан А ын зан байдал засрал хүмүүжлийн 2011 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолт, Суллагдсан хүмүүст олгох тодорхойлолт /хэргийн 64 дүгээр тал/,

            Прокурорын 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /хэргийн 171 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч *******  урьд нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 08 дугар сарын 16-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 147 дугаар зүйлийн 147.2, 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 9 жил хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд ялтай байх хугацаандаа, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2013 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 16 цагийн орчимд Дархан сумын 7 дугаар багийн нутагт байрлах Шинэ орчин төвд иргэн А.Э гийн ipone 4G маркийн хар өнгийн корпустай гар утсыг шунахайн сэдэлтээр хулгайлан авч иргэнд 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч А.Э гийн “...2013 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би 15 цагийн орчимд Буян хүнсний захын хажуугийн шинэ орчин төв дотор Энхтунгалагийн хамт жимс авах гээд явж байсан юм. Өмсөж явсан куртикнийхээ халаасанд ipone 4G маркийн гар утсаа хийсэн байсан. Тэгээд жимс авах гээд очерлож зогсож байхад тэнд хүмүүс их байсан, удалгүй халаасаа уудлаад үзэхэд миний гар утас байхгүй болсон байсан...” гэсэн мэдүүлэг,

            -Гэрч С.Э  “ ...Тухайн үед Э  эгч гар утсаа барьчихсан жимсээ хайрцганд хийхдээ утсаа өмсөж явсан куртикний халаасанд хийж жимсээ хайрцганд хийчихээд гар утсаа үзтэл утас нь байхгүй болсон байсан...” гэсэн мэдүүлэг,

            -Гэрч О.А ын “2013 оны 03 дугаар сарын 08-ны өдөр би Ихэр могой төвийн гар утас зардаг лангуун дээрээ сууж байтал гаднаас цэнхэр куртик, саарал малгайтай залуу орж ирээд ipone 4G маркийн гар утас барьчихсан утас авах уу гэхээр нь хэд бэ гэхэд 300,000 төгрөг гэсэн ба би ийм үнэтэй авахгүй ээ 150,000 төгрөгөөр л авна гэхэд нөгөө залуу тэгвэл надад түр барьчих нэг утас өгөөд 150,000 төгрөгөөр ав гэхээр нь би лангуун дээрээсээ 10,000 төгрөгийн үнэтэй гар утас өгөөд нөгөө гар утсыг нь авсан. Тэгээд миний хажууханд зогсдог Лхагваа гээд хүнд 180,000 төгрөгөөр зарчихсан. Надад тэр утсыг 160 см орчим нуруутай бор царайтай, 30 орчим насны залуу зарсан” гэсэн мэдүүлэг,

            - Шүүгдэгч ******* ын шүүхийн хэлэлцүүлэгт “... Тухайн эмэгтэйгийн гар утсыг хулгайлсан ....” гэсэн мэдүүлэг

            -Эд зүйл үнэлэх комиссын шийдвэрээр “ipone 4G маркийн гар утсыг 450,000 төгрөгөөр үнэлэв".

            -Чингэлтэй дүүргийн 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор “ ******* ыг Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т заасан бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг давтан үйлдсэн, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, бүлэглэж танхайрсан, Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэмт буруутайд тооцож,

            Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ялд мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181,3-т зааснаар оногдуулсан 7 жил хорих, 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг тус тус багтааж, түүний биечлэн эдлэх ялыг 9 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон” зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           

Иймд шүүгдэгч *******  урьд нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдэн, түүнийг ялгүй болох хугацаа дуусаагүй байхдаа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т заасан “бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг булаах, дээрэмдэх, уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас  “******* ыг  хэрэг бүртгэлтийн шатанд оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авагдсан байхдаа хэрэг бүртгэлтээс зориуд санаатай зайлсхийсэн үйлдэлдээ мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар яллаж” яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүгдэгч *******  нь хэрэг бүртгэлтийн ажиллагаанаас зориуд зайлсхийсэн  гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго:

шүүгдэгч ******* ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би өөрийн иргэний үнэмлэх бичиг баримттай болохын тулд Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатарт байх хугацаанд бусдад зодуулж толгойдоо гэмтэл авсан учир Дарханд ирж чадаагүй. Байцаагчдаа Улаанбаатарт байгаа гэдгээ мэдэгдэх гэсэн боловч түүний утас нь байхгүй байсан учир мэдэгдэх боломжгүй байсан” гэсэн мэдүүлэг болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Мөн Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ******* т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч эрүүгийн 201309000160 дугаартай хэрэгт ******* ыг уг гэмт хэрэгт сэжигтнээр тооцолгүй, ял сонсгож, яллагдагчаар татаж тогтоол /хэргийн 53 дугаар тал/ үйлдсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчжээ.

Иймд шүүгдэгч ******* ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинжийг агуулаагүй байх тул Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул түүний “хэрэг бүртгэлтийн ажиллагаанаас зориуд зайлсхийсэн” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* т урьд нь хорих ял эдэлж байсан, ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул түүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-т зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хохирогч А.Э  нь “гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч ******* ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******  нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг оногдуулав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 290, 293, 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1-т зааснаар шүүгдэгч ******* ыг “хэрэг бүртгэлтийн ажиллагаанаас зориуд зайлсхийсэн” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. М  овогт ******* ыг “дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлээд ялгүй болох хугацаа дуусаагүй байхдаа бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар шүүгдэгч ******* т 10.000 /арван мянган/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил 10 /арав/ хоног хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-т зааснаар шүүгдэгч ******* т оногдуулсан 10 /арав/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч ******* т энэ хэрэгт 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 133 /нэг зуун гучин гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч *******  нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ******* т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.         

 

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ******* т  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         З.ТУНГАЛАГМАА

 

ШҮҮГЧИД                                                           Ё.РИНЗААН

 

                                                                            Я.ТУУЛ