Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2016/ШЦТ/184

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2016/0191/Э/

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.О***,

Шүүгдэгч Б.М*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М***ад холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ****** төрсөн, **** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, *****ажилтай, ам бүл *****, ****** нарын хамт Дархан-Уул аймаг, Шарын гол сумын Хайрхан баг, ** тоотод оршин суух, *******-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ***** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ял, *****-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ял  оногдуулж, уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар тус тус шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б.М*** /РД: ****/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М*** нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр О*** баарны гадаа архидан согтуурсан үедээ Х.Д***тай ямар ч шалтгаангүй хэрүүл маргаан өдөж, өдөөн хоргоож, улмаар Х.Д***г зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

=

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав Үүнд:

Шүүгдэгч Б.М***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр найзуудтайгаа алтанд явж ирээд О*** бар луу ороод архи уусан. Ингээд баарнаас гараад юунаас болж маргалдсанаа санахгүй байгаа. Ямар ч байсан барьцалдаад зогсож байсан. Х.Д*** намайг 2 удаа өвдөглөсөн. Ямар ч байсан замын цаана гараад ноцолдож байхад Х.Д***гийн нүдний ойролцоо цус  гарсан байсан. Тухайн үед  манай найз ирээд салгасан. Ингээд удаагүй 2 цагдаа ирээд аваад явсан.” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.М***ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр болон яллагдагчаар  өгсөн: “...2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн үед Т*** бид хоёр Буянтын алтнаас алт ухаж байгаад ирсэн.  Тэгээд Т***тай 31 дүгээр байрны гадаа юм яриад сууж байтал манай найз Б***ирсэн. Бид хэд юм яриж сууж байгаад ганц пиво ууя гээд Б***“У***” гэдэг дэлгүүр орж 2 литрын “Сэрүүн” гэдэг пиво аваад гарч ирсэн. Тэр пивийг бид 3 хуваажж уугаад дахиад нэг шил архи авч уухаар болоод би “У***” дэлгүүрээс 0,5 граммын “Соёрхол” гэдэг архи аваад бид 3 хөл бөмбөгийн талбай орсон. Бид хэдийг хөл бөмбөгийн талбай орж архи уух гээд очиход бүрэнхий болж байсан. Тэнд бид 3 дэлгүүрээс авсан архиа хувааж уугаад тэндээс баар орьё гээд “О***” баар руу орсон. Бааранд 1 шил архи, 2 том пиво авсан. Архи бааранд ууж дуусгаж чадаагүй. 2 литрын “Сэрүүн” пиво ууж дуусгасан юм. Тэгээд цаашаа юу болсныг би мэдэхгүй байна. Нэг мэдсэн би “О***” баарны гадаа нэг залуутай маргаж байснаа санаж байна. Тэр залуу миний цамны захаас татаад замын тийшээ чирээд байсан. Би тэгж байхад нь тэр залууг цохьсон юм шиг байна лээ. Намайг “О***” баарны урд замын хажууд модны тэнд нэг залуу унагаасан байсан. Тэгж байхад Т*** баарны тэндээс гүйж ирж байсныг санаж байна...”

“...Би хохирогч Х.Д***д эмчилгээний зардал 200,000 төгрөг өгсөн. Хохирогч Х.Д*** надад гомдолгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-38 дугаар хуудас/,

    

Хохирогч Х.Д***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оный 05 дугаар сарын 12-ны өдөр 21 цаг болж байхад би найзууд болох М***, П*** бид 3 Шарын голын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах “О***” нэртэй бааранд орсон. Бид 3 тэр бааранд ороод бид  хэд 2, 2 пиво уусан. Тэгээд баар хаах үеэр 23 цаг өнгөрч байхад М*** бид 2 тамхи татах гээд гарсан. Тэгээд М*** бид 2 баарны гадаа тамхи асааж аваад харих гээд зогсож байхад нэг улаан цамцтай залуу хүрч ирээд бид хоёроос та хоёр гадных юм уу, энд юу хийж байгаа юм гэж асуусан. Тэгсэн би тэр залууд уурхайд гэрээгээр ажилладаг юм. Гаднаас ирсэн гэж хэлсэн. Надаас Н***ыг таних уу? гэж асуусан. Би тэгэхээр нь танихгүй гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу надад чи яахаараа таньдаггүй юм, би тэр хүний дүү байна гэж хэлсэн. Тэр залуу надтай юм ярьж байхад манай найз М*** баар руу буцаад орсон. Тэр залуу намайг хүзүүдэж аваад хоёулаа ийшээ гарч уулзъя гэж хэлсэн. Тэгэхээр нь тэр залууд би харьж амарлаа гэж хэлсэн. Тэр залуу намайг зүүн гараараа хүзүүдчихээд тавихгүй зуураад байсан. Би тэр залууг тавиулах гэсэн чинь тэр залуу намайг заамдаж авчихаад тавихгүй байсан. Би тэгэхээр нь тавь гэж хэлээд мөр хавьцаа нь 2-3 удаа цохисон. Тэгсэн миний шанаа руу 2-3 удаа цохисон...”

“...Одоо миний санаж байгаагаар надтай эхэлж маргасан нь М*** гэдэг улаан цамцтай залуу нь цохиж, намайг тонгойход миний зүүн нүд рүү өшиглөсөн байна. Би тухайн үед бааранд найзуудтайгаа архи пиво уучихсан согтуу байсан болохоор эндүүрсэн байна...”

“...Миний санаж байгаагаар анх тэр улаан цамцтай залуу болох М*** намайг ийшээ явья гээд чирч зууралдаж бие биеэ цохиж байхад тэр цагаан цамцтай залуу болох Т*** ирж салгасан юм. Т*** гэдэг залуу ирээд намайг учраа олчихъё гээд байхыг би санаж байна. Тэгэхээр нь би тэр цагаан цамцтай залуу намайг цохиж өшиглөж биед гэмтэл учруулсан юм байна гэж бодож тэр цагаан майктай залуу болох Т***ыг цохисон гэж мэдүүлсэн юм....”

“... Би буруутай этгээд болох Б.М***аас эм тариа авч хэрэглэсэн, толгойгоо бариулсан зардал, наашаа цаашаа явсан зардал болох нийт 200,000 төгрөг нэхэмжилж байна. Өөр надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/,

    

-Гэрч А.П***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М*** бид хоёр баарнаад гараад ирсэн чинь манай найз Х.Д*** нэг залуутай О*** баарны харалдаа зам дээр зууралдчихсан газар уначихсан байсан. Байрнуудын тэндээс Т*** гүйчихсэн тэр Х.Д*** дээр ирж байсан. М*** бид 2 гүйгээд очсон чинь Х.Д*** газар хөлөө жийгээд суучихсан нүүр ам нил цус болчихсон байсан. М*** бид 2 Х.Д***г тэр залуугаас салгаад би тэд нараас салаад цагдаагийн хэсэг рүү очиж дуудлага өгсөн юм...”

“...нэг улаан цамцтай намхан залуу манай найз Х.Д*** газар унагаачихсан өшиглөж байсан юм. Би тэгээд яваад очиход Шарын голд амьдардаг М*** байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,

         Гэрч Т.Б*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг Т***тай хэрэлдэж маргаж байгаад баар тойроод гараад ирсэн чинь замын цаад талд модны хажууд 3 залуу хэрэлдэж муудалцаж байсан. Тэр гурван залуугийн 2 нь хэрэлдэж байсан муудалцаад зууралдчихсан байсан. Тэр 2 зууралдчихсан залуугийн нэг нь Т***тай цуг бааранд орж ирсэн М*** гэдэг залуу байсан. Намайг дөхөж очиход М***тай зууралдчихсан залуугийн нүүр нь цус болчихсон байса...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,

Гэрч Ц.М***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х.Д*** бид 2 баарнаас гарч тамхи татаад зогсож байтал нэг танихгүй залуу баарнаас гарч ирээд хажууд тамхи татаад зогссон. Тэгсэн тэр танихгүй залуу Х.Д***тай юм яриад хаанахынх юм, хаана байдаг юм, юу хийдэг юм, гадных юм уу гэх зэргээр юм асууж байснаа Х.Д*** тэр танихгүй залуу 2 маргасан. Би тэгэхээр нь баар руу П***ыг дуудах гээд орсон. Тэгээд П***ыг ддуудаад баарнаас гараад иртэл баарны урд талд зам дээр танихгүй залуу Х.Д*** 2 барьцчиихсан газар унаад босч ирж байсан. Би тэгээд тэр 2 дээр яваад очтол манай найз болох Х.Д***гийн нүүрнээс нь цус гарч ыайсан. Тэгээд би тэр хоёрыг салгах гээд байж байтал цагаан майктай өндөр залуу араас ирсэн. Тэгээд бас тэр цагаан майктай залуу нөгөө танихгүй залууг бас Х.Д***гаас салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/,

Гэрч Б.С*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг Цагдаагийн хэсэг дээр ирэхэд тэр М***, П***, М*** нартай явж байсан залуу эмнэлэг яваад ирсэн гээд толгойгоо боочихсон байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

Гэрч Б.Д*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Зөрчил гарган шалгагдаж байгаа Б.М***ын биед ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй...”

“...хүний биед үзлэг хийхдээ бүрэн нүцэглэж дотуур өмдийг нь тайлуулж үзсэн. Тэгэхэд ил харагдах ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Би тэгээд дотуур богино өмдийг өмсүүлээд саатуулах байрны өрөөнд оруулсан...”

“...Б.М*** зөрчил гаргаж саатуулах байранд орохдоо хүмүүстэй болон Х.Д***тай маргаж харилцан зодолдсон, эсвэл зодуулж цохиулсан гэж ямар үг яриа хэлээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/,

Гэрч Д.Б*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Орой 23 цагийн үед О*** баарны гадаа хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлага ирсэн. Ерөнхий жижүүр ахлах дэслэгч А*** явган эргүүл дуудлаганд явсан байна. Намайг жижүүрийн туслах Э*** О*** баарны тийшээ яваад оч гэж хэлсэн. Тэгээд дэд ахлагч Э*** О*** баарны гадаа яваад очиход нэг залуу улаан цамцтай байсан залууг зааж энэ намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд Э*** бид 2 тэр улаан цамцтай залууг аваад саатуулах байранд ирж тэр зодуулсан гээд байгаа залууг эмнэлэг рүү явж үзүүл гэж хэлсэн. Тэгээд улаан цамцтай М*** гэдэг залууг саатуулах байранд авч ирсэн...”

“...М***ыг саатуулах байранд авч ирээд хувцсыг тайлуулж эрүүлжүүлэхэд биед нь ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй...”

“...Б.М*** нь саатуулагдаж байхдаа ямар нэгэн  юм яриагүй. Харилцан зодолдсон талаар яриагүй. Хэрвээ тэгж ярьсан бол бид нар тэр харилцан зодолдсон гэх хүнийг бас саатуулах байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/,

Гэрч Б.Э***ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...улаан цамцтай нь М***, цагаан майктай нь Т***, зодуулсан гээд байгаа залуу болох Х.Д*** нар байсан. Тэр зодуулсан гээд байгаа Х.Д***гийн зүүн талын нүд орчим нь хавдаж ам хамар нь орчим нь цус болчихсон байсан..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/,

Шинжээч эмч Д.Т*** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...магадлуулагч Б.М***ын биед үүссэн байсан зулгаралтын ором нь 7-10 хоногт үүссэн байх боломжтой. Эдгэрсэн шарх, зулгаралтын ором байсан. Хүний төмсөг нь их эмзэг эрхтэн. Дээрх гэмтэл нь үүссэн үедээ эмзэглэл ихтэй, явж чадахгүй байх тохиолдолтой...”

“...Б.М***ын биед үүссэн зулгаралтын ором нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны үед үүссэн байх боломжгүй...”

“...хүний төмсөг нь биеийн анатоми физиологийн онцлогоор гадуураа олон давхар арьсаар хучигдсан байдаг юм. Иймд олон давхар арьсаар хучигдсан байдаг учраас тэр болгон өвдөглөх үед үүсээд байх боломжгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас/,

“...Х.Д***гийн биед тархи дО***т, нүүрний цус хуралт, зулгаралтын гэмтэл  тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 563 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,

“Б.М***ын биед зүүн төмсөгөн дэх зулгаралт тогтоогдлоо. Дээрх зулгаралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар хамрагдах талбай бага, эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамраагдахгүй болно.” гэх 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 610 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

Саатуулах байрны хоногийн мэдээ /хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/

Албадан саатуулагдсан хүний бүртгэл, тэмдэглэл /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/

Төрийн банкны мөнгө шилжүүлсэн баримт /хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М*** нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Шарын гол сумын Хайрхан багийн нутаг дэвсгэр О*** баарны гадаа архидан согтуурч бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, Х.Д***тай ямар ч шалтгаангүй хэрүүл маргаан үүсгэж, хүч хэрэглэн бие махбодид хөнгөн гэмтэл учруулан, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байх бөгөөд аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Б.М***ыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэн, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.М*** нь тэнсэн хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй шинээр гэмт хэрэг үйлдээгүй тул ялгүйд тооцох үндэслэл бүхий байх тул  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, түүний үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохиролоо нөхөн төлсөн зэрэг байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3. 55.1.9-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгааг зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй  гэж үзлээ.

Шүүгдэгч Б.М*** нь энэ хэргийн улмаас урдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 200 000 төгрөг төлсөн, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.М***ыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэн догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар шүүгдэгч Б.М***ыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Б.М***ад оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Б.М*** нь энэ хэрэгт урдчилан цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 200 000 төгрөг төлсөн, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор Б.М***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан Б.М***ад хяналт тавихыг Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Б.М***ад мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.М***ад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.М***ад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ЭНХЖАРГАЛ