| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | З.Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 171/2013/0152/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/143 |
| Огноо | 2013-09-03 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2013/ШЦТ/143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0152/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,
улсын яллагч Н.Мөнгөнсүх
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндулам
хохирогч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэрэгт Д овогт ******* т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000301 дугаартай хэргийг 2013 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 19.. оны .. дугаар сарын ..-нд Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн, 45 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн, Дархан сум, .-р баг .. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. регистрийн .. дугаартай, Д овогт *******
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 2012 оны 02 дугаар сарын 20-ны орой 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Од” бааранд иргэн Д.Б той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг хавсарч унаган бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ ”2012 оны 02 дугаар сарын 20-ны орой Од бааранд Б , М. нартай хөзөр тоглож байсан. Тараад доошоо буух үед буюу 22 цагийн үед 1 давхрын пабд нь Б , Б ,
ШТ-143
С нар нэг шил Соёмбо архи задалчихсан сууж байсан. Б Батсайхан бид хоёрыг дуудахаар нь ширээнд нь очиж суусан. Тэгээд нэг нэг татсан. Б нилээн халчихсан чи хэзээ ийм болчихсон юм бэ? гээд надад агсраад эхэлсэн. Би тэгэхээр нь яачаад байгаа юм бэ гэхэд Б намайг ширээний өнцөг дамнаад цохьсон. Би зөрүүлээд нэг цохиход доороо эвгүй нугараад унасан. Миний малгай газар унахаар нь авчихаад шууд гараад явсан. Гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс намайг хавсарсан гэж мэдүүлсэн байна лээ. Б ид би эмчилгээний зардалд 1 сая төгрөг өгье гэхэд би хоёрын хооронд ийм мөнгө авдаггүй 5 сая төгрөг өгчих гэсэн. Тэгэхээр нь би надад тийм их мөнгө өгөх боломжгүй гэдгээ хэлсэн. Эмчилгээний зардлын баримтын дагуу хохирол өгөхөд татгалзах зүйлгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.
Хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “2012 оны 02 дугаар сарын 20-ны өдөр С бид хоёр Од буудлын нэг давхрын паб руу ороход одоо талийгаач болчихсон Г Од буудлын эзэн Батжаргал хоёр сууж байсан. Тэгээд би нэг шил архи аваад бид нар архинаас дөнгөж ууж байхад Т тай буудлын дээд давхраас пабд орж ирсэн. Тэгээд хэсэг сууж байгаад би Т т чи тооцоогоо хийсэн юм уу? дээр чи тооцооноос зугтдаг шүү гэсэн. Тэгсэн намайг шууд хавсарчихаад зугтаасан. С Т ийн араас нь гараад хөл нь эвгүй болчихлоо гэж хэлүүлэхэд яваад өгсөн байгаа. Дараа нь би Т тай таараад чи ч сайн хавсардаг болжээ гэж хэлсэн. Уг нь бид нар бие биенээ сайн танина. Олон жил тээвэр хийдэг байсан. Таньдаг юм чинь гэж бодож өдий хүртэл явсан. Сүүлдээ би таяг тулдаг болсон. Уг нь найз нөхөд хэл ам хийгээд яахав. Гомдол саналгүй гээд өнгөрөөчихье гэж бодсон. Улаанбаатарт очоод үзүүлж зураг авахуулахад шагайны чинь углуурга аяга нь хөндий эдгэсэн байна. Боломж бололцоо байдаг бол гадаадад явж үзүүл гэсэн. Цаашид аз таарвал эдгэрнэ, тэгэхгүй бол хөлгүй болно гэсэн. Жаахан ачаалал авахаараа хавдчихаад байдаг болсон. Хөлөнд эм тариа нээх ордоггүй юм билээ. Тарваганы элэг идэх зэрэг ардын эмчилгээгээр явсан. Хотоос орж ирээд Т тай уулзаад хөлөндөө шавар эмчилгээ хийлгэмээр байна 5 сая төгрөг өгчих гэхэд дааж давахгүй юу нэхээд байгаа юм, чаддаг юм бол цагдаа сэргийлэхээр яваарай гэсэн. Хөл гэдэг хэцүү юм билээ. Хөл муутай үед тухтай сууж чадахгүй байсан. Би зориуд өмгөөлөгч ч аваагүй юм. Хүн ойлговол ойлго гэж бодож байсан. Мөнгөний төлөө сонирхолтой байсан би жил гаруй өмнөөс явах байсан байх. Надад одоогоор хохирол төлбөртэй холбоотой баримт алга байна. Цаашид эмчилгээ хийлгэнэ” гэв.
Гэрч О.Б мөрдөн байцаалтанд өгсөн “...би цаг хугацааг нь сайн санахгүй байна ажил дээрээ байж байсан чинь Б С тай хамт гаднаас орж ирсэн...тэгээд Б , С хоёр талийгаач Г бид хоёрын сууж байсан ширээнд ирж суугаад хэсэг юм ярьж байсан...тэгсэн Т буудлын өрөөнөөс пабд орж ирээд бид нарын сууж байсан ширээн дээр ирээд Б ийн хажууд суусан. Тэгтэл Б Т руу үг хэлээр дайрч “чи царай алдсан харамч” гэх мэтээр хэл амаар доромжилсон тэгэхэд Т “хуц солиор” гээд хоорондоо 5 минут орчим хэрэлдсэн тэгтэл Б , Т хоёр бие биенээ заамдаад босоод ирсэн цуг сууж байсан талийгаач Г , С бид 3 салгах гээд зэрэгцээд боссон чинь Т Б ийн хавсарсан чинь Б газар унасан. Тэгээд бид нар Т ийг гар гэсэн чинь гараад явсан...Б аль нэг хөл сонин болчихлоо гэж хэлж байсан. Б аль нэг хөл нь доглож байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17 дугаар тал/,
гэрч А.С ын мөрдөн байцаалтанд өгсөн “...бид 4 паапад сууж байсан чинь Т буудлын дээд давхрын өрөөнөөс орж ирээд бид нарын сууж байсан ширээнд ирж суусан. Тэгээд байж байтал Т , Б хоёр юунаас болж маргалдсан болон юу гэж хэлж байсанг нь санахгүй байна бие биенээ заамдалцаад босоод ирсэн тэр хоёрыг салгахын завдалгүй Т Б ийг хавсарчихсан чинь Б шалан дээр унахад Т гараад явчихсан... тэгээд Б бид 2 авсан архиа хувааж дуусчихаад явах гэсэн чинь Б баруун хөлөн дээрээ гишгэж чадахгүй “шагайгаар эвгүй болчихлоо” гээд байсан. Тэгэхээр нь би оймсыг нь доошлуулаад үзэхэд шагай орчмоор хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19 дүгээр тал/,
гэрч Г.Б мөрдөн байцаалтанд өгсөн “...2012 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “Од” буудалд Мөнхгэрэл, Т бид нар хөзөр тоглох гэж өрөө аваад, хөзөр тоглож дуусаад гэр лүүгээ явах гээд буухад үүдэнд С , Батжаргал, Б 3 архи уугаад сууж байсан. Тэр үед Б М , Т бид 3-ыг дуудаад, хамт юм ярьж сууж байтал миний нойр хүрээд унтчихсан байсан тэгээд сэрэхэд Т буудлын хаалгаар гараад явж байсан. Тэр үед Б сандал дээр суучихсан хөлөө бариад “ёо ёо” гээд байхаар нь “яасан юу болсон бэ” гэж асуухад Б хэлэхдээ “Т намайг хавсарчихлаа” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 56-57 дугаар тал/,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 430 дугаар дүгнэлтэнд: “...Д.Б ийн биед баруун хөлийн шилбэний тахилзуур ясны доод 1/3 битүү хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2012.02.20-ны орчим хатуу мохоо зүйлийн хүчин зүйлээр үүсгэгдэх боломжтой, гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл болно...” гэсэн дүгнэлт /хэргийн 24 дүгээр тал/,
Шүүх эмнэлгийн 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 436 дугаартай дүгнэлтэнд “...Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Туяагийн гаргасан 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 430 дугаартай дүгнэлттэй санал нэг байна. Д.Б ийн биед тухайн үед баруун шилбэний тахилзуур ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Д.Б ийн баруун шилбэний тахилзуур ясны далд хугарал гэмтэл нь тухайн хэрэг учрал болох үед үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хэргийн 30-32 дугаар тал/,
Шүүгдэгч ******* ийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 44 дүгээр тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 45 дугаар тал/, Дархан сумын 8 дугаар багийн засаг даргын “Иргэн ******* нь тус багийн 17 дугаар хороолол 13 дугаар байрны 9 тоотод оршин суудаг” гэсэн тодорхойлолт /хэргийн 46 дугаар тал// зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* нь 2012 оны 02 дугаар сарын 20-ны орой 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Од” бааранд иргэн Д.Б той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг хавсарч унаган бие махбодид нь нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:
хохирогч Д.Б ийн “би Т т чи тооцоогоо хийсэн юм уу? дээр чи тооцооноос зугтдаг шүү гэсэн. Тэгсэн намайг шууд хавсарчихаад зугтаасан” гэсэн мэдүүлэг,
гэрч О.Б “...Б Т руу үг хэлээр дайрч “чи царай алдсан харамч” гэх мэтээр хэл амаар доромжилсон тэгэхэд Т “хуц солиор” гээд хоорондоо 5 минут орчим хэрэлдсэн тэгтэл Б , Т хоёр бие биенээ заамдаад босоод ирсэн цуг сууж байсан талийгаач Г , С бид 3 салгах гээд зэрэгцээд боссон чинь Т Б ийн хавсарсан чинь Б газар унасан...Б аль нэг хөл сонин болчихлоо гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг,
гэрч А.С ын “...Т Б ийг хавсарчихсан чинь Б шалан дээр унахад Т гараад явчихсан... тэгээд Б бид 2 авсан архиа хувааж дуусчихаад явах гэсэн чинь Б баруун хөлөн дээрээ гишгэж чадахгүй “шагайгаар эвгүй болчихлоо” гээд байсан. Тэгэхээр нь би оймсыг нь доошлуулаад үзэхэд шагай орчмоор хавдсан байсан...” гэсэн мэдүүлэг,
гэрч Г.Б “...Тэр үед Б сандал дээр суучихсан хөлөө бариад “ёо ёо” гээд байхаар нь “яасан юу болсон бэ” гэж асуухад Б хэлэхдээ “Т намайг хавсарчихлаа” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 430 дугаар дүгнэлтэнд: “...Д.Б ийн биед баруун хөлийн шилбэний тахилзуур ясны доод 1/3 битүү хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2012.02.20-ны орчим хатуу мохоо зүйлийн хүчин зүйлээр үүсгэгдэх боломжтой, гэмтлийн хүндэвтэр зэргийн гэмтэл болно...” гэсэн дүгнэлт,
Шүүх эмнэлгийн 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 436 дугаартай дүгнэлтэнд “...Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Туяагийн гаргасан 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 430 дугаартай дүгнэлттэй санал нэг байна. Д.Б ийн биед тухайн үед баруун шилбэний тахилзуур ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Д.Б ийн баруун шилбэний тахилзуур ясны далд хугарал гэмтэл нь тухайн хэрэг учрал болох үед үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* ийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан “Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 5.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч тэрээр уг шаардлагатай холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хохирол төлбөрийн талаарх асуудал нь шүүгдэгчийн гэм бурууг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй учир эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо хохирогч Д.Б нь иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ.
Иймд шүүгдэгч ******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Д овогт ******* ийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Д овогт ******* т 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ******* т оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дүгээр зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4-т зааснаар хохирогч Д.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг мэдэгдэж, энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч ******* т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* т анхааруулж мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ******* т авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА