Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 659

 

 

 

 

 

 

 

 2020              05           21                                        2020/ДШМ/659                                                                

        Н.Э-, Э.Т-, Н.Ц- нарт                                                                       холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                                

            прокурор А.Сайнбаяр,

            яллагдагч Н.Э-, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,

            яллагдагч Э.Т-ийн өмгөөлөгч Л.Батаа,

            яллагдагч Н.Ц-,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс гарсан 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЗ/1061 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Сайнбаярын бичсэн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 26 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Н.Э-, Э.Т-, Н.Ц- нарт холбогдох 1906007411940 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Н-ийн Э, Улаанбаатар хотод 1997 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Оргилох” ХХК-д усны борлуулагч ажилтай гэх, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, Сүхбаатар дүүргийн 00 дүгээр хороо, Хандгайтын 00 дүгээр гудамжны 0000 тоотод оршин суух, /регистрийн дугаар: 00000000/

2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3, 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 15 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

2. Б овгийн Э-ын Т, Улаанбаатар хотод 1995 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Согоотын 00 дугаар гудамжны 0000 тоотод оршин суух, /регистрийн дугаар: 000000000/

3. А овгийн Н-гийн Ц, Улаанбаатар хотод 2000 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 00 дугаар хороо, Булагийн 00-н задгайд оршин суух, /регистрийн дугаар: 00000000/

Н.Э-, Э.Т-, Н.Ц- нар мөнгө олох зорилгоор урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 19-ний шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн гудамжинд иргэн Б.Золжаргалын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолсон, энэ гэмт хэргийг үйлдэх явцад Н.Э-, Э.Т- нар хохирогчийг цохиж, өшиглөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Н.Э-, Э.Т- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Н.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “... 1. Яллагдагч Н.Э-, Э.Т-, Н.Ц- нар урьд шүүхээр ял шийтгүүлсэн байх боловч шийтгэх тогтоолууд хэрэгт авагдаагүйн улмаас эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй.

2. Н.Э-, Б.Цэвээндарь нарт Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн болон хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолыг шүүхэд ирүүлсэн тул яллагдагч нар өөр гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа эсэхийг тодруулах,

3. Иргэний нэхэмжлэгч Б.Батсайханд учирсан гэх 250,000 төгрөгийн хохирол төлөгдсөн эсэх нь тодорхойгүй,

4. Прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй ...” гэсэн үндэслэлээр Н.Э-, Э.Т-, Н.Ц- нарт холбогдох хэргийг прокурорт буцааж, хэрэг прокурорт очтол яллагдагч Н.Э-, Э.Т- нарт урьд авсан цагдан хорих арга хэмжээг, яллагдагч Н.Ц-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор А.Сайнбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... 1. Урьд шүүхээр шийтгүүлсэн баримтыг гэм буруугийн шүүх хуралдаанд гаргаж өгөх боломжтой бөгөөд яллах дүгнэлт үйлдэх үеийн байдлаар хэрэгт хавсаргах нь ялын биелэлт бодит байдлаас зөрүүтэй, эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлтэй гэж үзсэн.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэжээ. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсаны дараа яллагдагчид холбогдох хэргийг нэгтгэн шалгах зохицуулалт байна. Гэтэл шүүхээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолд дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

3. Шүүх хуралдаанд иргэний нэхэмжлэгч Ж.Батсайханыг оролцуулан 250,000 төгрөгийн хохирол төлөгдсөн эсэхийг тодруулах бүрэн боломжтой.

4. Яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн аль хэсгийн шаардлагыг хангаагүй гэж үзэж буйгаа тодорхой тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэснийг зөрчсөн байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгохоор эсэргүүцэл бичсэн ...” гэв.

Яллагдагч Н.Э-ы өмгөөлөгч У.Сайнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Н.Э- нь өөр хэрэгт холбоогүй боловч энэ яриад байгаа асуудлыг нэг мөр шалгуулсны эцэст хэргээ шийдүүлэх хүсэлтэй байгаа учраас шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв

Яллагдагч Э.Т-ийн өмгөөлөгч Л.Батаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Э.Т-ийн урьд шийтгүүлсэн шүүхийн шийтгэх тогтоол хэрэгт авагдаагүйгээс болоод энэ хэргийг шийдвэрлэхэд асуудал үүсээд байна. Мөн миний үйлчлүүлэгчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү...” гэв.

Яллагдагч Н.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Мөрдөн байцаалтын шатанд байгаа бүх хэргийг шалгуулах хүсэлтэй байна. Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү. Э.Т- бид хоёрыг ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн гэж прокурор үзээд байгааг ойлгохгүй байна. Хэрэв гадуур байсан бол хохирлоо төлөөд явж байх байсан. Үүнээс болоод Э.Т- бид хоёрын эрх зүйн байдал дордож байна...” гэв.

Яллагдагч Н.Ц- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Би эрүүгийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа хэрэгт хохирогчоор тогтоогдсон байхад энэ хэрэг үйлдэгдсэн. Иймээс үүнтэй холбоотой баримтыг шалгуулмаар байна ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Н.Э-, Э.Т-, Н.Ц- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтын дагуу мөрдөн шалгах ажиллагаагаар яллагдагчид оногдуулах ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг нотлох үүрэгтэй байна.

            Нэгдүгээр хавтаст хэргийн 139, 140 дүгээр талуудад авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст яллагдагч Э.Т- нь 2016, 2018, 2019 онуудад, яллагдагч Н.Ц- 2018 онд гэмт хэрэг үйлдэн шүүхээр ял шийтгүүлсэн тухай тэмдэглэгдсэн байх боловч шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагдаагүйн улмаас шүүхээс оногдуулсан ялыг хэрхэн эдэлсэн талаар дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэжээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн ... бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж тодорхой заасан байхад прокурор яллагдагчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг хэрэгт цуглуулаагүй алдаагаа хаацайлж “... гэм буруугийн шүүх хуралдаанаар ялыг тасалбар болгон тооцохгүй бол яллагдагчийн эрх зүйн байдал нь дордох ...” мэтээр илт хууль зүйн үндэслэлгүй эсэргүүцэл бичсэн байна.

            Түүнчлэн гэрч З.Лхагвазориг, яллагдагч Н.Ц- нарын мэдүүлгээс үзэхэд бусдын албадлага, эрхшээлд автан гэмт хэрэгт холбогдсон байж болзошгүй байх тул энэ үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж, яллагдагч Н.Ц-ийн хохирогчоор тогтоогдсон 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 190200565 тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хамт шалгах нь яллагдагчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэхэд чухал ач холбогдолтойд тооцогдоно.

            Иймд Н.Э-, Э.Т-, Н.Ц- нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.   

            Харин иргэний нэхэмжлэлийг шүүх хуралдааны явцад тодруулж, нөхөн гүйцэтгэх боломжтой. Мөн прокурорын яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцээгүй гэх байдал тогтоогдоогүй, шүүх ийнхүү үзсэн үндэслэлээ тайлбарлаагүй учир шүүгчийн захирамжийн 3, 4 дэх заалтаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЗ/1061 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 26 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН         

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН