Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2018/0524/З |
Дугаар | 128/ШШ2018/0607 |
Огноо | 2018-10-02 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2018/0607
2018 оны 10 сарын 02 өдөр Дугаар 128/ШШ2018/0607 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж,
Нэхэмжлэгч: П.Э ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б-42 дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...Миний бие Хүнс Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын Санхүүгийн хэлтэст ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б-119 дугаар тушаалаар намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 373 дугаар тогтоолоор намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон.
Гэтэл хариуцагчаас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй явсаар хууль бус тушаалаар миний оронд авсан хүнийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц намайг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Бодлого, төлөвлөлтийн газрын Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор ажилд авсан. Гэвч ажилд авсан тушаал гаргасан боловч миний ажлыг зохих журмын дагуу хүлээлгэж өгөхгүй байж байгаад 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б-42 тоот тушаалаар намайг үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан.
Миний бие ажиллаж байх хугацаандаа албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалттай гүйцэтгэж үр дүнгийн гэрээг тогтмол дүгнүүлж ирсэн.
Албан тушаал бууруулах тухай тушаалд заахдаа намайг Ажлын байрны тодорхойлолтод заасан ...төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын нэгтгэсэн тайланд дүн шинжилгээ хийх, санхүүгийн мэдээллээр болон нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн бодлогоор хангах ажлын байрны үндсэн зорилгоо хангалтгүй биелүүлсэн... гэж заасан нь үндэслэлгүй юм. Уг тушаалд заагдсан Үндэсний аудитын газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2016 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн санхүүгийн аудитаар салбарын төсвийн байгууллагуудаас 4 байгууллага хязгаарлалттай, 1 байгууллага Сөрөг дүгнэлт авсан нь миний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хамааралтай биш бөгөөд энэ нь байгууллага тус бүрийн төсвийн төвлөрүүлэн болон шууд захирагчийн ажил үүрэгт хамааралтай асуудал юм гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М оос шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... Монгол Улсын дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 373 дугаар тогтоолоор П.Э ыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгасан байдаг бөгөөд уг хүчин төгөлдөр тогтоолыг биелүүлж 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс Бодлого, төлөвлөлтийн газрын Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилсон. Мөн Шүүхийн шийдвэрийн дагуу тухайн жилд ногдох цалинг олгож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж шийдвэрлэсэн байдаг.
Улмаар 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ажилгүй байсан 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 10.494.149,6 төгрөг, өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөг нийт 11.494.149,6 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгаж өгөх тухай нэхэмжлэл гаргаж Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2018/01393 дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу 9.646.388 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаа 1.847.761 төгрөгөөр багасгаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Уг захирамжийн дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаал гарч шийдвэрийг биелүүлэхээр ажиллаж байна.
2016 онд ажиллаж байх хугацааны аудитын шалгалтаар байгууллага /Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам/ зөрчилтэй дүгнэлт авсантай холбогдуулан Төрийн албаны тухай хуульд заасны дагуу албан тушаал бууруулах тухай Төрийн нарийн бичгийн даргын тушаал гарахтай холбоотойгоор Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу Захиргааны шийдвэр батлан гаргахын өмнө сонсох ажиллагаа хийж тэмдэглэл хөтөлж баталгаажуулсан байдаг.
Уг ажиллагаанд нэхэмжлэгч өөрийн биеэр оролцож гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд 2016 оны аудитын дүгнэлттэй холбоотойгоор сайд П.С гийн хариуцлага тооцох тухай тушаал гарч холбогдох дарга, мэргэжилтэнд хариуцлага тооцсон тухай сонсох ажиллагаа хийсэн мэргэжилтнүүдээс тайлбар авч тодруулга хийсэн байдаг.
Энэ үед нэхэмжлэгч өөрөө Тэмдэглэлдээ албан ёсоор бичээрэй. Нөхөж хариуцлага тооцож байгаа эсэх талаар. Би энэ тушаалыг олж үзнэ. Үндсэн ажлаа хүлээж аваад ажиллаж байгаа мөн тушаал гарч байгаа бол авна... авсныхаа дараа ямар учиртайг нь тодруулъя. Ажлаа хүлээлгэж өгөхөд бэлэн байна гэж албан тушаал бууруулж байгааг зөвшөөрч энэ үйлдлээ баталгаажуулсан.
Хариуцагч буюу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь мэргэжилтэн П.Э т захиргааны шийдвэрийг батлан гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагааг хийж баталгаажуулсан, албан тушаал бууруулах тухай тушаал гарч ажлын байр өөрчлөгдөж байгааг нэхэмжлэгч өөрөө мэдэж байсан бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрч, баталж гарын үсэг зурж зөвшөөрсөн байдаг.
Гэтэл энэ асуудлаар 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б-42 тоот тушаалаар намайг үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан тушаалыг хүчингүй болгож, намайг өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь үндэслэлгүй байна.
Харин мэргэжилтэн П.Э нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б-42 тоот тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Санхүүгийн дотоод аудит хариуцсан мэргэжилтэн-ээр томилогдож, ажиллах ёстой байсан ч өнөөдрийг хүртэл томилогдсон үүрэгт ажлаа хийлгүй, ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан байдалтай байна.
Мөн яамны Төрийн захиргааны удирдлагын газарт /хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн/ болон харьяалах газрын даргад ямар нэгэн чөлөө хүссэн өргөдөл, өөр ямар нэгэн үндэслэлээр томилогдсон ажлыг хийх боломжгүй байгаа талаарх шалтгаан, тайлбар, хүсэлт, гаргаагүй байна.
Иймд хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь нэхэмжлэгчийн өмнө Захиргааны хэргийн болон Иргэний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу бүх шүүхийн шийдвэрийг биелүүлсэн бөгөөд урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилсон, ажилгүй байсан хугацааны цалинг олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн, албан тушаал бууруулж байгаа тухай сонсгол хийсэн мэдэгдсэн, мэргэжилтэн өөрөө хүлээн зөвшөөрч баталгаажуулсан байх тул 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Э аас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б-42 дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б-42 дугаар тушаалаар Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, Үндэсний аудитын газрын 2017 оны 03/79, 03/80 дугаар албан шаардлагыг үндэслэн тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч П.Э ыг албан тушаалаас бууруулан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Санхүүгийн дотоод аудит хариуцсан мэргэжилтнээр томилжээ.
Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэргээс дараах нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 352 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 535 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 373 дугаар тогтоолоор ... Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б-119, Б-120 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, П.Э ыг урьд эрхэлж байсан тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилж шийдвэрлэсэн ба уг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч П.Э 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б-33 дугаар тушаалаар өмнөх ажилд томилогдсон байна.
Гэвч 15 хоногийн дараа буюу 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б-42 дугаар тушаалаар П.Э ыг Ажлын байрны тодорхойлолтод заасан Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын нэгтгэсэн тайланд дүн шинжилгээ хийх, санхүүгийн мэдээллээр болон нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн бодлогоор хангах ажлын байрны үндсэн зорилтоо хангалтгүй биелүүлсний улмаас Үндэсний аудитын газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2016 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн санхүүгийн аудитаар салбарын төсвийн байгууллагуудаас 4 байгууллага Хязгаарлалттай, 1 байгууллага сөрөг дүгнэлт авсан... гэх үндэслэлээр албан тушаал бууруулж томилсон нь захиргааны байгууллагын хууль бус үйлдэл болжээ.
Учир нь нэхэмжлэгч П.Э нь Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б-17 дугаар тушаалаар тус яамны Санхүү, эдийн засгийн хэлтсийн Ерөнхий санхүүчээр томилогдоод, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б-119 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүртэлх 1 жил 9 сар гарангийн хугацаанд ажиллахдаа 2015 оны хагас, бүтэн жилийн, 2016 оны хагас жилийн тайланг гаргаж, тухайн үед хийгдэж байсан Аудитын тайланд Хязгаарлалттай гэх дүгнэлт авсан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Малын удмын сангийн үндэсний төв, Хөдөө аж ахуйн бирж, сөрөг дүгнэлт авсан Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө ахуйн газруудын талаар Үндэсний аудитын газрын албан шаардлагуудын дагуу тайландаа тусгаж байсан нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Энэ нь Ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтод тусгасан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төсвийн ерөнхийлөн захирагчийн багцын санхүүжилт, зарцуулалтын нэгтгэсэн тайлан гаргах, дүн шинжилгээ хийх, санхүүгийн мэдээллээр хангах гэж заасан үүргээ хэрэгжүүлэн ажилласан болохыг нотлохын зэрэгцээ нэхэмжлэгчийн ...дээр дурдсан байгууллагууд .... хязгаарлалттай буюу сөрөг дүгнэлт авсан нь ... байгууллага тус бүрийн төсвийн төвлөрүүлэн болон шууд захирагчийн ажил үүрэгт хамааралтай гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хүлээж авах боломжтой байна.
Нэхэмжлэгч П.Э өмнө нь тус яамны төрийн нарийн бичгийн тушаалаар 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнөөр 2016 оны жилийн эцсийн санхүүгийн нэгдсэн тайланг үйлдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, мөн тухайн жилийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнгийн гэрээний биелэлт, мэргэшлийн түвшинг тухайн үед дүгнээгүй байна.
Хэрэгт авагдсан тус яамны ерөнхий санхүүч П.Э ын 2016 оны хагас жилийн болон ажилласан хугацааны үр дүнгийн гэрээний биелэлт дүгнэсэн баримтад А буюу 96,6, В буюу 86,0 үнэлгээг авсан нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах хууль зүйн үндэслэл болохгүй байна.
Гэтэл 2 жил 3 сарын дараа буюу 2018 оны 03 дугаар сарын 01-нд Ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажилд шүүхийн шийдвэрээр томилогдсон П.Э ыг Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг 2016 онд хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр албан тушаал бууруулан томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ гэж заасны дагуу П.Э тай байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээний 4.2-т Төрийн жинхэнэ албан хаагч гэрээний биелэлтийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор багтаан, менежер 2016 оны 12 дугаар сарын 20-ны дотор багтаан дүгнэнэ гэж тусгаснаар үр дүнгийн гэрээний биелэлтийг тухайн заасан хугацаанд дүгнэх байжээ.
Мөн Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшинг үнэлж дүгнэх журам-ын 4 дүгээр зүйлийн 4.1.4-д төрийн жинхэнэ албан хаагчийн өмнөх оны гэрээний биелэлтийг зохих журмын дагуу дүгнэж, түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн байх, 8 дугаар зүйлийн 8.2-д гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн .... албан тушаал бууруулахтай холбогдсон маргааныг ... шийдвэрлэх, Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн ... албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэхээр зохицуулсан.
Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ, 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно заасны дагуу хариуцагчаас ирүүлсэн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгчийг тухайн албан тушаалыг эрхэлж байхдаа сарын үндсэн 795,935,0, нэмэгдэл 107,692.0 төгрөгийн цалин авч байсныг тодорхойлсон тул 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс хойших хугацааны буюу 128 хоногийн үндсэн цалин, нэмэгдэл болох 4,487,437 /дөрвөн сая дөрвөн зуун наян долоон мянга дөрвөн зуун гучин долоо/ төгрөгийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгч П.Э ын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б-42 дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Э аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б-42 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Санхүүгийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П.Э ын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний 4,487,437 /Дөрвөн сая дөрвөн зуун наян долоон мянга дөрвөн зуун гучин долоо/ төгрөгийн нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА