Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2026/0471

 

                            “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                         захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “Б” ХХК,

Хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаартай албан бичгээр хүргүүлсэн 2022-2024 оны хугацаанд бүрэн олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2022-2024 оны хугацаанд бүрэн олгоогүй санхүүжилт болох нийт 807,577,300 төгрөгийн санхүүжилтийг “Б” ХХК-д олгохыг даалгах, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээнд заасны дагуу алданги тооцож, алдангид 403,788,650 төгрөг гаргуулах буюу нийт 1,211,365,950 төгрөгийг олгуулах”,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0364 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С, Х.Ч,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ц.

Хэргийн индекс: 128/2025/0223/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаартай албан бичгээр хүргүүлсэн 2022-2024 оны хугацаанд бүрэн олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2022-2024 оны хугацаанд бүрэн олгоогүй санхүүжилт болох нийт 807,577,300 төгрөгийн санхүүжилтийг “Б” ХХК-д олгохыг даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээнд заасны дагуу алданги тооцож, алдангид 403,788,650 төгрөг гаргуулах буюу нийт 1,211,365,950 төгрөгийг олгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тодорхойлсон.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0364 дүгээр шийдвэрээр: Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсэг, 14.8.7, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.3, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022, 2023, 2024 оны төсвийн тухай хуульд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаас зарим хэсгийг хангаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт 2022 оны 09, 10, 11 дүгээр сар болон 2023 оны 01 дүгээр сард бүрэн олгогдоогүй санхүүжилтийг олгох хүсэлтийг шийдвэрлэлгүй, санхүүжилт олгохоос татгалзсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дурдсан хугацаанд бүрэн олгоогүй санхүүжилт болон 270,866,050 төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид олгохыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгүүдийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1. Анхан шатны шүүх 911,966,795 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. 2023 оны 8, 9, 10, 11 дүгээр сар, 2024 оны 01, 02 дугаар сарын санхүүжилтийг хариуцагч олгосон нь буруу биш, дутуу олгосон гэж үзэхгүй гэж дүгнэхдээ талуудын хооронд байгуулагдсан нэмэлт гэрээг үндсэн гэрээнд өөрчлөлт оруулснаараа нэмэлт нэртэй болсон болохоос бус гэрээнд заалт оруулж байгаа гэрээ биш гэх агуулгаар дүгнэсэн. Нэхэмжлэгч хариуцагч нарын байгуулсан үндсэн гэрээ нь нийт 10 оношийн хамааралтай бүлгээр хийгдсэн бөгөөд тухайн 10 оношийн хамааралтай бүлгийн “ангилагдаагүй бусад” гэсэн оношийн хамааралтай бүлгийн код өөрчлөгдсөн тул ийнхүү нэмэлтээр гэрээ хийж оруулсан байна. Нэмэлт гэрээнд зөвхөн оношийн хамааралтай бүлгийн код өөрчлөгдсөнтэй холбоотойгоор нэмэлт гэрээ байгуулав гэж заасан байхад шүүх 9 оношийн бүлгийг хассан гэх агуулгаар тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

3.2 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд дээр дурдсанаар гэрээний 2.1 болон 3.2 дахь заалтуудаас үзвэл тухайн гэрээ нь нэмэлт гэрээ байхаас гадна үндсэн гэрээнээс аливаа зүйл заалт, түүний хавсралтаас холбогдох хэсгүүдийг хасах талаар огт зохицуулаагүй байхад шүүх үгийн шууд утгыг анхаарах зарчим баримталж тайлбарласан гэх хэдий ч тайлбарласан агуулга үгийн шууд утгыг анхаарч тайлбарлаагүй зөрүүтэй дүгнэлт гаргасан. Иймд талуудын хооронд нэмэлт гэрээ байгуулагдсан гэх үндэслэлээр 508,291,250 төгрөгийн санхүүжилтийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж, тухайн саруудын санхүүжилтийг бүрэн хэмжээгээр олгогдох тохиолдолд тус гүйцэтгээгүй үүргийн хэмжээгээр алдангийг шаардах хууль зүйн үндэслэл бүрдэх тул нэхэмжлэлийг хангасан хэмжээгээр алдангийг бүрэн олгож, хамт шийдвэрлэж өгнө үү.

3.3 Нэхэмжлэгч ковидын тусламж үйлчилгээ үзүүлсэнтэй холбоотой санхүүжилтийг АР-03/001 дугаартай гэрээтэй холбон тайлбарлаж, тус үндэслэлээр анхнаасаа шаардаагүй бөгөөд Ковид цар тахалтай холбоотой тусламж үйлчилгээний төлбөр 51,960,000 төгрөг олгохоос 28,420,000 төгрөгийн төлбөр дутуу олгосон нь захиргааны байгууллагын эс үйлдэхүй байхад шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, уг хуулийг ноцтой зөрчсөн, хөөн хэлэлцэх хугацааны талаар яригдахгүй.

3.4 Алдангийг гаргуулах шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Захиргааны гэрээний дагуу төлөх алдангийг гэрээний үүргийн зөрчил гаргасан этгээд Иргэний хуульд заасны дагуу төлөх учиртай. Төрийн байгууллага гэх шалтгаанаар алдангийг гаргуулахаас татгалзаж буй нь шударга ёсны зарчимд харшилсан агуулгатай шийдвэр болсон. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1-55.1.14-д заасан илт хууль бус гэрээ биш бөгөөд захиргааны байгууллагын байгуулж буй гэрээнд алданги тохирохыг хориглосон зохицуулалт байхгүй. Иймд нэхэмжлэгчийг бүрэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

4.1 Архангай аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтэс 2022  оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн газар дээрх хяналт шалгалт, үнэлгээний дүнг баталгаажуулсан. “С” сувилал нь газар дээрх хяналт хийгдээгүй, нэхэмжлэх эрх нь нээгдээгүй байх үеийн буюу 2022 оны 9, 10, 11 дүгээр саруудад үзүүлсэн уламжлалт анагаах ухааны болон сэргээн засахын тусламж, үйлчилгээгээр нэхэмжлэлээ ирүүлсэн тул ангилагдаагүй бусад төрлөөр санхүүжилтийг олгохоор тооцсон.

4.2 Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Чанар төлбөрийн хяналтын журам”-ын 3.1, 3.1, 3.1.2, 3.2-д зааснаар дээрх чанар, төлбөрийн хяналтын төрлүүдээс бусад хяналтын төрлүүдийн үр дүнгээр төлбөртэй холбоотой шийдвэр гаргахгүй байхыг заасан. Иймд 2022 оны 9, 10, 11 саруудын нэхэмжлэхүүд нь газар дээрх хяналт хийгдээгүй байх үед үзүүлсэн тусламж, үйлчилгээний нэхэмжлэл тул санхүүжилт олгох боломжгүй болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2026/0364 дүгээр шийдвэрээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Маргаан бүхий үйл баримтын хувьд, нэхэмжлэгч “Б” ХХК нь 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдах, худалдан авах тухай” АР-03/001 дугаартай гэрээг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан. Гэрээгээр талууд, “Б” ХХК-ийн “С” сувилал нь иргэн, даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээг “чанар болон төлбөр”-ийн хяналт, гүйцэтгэлд үндэслэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт худалдах, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг олгохоор харилцан тохиролцсон. 

Мөн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт АР-03/001-568 дугаартай гэрээг байгуулж, АР-03/001 дугаартай Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээний нэгдүгээр хавсралтад тусгагдсан тусламж үйлчилгээний төрөл, оношийн хамааралтай бүлгийн код, нэр, үйлдлийн ангилал, тоо хэмжээ, төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөн тул 41390001 код бүхий тусламж үйлчилгээний нэгж үнийг 250,000 төгрөгөөр нийт 1086 /тоо хэмжээ бүхий/ тусламж үйлчилгээг хамруулахаар тохиролцжээ.

4. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаар албан бичгээр 2022 оны 9, 10, 11 дүгээр сарын, 2023 оны 12 дугаар сарын, 2024 оны 1, 2 дугаар сарын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр нийт 523,987,300 төгрөгийн санхүүжилтийг гүйцэтгэлийн дагуу авахаар нэхэмжлэлийг холбогдох баримтын хамт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хүргүүлсэн. Уг хүсэлтэд Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 07/228 дугаар албан бичгээр хүсэлтэд дурдсан санхүүжилт олгоогүй гэх тохиолдол тус бүрээр тооцоолол гаргаж хариу өгсөн.

Улмаар, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд хандсаны дагуу тус зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 34 дугаартай албан бичгээр шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүл гэх агуулга бүхий хариуг өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

5. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...сар бүр үзүүлсэн тусламж, үйлчилгээний дагуу эмнэлгийн цахим программ, ‘health.gov.mn’ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим программаар болон и-мэйлээр холбогдох нэхэмжлэхийг илгээж, гүйцэтгэлийн санхүүжилтийг олгохоор талууд гэрээгээр тохирсны дагуу нэхэмжилсэн боловч хариуцагч нь үндэслэлгүйгээр нэхэмжлэх бүрээс хассан..., гэрээний 4.1.1.2 дахь хэсэгт зааснаар алданги авах эрхтэй...” гэж,

хариуцагчаас татгалзлын үндэслэлээ “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь хэсэгт “...даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар болон зардлын төлбөрт хяналт тавьж, энэ хуулийн 14.8.7-д заасан журамд тусгагдсан шалгуур хангасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд төлбөр олгох” гэж заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь шалгуур хангаагүй тусламж, үйлчилгээнд төлбөр олгох боломжгүй...” хэмээн тус тус тайлбарлан маргасан.

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.6-д “эрүүл мэндийн даатгалтай холбогдсон асуудлаар өөрийн бүрэн эрхийн хүрээнд холбогдох журам, тогтоол, зөвлөмж гаргах”, 14.8.7-д “даатгалын гэрээний дагуу худалдан авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын болон төлбөрийн хяналтыг хэрэгжүүлэх журмыг олон улсын эмнэл зүйн удирдамж ашиглан батлах”, 16 дугаар зүйлийн 16.1.5-д “даатгуулагчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар болон зардлын төлбөрт хяналт тавьж, энэ хуулийн 14.8.7-д заасан журамд тусгагдсан шалгуур хангасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд төлбөр олгох”,

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Чанар, төлбөрийн хяналтын журам”-ын 1.1-т “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (цаашид ЭМДЕГ гэх) эрүүл мэндийн байгууллагаас (цаашид ЭМБ гэх) гэрээний дагуу худалдан авах тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтыг хийхдээ энэхүү журмыг баримтална”, 3.4-т “Олон улсын эмнэл зүйн удирдамж ашиглан аргачлалын дагуу боловсруулсан нэхэмжлэлийн хяналтын шалгуурыг энэхүү журмын нэгдүгээр хавсралтад заасан бөгөөд уг шалгуурыг баримталж чанар, төлбөрийн хяналтыг хийж нэхэмжлэлийг хянана”, 4.1.2.2-т “Чанар, төлбөрийн хяналтыг хийж нэхэмжлэлийг хянахдаа зөвхөн энэхүү журмын хавсралтаар батлагдсан шалгуурыг баримтлах” хэмээн заасан.

Мөн хэргийн оролцогчдын хооронд 2022 онд байгуулсан Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдах, худалдан авах гэрээний 2.1.6-д “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.6, 14.8.7-д заасан холбогдох журмын шалгуурыг хангаагүй тусламж, үйлчилгээний тохиолдлын төлбөрийг санхүүжүүлэхгүй байх”, 4.1.1-д “энэхүү гэрээний 2.1.2, 2.2.2-т заасан төлбөрийг хугацаанаас хожимдуулж төлсөн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн мөнгөн дүнгээс дараах хувь хэмжээгээр тооцож эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчид алданги төлнө: гээд 4.1.1.1-д “гүйцэтгээгүй үүргийн мөнгөн дүн 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөг ба түүнээс их бол нэхэмжилсэн үнийн дүнгийн 0.05 хувиар”, 4.1.1.2-д “гүйцэтгээгүй үүргийн мөнгөн дүн 500,000,000 /таван зуун сая/ төгрөг хүртэл бол нэхэмжилсэн үнийн дүнгийн 0.2 хувиар” гэж тухайлан заажээ.

7. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн 2022 оны 9, 10, 11 дүгээр саруудын төлбөрүүдийг олгоогүй үндэслэлээ хариуцагчаас “газар дээрх хяналт хийгдээгүй байх үед өөрсдөө үйлчилгээ үзүүлээд тэрийгээ нэхэмжилсэн буюу санхүүжилт авах эрх нь нээгдээгүй байхад үзүүлсэн тусламж үйлчилгээ” хэмээн тайлбарлаж татгалзсан нь хууль бус бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн “...Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр журамд заасан газар дээрх хяналтыг хийсэн, уг хяналтаар зөрчилтэй дүн гараагүй байгаа тул хариуцагчийн Газар дээрх хяналтыг хийгээгүй байхад нэхэмжилсэн, Эрх нь нээгдээгүй байхад үзүүлсэн тусламж үйлчилгээнд санхүүжилт олгохгүй гэх хариуцагчийн тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй” дүгнэлт үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдах, худалдан авах тухай” АР-03/001 дугаартай гэрээ байгуулагдсан ба хожим 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр газар дээрх хяналт шалгалтыг хийж, уг хугацаанаас хойшхи эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтийг олгож 9-11 дүгээр сарын санхүүжилтийг авах эрх үүсээгүй гэж үзэхгүй.

Нөгөөтэйгүүр, “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдах, худалдан авах тухай” АР-03/001 дугаар гэрээний 2.1.7-д зааснаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авагч нь холбогдох баримт нотолгоог үндэслэн тусламж, үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзах эрхтэй бөгөөд татгалзах үндэслэлийг гэрээний 2.1.7.1-2.1.7.5-д заасан байна. Эдгээр үндэслэлд маргаж буй “чанар, төлбөрийн хяналт”-ыг хийхээс өмнө тусламж үйлчилгээ үзүүлсэн тохиолдол хамаарахгүй буюу “Б” ХХК-д төлбөр олгохоос татгалзах тохиолдол үүсээгүй байна.

8. “Б” ХХК-ийн “С” сувиллын 2023 оны 12 дугаар сарын, 2024 оны 1, 2 дугаар сарын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийг олгоогүй тухайд хэрэгт авагдсан Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 07/228 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн тайлбарт “2022 оны 12, 2024 оны 01, 02 дугаар сард Эрүүл мэндийн даатгалын цахим системд гүйцэтгэлийн нэхэмжлэл ирээгүй” хэмээн дурдсан байх боловч шүүхээс Эрүүл мэндийн даатгалын цахим систем болох health.gov.mn-д хийсэн үзлэгээр 2022, 2023 онуудын тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлүүд үүссэн, 2024 оны 01, 02 дугаар сарын нэхэмжлэлүүд үүсээгүй /хоосон/ төлөвтэй болох нь тогтоогдсон.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2022 оны А/139 дүгээр тушаалаар батлагдсан “Нэхэмжлэлийг хянах журам” хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2024/0094 дүгээр тогтоол хүчин төгөлдөр болсон, энэ тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын цахим системд гүйцэтгэлийн нэхэмжлэл ирээгүй нь үзүүлсэн тусламж үйлчилгээний төлбөрийг олгохоос татгалзах үндэслэл болохгүйн дээр нэхэмжлэгчийн санхүүжилт олгох хүсэлтийн дагуу газар дээрх хяналт шалгалтыг хийх, ирүүлсэн баримт материалыг шалгаж, нягтлах замаар үндэслэлтэй эсэхийг тогтоож, гэрээнд заасан төлбөрийг олгох нь хариуцагчийн үүрэг, энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн, талуудын хооронд байгуулсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдах, худалдан авах тухай” АР-03/001 дугаар гэрээний 2.2.2-д “гэрээний 2.2.1-д  заасан тооцооны үр дүнд үндэслэн нэхэмжлэлийн хяналт дууссанаас хойш холбогдох журамд заасан хугацаанд багтаан тусламж, үйлчилгээний төлбөрийн урьдчилгаа болон гүйцэтгэлийн зөрүүг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчид шилжүүлэх”-ээр, 4.1.1-д гүйцэтгээгүй үүргийн мөнгөн дүнгээс хувь хэмжээ тооцон алданги төлөхөөр заасан энэ тохиолдолд хариуцагчаас нэхэмжлэгчид санхүүжилт олгоогүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул уг санхүүжилтийн зөрүү, түүний дүнгээс хамаарч алданги төлөх үүрэгтэй, энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

9. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2025/0364 дүгээр шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийг 1 дэх заалтыг,Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.6, 14.8.7, 16 дугаар зүйлийн 16.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Б” ХХК-иас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Б” ХХК-ийн 2022-2024 оны хугацааны санхүүжилтийг бүрэн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2022-2024 оны хугацаанд бүрэн олгоогүй санхүүжилт болох нийт 807,577,300 төгрөг, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээнд заасны дагуу алдангид 403,788,650 төгрөг, нийт 1,211,365,950 төгрөгийг олгохыг хариуцагчид даалгасугай” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                 ШҮҮГЧ                                                 Г.БИЛГҮҮН

 

                     ШҮҮГЧ                                                 О.ОЮУНГЭРЭЛ

 

                                ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА