Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2016/ШЦТ/186

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2016/0198/Э/

 Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг, 
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б***,
Хохирогч П.О***, Б.О***, И.Д***, Б.Ж***, Д.Ц***,
Шүүгдэгч К.Г***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв. 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт К.Г***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн *** дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.


        Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

         Монгол улсын иргэн, ******* төрсөн, ***** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суух тодорхой хаяггүй, *******-ны өдөр Сум дундын ***** дүгээр шүүхийн ***** дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, үлдсэн 1 жил 6 сар 9 хоногийг 2015 оны  11 дүгээр сарын 9-ний өдөр Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу суллагдсан байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, К.Г***, /Регистрийн дугаар: ****/,
                        
                
Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч К.Г***нь 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, БаянД*** **тоот П.О***ийн гэрээс нийт 2.830.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан,
-2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дархан сумын ** дугаар баг, Мангиртын ** дугаар хэсгийн ** тоот Б.О***ы гэрээс эд зүйл хулгайлж 550.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Эрдэнэ баг ** тоот И.Д***гийн гэрээс бэлэн 650.000 төгрөг хулгайлсан,
-2016 оны 05 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Дархан сумын ** дугаар баг, ** дүгээр байранд байрлах “А***” нэртэй эмийн санд нэвтэрч бэлэн 324.900 төгрөг хулгайлсан,
-2016 оны 05 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Дархан сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Д***” ХХК-ийн бааранд нэвтэрч мөн бэлэн 213.400 төгрөг хулгайлсан,
-2016 оны 05 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Дархан сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “ММ***” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж бэлэн 523.950 төгрөг, нокиа маркийн гар утас хулгайлж нийт 563.950 төгрөгийн хохирол учруулсан,
 -2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын О*** багийн Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчид, Засаг даргын ажлын байранд нэвтэрч хулгай хийхээр завдсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
  
                                                                 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав: Үүнд 

 Шүүгдэгч К.Г***ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Орхон аймаг Баян-Өндөр сумын Эрдэнэ баг **тоотод оршин суух иргэн И.Д***гийн гэрт 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нэвтэрч бэлэн 650 000 төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг ** дүгээр байранд байрлах “А***” нэртэй эмийн санд 2016 оны 5 дугаар сарын 9-өөс 2016 оны 5 дугаар сарын 10-нд шилжих шөнө нэвтэрч орлогын бэлэн 324 900 төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг “Д***” ХХК-ийн зоорийн давхарт байрлах бааранд 2016 оны 5 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө хаалганы цоожийг эвдэн нэвтэрч орлогын бэлэн 213 400 төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “ММ***” хүнсний дэлгүүрт 2016 оны 5 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө нэвтрэн орж орлогын бэлэн 523 950 төгрөг, 40 000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг тус тус хулгайлсан, Орхон аймаг Баян-Өндөр сумын Оюут багийн иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчид, засаг даргын ажлын байранд 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр нэвтэрч эд зүйл хулгайлах гэж байгаад баригдсан гэх үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байгаа. 
Харин Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг, Баяндаваа **тоотод оршин суух иргэн П.О***ийн хувийн байшинд 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр нэвтэрч, 2.830.000 төгрөгийн үнэлгээ бүхий монетон гинж 3 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, монетон ээмэг 2 ширхэг зэрэг эд зүйл хулгайлсан болон Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг, Мангиртын ** дугаар хэсэг **тоотод оршин суух иргэн Б.О***ы гэрт нэвтэрч 550 000 төгрөгийн үнэлгээ бүхий дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, жижиг мөнгөн аяга 1 ширхэг, жижиг чулуун хөөрөг 2 ширхэг, мөнгөн ээмэг, бөгж, кулон хос, эрэгтэй мөнгөн бөгж 1 ширхэг,  мөнгөн ээмэг хос 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлсан үйлдлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь тухайн үед буюу 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд Булган аймагт айлд байсан бөгөөд одоо өмсөж байгаа хувцастайгаа байсан. Орхон аймгийн цагдан хорих төвд цагдан хоригдож байтал Дархан-Уул аймгийн цагдаагийн мөрдөн байцаагч намайг Дархан-Уул аймгийн цагдан хорих төвд шилжүүлэн цагдан хорьсон бөгөөд тэр үедээ Дархан-Уул аймагт гарсан дээрх хоёр хэргийг чи хүлээчих, энэ хэргийн хохирогч нар гомдолгүй, саналгүй гэдэг юм гэж хэлж байсан. Тэгээд би 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн болон мөн оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Дархан-Уул аймагт гарсан хулгайн хоёр хэргийг хүлээх болсон. Тиймээс Дархан-Уул аймагт үйлдсэн гэх хоёр үйлдлийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг,

Хохирогч П.О***ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  “Би 2016 оны 3 дугаар сарын 19-ний өглөө 08 цаг 40 минутын үед гэрээсээ гарч /би хувиараа зах дээр бараан дээр зогсдог/ ажил руугаа явсан. Тухайн үед манай ээж, охин хоёр Улаанбаатар хот явсан байсан. Тэгээд орой ажлаа тараад 19 цаг 45 минутын орчим гэртээ орж ирсэн чинь гал тогооны бүх эд зүйл эмх замбараагүй болсон байсан. Тэгээд гайхаад том өрөөндөө орсон чинь бас л эмх замбараагаа алдсан байсан. Зочны өрөөний жижиг вакуум цонхоор хүн орж ирсэн байсан. Би хулгай орсон байна гэж бодоод цагдаад дуудлага өгөхөд цагдаа нар ирээд манай гэрийн бүх зүйлийг шалгахад манай сейф түгжээ муутай, сейфенд байсан монетон ээмэг, гинж болон ээж, охин хоёрын зүүдэг байсан ээмэг, бөгж, мөнгөн эдлэлүүд алга болсон байсан. Надад нийт 2.800.000 төгрөгийн хохирол учирсан. Одоо 2.800.000 төгрөгөө нэхэмжилж байна. Шүүгдэгчээс өөрөөс нь өөрийнхөө алга болсон зүйлүүдээ асуусан чинь байхгүй Улаанбаатар хотод хямдхан зарсан гэж байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/ 

Хохирогч И.Д***гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Нэг өдөр хойд хаалгаараа гарах гэсэн чинь К.Г*** /тухайн үед нэрийг нь мэддэггүй байсан/ өөдөөс ирж байсан. Анх адуу зарах уу? гээд бид хоёр танилцсан. Хөдөө хонь хариулж явдаг хүүхдээс миний сургийг сонссон байсан. Би гэртээ ганцаараа байдаг учраас гайгүй хүүхэд байна гэж бодоод гэртээ оруулаад цай уулгаж юм яриад орж гардаг болсон. Манай хүүхэн надад хэдэн төгрөг хадгалуулсан юм. Тэр мөнгийг нь би аваад гэрийнхээ бурхны хажууд тавьсан. Тэгээд маргааш нь 12 цагийн үед трактороо хажуу талынхаа айлын хүнээр засуулах гэтэл надаас танайд скоч байна уу гэж манай хажуу талын хүн асуухаар нь би гэр рүүгээ гүйж ороод скоч авах гээд хайгаад бурхныхаа тэр хавь руу харахад бурхан дээр тавьсан байсан мөнгө алга болсон байсан. Тэгээд тэр даруй цагдаад дуудлага өгсөн. Би энэ хүнээс хохирлоо буцааж аваагүй байгаа. Их л сайхан ярьдаг хүүхэд байна лээ. К.Г*** нь миний итгэлийг олж аваад хулгай хийе гэж бодсон юм шиг байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 83-84, 89-90 дүгээр хуудас /  

Хохирогч Б.О***ы мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр өдөр манай бага хүүхдийн бие нь өвдөөд манай эхнэр хүүхдээ аваад эмнэлэгт хэвтэж байсан. Тэгээд би эмнэлэг дээр очиж эхнэр хүүхэд дээрээ байж байгаад орой 16 цаг өнгөрч байхад гэртээ орсон чинь үүдний таамбарыг эвдээд гэрт ороод бүх зүйлийг эмх замбараагүй болгосон байсан. Хулгай орсон гэдгийг мэдээд тэр даруй цагдаа дуудсан. Цагдаа нар ирээд гэрт үзлэг хийж шалгахад хоёр мөнгөн аяга, хоёр жижиг хөөрөг, мөнгөн бөгж зэрэг зүйлс байхгүй байсан. Мөн шургуулганд байсан манай эхнэрийн ээмэг, бөгж, миний мөнгөн бөгжийг хулгайлсан байсан.Надад учирсан хохиролд нэг ч төгрөг төлөөгүй байгаа” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 174, 185 дугаар хуудас / 

 Хохирогч Б.Ж*** мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2016 оны 5 дугаар сарын 31-ийг шилжих шөнө 4 цагийн орчим би гэртээ орсон. Маргааш өглөө 8 цагийн үед ажил дээрээ ирсэн чинь өрөөний ар талын цонхоор өрөөнд орж ирсэн байсан. Өрөөндөө ороход өрөөний хамаг зүйл эмх замбараагүй, сейф онгорхой байсан ба сейфэнд байсан бэлэн мөнгө авсан байсан. Сейфэнд 523.950 төгрөг байсан. Шүүгдэгчээс буцааж авсан хохирол байхгүй. 523.950 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 215, 232 дугаар хуудас/
Хохирогч Д.Ц***гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2016 оны 5 дугаар сарын 20-ны орой орлогын мөнгөө текний улаан кассанд хийсэн байсан. Тэгээд маргааш нь ирэхэд орлогын 213.400 төгрөг алга болсон байсан учраас гайхаад цагдаад дуудлага өгсөн. Манай баарны орлогын мөнгө байсан юм. Энэ мөнгө нь манай байгууллагын мөнгө учраас байгууллагад өгнө.  Цагдаа нар ирээд шалгалт хийж хулгай орсныг мэдсэн” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/

Хохирогч Б.Т*** мөрдөн байцаалтад өгсөн: “... Манай багийн зүгээс ариун цэврийн өрөөний эвдэрч гэмтсэн паалантай тосгуурыг 70.000 төгрөгөөр үнэлж нэхэмжилнэ. Өөр ямар нэгэн хохирол учраагүй байгаа” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 148 дугаар хуудас/

Хохирогч Ё.М***мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс 10-нд шилжих шөнө хулгай орж орлогын мөнгө болох 324.900 төгрөгийг хулгайд алдсан юм. ...Тухайн өдрийн орлогыг бичсэн дэвтэр болон санхүүгийн програмаас хэвлэж гаргасан борлуулалтын баримтаар би 324.900 төгрөг алдсан гэдгийг тооцоолж гаргаад байгаа юм. Би алдсан 324.900 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг” /2 дугаар хавтаст хэргийн 23 дугаар хуудас/

Гэрч С.Н*** мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 04 сарын 10-ны өдөр И.Д*** гуайд 30 ширхэг 20 мянгатын дэвсгэртээс бүрдсэн, 600.000 төгрөг өгчихсөн байсан юм. Би түүний охин Анхцэцэгээр 5 настай бага хүүхдээ харуулдаг юм. Миний бие Д*** ахтай ямар нэг төрөл садангийн холбоо байхгүй. Манай бага хүүхэд жаахан уйлдаг, өвчин ороогоод байдаг болохоор Д*** гуайгаар ном уншуулдаг юм. Д*** ах хүүхдэд их сайн ном уншиж, үздэг хүн байгаа юм. Би түүнийг 2012 оноос хойш таних болсон. Ах дүүгийн холбоотой байдаг. Тэр ч  чанараараа түүний охиноор нь хүүхдээ харуулдаг юм. Би Хас банкинд бизнесийн зээлийн төлбөр төлдөг юм. Тэгээд зээл төлөх арай болоогүй байсан болохоор өөрөө үрчих гээд байсан болохоор Д*** ахад найдвартай хүн учир хадгалуулсан байсан. Тэгсэн чинь Д*** ах гэртээ ил бурхныхаа өмнө тавьчихсан байж байгаад тэр мөнгийг өөрийнхөө 50.000 төгрөгтэй хамт хулгайчид алдчихсан байна лээ. Д*** ах 2016 оны 04 сарын 12-ны орой над руу утсаар ярьж, нэг хүн түүний зарах гэж байгаа хашаа байшинг нь үзнэ гэж байна, хүрээд ирээч, гэр харж бай гэсэн. Гэрт нь очиход Д*** ах машинтайгаа зөрөөд гараад явсан. Би хашааных нь урд том хаалгыг хаачихаад гэрт нь орох гээд явж байхад хойд хашааг нь нэг эрэгтэй хүн Д***д ирсэн юм. Би хашааных нь хойд жижиг хаалгыг нь цоожлоод гэрт нь орж ирсэн юм. Тэгтэл 20 гаран насны дунд зэрэг нуруутай шар царайтай залуу орж ирээд “Өвөө байна уу” гэж Д*** ахыг асуучихаад буцаад хашааг нь Д***д гараад явсан юм. Тэр залууг авсан байх гэж сэжиглэж байгаа” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 91  дүгээр хуудас/

Гэрч Д.П*** мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 03 дугаар сарын 19-ны өдөр тэр өдөр Улаанбаатар хотод байж байтал манай охин О*** орой 19-20 цагийн орчим над 

руу утсаар “Манай гэрт хулгай орсон байна” гээд ярьсан. Би тэр хулгай орсон өдрийн маргааш нь гэртээ ирсэн. Монетон гинж 2 ширхэг, алтан гинж 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, монетон ээмэг 1 ширхэг, ногоон шигтгээтэй өрөөсөн ээмэг 1 ширхэг болон мөнгөн эдлэлүүд алдагдсан. Болж өгвөл алдагдсан зүйлийг биетээр нь олж авмаар байна. Миний охин хохирогчоор оролцож байгаа болохоор өөрөө мэдэж байгаа байх” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 30 дугаар хуудас/

Гэрч Т.А*** мөрдөн байцаалтад өгсөн: “Миний бие 2016 оны 06 сарын 03-ны өдөр Цагдаагийн газрын жижүүрийн дуудлага хүлээн авагч цагдаагаар ажиллаж байсан юм. Ингээд тухайн өдөр гадуур дуудлага аваад явж байхад цагдаагийн газрын жижүүрээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын О*** багийн байранд хулгай орсон байна гэж хэлсэн юм. Ингээд дуудлагын дагуу очиход К.Г***гэгч залуу уг багийн байр руу цонхоор нь орсон байсан. Намайг очиход хамгаалалтын хоёр албан хаагч очсон байсан. Ингээд К.Г***гэгчийг дуудан гаргаж ирэхэд тэрээр гартаа улаан өнгийн цаасны хутга болон машины никель төмөр түлхүүр барьсан байсныг нь хураан авч, К.Г***ын хамт мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн. Эхэндээ дуудлагаар очиход тэрээр багийн байрнаас гарч ирэхгүй гээд байсан юм. 10 орчим минутын дараа гарч ирэхээр нь саатуулж цагдаагийн газар дээр авчирсан юм. Гартаа барьсан байсан цаасны хутгаар яах гэж байсан юм бэ? гэж би тухайн этгээдээс асуухад тэрээр өөрийгөө хамгаалах гэж байсан гэж байсан. Гэхдээ бидний шаардлагыг эсэргүүцээгүй, биед халдаагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 154 дүгээр хуудас/

Гэрч П.И*** мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 05-р сарын 31-ний өглөө 08 цаг 50 минутын үед миний ажилладаг дэлгүүр болох ММ***ад менежер ажилтай Ж*** миний утас руу залгаад дэлгүүрт хулгай орсон байна. Хурдан дэлгүүр дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүр дээр очиход цагдаа нар ирчихсэн дэлгүүрийн эзэн бас Ж*** нар байсан. Манай дэлгүүрт 500.000-900.000 мянган төгрөгийн хооронд ерөнхийдөө орлого ордог. Харин өдөрт орсон орлогын бүхэл мөнгөнүүдийг тухай бүрт нь менежертээ өгөөд задгай мөнгөө кассын машиндаа авч үлддэг. Тэгээд орой дэлгүүрээ хаагаад бүх тооцоогоо хийгээд орлогын мөнгөө дэлгүүрийн хойд талын ажлын өрөөний сейфэнд хадгалдаг. Ямарч байсан 500.000 гаруй мянган төгрөгийн орлого орсон байсан”  гэх мэдүүлэг” /1 дүгээр хавтаст хэргийн 233 дугаар хуудас/

Гэрч Г.Б*** мөрдөн байцаалтад өгсөн: “Манай шонхор хамгаалалтын алба нь Д*** ХХК-ийн хамгаалалтын алба нь байгаа. Би тэр Ихэр могой гэж нэрлэдэг Д*** ХХК-ийн объектын хамгаалалтын албанд ажилдаг юм. Д*** ХХК-ийн доод давхарт баар байдаг юм. Би он сарыг тодорхой сайн санахгүй байна. 2016 оны 05 дугаар сарын 20-ны орчим байх би хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байхад өглөө баарны цоож гогцооноосоо салсан байсан. Тухайн үед дутуу цоожлоод орхисон юм шиг харагдаж байсан. Тэгтэл хулгай орсон байна гэж баарны ажилтан хэлж байсан юм” гэх мэдүүлэг” /2 дугаар хавтаст хэргийн 10 дугаар хуудас/

Гэрч Н.Б***мөрдөн байцаалтад өгсөн: “Би энэ /А***/ эмийн санд 2014 оноос эхлэн ажиллаж байгаа. Энэ хугацаанд 2016 оны 05 дугаар сарын 10-ны өглөө ажилдаа ирэхэд манай эмийн санд хулгай ороод эмийн сангаас орлогын бэлэн 324.900 төгрөг алдагдсан байсан. Манай гадна хаалгыг эвдээд дотор жижиг цонхоор орсон бололтой байсан юм” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 28 дугаар хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 7-9, 79-80, 134-139, 169-171, 209 хуудас/, 

Шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 32, 38-39, 45, 50, 189, 195, 201, 236, 201, 244-245 хуудас/ 

Эд мөрийн баримтаар тогтоож хэрэгт хавсаргах тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 19, 145, 2 дугаар хавтаст хэргийн 67 хуудас/, 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 229 хуудас/,
 
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд 2 дугаар хавтаст хэргийн 32-36 хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 57 хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр     

Шүүгдэгч К.Г***нь 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг, Б.Д*** **тоот П.О***ийн гэрээс нийт 2.830.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан,
-2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дархан сумын ** дугаар баг, Мангиртын ** дугаар хэсгийн **тоот Б.О***ы гэрээс эд зүйл хулгайлж 550.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Эрдэнэ баг ** тоот И.Д***гийн гэрээс бэлэн 650.000 төгрөг хулгайлсан,
-2016 оны 05 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Дархан сумын ** дугаар баг, ** дүгээр байранд байрлах “А***” нэртэй эмийн санд нэвтэрч бэлэн 324.900 төгрөг хулгайлсан,
-2016 оны 05 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Дархан сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Д***” ХХК-ийн бааранд нэвтэрч мөн бэлэн 213.400 төгрөг хулгайлсан,
-2016 оны 05 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Дархан сумын ** дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “ММ***” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж бэлэн 523.950 төгрөг, нокиа маркийн гар утас хулгайлж нийт 563.950 төгрөгийн хохирол учруулсан,
 -2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын О*** багийн Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчид, Засаг даргын ажлын байранд нэвтэрч хулгай хийхээр завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 Иймд шүүгдэгч К.Г***ыг 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Сум дундын 14 дүгээр шүүхийн 194 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, үлдсэн 1 жил 6 сар 9 хоногийг 2015 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу суллагдсан, ялтай байхдаа давтан үйлдлээр, орон байр агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч К.Г***нь шүүхийн хэлэлцүүлэгт П.О***, Б.О*** нарын гэрээс эд зүйл хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй гэж байх боловч түүний үйлдэл нь хохирогч нарын мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр давхар нотлогдож байна.

Шүүгдэгч К.Г***аас иргэдийн орон байранд нэвтэрч хулгайлсан эд зүйлийн үнэлгээгээр хохирлыг гаргуулж хохирогч нарт олгох  нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт К.Г***нь 139 хоног цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, 1 ширхэг хутга, 1 ширхэг сүх, 2 ширхэг арматурын төмөр, холбоотой түлхүүр, 1 ширхэг цаасны хутга, 1 ширхэг машины дорцов зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299 дүгээр  зүйлүүдэд заасныг удирдлага болгон 
    ТОГТООХ нь:

           1. К.Г***ыг ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр, орон байр агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч К.Г***ад эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил /гурав/ жил хорих ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч К.Г***ад оногдуулсан 3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
       
          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч К.Г***ын энэ хэрэгт цагдан хоригдсон 139 /нэг зуун гучин ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
 
          5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, 1 ширхэг хутга, 1 ширхэг сүх, 2 ширхэг арматурын төмөр, холбоотой түлхүүр, 1 ширхэг цаасны хутга, 1 ширхэг машины дорцов зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч К.Г***аас 2.830.000 /хоёр сая найман зуун гучин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг БаянД*** **тоотод оршин суух П.О*** /****/-т, 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сум Эрдэнэ баг ** тоот оршин суух И.Д*** /****/-д, 70.000 /далан мянга/ төгрөг гаргуулж Орхон аймгийн Баян-Өндөр сумын О*** багт, 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг ** дугаар хэсэг ** тоотод оршин суух Б.О*** /****/-д, 563.950 /таван зуун жаран гурван мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж  хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг Д*** хотхонд байрлах ЭУО*** ХХК-ийн Их Мөрөн хүнсний дэлгүүрт, 213.400 /хоёр зуун арван гурван мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сум ** дугаар багт байрлах Д*** ХХК-д, 324.900 /гурван зуун хорин дөрвөн мянга есөн зуу/ төгрөг гаргуулж хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр баг, ** дугаар хороолол ** тоотод оршин суух Хужгай овогт Ё.М***/****/-т тус тус олгосугай.

           7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар К.Г***ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

           9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч К.Г***ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       П.БАТТУЛГА