Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2020/01825

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч Б.Азбаяр, З.Доржнамжин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг 1 дүгээр хороо Найрамдал 3 дугаар хэсэг 44 тоотод оршин суух, 1964 онд төрсөн 56 настай, Харчин овогт Б.У

Хариуцагч: Баянгол дүүрэг 19 дүгээр хороо ГФ ХХК

Нэр, нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээ тараасан хэлбэр, хэмжээгээр албан ёсоор уучлалт гуйх, тухайн худал мэдээллийг залруулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.С, өмгөөлөгч Л.О, хариуцагч  ГФ ХХК-ийн захирал Н.Б, иргэдийн төлөөлөгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Л.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.У нь нэр, нэр төр, алдар хүнд ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, хариуцагчийг албан ёсоор уучлалт гуйх, худал мэдээлэл тараасан арга хэрэгслээр залруулга хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийг ГФ ХХК гэж тодорхойлсон. ГФ ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эх бүхий этгээд нь Б.У-ийн нэр хүндэд удаа дараа халдсан, тийм мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тараасан. Хариуцагч нь гурван аргаар нэхэмжлэгчийн нэр хүндэд халдсан. Нэгдүгээрт цахим мэдээллийн хэрэгсэл болох news.mn, zindaa.mn сайтуудад ярилцлага өгсөн. Хоёрт хэвлэлийн бага хурал хийсэн. Гуравт холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудад Б.У-ийн нэр төрд холбогдуулан гомдол гаргасан. Эдгээр арга хэрэгслээр нэр төрд нь халдсан гэж үзэж байна. Дээрх гурван арга замаар тараасан мэдээллийн агуулга хоорондоо ижил. Үүнд: Улсын Их Хурлын гишүүн Б.У авилгын эсрэг хууль зөрчиж, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нэр бүхий 8 компаниа тусгаагүй, охин компаниудаар дамжуулан хууль бус үйлдэл хийж, барилга зам гүүр олон нийтийн ажилчдын эрх ашгийг хохироож байна гэх агуулгатай мэдээлэл тараасан. Мөн Б.У нь Г ХХК-ийн захиалгаар бариулсан 65 айлын орон сууцыг 2012 оны 2 дугаар сард өөрийн өмчлөлдөө авсан гэх үндэслэлгүй мэдээлэл тараасан. Монгол Ардын намаас нэр дэвшсэн Б групп ХХК-ийн захирал Б.У барилгын ажилчдын цалин хөлсийг өгөхгүй хохироолоо гэдэг мэдээлэл тараасан. Б.У-г Улсын Их Хуралд нэр дэвшиж байх үед уулзаж, асуудал тавихад шийдэж өгнө гээд алга болсон, Улсын Их Хурлын гишүүн болоод хууль бус үйлдлүүдээ үргэлжлүүлсэн. Манайхаас зөвшөөрөл авалгүйгээр барилгад хууль бус нотлох баримт бүрдүүлж, гэрчилгээ гаргуулсан гэсэн мэдээлэл цацсан. Мөн тус компанийн барилгын зураг төсөл, гэрээ хэлцэл агуулсан компьютерийн процессор хулгайд алдсан хэрэгт холбоотой гэж мэдээлэл өгсөн. Улсын Их Хурлын гишүүн болчихоод Барилгын тухай хууль, Засгийн газраас гаргасан барилгатай холбоотой хэм хэмжээний акт зөрчиж биднийг хохироож байна гэсэн агуулгатай мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тараасан. Энэ нь бодит үнэнд нийцэхгүй мэдээ, мэдээлэл юм. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нэр бүхий компаниудыг тусгаагүй гэх мэдээллийн тухайд  ГФ ХХК-ийн албан бичигт дурдсан 8 компаний нэг нь ч Б.У болон Б групп ХХК-тай хамааралгүй. Тусдаа хувь хүмүүсийн компани болох нь Open dalai буюу нээлттэй цахим сайтаас харагддаг. Барилгын ажилчдын цалин хөлс өгөхгүй хохироосон мэдээллийн тухайд Б.Ундармаа нь ГФ ХХК-тай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй, барилга бариулаагүй. Г ХХК-ийн захиалгаар бариулсан 65 айлын орон сууц 2016 оны 2 дугаар сард өмчлөгдсөн. Нэхэмжлэгч нь 65 айлын орон сууцыг өмчлөлдөө аваагүй. Хариуцагч талаас ашиглалтад ороогүй байранд ипотекийн 8 хувийн зээл гаргасан гэсэн асуудал ярьсан боловч Монголын ипотекийн холбооноос ирүүлсэн албан бичигт ипотекийн зээл байхгүй гэсэн. Мөн иргэн Б.У ипотекийн зээл олгодог эрх бүхий этгээд биш.  ГФ ХХК нь процессор алга болсон, хууль бус нотлох баримт бүрдүүлж улсын комисст хүлээлгэж өгсөн зэрэг асуудлаар Дорноговь аймгийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан боловч цагдаагаас Б.У-тай холбоогүй гэж үзээд хэрэг үүсгэхээс татгалзсан. Хариуцагчийн тараасан мэдээ, мэдээлэлд Б.У нь хамааралгүй байгаа учир нэр, нэр төрөө сэргээлгэх нэхэмжлэл гаргасан. Хуульд зааснаар худал мэдээ, мэдээлэл тараасан этгээд тараасан мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох, нотолж чадахгүй бол нэхэмжлэгчээс албан ёсоор уучлалт гуйж, нэр хүндийг нь сэргээх үүрэг хүлээсэн. Ер нь бол ГФ ХХК нь Г ХХК-тай барилгын ажил гүйцэтгэх гэрээтэй. Г ХХК төлбөрөө төлж барагдуулаагүйн улмаас Капитал банк ХХК-д шилжиж очсон. Капитал банк ХХК, Г ХХК-д холбогдуулан хариуцагч нь асуудлаа шүүхийн журмаар шийдүүлэх боломжтой байхад энэ бүхний ард Б.У байгаа гэдэг хардалтын хүрээнд мэдээ мэдээлэл тараасан гэж үзсэн учраас нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иймд нэхэмжлэгч Б.У-ийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, уучлал гуйх, худал мэдээллийг залруулахыг хариуцагч ГФ ХХК-нд даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч ГФ ХХК-ийн захирал Н.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гэрэлт фокус ХХК нь Г ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 2 жилийн хугацаатай ажилласан. БК банк ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдаж байсан. Хотоос очиж ажилласан ажилчид 4 сар цалингаа аваагүй, цалингаа шаардахаар Капитал банк ХХК-иас зузаатгал орж ирэхээр мөнгийг чинь өгнө гэдэг тул ажилчдаа хот руу татсан. Барилгад хууль бус материал бүрдүүлж Улсын комисст хүлээлгэж өгсөн. Энэ маргаан анх 2014 онд Капитал банк ХХК-тай холбоотой эхэлсэн. ГФ ХХК-тай гэрээ байгуулсан Г ХХК нь 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Б.У-г Улсын Их Хурлын гишүүн болохоос өмнө Капитал банк ХХК-нд 100 хувь шилжүүлж авсан. ГФ  ХХК Г ХХК-иас мөнгө нэхэхээр барилгатай холбоотой бүх асуудлыг Капитал банк ХХК хариуцна гээд гарын үсэг, тамгатай албан бичиг өгсөн. Тухайн үед ГФ ХХК нь Б.У болон Капитал банк ХХК-д хандаж албан бичиг хүргүүлсэн боловч хариу өгөөгүй, уулзах гэж олон удаа очиход оруулаагүй. Би сонгуулийн сурталчилгаанд очиж Б.У-аас ГФ  ХХК-тай холбоотой асуудал ярихад сурталчилгаан дээр ярьж болохгүй, санал хүсэлтээ албан бичгээр бичээд авчир, маргааш шийдэж өгье гэсэн. Маргааш нь бид нар албан бичиг бичиж өгсөн боловч өнөөдрийг хүртэл асуудал шийдэгдээгүй. Капитал банк ХХК-ийн 99.9 хувийн хувьцаа эзэмшигч нь Б.Ундармаа. 2016 оны 2 дугаар сард Г ХХК-ийг Капитал банк ХХК эрх шилжүүлэх гэрээгээр авсан. Компанийг Б.У-тай холбоогүй болгохын тулд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр улсын бүртгэлд Г ХХК-ийг MNG давхар далавч болгож зассан. Манай компани төрийн албан хаагчийн хууль бус үйлдлийн талаар Засгийн газарт гомдол гаргаж, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас лавлагаа гаргуулсан. Компьютерийн сүлжээний мэдээлэл гэрчилгээнээс өөр, хэн засвар хийсэн нь мэдэгдэхгүйгээр засварласан байсан. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын байцаагчийн дүгнэлт гарсан. Улсын комисс ажиллуулсан үйлдэл цагдаагийн байгууллагаар тогтоогдсон. Захиргааны хэргийн гурван шатны шүүх хэлэлцэж, хууль бус болохыг тогтоож, барилгын Улсын комиссын актыг хүчингүй болгосон. Барилгын ажил дуусаагүй байхад 2016 оны 3 дугаар сараас эхлэн ипотекийн 8 хувийн зээлд хамруулна гэж олон оршин суугчдыг зээлд хамруулсан. Энэ ажлыг Б.У хариуцаж хийсэн. Улсын Их Хурлын гишүүн болохоосоо өмнө хийсэн ажлаа гишүүн болсны дараа надад хамаагүй болсон гэж тайлбарладаг. Авилгатай тэмцэх газарт Б.У-ийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгуулахаар хандсан боловч Улсын Их Хурлын ёс зүйн хороонд ханд гэснээр хандсан. Бид аргаа барж жагсаал цуглаан хийнэ гэж байсан ч хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Хэвлэлийн бага хурал хийхдээ Б.У-г хулгайч, луйварчин гэж нэр хүндэд нь халдаагүй, зөвхөн болсон асуудлыг ярьсан. ГФ ХХК-ийн зүгээс хулгайч, луйварчин, олон хүмүүсийг залилсан зэргээр хүний нэр хүндэд халдаагүй. Zindaa.mn сайтад ярилцлага өгч, Хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийсэн. Сэтгүүлчид нийтлэлд гарчиг өгсөн болохоос би өгөөгүй. Бид яагаад хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандах болсон бэ гэхээр уулзах гээд очихоор уулздаггүй, ажилчид цалингаа авч чадахгүй 2 жилийн хугацаа өнгөрсөн байсан. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.16-т зааснаар төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхээ хэрэгжүүлсэн. Зам-Үүдийн хохирогч нар Б.У-д холбогдуулан гомдол гаргасан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч ГФ ХХК-нд холбогдох нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, мэдээ тараасан хэлбэр хэмжээгээр мэдээллийг залруулж, уучлалт гуйхыг даалгах нэхэмжлэл гаргасан байна.

2014 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ГФ ХХК нь Г ХХК-тай Дорноговь аймаг Замын Үүд сум 1 багийн нутаг дэвсгэрт баригдах үйлчилгээтэй 65 айлын орон сууцны барилга барих Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, Г ХХК-ийн хүсэлтээр 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн улсын комиссын 26/2016 актаар барилгыг ашиглалтад хүлээн авсан, хариуцагч ГФ ХХК нь Захиргааны хэргийн шүүхэд улсын комиссын актыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхийн шийдвэрээр актыг хүчингүй болгон шийдвэрлэжээ. Энэ үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, талууд маргаагүй байна.

Г ХХК нь Капитал банктай 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зээлийн төлбөр барагдуулах гэрээ байгуулж гэрээгээр зээлийн гэрээний дагуу барьцаалагдсан Дорноговь аймаг Замын Үүд сум 1 багийн 8 дугаар хэсэгт байрлах орон сууцны дуусаагүй барилга гэх хөрөнгүүдийг 14.894.000.000 төгрөгт тооцон Капитал банкны эзэмшилд шилжүүлэн өгч зээлийн гэрээнүүдээр зээлдэгчийн хүлээсэн зээлийн үүргийг дуусгавар болгох, Г ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авахаас өмнөх Г ХХК-ийн өр төлбөр, уг компаний гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн аливаа үүргийг ганц гишүүнтэй Г ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Б.Пагамдулам нь бүрэн хариуцахаар тохирч, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр компаний эрхийг шилжүүлэн авах гэрээ байгуулж, Г ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Капитал банк улсын бүртгэлд 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр бүртгэгдсэн байна.

Г ХХК-ийн бусадтай хийсэн гэрээтэй холбоотой хүлээсэн үүргийн талаар Гэрэлт фокус ХХК нь Б.У-д холбогдуулан түүнийг Капитал банкны 99.9 хувийн эзэмшигч гэж үзэж Капитал банктай холбоотой Zinda.mn цахим сайтад Капитал банкны хохирогчид Б.У гишүүний луйврыг илчиллээ гэх мэдээллийг байршуулж, хэвлэлийн бага хурал хийж Капитал банк өөрийн охин компани Г ХХК-ийг барилгын өмч хөрөнгөтэй нь шилжүүлэн авч хууль бусаар улсын комисс ажиллуулцан. Капитал банк буюу Б группын ерөнхийлөгч Б.У байсан. УИХ-ын гишүүн болсныхоо дараа 2016 оны 09 дүгээр сард хууль бус луйвар хийж байгаа хүн. Одоо өөрт нь хандахад УИХ-ын гишүүн болцоон уучлаарай надад хамаагүй гэх мэтчилэн Капитал банк, УИХ-ын гишүүн Б.У гишүүнд луйвардуулж байна. Луйврын аргаар зөвхөн хэдхэн хүний эрх ашгийн талаар бид татвар төлсөндөө харамсаж байна. УИХ-ын энэ гишүүн ард түмнийг ганцхан манайхаар ч тогтохгүй аягүй олон хохирогч нар байгаа энэ хүмүүсийг удаа дараа залилаад, луйвардаад энд нь төр нь үйлчлээд байгаа, УИХ-ын гишүүн болчихоор төрд нөлөөлөлтэй байдаг юм уу. Аймгийн засаг дарга, барилга хот байгуулалтын газрынх нь дарга луу нэг албан бичиг бичээд манай улсын комисс хууль бусаар хүлээгээд авцын. Ингээд Б.У гишүүний хууль бус үйлдлээс болоод компани хохиролд учраад 2 жилийн нүүр үзэж байна гэх мэдээллийг цацаж, иргэдээс энэ мэдээлэлтэй холбоотой сөрөг комент бичих нөхцөл бий болгосон байна.

Хэрэгт цугларсан баримтаар Капитал банк нь 2 гишүүнтэй, хувьцаа эзэмшигч нь Б.У биш байх бөгөөд тэрээр 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогджээ.

Хариуцагч нь мэдээллийн үнэн зөвийг нягталж шалгахгүйгээр цахим сайт, хэвлэлийн бага хурлаар нийтэд мэдээлсэн нь нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж үзэхээр байна.

Иргэний нэр нь түүнийг бие хүн болгон тодорхойлж, өөрийн нэрээр эрх зүйн бүх эрхээ олж авдаг тул тухайн хүнээс өөр хэн ч хүний нэрийг ашиглан хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээ, мэдээлэл хийх, олон нийтийг төөрөгдөлд оруулах, түүний нийгэмд эзлэх байр суурьд нөлөөлөх сөрөг үр дагаварыг бий болгож, халдах эрхгүй юм. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно гэж заасан ба Иргэний эрх зүйгээр нэр төр, ажил хэргийн нэр хүндийг хамгаалахдаа түүний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглож мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар мэдээг тараасан хэлбэрээр няцаах үүрэг хүлээлгэсэн байна.

Хариуцагч ГФ ХХК нь Б.У-тай холбоотой авлигын эсрэг хууль зөрчиж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн 8 компанийг мэдүүлэлгүйгээр нуун дарагдуулсан, 65 айлын орон сууцыг өөрийн компаний өмчлөлд авч барилгын ажилчидын цалин хөлсийг өгөхгүй хохироож, хуурамч баримт материал ашиглан барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн, Бишрэлт группийн ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Б.У хууль бус үйл ажиллагаа явуулж олон зуун барилга зам гүүрийн ажилчидыг хохироож байгаа талаар дурдаж Авлигатай тэмцэх газар болон, олон нийтийн зөвлөл, УИХ-ын ёс зүйн хороо, Чингэлтэй дүүргийн прокурорт гомдол гаргасан боловч гомдол мэдээллийг эцэслэн шийдвэрлээгүй байхад энэ талаарх мэдээ баримтыг цахим сайтаар нийтэд цацаж нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд үндэслэлгүйгээр халдсан мэдээллийг түгээсэн буруутай байна.

Иймд нэхэмжлэгч Б.У-ийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээллийг тараасан үйлдэлдээ уучлал гуйх, дээрх мэдээллийг тараасан хэлбэрээр залруулахыг хариуцагч ГФ ХХК-нд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3-т зааснаар нэхэмжлэгч Б.Ундармаагийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээллийг тараасан үйлдэлдээ уучлал гуйх, дээрх мэдээллийг тараасан хэлбэрээр залруулахыг хариуцагч ГФ ХХК-нд даалгасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ГФ ХХК-наас 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.У-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

 

З.ДОРЖНАМЖИН