Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2020/01655

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо 2 дугаар хороолол 24 дүгээр байр 2 тоотод оршин суух, 1975 онд төрсөн 44 настай, Бяраг овогт Л.Г.

Хариуцагч: Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 дугаар бичил хороолол 19 дүгээр байр 95 тоотод оршин суух, 1966 онд төрсөн 54 настай, Есүхэй овогт Б.Д

34.000.000 төгрөг гаргуулж насос биет байдлаар гаргуулах үндсэн нэхэмжлэл, зээлийн хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, хамтран ажиллаад олсон ашигт 4.946.250 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Г, өмгөөлөгч С.Г, хариуцагч Б.Д, өмгөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 03 дугаар сарын дундуур Т.Э, Д.А нар Б.Д-ийг уул уурхайн мэргэжилтэй, туршлагатай хүн хэмээн танилцуулсан. Б.Д өөрийгөө уул уурхайн чиглэл буюу алт олборлох чиглэлээр нилээд туршлагатай, энэ чиглэлээр ажилладаг, алт олборлоход ашиглагдах техник тоног төхөөрөмж, ковш машин, скруббер, кабинтай буу, ачааны машин, алт угаагч ажилчид болон алт олборлох газар бэлэн байгаа гэж хэлсэн. Улмаар 2018 оны 05 дугаар сарын эхээр Б.Д, Т.Э бид нар манай офисст уулзахад Б.Д одоо техник тоног төхөөрөмжөө засаж янзлах мөнгө нэн тэргүүнд хэрэгтэй, техник тоног төхөөрөмжөө янзалж дуусгаад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Харгант гэх газарт Ч.А гэх хүний нөхөрлөл дээр 70/30 хувиар орж ажиллана гэж хэлсэн. Засуулах машин энэ гээд Баянхошуу орчимд нэг газар дагуулан очиж Даевоо машин үзүүлсэн. Ингээд мөнгө гаргах болсон ганц мөнгөтэй хүн нь би болж таарсан. Миний хувьд Б.Д-д нэг их итгээгүй учир шууд мөнгийг май гэж өгчихөж боломгүй санагдаад 9.000.000 төгрөгийг зээлээр өгье тоног төхөөрөмжөө засчих гээд 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр түүний данс руу шилжүүлсэн. Тэрээр бусад тоног төхөөрөмжөө алт олборлох газарт байгаа гэсэн. Шилжүүлсэн 9.000.000 төгрөг нь хамтран ажиллахад биш, хамтран ажиллахад хэрэглэгдэх техник тоног төхөөрөмжийг засч янзлах бэлдэх гэж надаас зээлсэн мөнгө юм. Түүнтэй утсаар холбогдоход техникээ засч байна, ажлаа бүтээж байна гэдэг байсан. 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр техник тоног төхөөрөмж болсон гээд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Харгант гэх газрын нөхөрлөлийн бичиг баримт гаргадаг гэх Ч.А-тай уулзахаар болж манай офисст уулзалдсан. Ч.А нөхөрлөлийн бичиг баримт гарч байгаа урьдчилгаа 2.000.000 төгрөг гэсэн тул түүнд 2.000.000 төгрөг өгөхөөр болж гарын үсэг зурж баталгаажуулж Б.Дагвадорж мөнгийг шилжүүлэхээр болсон. Б.Д гаргасан мөнгөө нугалж олно гэж Д.А, Т.Э бид гуравт ойлгуулж итгүүлсэн. Бид хамтран ажиллахаар болж Б.Д өөрийн техник тоног төхөөрөмж ажилчидаар хангаж санхүүг барих, үйл ажиллагааг удирдан авч явах, Т.Э өөрийн тоёота стимо маркийн микро автобусаар үйлчилж оролцох, Д.А бид 2 мөнгө гаргаж эхний олборлолтоос авч, ашгаа хуваахаар тохирсон. Ингээд ажил эхэлж миний бие Д.Б-аас 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 25.000.000 төгрөг зээлж Б.Д-ийн хэлсэн данс руу шилжүүлсэн. 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр бэлтгэлээ хангаж, ажилаа эхлүүлэхээр болж Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Харгант гэх газар луу ажилчидын хамт хөдөлсөн. Ажил хийх газар Ч.А-ийн нөхөр хүлээж авна гэсэн боловч биднийг 08 дугаар сарын 19-ний өдөр очиход хэн ч хүлээж аваагүй. Бид 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хэрээн гол дээр очиж Хасу ХХК-ийн хүмүүстэй уулзаж гарсан алтны 30 хувийг Х-ХХК-нд өгөхөөр тохиролцож үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бид 2018 оны 09 дүгээр сарын 12-ноос 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл нийт 7 удаа угаасан. Санхүүг Б.Д барьж байсан. Бидний угаасан алт маш бага хэмжээтэй байсан тул шатахуун, хоол хүнсэндээ зарцуулаад дуусдаг байсан. Биднийг алт тушаахаар явах хойгуур Б.Д-ийн эхнэр Д.Д 2 дахь саванд хийж орхисон шороог байнга угаадгаас бид хамтран ажиллах итгэлгүй болж оруулсан мөнгөө буцааж авмаар байна гэхэд Б.Д хотод очоод мөнгийг чинь өгч хохиролгүй болгоно гэсэн. Миний гаргасан 25.000.000 төгрөгнөөс Б.Д нь А-И ББСБ ХХК-ийн барьцаанд байсан байраа 16.400.000 төгрөгөөр чөлөөлүүлсэн байсан. Тус байраа 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр барьцаанд тавьж 45.000.000 төгрөг авч түүнийгээ хамтарч ажиллахдаа зарцуулсан гэдэг боловч энэ талаар би мэдэхгүй. Ажилчид цалин авах хэмжээнд ч ажиллаагүй. Бид хамтарч ажиллахаа больж, Б.Д Хэрээн гол дээр үйл ажиллагаагаа хэвээр үргэлжлүүлэн үлдэж 2018 оны 11 дүгээр сарын 20-ныг хүртэл ажилласан. Б.Д ажлаа дуусгаж ирээд надтай уулзахдаа зээлсэн 9.000.000 төгрөг, хамтарч ажиллахад гаргасан 25.000.000 төгрөгийг өөрөө хариуцаж өгөхөө зөвшөөрсөн. Өөрөө 9.000.000 төгрөгийг зээлснээ зөвшөөрч бичиг хийж өгсөн. Хамтарч ажиллахаар гаргасан 25.000.000 төгрөгийг 4 хувааж төлнө гэсэн. Иймд Б.Д-оос нийт 34.000.000 төгрөг гаргуулж өгнө үү. А-И ББСБ-аас нотлох баримт гаргуулах, алт олборлохоор хамтарч ажиллаж байсныг тэмдэглэн бичсэн хар дэвтэр гэх бичгэн баримтыг нотлох баримтаар гаргуулах хүсэлтүүдээс татгалзаж, насосийг биет байдлаар гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэв.

Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 03, 04 дүгээр сарын үед Т.Э, Д.А бид гурав уулзсан. Тэд Л.Г-ыг дуудаж надтай танилцуулсан. Өмнө нь тэр 3 хөрөнгө босгож уул уурхайн чиглэлээр ажиллахаар ярилцсан байсан. 2018 оны 05 дугаар сарын 10-ны үед Т.Э над руу залгаад Л.Г-ын оффис дээр дуудаж хамтарч ажиллах санал тавьсан. Би уул уурхайн чиглэл хүнд шүү гэж анхааруулж, хамтран ажиллахаар болж, олсон ашгаа 4 хувааж авахаар тохирцгоосон. Хайгуулын ажил хийхэд ойролцоогоор 200.000.000 гаруй төгрөгийг зарцуулах шаардлагатай болсон. Бид өөр өөрсдийн боломжоор хөрөнгө оруулалт хийхээр болж Л.Г 9.000.000 төгрөг байна эхний хөрөнгө оруулалтыг би хийе гэж хэлсэн. Энэ үед Т.Э хажуугаас бид хоёрыг хамт гэж ойлгоорой гэсэн. Бидний дундаас хамтын ажиллагааг хариуцаж ажиллах хүн шаардлагатай болсон тул бид ярилцаад намайг сонгосон. Л.Г 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр миний дансанд 9.000.000 төгрөгийг Голомт банкнаас орлого гэж шилжүүлж Т.Э, Л.Г бид гурав Т.Э-ийн машинаар 2018 оны 05 дугаар сарын 18-21 өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Баруун хараад байрлах Нарангийн гол гэх газрыг Л.Г-ын найз н.Жамъян гэх хүний санал болгосноор очиж үзсэн. Тэгээд н.А-ы хэлснээр н.Э гэх залуугийн газрыг үзсэн. Т.Э, н.А, Л.Г бид дөрөв 2018 оны 05 дугаар сарын 25-26-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Ганц хайлааст гэх газрыг очиж үзсэн. Бид нийт 600 гаруй км зам туулж, 340.000 төгрөгний зардал гаргасан. Т.Э, Г.Г бид гурав 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Т.Э-ийн машинаар бичил уурхайн эзэн н.Г-г авч, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Жалга хөхөн гэх газрыг очиж үзсэн. Дараа нь Сэлэнгэ аймгийн Ерөө сум орж Ч.Алтантуяа түүний нөхөр н.Э-ны хамт газруудыг үзэж судалсан. Бид нийт 820 км зам туулж, замын зардал 475.000 төгрөгийг зарцуулж, тэнд хоёр хоносон. 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Төв аймгийн Заамар, Бүрэгхангай суманд байрлах газрыг үзсэн. Бид нийт 7 удаа явж 5690 км зам туулж, 3.450.000 төгрөг зарцуулсан. 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Л.Г Ч.А-г оффис дээрээ дуудан уулзаж, хамтран ажиллахаар болж Ч.А-д 25 хувийг өгч, өөрсдөө 75 хувийг авахаар тохиролцсон байсан. Ч.А-д урьдчилгаа 2.000.000 төгрөг өгөхөөр тохирч Т.Э, Л.Г хоёр эээл гэж бичүүлж гарын үсэг зуруулаад 2.000.000 төгрөгийг өгөөрэй гэсний дагуу би 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Л.Г-с түрээсийн төлбөр гэж 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 25,000,000 төгрөг шилжүүлж Л.Г-ын оффис дээр бид уулзаж цаашид ямар ажил хийх болсон талаар ярилцсан. Л.Г-ын санал болгосноос Бүрэгхангай суманд хайгуулын ажил хийж өрөмдлөгийн үйл ажиллагааг Л.Г толгойлж явуулсан. Өрөмдлөг хийхэд голын эргээр маш их хэмжээний устай байсан тул 4.470.000 төгрөгний хайгуулын ажил үр ашиггүй болсон. Хамтран ажиллах ажлыг эхлүүлэхээр тооцоо хийхэд 54.000.000 төгрөг шаардлагатай болсон. 2018 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн байдлаар бидэнд 20.000.000 төгрөг байсан. Нэмж 34.000.000 төгрөг олох шаардлагатай болсон тул орон сууцаа банкны барьцаанаас 15.000.000 төгрөгөөр чөлөөлж н.А, Д.Д нарын нэр дээр А-И ББСБ ХХК-нд барьцаалж 45.000.000 төгрөгийн зээл авч хамтын ажиллагаанд хөрөнгө оруулалт хийсэн. Бид өөрсдийн боломж бололцоогоор 87.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг бий болгосон. Бид Х ХХК-ийн газарт орж ажиллаад 30 хувийг өгч, үлдэх 70 хувийг 4 хувааж авахаар тохиролцож ажлыг эхлүүлсэн. Гэтэл уурхай дээр 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр маргаан гарч өөрсдийн хаясан алтыг манай эхнэрийг гараар угааж авсан гэж хоорондоо маргалдсан байсан. Тэгээд Л.Г ажлаа хаяад 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хот руу явсан. Иймд Л.Г-ын нэхэмжилээд байгаа 9.000.000 төгрөг зээл биш, хамтарч ажиллахаар тохиролцож эхний удаа 9.000.000 төгрөг орлого гэж, дараа нь 25.000.000 төгрөгийг түрээсийн төлбөр гэж шилжүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Б.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч тайлбарлахдаа: Л.Г, Д.А, Т.Э бид дөрөв нийтдээ 87.380.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж уул уурхайн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон. Л.Г 34.000.000 төгрөг, Д.А 8.380.000 төгрөг, Б.Д 45.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн болох нь Прокурорын тогтоолоор тогтоогдсон. Хамтран ажиллахаар тохиролцож шилжүүлсэн 34.000.000 төгрөгнөөс өөр мөнгө Л.Га-аас аваагүй. Хамтын ажиллагаа дуусгавар болж Л.Г 2018 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн оффис дээр дуудан хуулийн зөвлөгөө авсан, хамтын ажиллагаандаа зарцуулсан мөнгөө баталгаажуулахын тулд гарын үсэг зуруулж авах шаардлагатай байна гээд мөнгө зээлэв гэсэн бичиг хийлгэж авсан. Бид хамтран ажиллаад 208.1 гр алт буюу 19.785.000 төгрөгний ажил хийсэн тул мөнгөний дөрөвний нэг 4.946.000 төгрөг нэхэмжилсэн. 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 9.000.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 25.000.000 төгрөг зээлэв гэх 34.000.000 төгрөгийн зээлийн хэлцлүүд хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Шүүх хуралдаанд хамтран ажиллаад олсон ашиг 4.946.250 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 25.000.000 төгрөг зээлэв гэх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох шаардлагаас бүрэн хэмжээгээр татгалзаж байна. 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 9.000.000 төгрөгний зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Г шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Манайх нэхэмжлэлийн шаардлагаа хоёр хэлцлийн агуулгыг үндэслэж гаргаагүй. 9.000.000 төгрөгийг зээлийн хэлцэл гэж гаргасан. Үүнийг хүчин төгөлдөр бус тооцох хууль зүйн үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зээлийн гэрээг заавал бичгээр байгуулна гэх агуулга байхгүй. 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр амаар байгуулж, нэхэмжлэгч 9.000.000 төгрөгийг шилжүүлсэн. 2018 оны 11 дүгээр сард хариуцагч 9.000.000 төгрөгийг зээлсэн бөгөөд төлөхөө хүлээн зөвшөөрч баримт үйлдэж өгсөн. 25.000.000 төгрөгийн хэлцлийн хувьд зээлийн хэлцэл гэж харахгүй байгаа. Хамтран ажиллах гэрээнээс татгалзсан буюу ашиггүй ажилласан учраас Л.Г хохирсон. Хариуцагч Б.Д нь хохиролыг төлж барагдуулна гэж хүсэл зоригоо илэрхийлсэн баримт байна. Энэ хүмүүс ямар ч ашиггүй ажилласан гэв.

Шүүх хуралдаанаар талуудын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ нэхэмжлэгч Л.Г нь хариуцагч Б.Д-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9.000.000 төгрөг, хамтарч ажиллахаар тохиролцож шилжүүлсэн 25.000.000 төгрөг нийт 34.000.000 төгрөг гаргуулж, насосийг биет байдлаар гаргуулах, хариуцагч Б.Д нь нэхэмжлэгч Л.Г-т холбогдох 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 9.000.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 25.000.000 төгрөгний хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, хамтран ажиллаад олсон ашигт 4.946.250 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь насосийг биет байдлаар гаргуулах, хариуцагч нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 25.000.000 төгрөгний хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, хамтран ажиллаад олсон ашиг 4.946.250 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзсан байна.

Нэхэмжлэгч Л.Г, хариуцагч Б.Д, Д.А, Т.Э нар 2018 оны 03 дугаар сарын дундуур уул уурхайн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, хамтын ажиллагаанд зориулж Л.Г 34.000.000 төгрөг, Д.А 20.000.000 төгрөг, Б.Д 45.000.000 төгрөг, техник хэрэгсэл, Т.Э тоёота эстима маркын микро автобусаар үйчлэхээр тохиролцож Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Харганат гэх газар ажлыг эхлүүлжээ.

Уул уурхайд ажиллах техник хэрэгслийн засварын хөлс, газрын зөвшөөрөл хөөцөлдөх ажилд зарцуулахаар Л.Г-аас хамтын үйл ажиллагаанд зориулж 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 9.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг орлого нэртэйгээр, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 25.000.000 төгрөгийг түрээсийн төлбөр нэртэйгээр тус тус шилжүүлсэн болох нь шүүх хуралдаанд тайлбарласан талуудын тайлбар, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст Л.Г-ын хохирогчоор өгсөн бид 4 уулзалдаад эхний ээлжинд 9.000.000 төгрөг техник үйлчилгээ, засварын хөлсөнд яаралтай хэрэгтэй гэхээр нь Голомт банкны данснаас шилжүүлсэн, дараа нь ажил эхлэхэд 25.000.000 төгрөг нийт 34.000.000 төгрөг оруулсан, Т.Э-ийн гэрчээр бид хамтарч алтны олборлолт хийж ашиг олох зорилготойгоор миний тоёота эстима маркын машинаар ажилд гарахаас өмнө газрын судалгаа, хайгуул гэх зүйлсийг хийж хамтарч ажилласан. Л.Г ихэнхи мөнгийг үлдсэнийг нь Д.А, Б.Д нар гаргасан, гэрч Д.Д-ийн гэрчээр 2018 оны 03 сараас 10 дугаар сарын 02 хүртэл Л.Г, Т.Э, Д.А, Б.Д нар байнга цуг явж хамтран ажилласан, Д.А-ны гэрчээр Т.Э, Л.Г, Б.Д бид нар нийлж уур уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах болж Л.Ганбаатар 34.000.000 төгрөг, би 27.000.000 төгрөг, Б.Дминий нэр дээр өөрийн 2 өрөө байрыг барьцаалж 45.000.000 төгрөг гаргаж бид хөдөлж эхэлсэн. Нийт 98.000.000 төгрөгийг Б.Д-ийн дансанд төвлөрүүлчихсэн байсан гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Талууд хамтын үйл ажиллагааг гардан гүйцэтгэх төлөөлөгчөөр Б.Д-ийг сонгож, хамтын үйл ажиллагааг эхлүүлж алт олборлох ажлыг эхлүүлсэн боловч ашиг олоогүйгээс хамтын үйл ажиллагааны зорилго биелэгдээгүй, хамтарч ажиллахаа зогсоосон тул Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-т зааснаар хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг хэн аль нь өөрсдөө хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэгч нь 34.000.000 төгрөгийг шаардах эрхгүй байна.

Нэхэмжлэгч 9.000.000 төгрөгийг гэрээ хийж зээлдүүлсэн гэж тайлбарладаг боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Э, Д.А нарын гэрчээр өгсөн мэдүүлгээр хамтран ажиллахаар тохиролцож Л.Г уул уурхайн техник, тоног төхөөрөмжийг засч сэлбэх, газрын зөвшөөрөл хөөцөлдөн авах ажилд зориулж урьдчилан 9.000.000 төгрөгний хөрөнгө оруулалтыг хийсэн талаар мэдүүлсэн тул зээлийн гэрээний үүрэгт 9.000.000 төгрөгийг шаардах эрхгүй гэж дүгнэв.

Иймд хариуцагч Б.Д-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 9.000.000 төгрөг, хамтран ажиллахад зориулж шилжүүлсэн 25.000.000 төгрөг нийт 34.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Хариуцагч Б.Д нь нэхэмжлэгч Л.Г-т холбогдуулж 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 9.000.000 төгрөгний зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлага гаргасан боловч талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, зохигчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр үйлдсан мөнгө зээлсэн тухай баримт нь хамтын ажиллагаанд зориулж шилжүүлсэн мөнгөө баримтжуулж баримт үйлдсэн талаар зохигч шүүх хуралдаанд тайлбарласан тул харицагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь А-И ББСБ-аас нотлох баримт гаргуулах, алт олборлохоор хамтарч ажиллаж байсныг тэмдэглэн бичсэн хар дэвтэр гэх бичгэн баримтыг нотлох баримтаар гаргуулах хүсэлтүүдээс татгалзсанг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 478 дугаар зүйлийн 478.11-т зааснаар хариуцагч Б.Д-д холбогдох 34.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Л.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443.550 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Г-т холбогдох 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 9.000.000 төгрөгний зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах хариуцагч Б.Д-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355.000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

5. Нэхэмжлэгч Л.Г нь хариуцагчид холбогдох насос биет байдлаар гаргуулах, хариуцагч Б.Д нь нэхэмжлэгчид холбогдох 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 25.000.000 төгрөгний хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, хамтран ажиллаад олсон ашиг 4.946.250 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тус тус татгалзсан зохигчийн татгалзлыг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

6. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь А-И ББСБ-аас нотлох баримт гаргуулах, алт олборлохоор хамтарч ажиллаж байсныг тэмдэглэн бичсэн хар дэвтэр гэх бичгэн баримтыг нотлох баримтаар гаргуулах хүсэлтээс татгалзсанг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА