Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2026/0472

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 51 дугаартай хууль бус дүгнэлтийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 337 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э

Гуравдагч этгээд Т.М, Ш.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 128/2026/0064/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “О” ХХК-иас Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд холбогдуулан “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 51 дугаартай хууль бус дүгнэлтийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 337 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 603 дугаар зүйлийн 603.1, 603.3-д заасныг тус тус баримтлан “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд холбогдох хэргийн Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 51 дүгээр дүгнэлтийг дахин шинэ акт гаргах хүртэл 5 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

            “...3.1. Хариуцагч Газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 51 дугаартай дүгнэлтийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-ийн “хуульд үндэслэх”, 4.2.5-ийн “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тухай захиргааны үйл ажиллагааны зарчмыг баримтлалгүй нь нэхэмжлэгч “О” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрсөн акт болсон.

            3.1.1. Энэхүү дүгнэлтийн 1, 2 дахь заалтаар “Баянзүрх дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах маргаан бүхий байршилд иргэн Т.М, Ш.Тү нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох тухай гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсүгэй” гээд “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 31.1.1-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай” гэж шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасан “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэснийг, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэснийг, 32 дугаар зүйлийн 32.1-ийн “Иргэн, аж ахуй нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ цахим систем болон төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системээр дамжуулан гаргана” гэснийг, 33 дугаар зүйлийн 33.1-ийн “Монгол Улсын иргэн, аж ахуй нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.1-ийн “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, нэхэмжлэгчийн хууль ёсоор эзэмшиж буй газар дээр бусдад газар эзэмших эрх олгож, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

            3.1.2. Нэхэмжлэгч “О” ХХК анх нийслэлийн Засаг даргын 2005 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 348 дугаартай захирамжаар “У” корпорацаас Баянзүрх дүүргийн ** дугаар хороо /одоо ** дугаар хороо болсон/ Гачуурт тосгоны нутаг дэвсгэрт 25 га талбайтай газрын эзэмших эрхийг шилжүүлэн авч, мөн Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 492 дугаартай захирамжаар эзэмших эрхийн хугацаагаа 5 жилээр сунгуулж 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/532 дугаартай захирамжаар нэгж талбарын 1333006251 дугаартай газрынхаа хэмжээг 24.84.1 м.кв болгон өөрчлүүлэн, хугацааг нь 15 жилээр сунгуулж, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдэн, эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний үндсэн дээр Сувилал, худалдаа, нийтийн үйлчилгээний цогцолборын зориулалтаар эзэмшил ашиглалтаа үүсгэн газрын төлбөрөө тогтмол төлж, хууль ёсоор эзэмшиж ирсэн.

            3.1.3. Гуравдагч этгээд болох Т.М-ийн нэр дээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/454 тоот захирамжийг үндэслэн олгосон нэгж талбарын 1333013145 дугаартай 685 м.кв газрыг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдэж, энэ газар нь нэхэмжлэгчийн нэгж талбарын 1333006251 дугаартай газартай давхцалгүй, өөр байршилд байдаг болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1/671 дугаартай албан тоот, мөн газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2/863 дугаартай албан бичиг, түүний хавсралт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог.

            3.1.4. Гуравдагч этгээд болох Ш.Т-ын тухайд бол Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн А/454 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн Баянзүрх дүүргийн ** дугаар хороонд газар олгогдсон иргэн, аж ахуй нэгжийн нэрсийн жагсаалтад нэр нь бичигдсэн боловч дээрх байршилд түүний нэр дээр Газрын кадастрын мэдээллийн санд газар бүртгэгдээгүй, нэгж талбарын дугаар, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй байдаг.

3.1.5. Гуравдагч этгээд Ш.Т, Т.М нар нь хууль бусаар малын хашаа, модон амбаар, жорлон зэргээ “О” ХХК-ийн нэгж талбарын 1333006251 дугаартай эзэмшил газрын хашаан дотор барьсан болох нь Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1/671 дугаартай албан тоот, мөн газрын шинжээчийн 2024/33 дугаартай дүгнэлт, тус газрын 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 2/863 дугаартай албан бичиг түүний хавсралт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог.

            3.1.6. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн эдгээр нотлох баримтуудаар гуравдагч этгээд Т.М нь өөрийн эзэмшил газартай боловч Ш.Т-ын хамт “О” ХХК-ийн эзэмшил газарт хууль бусаар амьдарч байгаа нь тогтоогдож, тэд нарт бусдын эзэмшил газартай давхцуулан /“О” ХХК-ийн эзэмшил газарт/ газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох хууль зүйн үндэслэл байхгүй болох нь, мөн нэхэмжлэгчийн эзэмшиж буй газраас бэлчээрийн зурвас газар болон нийтийн эдэлбэр газрыг хасаж талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд халдах бодит үндэслэл байхгүй болох нь хангалттай нотлогдож, тогтоогддог.

            3.2. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн бол Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2026 оны 08 дугаар сарын 22-ны 51 дугаартай дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь хэсэгт заасан хууль бус захиргааны акт гэдэг нь тогтоох байсан.

            3.3. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсгийн 7 дахь заалтад “хариуцагч нь тухайн асуудлаар маргааныг хянан шийдвэрлэх мэргэжлийн байгууллага болохын хувьд хээрийн судалгааг хийж, гуравдагч этгээд Т.М-ийн кадастрын зургийн зөрүүг арилгаж, маргаан бүхий байршилд гуравдагч этгээд нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох үндэслэл байгаа эсэхийг тогтоож, үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд үндэслэлийг хуульд нийцүүлэн тайлбарлаж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд халдаж буй үндэслэл, газрын хэмжээ, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын орц гарцыг хэрхэн шийдвэрлэж буй талаараа дүгнэлтэд зайлшгүй тусгах шаардлагатай” гэсэн алдаатай дүгнэлтийг хийж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг хэрэглэж Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 51 дугаартай дүгнэлтийг 5 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцээгүй.

            Иймээс Захиргаан хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 337 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:      

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч “О” ХХК-иас “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 51 дугаартай хууль бус дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2.2. Маргаан бүхий Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор “Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт маргаан бүхий байршилд иргэн Т.М, Ш.Т нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох тухай гомдлын шаардлагыг хангаж, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгаж, “О” ХХК-ийн эзэмшиж буй газраас бэлчээрийн зурвас газар болон нийтийн эдэлбэр газрыг хасаж талбайн хэмжээнд өөрчлөлт оруулах болон газрын зөрчлийг арилгаж холбогдох арга хэмжээ авахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж” шийдвэрлэсэн байна.

2.3. Анхан шатны шүүх “... хариуцагч нь тухайн асуудлаар маргааныг хянан шийдвэрлэх мэргэжлийн байгууллага болохын хувьд хээрийн судалгааг хийж, гуравдагч этгээд Т.М-ийн кадастрын зургийн зөрүүг арилгаж, маргаан бүхий байршилд гуравдагч этгээд нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох үндэслэл байгаа эсэхийг тогтоож, үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд үндэслэлийг хуульд нийцүүлэн тайлбарлаж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд халдаж буй үндэслэл, газрын хэмжээ, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын орц гарцыг хэрхэн шийдвэрлэж буй талаараа дүгнэлтэд зайлгүй тусгай шаардлагатай” гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг зөв тайлбарлан маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх боловч шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн, цаашид тодруулах шаардлагатай нөхцөл байдлын талаар бүрэн дүүрэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлээгүй гэх нөхцөл байдал тогтоогдлоо.

2.4. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, Газрын тухай хуулийн 602 дугаар зүйлийн 602.1-д “Газар өмчлүүлэх, эзэмших, ашиглах, чөлөөлөхтэй холбоотой энэ хуулийн 601.1.3, 601.3-т заасны дагуу гаргасан гомдол, Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасан хүсэлтийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий орон тооны бус Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл /цаашид “Маргаан таслах зөвлөл” гэх/ ажиллана” гэж тус тус зааснаас үзэхэд хариуцагч Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хооронд үүссэн газар эзэмшихтэй холбоотой үүссэн гомдлыг эцэслэн шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага юм.

2.5. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас гомдлыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, Газрын тухай хуулийн 603 дугаар зүйлийн 603.2-т “Маргаан таслах зөвлөл нь маргаанд оролцогч талуудаас нотлох баримт шаардах эрхтэй бөгөөд нотлох баримт ирүүлээгүй бол ирүүлсэн нотлох баримтын хүрээнд гомдлыг хянан дүгнэнэ” гэж тус тус заасны дагуу нотлох баримтыг бүрэн цуглуулж, бодит нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоосны үндсэн дээр Газрын тухай хуулийн 603 дугаар зүйлийн 603.1-д заасан дүгнэлтийг гаргахаар байжээ.

2.6. Тодруулбал, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 12 дугаар сарын 01-08/6929, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 01-05/402 дугаар албан бичгүүдээр нэхэмжлэгч компанийн эзэмшлийн газрыг Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан ойн сангийн газарт хамаарсан, 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасан ойн хамгаалалтын бүсэд хориглох үйл ажиллагаа явуулсан гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар удаа дараа мэдэгдсэн байх боловч хариуцагчаас гуравдагч этгээд Т.М-ээс гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэхдээ “нэхэмжлэгчийн газар ойн сан бүхий газар, түүний хамгаалалтын зурвас, ой тэлэн ургах нөөц газар, бэлчээрийн газар, аливаа дэд бүтцийн хамгаалалтын зурвастай аль хэсгээрээ, чухам ямар хэмжээгээр давхацсан болох, давхцалгүй хэсэг байгаа эсэх, хэрэв давхцалгүй хэсэг байгаа бол уг хэсгийг нэхэмжлэгч хуулийн этгээд үргэлжлүүлэн эзэмших боломжтой эсэх, түүнчлэн гуравдагч этгээд нарын эзэмшихийг хүсэж буй газар нь мөн адил ойн сан бүхий газар, түүний хамгаалалтын зурвас, ой тэлэн ургах нөөц газар, бэлчээрийн газар, дэд бүтцийн хамгаалалтын зурвастай давхцаж буй эсэх” зэрэг нөхцөл байдлуудыг бодитой тогтоохгүйгээр гуравдагч этгээд Т.М, Ш.Т нарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох талаарх гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хариуцагчийг бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэхгүй төдийгүй маргаан бүхий дүгнэлт бодит байдал дээр биелэгдэх боломжгүй, дахин маргаан үүсэх үндэслэлийг бүрдүүлэхээр байна.

2.7. Түүнчлэн гуравдагч этгээд нарын газар эзэмшихээр гаргасан хүсэлтийн хувьд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хангасан эсэхийг тодруулсны эцэст шинэ акт гаргах нь зүйтэй бөгөөд уг асуудлыг судлан шийдвэрлэх нь Газрын тухай хуулийн 601 дүгээр зүйлийн 601.1.3, 603 дугаар зүйлийн 603.1-д тус тус зааснаар захиргааны байгууллагын бүрэн эрх, сонгох боломжид хамаарч байх тул шүүхээс захиргааны байгууллагын хуулиар олгосон бүрэн эрхэд халдах боломжгүй төдийгүй дээрх нөхцөл байдлуудыг тодруулах нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрчээ.

2.8. Учир нь захиргааны хэргийн шүүхийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д зааснаар захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгадаг.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангагүй орхихоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 337 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э-ны давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

 

 

                        ШҮҮГЧ                                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН