Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2016/0102/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, Л.Уянга нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга,      
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Иргэдийн төлөөлөгч Д.Цогоо,
Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Р.Ганчулуун, Н.Баяр
Шүүгдэгч З.Билгүүн, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат,
Шүүгдэгч Б.Өнөболд, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарыг оролцуулан
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бодонгууд овогт Батсүхийн Бат-Эрдэнэ, Бодонгууд овогт Зоригтын Билгүүн, Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11,  мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сутаан чонос овогт Болдбаатарын Өнөболд нарт холбогдох эрүүгийн 201211000264 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1988 оны 8 сарын 13-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй    ажилгүй, ам бүл 9, ах, эгч, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 27 дугаар байрны 21 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ЖВ88081319 регистрийн дугаартай, Бодонгууд овогт Батсүхийн Бат-Эрдэнэ.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1993 оны 9 сарын 17-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Тээвэрчдийн 6 дугаар гудамжны 10 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ЖЛ93091711 регистрийн дугаартай, Бодонгууд овогт Зоригтын Билгүүн.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1990 оны 5 сарын 18-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй   ажилгүй, ам бүл 4, эцэг,эх, ахын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 28 дугаар байрны 28 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл ЖЭ90051871 регистрийн дугаартай, Сутаан чонос овогт Болдбаатарын Өнөболд.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн, Б.Өнөболд нар нь согтуугаар, бүлэглэн үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, танхайн сэдэлтээр 2012 оны 05 сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах Надежда кафений хойд талд иргэн Д.Сүхболдыг зодож санаатай алсан,
Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн нар нь согтуугаар, бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж 2012 оны 05 сарын 08-ны орой шөнийн 00 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах Надежда кафений хойд талд иргэн Ц.Ганзоригийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан,
Шүүгдэгч Б.Өнөболд нь согтуугаар, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, 2012 оны 05 сарын 08-ны орой шөнийн 00 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 9-р багт байрлах Надежда кафены хойд талд Ж.Баярбаатарыг зодож танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
шүүгдэгч Б.Өнөболдын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “... тэр коршокон малгайтай залуу “чи хүртэл юу вэ” гээд над руу дөхсөн. Би цохьчихож магадгүй гэж бодоод арагшаа ухраад байж байтал Бат-Эрдэнэ араас нь гарч ирээд тэр залууг цохиод унагасан. Яг тэр мөчид Цогтжаргалтай анх юм ярьж байсан залуу намайг хажуунаас цохиод авсан. Тэгээд би тэр залуутай зууралдаад байж байтал цагдаагийн шүгэл дуугараад нэг хүн цагдаа гэж орилсон. ... Өглөө үүрээр бид хэд байж байтал Бат-Эрдэнэ хэдүүлээ хот руу зугтья, эсвэл энэ хэргийг нэг нь даачих, даасан хүнд нь мөнгө төгрөг өгье гэх зэргийн зүйл ярьж эхэлсэн. ...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч З.Билгүүний сэжигтнээр “... Улаан фудболктой залуу над руу дайраад намайг цохих гэхээр нь би түүнийг түлхчихсэн чинь тэр залуу согтуу байсан болохоор зам дээр уначихсан. Тэгээд би түүнийг 2 удаа өшиглөөд эргээд харахад нөгөө хоёр залуу газарт уначихсан хоёулаа нүүрээ гараараа хамгаалаад атирчихсан хэвтэж байхад нь би горшокон малгайтай залуугийн нүүр орчимд нь нэг удаа өшиглөөд Баяржаргалын гэдэс орчимд нэгээс хоёр удаа өшиглөөд байж байхад гэнэт цагдаагийн шүгэл дуугархаар нь сандраад зугтаасан. ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 168хуу/,
Б.Бат-Эрдэний сэжигтнээр өгсөн “... Билгүүн рүү улаан цамцтай залуу, горшокон малгайтай залуу, бүдүүн залуу гурав дайрч байсан. Тэгэхэд Билгүүн хойшоо ухарсан байдалтай байхаар нь би очоод хөөе гэж хэлсэн чинь бүдүүн савхин куртиктэй залуу гүйж ирээд миний зүүн мөр лүү нэг удаа цохихоор нь би барьж аваад дэгээдэх гэсэн чинь арай барахгүй байсан. Би түүнийг өшиглөөд цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 162-164хуу/
Хохирогч Ц.Ганзориг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “…2012.05.08-ны орой 20 цагийн орчим намайг ахындаа байхад манай найз Сүхболд, Баярбаатар хоёр утсаар “Өгөөмөр” кафед хүрээд ир гэхээр нь такси бариад явж очсон. Тэнд гурав гурван пиво уугаад 22 цагийн орчим гараад “Надежда” кафе орж 2 шил боргио пиво аваад бүжиглээд байж байхад гаднаас үл таних 4 залуу орж ирээд кабинд орж суухад нь бид 3 орж танилцсан. …танилцсаных гээд Сүхболд бид хоёрт нэг нэг хундага архи хийж өгч байсан. Түүнийг уусан эсэхийг сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд Сүхболд бид хоёр кабинд байсан нэг залуутай гадагшаа гарч байсан. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Тухайн үед Баярбаатар хаана байсныг мэдэхгүй байна. Сүхболд бид хоёрыг тэдгээр залуучуудтай байж байхад хажууд байгаагүй байх. Тэдгээр залуучуудтай маргалдсанаа мэдэхгүй байгаа, нэг мэдэхэд эмнэлэгт ирчихсэн байсан.
Би улаан саарал алаг нимгэн даавуун цамцтай, шар ногоон даавуун өмд, цагаан ултай шар өнгийн пүүзтэй, Баярбаатар хар савхин куртиктэй, хөх женсэн өмдтэй, хар ботинктой, Сүхболд хар горшокон малгайтай, хар цагаан алаг бэлтгэлийн цамцтай цэнхэр женсэн өмдтэй, цагаан алаг пүүзтэй байсан. …” гэжээ. /1 дүгээр хавтас 23-24/
Хохирогч Ж.Баярбаатар мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “…2012 оны 05 сарын 08-ны орой 20 цагийн үед  найз Сүхболдтой уулзаад …найз Ганзоригийг дуудаад … 3-4 пиво уусан. … 23 цагийн үед Надежда кафе  ороод  3 шил боргио пиво уучихаад … бүжгийн талбай дээр бүжиглэж байхад хамт Политехникийн коллежид сурч байсан Цогтжаргал найзуудтайгаа орж ирэхээр нь түүнтэй уулзаад юм ярихаар гадагшаа гарсан. … гадагшаа гараад салхинд цохиулаад согтсон байсан бөгөөд нэг мэдэхэд миний дээрээс хүн өшиглөж байсан. Чухам хэдэн хүн байсныг мэдэхгүй, энд тэндээс өшиглөөд байсан.  … хэн нэгэн “цагдаа зугтаарай” гэж хашгирахад намайг өшиглөж байсан хүний хөлнөөс тэврээд авахад хөлөө тавиулаад  зугтаасан. ... босоод хартал Ганзориг төв зам дээр, Сүхболд замын урд талд хэвтэж байхаар нь Ганзориг руу очоод түүнийг босгоод Сүхболд руу ирэхэд ухаангүй байдалтай байхаар нь түргэн дуудсан гэжээ. …” /6-р хавтас хх-ийн 198-199/
Хохирогчийн төлөөлөгч Н.Болорцэцэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: Талийгаач дүү маань 1989.02.28-нд Сэргэлэн суманд төрсөн бөгөөд Сэргэлэн сумын 5 дугаар багт оршин суух хаягтай. Дүү маань 2011 оны 09 сард аймгийн Шаталсан сургалттай техник технологийн сургуулийн машин засварын ангид элсэн орж уг сургуулийн дотуур байранд амьдарч байсан. 2012.05.09-ний өглөө 08 цаг өнгөрч байхад манай сумын Мөнхсайхан гэдэг залуу “Сүхболд эмнэлэгт муу байна. Яаралтай ир” гэж хэлсэн. Чухам юу болсныг хэлээгүй. Би шуудангийн машинд суугаад 10 цаг өнгөрч байхад аймагт ирэхэд талийгаачтай хамт явж байгаад зодуулсан Ганзориг гэдэг хүүхдийн ах нь надтай уулзаад Сүхболдыг 2012.05.08-ны орой “Надежда” баарны хойд талд хүнд зодуулж нас барсан гэж хэлсэн. … гэжээ. /1-р хавтас-21/
Гэрч Б.Цогтжаргал мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: …Бид нарыг кафе руу ороход бүжгийн талбайд 3 залуу бүжиглэж байсан бөгөөд …надтай хамт гагнуурын ангид сурч байсан Баярбаатар гэдэг залуу байсан. Намайг харчихаад хүрч ирж уулзаад гар бариад 2-лаа юм ярихаар гадагшаа гарсан. …Надежда кафен зүүн хойд талд хурааж тавьсан цементэн хавтангийн дэргэд тамхи татаад 30 орчим минут зогссон. …кафе руу орох гэж байтал Билгүүний ханцуйнаас Баярбаатартай хамт явж байсан нэг залуу нь татчихсан өөдөөс гарч ирсэн ба тэдний араас өөр нэг залуутай нь Бат-эрдэнэ хамт гарч ирсэн. Тэд нар үүдэн дээр гарч ирээд хоорондоо маргалдаад нэг залуу нь Билгүүнийг цохих гэж дайрахад Баярбаатар манай найзууд зодолдож байна гэж хэлээд хориглож байтал баруун урд талаас буюу 15-р байшингийн зүгээс Өнөболд гүйгээд ирэхэд Баярбаатар харчихаад намайг түлхэж унагаагаад Өнөболдын өөдөөс очоод барьцалдаж аваад зодолдсон. Тэр үед Билгүүн, Бат-Эрдэнэ хоёр Баярбаатартай хамт явсан хоёр залуутай хоёр хоёроороо болчихсон зодолдож байсан бөгөөд намайг газарт уначихаад босоход хэн нэг нь “цагдаа” гэж хашгирахаар нь би 15-р байрны баруун талаар тойроод урагшаа зугтаасан. … гэжээ. /6-р хавтас 203-204/
    Гэрч Э.Мөнхтөр 2015 оны 08 сарын 10-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: …Харин бид нар тавуулаа “Надежда” кафе руу очиж хаалгаар нь ороход тэнд гурван залуу бүжиглэж байсан. Тэдний нэг нь арай махлагдуу, нөгөөдөх нь арай өндөрдүү нуруутай бөгөөд нөгөө нэг нь горшок малгайтай намхан нуруутай 20 орчим насны залуучууд байсан. Тэд нарын махлагдуу нуруутай залуу нь Цогтжаргалыг таньдаг бололтой түүнтэй юм яриад гараад явсан. Тэгэхэд бид нар хамгийн хойд талын буюу гадагшаа гардаг хаалган талын кабинд ороод сууж байхад бүжиглэж байсан залуучуудаас үлдсэн 2 залуу нь бидний араас кабинд орж ирсэн. Тэгээд тэр хоёр бидэнтэй танилцаад байж байхад Өнөболд 0.5 литрийн архи худалдаж аваад архиа задлаад байж байхад  миний гар утас дуугарсан. Тэгэхэд нь би утсаар найз охинтойгоо ярихаар гадагшаа гараад зүүн талд нь хураачихсан байсан бетон хавтангуудын  дэргэд утсаараа яриад сууж байсан чинь удалгүй кафенаас Билгүүн кабинд бидний араас орж ирсэн өндөр нуруутай залуутай муудалцсан бололтой заамдалцчихсан гараад хойд зүгт алхацгаасан. Тэгэхэд араас нь Өнөболд, Бат-Эрдэнэ хоёр горшок малгайтай залуутай хамт гарч ирснийг мэдэхгүй нэг харахад тэдний араас цувралдан явж байгаа харагдсан. Тэгэхэд би утсаараа ярьж байсан найз охиндоо –за за дараа нь яръя гэж хэлээд утсаа салгаад нөгөө хэдийн араас нь явсан. Тэгээд ойртож очиход Цогтжаргал- больцгоо больцгоо гээд нөгөө хэдийг буцаагаад авч явахад засмал замын урд буюу гэрэлтүүлэгний шонгийн урдхан талд нь Билгүүн нөгөө муудалцаж байсан залуутайгаа хамт хоёулаа үлдсэн. Тэгэхэд Билгүүн хамт үлдсэн залуугаа хавсарч унагаад цээжин бие орчимд нь 2-3 удаа өшиглөж байсан. Би тэр үед Цогтжаргалыг хориглон урагш дагуулан холдуулсан хүмүүстэй зөрөөд Билгүүний ойролцоо оччихсон байсан юм. Тэгэхэд биднээс урагш явж байсан хэд буюу Цогтжаргал, Өнөболд, Бат-Эрдэнэ нар нөгөө горшок малгайтай залуу болон Цогтжаргалтай уулзаж байсан махлагдуу залуу нарын явсан зүг рүү Билгүүн гүйсэн. Тэгэхэд урдаас Бат-Эрдэнэ, Билгүүнтэй зөрөн гүйж ирээд Билгүүний зодож байсан залуу руу очоод хоёр өшиглөсөн, тэгтэл шүгэл дуугараад цагдаа ирлээ гэхэд бид нар тал тал тийш зугтаасан гэжээ. /6-р хавтас 46-48/
      Гэрч Б.Баясгалан мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: …би энэ хэрэгт 3 удаа гэрчийн мэдүүлэг өгсөн. Хамгийн анх буюу 2012 оны 05 сарын 09-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ болсон асуудлын талаар үнэн зөвөөр яриагүй. Харин сүүлд буюу 2012 оны 05 сарын 29-ний өдөр болон 2014 оны 10 сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлгүүд бүгд зөв юм. …Цагдаагийн ажилчид намайг дуудаад нас барсан хүний дэргэд аваачаад нүүр лүү нь гэрэл тусгаад танай бааранд сууж байсан хүн мөн үү гэж асуусан. Тэр үед айсандаа анхны мэдүүлэгтээ болсон асуудлын талаар хэлээгүй. …болсон асуудлыг гуйвуулж, хэн нэгнийг хэрэгт гүтгэж мэдүүлэг өгөөгүй. …Миний санаж байгаагаар Өнөболд, Бат-Эрдэнэ, Цогтжаргал, Мөнхтөр, Билгүүн нар Надежда кафед орж ирээд бүгд гарах хаалганы хажуу талын кабинд орцгоосон. …Өнөболд гарч ирээд 1 шил 0.5 литрийн “Ерөөл” архи зээлж аваад буцаад орсон. …Удалгүй Өнөболд гарч ирээд 1-р ширээн дээр суугаад Балсаннямтай юм яриад байж байхад Бат-Эрдэнэ текэн дээр ирээд миний хажууд зогссон. …удалгүй Өнөболд гараад явсан. Тэрнийг гарч явсны дараа кабинд байсан хүмүүс маргаад байхаар нь би зөөгч Амгаланд наад хүмүүсээ гарга гэхэд Амгалан тэнд байсан хүмүүсийг бүгдийг нь гаргасан. Тэгтэл хэн хэлснийг нь мэдэхгүй гадаа зодоон болж байна гэж хэлэхэд Бат-Эрдэнэ текний хажууд зогсож байгаад гарах гээд гүйхээр нь хувцаснаас нь зуураад автал гадна талын цамцаа тайлж орхичихоод гараад гүйсэн. Би араас нь гараагүй болохоор хэн хэнтэй зодолдсоныг сайн мэдэхгүй байна. …кабинд байсан залуучуудыг маргалдаад байхад Амгалан хөөгөөд гаргахад Бат-Эрдэнэ текний дэргэд миний хажууд зогсож байгаад шууд араас нь гараад явсан. Тэрнээс биш маргалдсан хүмүүсийг гарсны дараа тодорхой хугацаагаар миний дэргэд зогсож байсан асуудал огт байхгүй гэжээ. /6-р хавтас хх-ийн 201/
Гэрч Г.Амгалан мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “... гадагшаа түр гараад  2-3 минут болчихоод эргэн орж ирэхэд үүдэн талаасаа хамгийн эхний кабин  дотор гаднаас шинээр хүмүүс  орчихсон гэхээр нь би хаах гэж байгаа юм чинь хэлж буцаан гаргая гээд хаалгаар  нь шагайн харахад гаднаас 3 орчим тооны залуу ороод ирчихсэн сууцгааж байсан ба тэдэн дээр өмнө нь манайхаар үйлчлүүлж заалны 2-р ширээн дээр пиво уугаад сууж байсан залуучуудаас бас нэмэгдээд орчихсон хоорондоо муудалцаад байгаа бололтой чанга чанга дуугаралдаад горшокон малгайтай залуу нэг залуутай  муудалцаад байгаа бололтой цохих гээд байгаа ч юм шиг давшлаад байсан. Тэгэхэд нь би шагайгаад манайх хаах гэж байна бүгдээрээ гарцгаагаарай гэхэд за, за гарцгаая гээд шууд гарцгаасан. Тэднийг гарч байх үед өмнөөс нь тэдэнтэй хамт явсан бололтой цагаан өнгийн цамцтай, хар өнгийн богино саравчтай юмуу бараг саравчгүй шахам даавуун малгайтай нэг залуу орж ирж байснаа үүдэнд эргээд  тэдэнтэй хамт гараад явчихсан. Тэр үед манай кабинд үйлчлүүлэгч үлдээгүй хамгийн сүүлийн хүмүүс тэд нар байсан” гэжээ. /1-р хавтас хх-ийн 35/
-Хоёр дахь удаа буюу 2013 оны 05 сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ худал ярьсан юм. Бат-Эрдэнийн эгч над руу утсаар байн байн  яриад … уулзъя гэж дуудаад байхаар нь очиход … чи кабинд байсан залуучууд хоорондоо маргалдахаар нь гадагш гаргахад Бат-Эрдэнэ, Өнөболд 2 үлдээд хэсэг хугацааны дараа араас нь гарсан, тэднийг гарсны дараа хойш харсан цонхоор харахад Бат-Эрдэнэ нөгөө гурван залуугийн арай том биетэй бадируун залуутай зууралдаад зогсож байсан гэж хэлээд дахин мэдүүлэг өгчих. …эгч нь мөнгө төгрөг өгье, сургалтын төлбөрийг чинь төлье гэж гуйгаад байхаар нь зөвшөөрөөд … тэр эгчийн зааж өгсөн үгээр мэдүүлгээ өгсөн … гэжээ. /6-р хавтас хх-ийн 205/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн №44 актад “...1.Б.Сүхболдын цогцост хийсэн шинжилгээгээр гавал тархины битүү гэмтэл тархины суурь хэсэг, бага тархи, уртавтар тархины зөөлөн бүрхүүлийн доор цус хуралт, тархины 3-4-р ховдлын цус хуралт, баруун нүдний дээд зовхины хөхрөлт, баруун хацар тохойн зулгаралт зэрэг тус тус тогтоогдлоо. 2. Дээрхи тогтоогдсон гавал тархины битүү гэмтэл болох зөөлөн бүрхүүлийн доорхи цус хуралт гэмтэл мөн баруун нүдний хөхрөлт бүхий гэмтлүүд нь хатуу мохоо гадаргуугаар цохигдож мөргөгдөх мөн хатуу гадаргууд унах зэрэгт үүсэх боломжтой. 3. Дээрхи гавал тархины битүү гэмтэл болох зөөлөн бүрхүүл доорхи цус хуралт бүхий гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин бусад хөхрөлт  болон зулгаралт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Б.Сүхболдын биед үхэлд хүргэх архаг хууч өвчин эмгэг тогтоогдсонгүй. 5. Б.Сүхболд нь дээрхи гавал тархины битүү гэмтэл тархины зөөлөн бүрхүүл доорх цус хуралтын улмаас тархи дарагдан төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ” гэжээ /1-р хавтас хх-ийн 47-49/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №350  актад “...Ц.Ганзоригийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, доод зовхи, хамар, дээд уруулд залгаралт гэмтэл тогтоогдлоо. ...дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт доод зовхи, хамар, дээд уруулын зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтогдохгүй болно” гэжээ. /1-р хавтас хх-ийн 55/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №346 актад “...Ж.Баярбаатарын биед зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...дээрхи тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоодохгүй болно” гэжээ /1-р хавтас хх-ийн 58/
    Бичгийн нотлох баримтаар: 1-р хавтас -Гэрч Э.Мөнхтөрийн мэдүүлэг /хх-ийн 25-27, 45/
-Гэрч Б.Ууганбаярын мэдүүлэг /хх-ийн 36-37/
-Хохирогч Ц.Ганзоригийн мэдүүлэг /хх-ийн 23/
-Шүүх эмнэлгийн шинжээчийн 4651 тоот дүгнэлт /хх-ийн 61/
-Б.Бат-Эрдэнийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 162-164,166/
-З.Билгүүний сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 167-172/
-Б.Өнөболдын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 184-185/
-Оршуулгын зардалтай холбоотой баримтууд /хх-ийн 194-202/
-Б.Цогтжаргалын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 176-177,179-180/
    2-р хавтас -Зарлагын баримтууд /хх-ийн 134-155/
-Эд мөрийн баримтаар хураагдсан захианууд /хх-ийн 22-28/
- Ж.Баярбаатарын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 237/
-Гэрч Г.Амгалангийн мэдүүлэг /хх-ийн 238/
-Гэрч Б.Баясгалангийн мэдүүлэг /хх-ийн 239/
4-р хавтас -Шүүх хуралдааны тэмдэглэлээс гэрч Ж.Баярбаатарын мэдүүлэг /хх-ийн 152-153/
5-р хавтас -Шүүх хуралдааны тэмдэглэл /хх-ийн 123, 136/
6-р хавтас - Хохирогч Ж.Баярбаатарын мэдүүлэг /хх-ийн 198-199/
    - Гэрч Б.Баясгалангийн мэдүүлэг /хх-ийн 201/
    - Гэрч Г.Амгалангийн мэдүүлэг /хх-ийн 205-206/
    - Гэрч Б.Цогтжаргалын мэдүүлэг /хх-ийн 203-204/
7-р хавтас -Прокурорын тогтоол /хх-ийн 16-19/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай  хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн Б.Өнөболд нарыг согтуугаар, бүлэглэн үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, танхайн сэдэлтээр 2012 оны 05 сарын 08-наас 09-нд шилжих шөнө 00 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах “Надежда” кафений хойд талд иргэн Д.Сүхболдыг зодож санаатай алсан гэж Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудын шинжлэн судалж үзэхэд Б.Өнөболд нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна.
Учир нь гэрч, хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлэгт Б.Өнөболд нь хохирогч Сүхболдыг цохиж зодсон эсхүл биед нь ямар нэгэн байдлаар халдсан талаар хэн ч мэдүүлдэггүй. Энэ нь шүүгдэгч Б.Өнөболд нь талийгаачийн амь насыг хохирооход оролцоогүй гэдгийг нотолж байгаа юм. Харин шүүгдэгч Б.Өнөболд нь хохирогч Б.Баярбаатарыг зодож танхайрсан болох нь түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон гэрч Б.Цогтжаргалын “... Өнөболд гүйгээд ирэхэд Баярбаатар харчихаад намайг түлхэж унагаагаад Өнөболдын өөдөөс очоод барьцалдаж аваад зодолдсон. ...” гэх мэдүүлэг /6 хх-ийн 203-204хуу/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 346 акт, шүүгдэгч Б.Өнөболдын “... Цогтжаргалтай уулзаад зогсож байсан бараан өнгийн лидренин куртиктэй залуу нь намайг чиглэж гүйж ирээд цохих гэхээр нь энгэрээс нь зуураад авахад миний нүүр рүү гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд нэг удаа эрүү рүү нь гараараа цохиод зууралдаж аваад хөлийг нь хавсраад газар унагасан. ...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Өнөболдод холбогдуулан Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдол нь хавтаст хэрэгт авагдсан бүхий л баримтуудаар нотлогдож тогтоогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, түүний согтуугаар, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, 2012 оны 05 сарын 08-ны орой шөнийн 00 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багт байрлах Надежда кафены хойд талд Ж.Баярбаатарыг зодож танхайрсан үйлдэл буюу Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай Монгол улсын хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хугацаа буюу 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс өмнө гэмт хэрэг үйлдсэн тул мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамрагдаж байх тул түүнд холбогдох хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн нар нь Б.Сүхболдын амь насыг хохироосон, бүлэглэн Ц.Ганзоригийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлан танхайрсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:
Хохирогч Ц.Ганзоригийн “... нэг мэдэхэд кабинд байсан залуучуудтай хамт талийгаач Сүхболд бид хоёр гадагшаа гарч байсан, Сүхболд хар грошокон малгайтай байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 22-23хуу/, хохирогч Ж.Баярбаатарын “... Сүхболд руу ирэхэд ухаангүй  байдалтай байхаар нь эмнэлэг рүү явж түргэн дуудсан. ...” гэх мэдүүлэг. /6хх-ийн 198-199хуу/,
Гэрч Э.Мөнхтөрийн “... Удалгүй Билгүүн ах улаан цамцтай болон грошокон малгайтай 2 залууг дагуулан гарч ирээд ... Билгүүн улаан цамцтай залуутай хамт үлдсэн. Билгүүн ах тэр залууг газарт унагаад дээрээс нь цохиж байсан. Харин Грошокон малгайтай залуу бүдүүн залуу хоёрыг Надежда кафе орох гэж байхад Бат-Эрдэнэ, Өнөболд ах хоёр тэр хоёрыг зодож байсан. Яг хэн хэн нь горшокон малгайтай залууг, бүдүүн залуу хоёрыг зодсоныг хараагүй. ...” гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 25-26хуу/,
Гэрч Б.Баясгалангийн “... Бат-Эрдэнэ текний дэргэд миний хажууд зогсож байгаад шууд араас нь гараад явсан. Тэрнээс биш маргалдсан хүмүүсийг гарсны дараа тодорхой хугацаагаар миний дэргэд зогсоод байсан асуудал огт байхгүй. ...” гэх мэдүүлэг. /6-р хх-ийн 201хуу/, Гэрч Б.Цогтжаргалын “... Тэр үед Билгүүн, Бат-Эрдэнэ хоёр Баярбаатартай хамт явсан хоёр залуутай хоёр хоёроороо болчихсон зодолдож байсан ...” гэх мэдүүлэг. /6-р хх-ийн 203-204хуу/,
Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн “... гавал тархины битүү гэмтэл болох зөөлөн бүрхүүлийн доорхи цус хуралт гэмтэл ... нь хатуу мохоо гадаргуугаар цохигдож мөргөгдөх мөн хатуу гадаргуунд унах зэрэгт үүсэх боложтой. ...” гэх 44 дугаартай акт /хх-ийн 47-49хуу/,
шүүгдэгч Б.Өнөболдын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “... тэр коршокон малгайтай залуу “чи хүртэл юу вэ” гээд над руу дөхсөн. Би цохьчихож магадгүй гэж бодоод арагшаа ухраад байж байтал Бат-Эрдэнэ араас нь гарч ирээд тэр залууг цохиод унагасан. Яг тэр мөчид Цогтжаргалтай анх юм ярьж байсан залуу намайг хажуунаас цохиод авсан. Тэгээд би тэр залуутай зууралдаад байж байтал цагдаагийн шүгэл дуугараад нэг хүн цагдаа гэж орилсон. ... Өглөө үүрээр бид хэд байж байтал Бат-Эрдэнэ хэдүүлээ хот руу зугтья, эсвэл энэ хэргийг нэг нь даачих, даасан хүнд нь мөнгө төгрөг өгье гэх зэргийн зүйл ярьж эхэлсэн. ...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч З.Билгүүний сэжигтнээр “... Улаан фудболктой залуу над руу дайраад намайг цохих гэхээр нь би түүнийг түлхчихсэн чинь тэр залуу согтуу байсан болохоор зам дээр уначихсан. Тэгээд би түүнийг 2 удаа өшиглөөд эргээд харахад нөгөө хоёр залуу газарт уначихсан хоёулаа нүүрээ гараараа хамгаалаад атирчихсан хэвтэж байхад нь би горшокон малгайтай залуугийн нүүр орчимд нь нэг удаа өшиглөөд Баяржаргалын гэдэс орчимд нэгээс хоёр удаа өшиглөөд байж байхад гэнэт цагдаагийн шүгэл дуугархаар нь сандраад зугтаасан. ...” гэх мэдүүлэг. /хх-ийн 168хуу/,
Б.Бат-Эрдэний сэжигтнээр өгсөн “... Билгүүн рүү улаан цамцтай залуу, горшокон малгайтай залуу, бүдүүн залуу гурав дайрч байсан. Тэгэхэд Билгүүн хойшоо ухарсан байдалтай байхаар нь би очоод хөөе гэж хэлсэн чинь бүдүүн савхин куртиктэй залуу гүйж ирээд миний зүүн мөр лүү нэг удаа цохихоор нь би барьж аваад дэгээдэх гэсэн чинь арай барахгүй байсан. Би түүнийг өшиглөөд цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 162-164хуу/ зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа юм.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн нар нь бүлэглэн Сүхболдыг цохиж, өшиглөж, зодож танхайрсаны улмаас түүний биед гавал тархины битүү гэмтэл болох зөөлөн бүрхүүлийн доорхи цус хуралт гэмтэл үүсэж амь насыг хохироосон гэж дүгнэх үндэслэлтэй. Мөн бүлэглэн Ц.Ганзоригийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байна. Энэ нь дээрх хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь “Надежда баарнаас сүүлд гарсан” гэж мэдүүлдэг ба энэ нь гэрч Ц.Баясгалангийн “... Бат-Эрдэнэ текний дэргэд миний хажууд зогсож байгаад шууд араас нь гараад явсан. Тэрнээс биш маргалдсан хүмүүсийг  гарсны дараа тодорхой хугацаагаар миний дэргэд байсан асуудал огт байхгүй. ...” гэх мэдүүлэг, /6хх-ийн 201хуу/, гэрч Амгалангийн “...Хоёр дахь удаа буюу 2013 оны 05 сарын 28-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ худал ярьсан юм. Бат-Эрдэнийн эгч над руу утсаар байн байн  яриад … уулзъя гэж дуудаад байхаар нь очиход … чи кабинд байсан залуучууд хоорондоо маргалдахаар нь гадагш гаргахад Бат-Эрдэнэ, Өнөболд 2 үлдээд хэсэг хугацааны дараа араас нь гарсан, тэднийг гарсны дараа, хойш харсан цонхоор харахад Бат-Эрдэнэ нөгөө гурван залуугийн арай том биетэй бадируун залуутай зууралдаад зогсож байсан гэж хэлээд дахин мэдүүлэг өгчих. …эгч нь мөнгө төгрөг өгье, сургалтын төлбөрийг чинь төлье гэж гуйгаад байхаар нь зөвшөөрөөд … тэр эгчийн зааж өгсөн үгээр мэдүүлэг өгсөн. …” гэх мэдүүлэг /6хх-ийн 205хуу/ зэргээр няцаагдаж байна.
Иймд шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн нар нь танхайн сэдэлтээр бүлэглэн Сүхболдын амь насыг хохироосон, Ганзоригийг зодож танхайрсан үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзээд шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл халдаах үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн нарын Ц.Ганзоригийг зодож танхайрсан буюу эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт  хэрэг нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай Монгол улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан хэсэгт хамаар ч байх тул уг үйлдэлд оногдуулах ялаас тус бүр 2 жилийн өршөөн хасах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн нар нь уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл болгож харгалзав.
Мөн шүүх шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн нарт оногдуулах хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Бат-Эрдэний цагдан хоригдсон болон ял эдэлсэн 1060 хоног, шүүгдэгч З.Билгүүний цагдан хоригдсон болон ял эдэлсэн 694 хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Б.Өнөболд нь энэ хэрэгт 427 хоног цагдан хоригдсон болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн нараас хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардалд тус бүрээс 1.499.160 төгрөгийг гаргуулж хохирогч Болорцэцэгт олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Өнөболд нь хохирогчийн төлөөлөгч Н.Болорцэцэгт 1250000 төгрөг төлсөн, З.Билгүүн нь хохирогч Ганзоригт 70000 төгрөг төлсөн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул дурьдав.
Шүүх шүүгдэгч Б.Өнөболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Өнөболдын эзэмшлийн “Serene” маркийн хоёр хаалгатай хөргөгч, “Konka” маркийн 21 инчийн өнгөт зурагт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2013 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл тэдний эд хөрөнгүүдийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2013 оны 02 дугаар сарын 05, 06-ны өдрүүдийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолуудыг хэвээр үлдээх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан алаг өнгийн цамц, шаргал өнгийн даавуун өмд, цагаан цэнхэр өнгийн джинсэн өмд, хүрэн өнгийн тэлээ, цагаан алаг өнгийн хос пүүз, саарал өнгийн хос оймс, "Нийслэл" пивоны 0.5 литрийн шил зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, эд мөрийн баримт болох 6 ширхэг захиаг /2-р хавтасны 22-28/ хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээхээр шийдвэрлэв.
Мөн энэ хэрэгт шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дүгээр зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Өнөболдод Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Бодонгууд овогт Батсүхийн Бат-Эрдэнэ, Бодонгууд овогт Зоригтын Билгүүн,  нарыг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр, бүлэглэж үйлдсэн,
Мөн танхайрах гэмт хэргийг бүлэглэж догшин авирлаж үйлдсэн гэм буруутайд
Шүүгдэгч Сутаан чонос овогт Болдбаатарын Өнөболдыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, "Анхны ардчилсан   сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай" Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өнөболдод холбогдох Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Батсүхийн Бат-Эрдэнийг 15 /арван тав/ жил 01 /нэг/ сарын хорих ялаар, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хорих ялаар, шүүгдэгч Зоригтын Билгүүнийг  Эрүүгийн  хуулийн  91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дахь хэсэгт зааснаар 15 /арван тав/ жил 01 /нэг/ сарын хорих ялаар,  мөн хуулийн 181  дүгээр  зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
5."Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай"  мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар ялтан  Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус бүрт оногдуулсан 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хорих ялаас тус тус 2 /хоёр/ жилийг өршөөн хассугай.
6.Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн нарт  Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.11 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 15 жил 01 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялаас 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хорих ялын зарим болох 06 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн тэдний биечлэн эдлэх хорих ялыг тус тус 15 /арван тав/ жил 07 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай.
7.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн нарт оногдуулсан 15 жил 07 сарын хорих ялыг тус тс чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Бат-Эрдэнийн ял эдэлсэн болон цагдан хоригдсон 1060 хоног, ялтан З.Билгүүний цагдан хоригдсон болон ял эдэлсэн 694 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцож, шүүгдэгч Б.Өнөболд нь 427 хоног цагдан хоригдсон болон ял эдэлсэн болохыг дурьдсугай.
9.Энэ өдрөөс эхлэн шүүгдэгч З.Билгүүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Өнөболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
10. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүн нараас хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зайлшгүй зардалд тус тус 1.499.160 /нэг сая дөрвөн зуун ерэн есөн мянга нэг зуун жар/ төгрөгийг гаргуулан Дорнод аймгийн Сэргэлэн сумын 5 дугаар баг Нарлагийн 8 дугаар гудамжны 11 тоотод оршин суух, хохирогчийн төлөөлөгч Боржигон овогт Нарантуяагийн Болорцэцэгт олгосугай.
11. Шүүгдэгч Б.Өнөболд нь хохирогчийн төлөөлөгч Н.Болорцэцэгт 1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, З.Билгүүн нь хохирогч Ганзоригт 70.000 /далан мянга/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Өнөболдын эзэмшлээс "Serene" маркийн хоёр хаалгатай хөргөгч, "Konka" маркийн 21 инчийн өнгөт зурагт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2013 оны 02 сарын 03-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, ялтан З.Билгүүний эзэмшлээс 3 хаалгатай шкаф, "Тoshiвa" маркийн 32 инчийн өнгөт зурагт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2013 оны 02 сарын 05-ны өдрийн, ялтан Б.Бат-Эрдэнийн эзэмшлээс 2х4 хэмжээтэй Дархан хивс, "Sharp" маркийн хөргөгч битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2013 оны 02 сарын 06-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-уудыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл тус тус хэвээр үлдээсүгэй.
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан алаг өнгийн цамц 1 ширхэг, шаргал өнгийн даавуун өмд 1 ширхэг, цагаан цэнхэр өнгийн джинсэн өмд 1 ширхэг, хүрэн өнгийн тэлээ 1 ширхэг, цагаан алаг өнгийн пүүз 1 хос, саарал өнгийн оймс 1 хос, "Нийслэл" пивоны 0.5 литрийн шил 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримт болох 6 ширхэг захиаг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээж, шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай
14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, ялтан, хохирогч, хохирогчийн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
15. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл тус тус Б.Бат-Эрдэнэ, З.Билгүүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Өнөболдод батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Ц.МӨНХТУЛГА

      ШҮҮГЧ                                     Д.ГАНЗОРИГ

                            Л.УЯНГА