Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2017/0003

 

С.Бямбасайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч

Ц.Гансүхийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Энхтайван, гуравдагч этгээд “Эрхэс майнинг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын    21-ний өдрийн 809 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, С.Бямбасайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүхийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 809 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15, 11.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Бямбасайханы “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нөхөн олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 919, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1150 тоот шийдвэрийг хүчингүйд тооцуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх давж заалдах гомдолдоо: “... Шийдвэрийн үндэслэх хэсэгт: Ашигт малтмалын тухай хуулийн 11-р зүйлийн 11.2-т "...кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.23-д заасан асуудлыг эрхэлнэ", 11.1.15-д "ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дахин олгох, ..." гэж заасны дагуу 8865А, 12294A тоот тусгай зөвшөөрлүүдийг эзэмшигч "Эрхэс майнинг" ХХК-ийн эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу гэрчилгээг дахин олгосон хариуцагчийн шийдвэр нь хуульд нийцсэн байна.

Тодруулбал нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ "Эрхэс майнинг" ХХК-ийн захирал Ч.Өлзийбаяр, иргэн С.Бямбасайхан нарын хооронд 2009.04.10-ны №01 тоот гэрээ байгуулагдсан бөгөөд "Эрхэс майнинг" ХХК-ийн захирал Ч.Өлзийбаярын Ашигт малтмалын газарт гаргасан хүсэлт хууль бус байсныг тогтоолгох хүсэлтэй" хэмээн тайлбарлаж байх хэдий ч дээрх 01 тоот гэрээг талуудын аль аль нь хариуцагч байгууллагад мэдэгдээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

...Дээрхээс үзвэл, хариуцагч байгууллага нь маргаан бүхий зөвшөөрлүүдийн гэрчилгээг уг тусгай зөвшөөрлүүдийн эзэмшигчээр бүртгэлтэй хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу дахин олгосонд буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн "... Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн эзэмшигчээр бүртгэгдсэн этгээд хүсэлт гаргаад Ашигт малтмалын тухай хуулийн нөхцөл шаардлагыг хангаад тусгай зөвшөөрлийн гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн гэж хүсэлт гаргасны үндсэн дээр дээрх шийдвэрүүдийг гаргасан гэх тайлбар үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

"Эрхэс майнинг" ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Ч.Өлзийбаяраас Ашигт малтмалын газарт гаргасан хүсэлт нь "худал хүсэлт" эсэхийг тогтоох" нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй тул нэхэмжлэгчээс маргаж буй дээрх үндэслэлд тус шүүхээс дүгнэлт хийх боломжгүй...” гэж шийдвэрийнхээ үндэслэл болгож дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж, хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн байна. Тодруулбал: Нэхэмжлэгч Захиргааны ерөнхий хуулийн 48-р зүйлийн 48.2.4-д заасныг үндэслэн ашигт малтмалын газарт /хуучин нэрээр/ ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нөхөн олгосон шийдвэр нь захиргааны байгууллагыг хууран мэхэлж гаргуулсан тухай гомдол гаргахад шүүхээр шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсөн.

Ингээд захиргааны байгууллага өөрийг нь хууран мэхэлснийг тогтоож захиргааны актаа хүчингүй болгохгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж "Эрхэс майнинг" ХХК-ийн захирал Ч.Өлзийбаярын захиргааны актыг гаргуулахдаа "хаясан" гэж захиргааны байгууллагыг хуурч захиргааны акт гаргуулсныг тогтоолгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52-р зүйлийн 52.5-д заасан үндэслэлээр хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Захиргааны акт гаргуулахдаа захиргааны байгууллагыг "Тусгай зөвшөөрлийг хаясан, үрэгдүүлсэн" гэж хууран мэхэлсэн нь: 1. Нэхэмжлэгч С.Бямбасайханы шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн тусгай зөвшөөрлүүд хавсралтуудын хамтаар, 2009 оноос хойш тусгай зөвшөөрлийн жилийн төлбөр төлсөн капитанзуудаар, УБЕГ-ын лавлагаагаар, 2009.04.10-ны өдрийн №01 тоот гэрээ

             2. Шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн А.Оюунсүрэнгийн "2009.04.10-ны өдрийн №01 тоот гэрээний төслийг бэлтгэсэн, Ч.Өлзийбаяр нь С.Бямбасайханд тусгай зөвшөөрлүүдийг хавсралтын хамт өгснийг мэдсэн, гайхаж байсан" гэх мэдүүлгээр,

             3. Гуравдагч этгээд "Эрхэс майнинг" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаярын "тухайн лицензүүдийг өгөөд 3 жил өнгөрсний дараа нөгөө лицензүүдийг авах гэсэн боловч С.Бямбасайхан олдохгүй байсан учраас "Эрхэс майнинг" ХХК-ийн зүгээс өөрийн эзэмшлийн лицензүүдээ өргөдөл гаргасны үндсэн дээр ашигт малтмалын газраас зохих журмын дагуу гаргуулж авсан юм" гэх мэдүүлгээр С.Бямбасайханд байгааг мэдсээр байж захиргааны акт гаргуулахдаа захиргааны байгууллагыг хууран мэхэлж авсан нь тус тус нотлогдож байна.

С.Бямбасайхан нь 2009.04.10-ны өдрөөс хойш тусгай зөвшөөрлүүдийн жилийн төлбөрүүдийг төлж байсан, хайгуулын ажил хийлгэсэн зэргээр их хэмжээний зардал гаргаж байсан атлаа Ч.Өлзийбаяр нь гэрээгээ зөрчиж захиргааны байгууллагыг хууран мэхлэх замаар шинээр гэрчилгээ гаргуулан авсан нь ЗХШХШТХуулийн 52-р зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэгчийн эд хөрөнгийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь халдаж байгаагаар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.01.27-ны №83 тоот тогтоолоор, Захиргааны ерөнхий хуулийн 48-р зүйлийн 48.2, 2-р зүйлийн 2.1-д заасан үндэслэлээр захиргааны Шүүхийн харьяалах хэрэг маргаан болох нь тогтоогдож байна.

Иймд хэргийг бүхэлд нь дахин хянаж, нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэснийг тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Бямбасайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүхийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нөхөн олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 919, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1150 тоот шийдвэрүүдийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүйд тооцуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

“Эрхэс майнинг” ХХК нь Булган, Сэлэнгэ аймгийн Бүрэгхангай, Орхонтуул сумын Ар тамсаг 1-2 нэртэй газарт орших 354 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 8865А тусгай зөвшөөрлийн гэрчилгээг, мөн Төв аймгийн Заамар сумын Ар тамсаг 1-3-2 нэртэй газарт орших 277 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12294А тусгай зөвшөөрлийн гэрчилгээг эзэмшдэг байжээ.

Дээрх тусгай зөвшөөрлүүдийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 919 дүгээр шийдвэрээр 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 8865А тусгай зөвшөөрлийг хүчингүйд тооцож, “Эрхэс майнинг” ХХК-д шинээр             МV-019852 тоот гэрчилгээг, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1150 тоот шийдвэрээр 12294А тоот тусгай зөвшөөрлийг хүчингүйд тооцож, “Эрхэс майнинг” ХХК-нд шинээр MV-020391, MV-019852 дугаартай гэрчилгээг дахин олгосныг хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Учир нь “Эрхэс майнинг” ХХК нь “ашигт малтмал ашиглалтын 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 8865А тусгай зөвшөөрлийн гэрчилгээг үрэгдүүлсэн тул дахин олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 01/184 тоот албан бичгээр, мөн “ашигт малтмал ашиглалтын 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 12294А тусгай зөвшөөрлийн гэрчилгээг үрэгдүүлсэн тул дахин олгож өгнө үү” гэсэн хүсэлтийг компанийн үүсгэн байгуулагчийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 6 дугаар шийдвэрээр болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон “МN-Өнөөдөр” сонинд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг үрэгдүүлсэн талаар нийтлүүлсэн зар зэргийг хавсаргаж  Ашигт малтмалын газрын Кадастрын  хэлтэст гаргасан байна.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 919, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1150 тоот шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, ... нөхцөлийг бүрдүүлэх”, 11 дүгээр зүйлийн 11.2-т “Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1–11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8–11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13–11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ” гэж заасныг зөрчөөгүй байна.

Тиймээс ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болох      “Эрхэс майнинг” ХХК нь холбогдох баримтыг бүрдүүлэн, өөрийн эзэмшдэг “тусгай зөвшөөрлийн гэрчилгээг дахин олгуулах” хүсэлтээ эрх бүхий байгууллагад нь гаргасны дагуу “Эрхэс майнинг” ХХК-д тусгай зөвшөөрлийн гэрчилгээг дахин олгосон шийдвэрийг гаргасан хариуцагчийн үйлдэл нь хууль бус болох нь тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, “Эрхэс майнинг” ХХК-ийн захирал Ч.Өлзийбаяраас иргэн С.Бямбасайханд Ар тамсагийн 8865А, 12294А тоот тусгай зөвшөөрлийг хүлээлгэн өгсөн 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот гэрээ байгаа хэдий ч тусгай зөвшөөрөл эзэмшигч “Эрхэс майнинг” ХХК-ийн Ар тамсагийн 8865А, 12294А тоот тусгай зөвшөөрлийг дахин олгосон хариуцагчийн үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзлээ.

                Харин нэхэмжлэгч С.Бямбасайхан нь дээрх дурдсан тусгай зөвшөөрлүүдийг өөрт нь шилжүүлсэн гэх 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот гэрээтэй холбогдуулан маргах, уг маргааны шийдвэрт үндэслэн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлт гаргах эрх нь нээлттэй байна.

Эдгээр болон бусад асуудлаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүхийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 809 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                    ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ

                    ШҮҮГЧ                                                         Д.БАТБААТАР

                    ШҮҮГЧ                                                         Э.ХАЛИУНБАЯР