Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2013/ШЦТ/156

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 171/2013/0168/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,

улсын яллагч Н.Мөнгөнсүх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэгэрэл,

иргэний нэхэмжлэгч С.О  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж  овогт Р. Б д холбогдох 201309000508 дугаар эрүүгийн хэргийг 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 19.. оны . дугаар сарын ..-ны өдөр Говь-Алтай аймагт  төрсөн, 46 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, ..-р баг, .. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн .... дугаартай, Ж  овогт Р. Б .

 

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/:

Шүүгдэгч *******  нь 2013 оны 08 дугаар сарын 16-ны орой 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 18-ын буудал дээр “Портер” маркийн .... ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа иргэн С.О ийг мөргөж ослын газрыг санаатай орхин зугтсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын саналаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******  мэдүүлсэн мэдүүлэгтээ: “2013 оны 08 дугаар сарын 16-ны Бирж рүү машинаа янзлуулах гэж очсон чинь зүс таних 2 залуу тааралдаад Улаанбаатар хот руу ачаа ачуулна гэхээр нь тэр хоёртой хот руу явахаар болж тохироод Биржийн ард машин дотор 0.75 граммын архи хувааж уугаад 19 цаг өнгөрч байхад машинаа бариад гэр рүүгээ явж байсан чинь Гочоо гэх таньдаг залуу над руу утсаар яриад “...хаана байна, ТМС-ийн урд буудал дээр зогсож байна хүрээд ирэх үү...” гэхээр нь очиж аваад Дархан сумын 4-р багт байрлах “Ок” нэртэй баарны хажуугийн зогсоол дээр машинаа тавих гээд 18-ын буудлын замаар явж байхад өөдөөс нэг машин гэрлээ тусгаад хажуугаар нь зөрсөн чинь машинаас бууж байсан хүнийг харалгүй мөргөчихсөн юм. Тэгээд би айж сандраад чигээрээ яваад уулзвараар баруун гар тийшээ явсан. Хэрэг гарснаас хойш 300.000 төгрөг өгсөн. Сая 150.000 төгрөг өглөө. Архи ууж ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна” гэв.

Б

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч С.О  мэдүүлсэн мэдүүлэгтээ: “2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Тосгоноос таксинд суугаад 18-ын буудал дээр буусан, би буухдаа жолооч талын буюу асфальтан зам тал руугаа таксинаас буусан чинь араас нэг машин ирээд намайг мөргөчихсөн юм. Хиймэл шүдээ хугалчихсан. Тархи толгой их өвддөг болсон. Эмчид шанаагаа үзүүлсэн байгаа. Өвдөггүй байсан бөөр өвдөг болсон. Би машины буруу тал руугаа буусан нь буруу болсон. Миний сууж явсан машины жолооч машин байхгүй байна гэхээр нь би буусан. Надад гомдол байхгүй” гэв.   

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 3-7 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч С.О ийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Тосгоноос таксинд суугаад 18-ын буудал дээр буусан, би буухдаа жолооч талын буюу асфальтан зам тал руугаа таксинаас буусан чинь араас нэг машин ирээд намайг мөргөчихсөн юм. Тэгээд би ухаан алдаад эмнэлэг дээр сэрсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 9-10 дугаар тал/,

Гэрч Б.А мөрдөн байцаалтанд өгсөн “...2013 оны 08 дугаар сарын 16-ны шөнө 21 цаг өнгөрч байхад миний бие цагдаагийн дэслэгч Бат-Очирын хамт Дархан сумын 4-р багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж 18-ын буудлын орчим “Баяр” супермаркетын урдуур алхаж явсан чинь 18-н буудлын төв асфальтан зам дээр Шинэ Дархан чиглэлд явж байсан Портер маркийн автомашин нэг эмэгтэй хүнийг мөргөчихөөд тэр чигээрээ явчихсан юм. Мөргүүлсэн эмэгтэй зам дээр газар хэвтэж байхаар нь станцаар ерөнхий жижүүр рүү “...18-ын буудал дээр цэнхэр өнгийн Портер маркийн машин хүн мөргөчихөөд Шинэ Дархан руу чиглээд зугтаачихлаа...” гэж хэлэхэд замаар явж байсан хүмүүс тухайн Портер машиныг уулзвараар баруун гар тийш эргээд Турк сургууль руу явчихлаа гэхээр нь зам дээр зогсож байсан машинд суугаад уулзвар эргэхэд нөгөө Портер маркийн машины өөдөөс нэг машин орж ирээд хурдыг нь сааруулахаар нь миний сууж явсан тээврийн хэрэгслэл хажуугаар нь очоод замыг нь хашиж зогсохоор нь би машинаас буугаад Портер маркийн жолооч гэх залууг барьж авсан. Жолооч нь гэх Б  нь согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 12 дугаар тал/

Гэрч Ц.Б мөрдөн байцаалтанд өгсөн “...Би .... ДАР улсын дугаартай Авента маркийн машинаараа Тосгоноос Дархан чиглэлд таксинд явж байсан юм. Тосгоны эцсийн буудлаас нэг хөгшин эмэгтэй, хүүхдийнхээ хамтаар суусан юм. Хүүхэд нь урд суудал дээр харин нөгөө хөгшин эгч арын суудал дээр суугаад явж байсан ба 6-ын буудал дээр хүүхэд нь буугаад нөгөө хөгшин эгч 18-ын буудал дээр буусан. Би 18-ын буудал дээр ирээд асфальтан замын баруун гар талаа шахаж зогсоод “...наагуураа бууж болохгүй шүү...” гэж хэлэхийн завдалгүй машинаас зам тал руу буугаад хаалга хаатал ардаас нэг Портер машин ирээд мөргөчихсөн. Тэгээд би машинаас буугаад Портер маркийн машины жолоочийг “...хөөе зогсооч ээ...” гэж хэлэхэд тэр чигээрээ Турк сургууль руу эргээд явчихсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 13 дугаар тал/

Гэрч Д.О мөрдөн байцаалтанд өгсөн “...2013 оны 08 дугаар сарын 16-н орой 21 цаг өнгөрч байхад Б  руу яриад “ хаана байна” гэхэд “машинаа тавих гээд явж байна” гэсэн тэгэхээр нь би “намайг ирээд авчих, хамт явъя” гэхэд Б  намайг ирээд авсан. Ингээд Б гийн Портер машинд суугаад 18-ын буудал өнгөрөөд явж байсан чинь “Пэд” гэх чимээ гарахаар яасан юу болсон бэ гэж Б гаас асуусан чинь “хүн мөргөчихлөө” гэж хэлж байсан юм. Тэгээд чигээрээ явж байгаад баруун гар тийшээ уулзвар эргээд жаахан явж байсан чинь цагаан өнгийн Портер машин урдуур дамналдаж зам хашаад зогссон. Түүний араас цагдаа нар ирээд бид 2-ыг авч явсан...тухайн үед Б  халамцуу байсан...хүн  мөргөчихөөд сандарчихсан байсан ба сандарсандаа чигээрээ явсан байх...” гэсэн мэдүүлэг /хэргийн 14 дүгээр тал/

 Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдлаар “...Портер маркийн .... ДАХ улсын дугаартай авто машины жолооч *******  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “...Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож яван...”, мөн дүрмийн 9.2-т заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..”, мөн дүрмийн 2.5.б-д заасан “...зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад ав тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх...”, мөн дүрмийн 2.5.в-д “...зам тээрийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн үүргийг хүлээнэ...”, мөн дүрмийн 2.7.а-д “...согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслэл жолоодохыг хориглоно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчин хэрэг осол гарсан газрыг санаатайгаар орхиж зугтаасан байна...” гэсэн дүгнэлт /хэргийн 16-18 дугаар тал/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 810 тоот дүгнэлтээр “...С.О ийн биед тархи доргилт, баруун бөөрний доргилт, нүүр, их бие, мөчдийн зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт, хэлний хазагдсан шарх тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээ үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хэргийн 22 дугаар тал/,

2013 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Драйгер үлээлгэсэн тайлбараар “ Портер маркийн ДАХ .... дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Равжин овогтой Б д драйгер үлээлгэн шалгаж эхлэхэд 00,0 заалттай байсан заалт нь 9,25 хувийн согтолттой гэсэн заалт гарсныг тогтоов” гэжээ /хэргийн 38 дугаар тал/,

Захиргааны зөрчлийг хянан шалгах тухай тэмдэглэл, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэвэр, хурлын тэмдэглэл, зөрчлийн талаар асуусан тэмдэглэл, эрүүлжүүлсэн хүний бүртгэл /хэргийн 35-44 дүгээр тал/,

Шүүгдэгч ******* гийн иргэний үнэмлэхний хуулбар, Дархан сумын 3 дугаар багийн засаг даргын “иргэн Равжин овогтой Б  нь тус багийн тосгон гудамжны 2-35Б тоотод оршин суудаг ам бүл-4, 2 хүүхдийн хамт амьдардаг болохыг тодорхойлов/ гэсэн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, жолооны үнэмлэхний хуулбар, тээврийн хэрэгслийн 0018428 дугаартай гэрчилгээний хуулбар /хэргийн 45-48 дугаар тал/,

“Саруул-Профилаксис” ХХК-ний шинжилгээний үнэ 20,000 төгрөгийн баримт, “Саран-Элит” ХХК-ний үзлэгийн 10,000 төгрөгийн баримт, Наран эмнэлгийн 2013 оны 08 дугаар сарын 20ны өдрийн 5000 төгрөг, 75,000 төгрөгийн кассын зарлагын баримтууд /хэргийн 11 дүгээр тал/, шүүхийн шинжилгээний албаны үзлэгийн 3000 төгрөгийн орлогын баримт /хэргийн 20 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч *******  нь 2013 оны 08 дугаар сарын 16-ны орой 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 18-ын буудал дээр “Портер” маркийн .... ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа иргэн С.О ийг мөргөж ослын газрыг санаатай орхин зугтсан болох нь:

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

-Иргэний нэхэмжлэгч С.О ийн “...2013 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Тосгоноос таксинд суугаад 18-ын буудал дээр буусан, би буухдаа жолооч талын буюу асфальтан зам тал руугаа таксинаас буусан чинь араас нэг машин ирээд намайг мөргөчихсөн юм. Тэгээд би ухаан алдаад эмнэлэг дээр сэрсэн...” гэсэн мэдүүлэг,

-Гэрч Б.А  “...18-ын буудал дээр цэнхэр өнгийн Портер маркийн машин хүн мөргөчихөөд Шинэ Дархан руу чиглээд зугтаачихлаа...” гэж хэлэхэд замаар явж байсан хүмүүс тухайн Портер машиныг уулзвараар баруун гар тийш эргээд Турк сургууль руу явчихлаа гэхээр нь зам дээр зогсож байсан машинд суугаад уулзвар эргэхэд нөгөө Портер маркийн машины өөдөөс нэг машин орж ирээд хурдыг нь сааруулахаар нь миний сууж явсан тээврийн хэрэгслэл хажуугаар нь очоод замыг нь хашиж зогсохоор нь би машинаас буугаад Портер маркийн жолооч гэх залууг барьж авсан. Жолооч нь гэх Б  нь согтуу байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ц.Б “...Би .... ДАР улсын дугаартай Авента маркийн машинаараа Тосгоноос Дархан чиглэлд таксинд явж байсан юм. ...нөгөө хөгшин эгч арын суудал дээр суугаад явж байсан ба 6-ын буудал дээр хүүхэд нь буугаад нөгөө хөгшин эгч 18-ын буудал дээр буусан. Би 18-ын буудал дээр ирээд асфальтан замын баруун гар талаа шахаж зогсоод “...наагуураа бууж болохгүй шүү...” гэж хэлэхийн завдалгүй машинаас зам тал руу буугаад хаалга хаатал ардаас нэг Портер машин ирээд мөргөчихсөн. Тэгээд би машинаас буугаад Портер маркийн машины жолоочийг “...хөөе зогсооч ээ...” гэж хэлэхэд тэр чигээрээ Турк сургууль руу эргээд явчихсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.О “...Ингээд Б гийн Портер машинд суугаад 18-ын буудал өнгөрөөд явж байсан чинь “Пэд” гэх чимээ гарахаар яасан юу болсон бэ гэж Б гаас асуусан чинь “хүн мөргөчихлөө” гэж хэлж байсан юм. Тэгээд чигээрээ явж байгаад баруун гар тийшээ уулзвар эргээд жаахан явж байсан чинь цагаан өнгийн Портер машин урдуур дамналдаж зам хашаад зогссон....” гэсэн мэдүүлэг

 Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдлаар “...Портер маркийн .... ДАХ улсын дугаартай авто машины жолооч *******  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “...Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож яван...”, мөн дүрмийн 9.2-т заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..”, мөн дүрмийн 2.5.б-д заасан “...зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад ав тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх...”, мөн дүрмийн 2.5.в-д “...зам тээрийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх гэсэн үүргийг хүлээнэ...”, мөн дүрмийн 2.7.а-д “...согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслэл жолоодохыг хориглоно...” гэсэн заалтуудыг тус тус зөрчин хэрэг осол гарсан газрыг санаатайгаар орхиж зугтаасан байна...” гэсэн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* гийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан “Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан...” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.

 

Хохирогч С.О  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 1.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч тэрээр уг шаардлагатай холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хохирол төлбөрийн талаарх асуудал нь шүүгдэгчийн гэм бурууг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй учир эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо хохирогч С.О  нь иргэний журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч *******  нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад 300,000 төгрөг, шүүхийн шатанд 150,000 төгрөг, нийт 450,000 төгрөгийг хохирогч С.О т төлсөн байх тул шүүгдэгч ******* гаас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******  нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогджээ.

 

Иймд Р.Б  нь гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа болон хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүй байхаар шүүх шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж  овогт Р. Б г зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй зугтаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар овогт Р. Б д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ******* д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1, 298.2-т зааснаар шүүгдэгч *******  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4зааснаар хохирогч С.О  нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг мэдэгдэж, энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ******* д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* д анхааруулж мэдэгдсүгэй.       

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.      

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           З.ТУНГАЛАГМАА