| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 128/2025/0397/З |
| Дугаар | 221/МА2026/0470 |
| Огноо | 2026-07-03 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2026/0470
“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, А.У
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О, Г.Ж
Нэхэмжлэлийн шаардлага: нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/613 дугаар “Барилга байгууламж, албадан буулгаж, газар чөлөөлөх тухай” захирамж, 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/650 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 436 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О, Г.Ж
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, өмгөөлөгч Г.Х
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н.В, өмгөөлөгч А.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 128/2025/0397/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “О” ХХК-иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/613 дугаар “Барилга байгууламж, албадан буулгаж, газар чөлөөлөх тухай” захирамж, 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/650 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 436 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2020 оны/ 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас заримыг хангаж, нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/613 дугаар захирамжийг хүчингүй болгож, үлдэх шаардлагад холбогдох нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/650 дугаар захирамжийг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйл нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн гэж үзээд нийслэлийн Засаг даргаас шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“...нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/650 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Засгийн газрын 2024 оны 40 дүгээр тогтоолыг тус тус үндэслээд нийслэлийн Засаг даргын 2018 оны А/546 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар “О” ХХК-д 748 м.кв газрыг эзэмшүүлэхдээ бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхардуулан олгосон байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болсонд тооцсугай хэмээн шийдвэрлэсэн.
Хариуцагчийн гаргасан маргаан бүхий 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/650 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэх хэсэгтэй танилцахад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож буй заалт нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалт байх бөгөөд бусад хуулийн заалт нь нийслэлийн Засаг даргад хуулиар олгосон эрхийн зохицуулалтууд байна.
Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд “Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, үйлдлийг таслан зогсоох” гээд мөн зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заажээ. Эл заалтын агуулга нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасныг хариуцагч үндэслэж байгаа тохиолдолд тухайн хүчингүй болгож буй захиргааны акт нь хууль бус буюу эрх зүйн зөрчилтэй байхыг шаардаж байна. Өөрөөр хэлбэл хариуцагч өөрийн гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгох боломжийг олгосон зохицуулалт байна.
Энэхүү хэргийн тухайд авч үзвэл нийслэлийн Засаг даргын 2018 оны А/546 дугаар захирамж хууль бус байхыг шаардана. Гэвч хэрэгт цугларсан бичгийн баримаар нийслэлийн Засаг даргын 2018 оны А/546 Сүхбаатар дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар “О” ХХК-д 748 м.кв газрыг эзэмшүүлэхдээ хууль тогтоомж зөрчсөн зүйл тогтоогдоогүй болно.
Маргаан бүхий 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/650 дугаар захирамжийн захирамжлах нь хэсгийн 1-д “нийслэлийн Засаг даргын 2018 оны А/546 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар “О” ХХК-д 748 м.кв газрыг эзэмшүүлэхдээ бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхардуулан олгосон байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болсонд тооцсугай” гэж захирамжилсан байдаг. Энэхүү заалтаас үзэхэд 2018 онд нийслэлийн Засаг дарга Сүхбаатар дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар “О” ХХК-д 748 м.кв газрыг маргаан бүхий А/546 дугаар захирамжаар эзэмшүүлэхдээ бусдын хүчин төгөлдөр эрхийн актаар эзэмшиж, ашиглаж байсан газартай давхцуулж газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид олгосон гэж ойлгохоор байна.
Гэтэл хэрэгт цугларсан баримт, хариуцагчаас ирүүлсэн нотлох баримтуудад нэхэмжлэгчийн эзэмшиж буй Сүхбаатар дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээний зориулалттай 748 м.кв газар нь аливаа иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газартай давхацсан зүй байхгүй болох нь дараах баримтуудаар тогтоогдсон. Үүнд:
1. Нэгдүгээр хавтаст хэргийн 30-39 дүгээр талд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 933 дугаар шийдвэр авагдсан. Тус шийдвэрийн үндэслэх нь хэсэгт дараах дүгнэлтүүдийг хийсэн байх бөгөөд тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 933 дугаар шийдвэр үндэслэх нь хэсэгт дараах байдлаар дүгнэсэн.
-Иргэн Б.Д-ийн эзэмшиж буй газрын талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг нийслэлийн Засаг дарга, түүний газрын албанаас уг газар нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөл ба Улаанбаатар хотын АДХГЗ-ын 1981 оны 230 дугаар тогтоолоор ОХУ-ын мэдэлд шилжүүлсэн газар байна. Иймд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-д заасныг зөрчиж асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж татгалзсан нь хууль, журамтай нийцээгүй хүсэлтийг хуульд заасны дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүй байсан гэж үзэхээр байна.
-Учир нь Улаанбаатар хотын Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1981 оны 230 дугаар тогтоолоор Сайд нарын зөвлөлийн 1981 оны 262 дугаар тогтоолыг үндэслэн Л-ний нэрэмжит клубт зориулан 1.05 га газар олгосон хэдий ч Сайд нарын зөвлөлийн “Эдэлбэр газар эзэмшүүлэх тухай” 1981 оны 262 дугаар тогтоолыг Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, Л-ний нэрэмжит клубийг Санкт-Петрбург хотын мэдэлд шилжүүлж, уг байшинг дипломат албаны үйл ажиллагаанд ашиглахгүй болсныг харгалзан тус клубийн эзэмшилд олгосон 1.05 га газрын эзэмшигчийг тогтоох асуудлыг зохих хууль тогтоомжид заасны дагуу нийслэлийн Засаг дарга шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсүгэй гэж шийдвэрлэжээ.
-Энэхүү тогтоолын агуулгаас харахад уг газрын эзэмшигчийг Газрын тухай хуульд нийцүүлэн шинээр тогтоох байсан хэдий ч өнөөдрийг хүртэл маргаан бүхий газар хэн нэгний эзэмшилд баталгаажаагүй хүсэлт гаргасан газар хууль ёсны дагуу эзэмшил үүсээгүй байхад нэхэмжлэгчийн хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэхгүй байгаа нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус гэж дүгнэхээр байна.
-Түүнчлэн нэхэмжлэгчийн нэмэгдүүлэхийг хүссэн газар нь Газрын тухай хуулийн дагуу иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулаагүй болох нь Нийслэлийн газрын албаны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01/3891 дугаар албан бичгээр тогтоогдсон байна.
2. Нэгдүгээр хавтаст хэргийн 203 дугаар талд авагдсан “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1/2470” дугаартай шүүгч Д.Э танаа гэсэн бичиг. Тус бичигт “Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн Засаг даргын 2018 оны А/546 дугаар захирамжаар “О” ХХК-д нэгж талбарын 1460600102 дугаар бүхий худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 749 м.кв газар нь Газрын кадастрын мэдээллийн санд бусад иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөл, ашиглалтын газартай давхцаагүй байх бөгөөд 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр дуусах хугацаа өгөгдөж, идэвхгүй төлөвтэй болсон байна” гэж,
3. Хоёрдугаар хавтаст хэргийн 115 дугаар талд авагдсан Нийслэлийн газрын албаны 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 01/3891 дугаар албан бичиг,
4. Гуравдугаар хавтаст хэргийн 157 дугаар талд авагдсан Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 51 дүгээр тогтоол.
Дээр дурдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн эзэмшиж буй нэгж талбарын 1460600102 дугаар бүхий худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 749 м.кв газар нь Газрын кадастрын мэдээллийн санд бусад иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, өмчлөл, ашиглалтын газартай давхцаагүй болох нь тогтоогдож байна.
Маргаан бүхий 2025 оны А/650 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар нь бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцаж байна гэх үндэслэлээр түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримтаар тогтоогдсон байхад анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 3.20-д “Шүүхэд тогтоогдсон нөхцөл байдал ийм байгаа боловч Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас Оросын холбооны улстай уг үйл хөдлөх хөрөнгө, түүний доорх болон орчны газрыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байхад уг газрыг Оросын холбооны улсын ашиглаж байгаа газар гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд эрх бүхий этгээдээс уг маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл “О” ХХК газрыг цаашид эзэмших эрхтэй эсэхийг ч шүүхээс эцэслэн тогтоох боломжгүй байна” гэж,
3.21-д Иймд дээрх маргааныг Монгол Улсын Их Хурал, Засгийн газар болон Оросын холбооны улстай харилцан тохиролцож эцэслэн шийдвэрлэсэн үед нь гарсан шийдвэрийг харгалзан үзэх замаар “О” ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгох, эсэхээ шийдвэрлэх нь зүйтэй юм” гэж дүгнээд нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/650 дугаар захирамжийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 2.4, 2.5 болон 3.11, 3.17, 3.19 дахь хэсгүүдэд нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар нь бусдын тодруулбал Оросын холбооны улсын эзэмшиж буй газартай давхцаагүй, маргаан бүхий захиргааны хуульд нийцээгүй Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасныг зөрчсөн талаар тодорхой дүгнэсэн.
Мөн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 3.27-д “Харин нийслэлийн Засаг даргаас Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 40 дүгээр тэмдэглэлээр өгсөн үүргийг биелүүлэхдээ бодит нөхцөл байдлыг харгалзан үзэх, хуульд нийцүүлэн актаа гаргах шаардлагатай болохоос хуульд нийцээгүй үндэслэл гаргаж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрхгүй гэж дүгнэв” гэж дүгнэсэн.
Нэгэнт хариуцагчийн гаргасан 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/650 дугаар захиргааны акт зорилгодоо нийцээгүй, бодит нөхцөлд тохироогүй, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, Засгийн газрын 2024 оны 40 дүгээр хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхдээ хуульд үндэслээгүй, мөн захирамжид заасан бусдын хүчин төгөлдөр эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаагүй бол тус захиргааны акт хүчингүй болох ёстой.
Гэвч шүүх Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас Оросын холбооны улстай уг үл хөдлөх хөрөнгө, түүний доорх болон орчны газрыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байхад уг газрыг “О” ХХК газрыг цаашид эзэмших эрхтэй эсэхийг ч шүүхээс эцэслэн тогтоох боломжгүй байна гэж дүгнэсэн нь зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзнэ.
Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 436 дугаар шийдвэрийн тогтоох нь 1 дэх заалтын Нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/650 дугаар захирамжид холбогдох хэсгийг хариуцагчийн шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн хэсгийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
“...Хэрэгт авагдсан баримтуудаар маргаан бүхий газар нь Оросын холбооны улсын өмчлөлийн барилга байгууламжтай холбоотой, В.И.Л-ний нэрэмжид клубийн барилгын доорх газар, орчны газар, Засгийн газар хоорондын хэлэлцээрээр зохицуулагдсан асуудал болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байгаа.
Иймд нөхцөлд Газрын тухай хуулийн ердийн зохицуулалтаар шийдвэрлэх боломжгүй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 40 дүгээр хуралдааны тэмдэглэлийн 1-д “В.И.Л-ний нэрэмжит клубийн барилга, түүний ашиглалтад хамаарах 1.05 га газрын тодорхой хэсгийг бусдад шилжүүлэх, ашиглуулахаар олгосон шийдвэрийг цуцалж, маргааныг эцэслэн шийдвэрлэх арга хэмжээ авахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид даалгаж” шийдвэрлэснийг үндэслэн захирамж гаргасан.
Маргаан бүхий захирамжуудыг төрийн ашиг сонирхол, олон улсын гэрээ хэлэлцээр, дипломат байгууллагын эрх зүйн байдал, газрын асуудлыг шийдвэрлэх төрийн бүрэн эрх дээр тулгуурласныг бодитоор дүгнээгүй гэж үзэж байна.
Шүүх “О” ХХК нь газрын эрхтэй гэж дүгнэсэн боловч газрын анхны олголт, газрын хил зааг, барилга байгууламжийн өмчлөл, түүний суурийн болон орчны газрын асуудлыг Оросын холбооны улсын өмчлөлийн барилгаас салгаж шийдвэрлэснээрээ Иргэний хуулийн газраас салгаж үл болох үл хөдлөх эд хөрөнгийг үндсэн зарчмыг зөрчиж, газрыг барилга байгууламжаас салгаж, тусад нь шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.
Дипломат байгууллагын өмчлөлийн асуудал эрүүгийн хэргийн журмаар шалгагдаж байгаа асуудал бүрэн шийдэгдээгүй, нэхэмжлэгч нартай хамаарал бүхий этгээдүүдэд холбогдуулан яллагдагчаар татсан тогтоол үйлдэгдсэн байх цаг хугацаанд барилга байшинг газраас нь салгаж, Оросын холбооны улсын өмчлөлийн эд хөрөнгийн суурийн газар болон орчны газрын асуудлыг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчсөн гэж үзэж байна.
Мөн нэхэмжлэгчийн шаардлагын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзэн Оросын холбооны улсын гуравдагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан атлаа шүүхийн шийдвэрийн 3.29-д “Шүүхэд хянан шийдвэрлэгдсэн энэ маргаан нь нийслэлийн Засаг дарга болон дотоодын хуулийн этгээд “О” ХХК-ийн хооронд үүссэн эрх зүйн маргаан учраас шүүх Дипломат харилцааны тухай Венийн конвенцыг хэрэглэх үндэслэл байхгүй...” гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 436 дугаар шийдвэрт .... нийслэлийн Засаг даргын 2025 оны А/613, А/650 дугаар захирамжийг хэвээр үлдээж, “О” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/613 дугаар захирамжаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт Оросын Холбооны Улс ашиглаж байсан газар дээр хууль бусаар барьсан “О” ХХК-ийн барилга байгууламжийг албадан буулгахаар шийдвэрлэсэн бол Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/650 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/546 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний зориулалтаар “О” ХХК-д 748 м.кв газрыг эзэмшүүлэхдээ бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхардуулан олгосон байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.
2.2. Нэхэмжлэгч “О” ХХК-иас дээрх захирамжуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Сүхбаатар дүүрэг, * дүгээр хороо, Жамъяандоржийн гудамж, ** тоот хаягт байршилтай 749 м.кв газрыг нийслэлийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/546 дугаар захирамжаар манай компанид 15 жилийн хугацаагаар үйлчилгээний зориулалтаар эзэмших эрх олгосон, газар эзэмших эрхийн хугацаа дуусаагүй байгаа, газар дээрээ 25 давхар үйлчилгээний зориулалттай барилга барихаар хүсэлт гаргаж, архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын загвар зургийг баталсан, барилгын ажлын зургийг боловсруулж, холбогдох техникийн нөхцөлүүдийг авч, магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулж 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 0006459 БА-187/2020 дугаар, 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 0007233 133/2020 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгээр барилгын ажлаа эхэлсэн, барилгын В2, В1, 1 давхрууд баригдаж байх хугацаанд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай А/74 дүгээр тушаалыг Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга гаргасан, ... маргаан бүхий 2025 оны А/613 дугаар захирамжид шүүхийн шийдвэрийг нэн яаралтай биелүүлж гэсэн нь үндэслэлгүй, ... манай компанийн барилгыг албадан буулгах талаар шүүхийн шийдвэр огт гаргаагүй, ... манай компанийн газар эзэмших эрх нийслэлийн Засаг даргын захирамжаар үүссэн, одоог хүртэл хүчин төгөлдөр, барилгын ажлын гэрчилгээг түдгэлзүүлсэн байгаа нь газрын эрх, барилгын зөвшөөрлүүдийг хүчингүй болгосонд тооцогдохгүй, ... нийслэлийн Засаг даргын захирамж Захиргааны ерөнхий хуулийг бүхэлд нь зөрчсөн хууль бус захирамж...” гэж тайлбарлан маргасан байна.
2.3. Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/613 дугаар захирамжийн хувьд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 128/ШШ2022/0845 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 128/МА2023/0072 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 24 дүгээр тогтоолуудыг нэн яаралтай биелүүлж, нэхэмжлэгчийн барилга байгууламжийг албадан буулгасан гэх боловч дээр дурдсан шийдвэр, магадлал, тогтоолууд нь барилгыг нураах агуулгаар гараагүй, гагцхүү “О” ХХК-д олгосон барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2020 оны А/74 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэлийг хянасан болох нь тогтоогдож байхад хариуцагч шүүхийн шийдвэрийг буруу тайлбарлан нэхэмжлэгчийн барьж байсан барилгыг нураахаар шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/613 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2.4. Харин нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нийслэлийн Засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/650 дугаар захирамжийн хувьд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэсэн үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т зааснаар 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь зөв байх боловч “...Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас Оросын Холбооны Улстай уг үл хөдлөх хөрөнгө, түүний доорх болон орчны газрыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байхад уг газрыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй байхад уг газрыг Оросын Холбооны Улсын ашиглаж байгаа газар гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд эрх бүхий этгээдээс уг маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл “О” ХХК газрыг цаашид эзэмших эрхтэй эсэхийг ч шүүхээс эцэслэн тогтоох боломжгүй, дээрх маргааныг Монгол Улсын Их Хурал, Засгийн газар болон Оросын Холбооны Улстай харилцан тохиролцож эцэслэн шийдвэрлэсэн үед нь гарсан шийдвэрийг харгалзан үзэх замаар “О” ХХК-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгох, эсэхээ шийдвэрлэх нь зүйтэй...” гэх дүгнэлт нь үндэслэл муутай болжээ.
2.5. Учир нь дээрх захирамж нь нэхэмжлэгч компанид газар эзэмшүүлэхдээ бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхардуулан олгосон гэх боловч Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын Зөвлөлийн тогтоол, Улаанбаатар хотын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны тогтоолуудаар Оросын Холбооны Улсад олгосон В.И.Л-ний нэрэмжит клуб байрлаж буй 1.05 га газрын байршлыг кадастрын зураг, солбицлын цэгийг нарийвчлан тодруулж, тогтоох шаардлагатай.
Улмаар тухайн газартай “О” ХХК-ийн газар давхцаж буй эсэх, хэрэв давхцалтай бол чухам аль хэсгээрээ, ямар хэмжээгээр давхацсан, давхцалгүй газар байгаа эсэх, үүнийг нь “О” ХХК үргэлжлүүлэн эзэмшиж, ашиглах боломжтой эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан газрын харилцааны талаар нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэх бүрэн эрхэд хамаарч байх тул шүүхээс захиргааны байгууллагын хуулиар олгосон бүрэн эрхэд халдах боломжгүй төдийгүй дээрх нөхцөл байдлуудыг тодруулж, тогтоон шийдвэрлэх нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул энэ агуулгаар маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Тодруулбал, захиргааны хэргийн шүүхийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д зааснаар захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгадаг.
2.6. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгч компани анх маргаан бүхий газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлж үйл ажиллагаа явуулдаг байсан, улмаар уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаар үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмших эрхийг олж авсан талаар тайлбартаа дурдсан бөгөөд нэхэмжлэгч компани тус үл хөдлөх эд хөрөнгийг ямар арга замаар шилжүүлэн авсан, цаашлаад нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хууль ёсоор үүссэн эсэх талаарх холбогдох баримтыг цуглуулж, бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоосны эцэст нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхтэй холбоотой асуудлыг шинэ акт гаргаж шийдвэрлэх нь зүйтэй.
Хууль ёсоор үүссэн эрх хуулиар хамгаалагдах учиртай тул эдгээр нөхцөл байдлыг зайлшгүй тодруулах шаардлагатай.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 436 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О, Г.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б, А.У нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН