Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1327

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 21з0/МА2018/00515

 

 

 

“БФ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00465 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “БФ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ж.Цд холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 81 918 995 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч “БФ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж.Ц нь 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр зээл, барьцааны гэрээ байгуулж зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Жаргалан хотхоны 1 дүгээр байрны 5 тоотын 129.17 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 18 м.кв талбайтай №19 тоот гараашийг тус тус барьцаалж, зээл, барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тус ББСБ-аас 12 сарын хугацаатай 40 000 000 төгрөгийг нэг сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч Ж.Цтэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр дууссан бөгөөд зээлдэгчийн хүсэлтийн дагуу “БФ” ХХК нь зээлийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл сунгасан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд зээлдэгч Ж.Цгээс зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээлд 38.772.200 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх зээлийн хүүд 38.936.135 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4 210 660 төгрөг, нийт 81 918 995 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Жаргалан хотхоны 1 дүгээр байрны 5 тоот 4 өрөө орон сууц, 18 м.кв талбай бүхий 19 тоот гараашаас үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “БФ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.Цд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь байгуулсан зээлийн гэрээний дагуу төлбөр төлж байсан байхад огт төлөөгүй мэтээр бичсэн байна. “БФ” ХХК-иас Ж.Ц нь 40 000 000 төгрөгийг газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэхээр зээлж авсан. 35 000 000 төгрөгөөр нь трактор, үрлэгч, хавагч авсан. 2015 оны 6, 7 дугаар сар тэр чигээрээ гантай байсан тул ургацаа 100 хувь алдсан. 2016 онд дахиад хүнээс мөнгө зээлж тариалалт хийсэн боловч бас гантай жил байгаад жаахан улаан буудай хурааж авсан.        Уг улаан буудайнаас олсон бүх ашгаа “БФ” ХХК-нд тушаасан. 2017 онд “БФ” ХХК-аас зээлсэн мөнгө төлөх үүднээс тосны ургамал буюу арабус тарьсан, 7 дугаар сард хэт халалтын үеэр дөнгөж соёолж байсан ургамал маань хөрсөн доороо гандаж ямар ч тариа хурааж чадаагүй.

Бид “БФ” ХХК-аас 40 000 000 төгрөгийн зээл аваад 20 гаруй сая төгрөгийг төлсөн. “БФ” ХХК-ийн удирдлагад үнэн байдлаа хэлж, энэ жилийн тариалалт хийж олох мөнгөнөөс төлнө гэж хэлсэн байгаа. Бидний хувьд үндсэн зээлийн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байгаа. Харин зээлийн гэрээнд заасны дагуу хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Зээлийн гэрээний хугацаа болон зээлийн гэрээг сунгасан хугацаагаар тооцож үзэхэд Ж.Ц нь 29 200 000 төгрөгийн хүү төлөх ёстойгоос 16 800 000 төгрөгийг төлсөн. Иймд одооо “БФ” ХХК-д 50 511 392 төгрөгийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Цгээс 70 511 392 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “БФ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 407 603 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ж.Цгийн өмчлөлд бүртгэлтэй, барьцаанд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Жаргалан хотхон, 1 дүгээр байрны 5 тоотын 129.17 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон 18 м.кв талбайтай №19 тоот гаражыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар “БФ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 796 267 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Цгээс улсын тэмдэгтийн хураамжид 510 506 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “БФ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

           

            Хариуцагч Ж.Ц давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн бодит нөхцөл байдлыг үнэлээгүй, харгалзаж үзээгүй, хэт нэг талыг барьж нэхэмжлэгчийн хүсэл зоригийг илүүд үзсэн. Тухайлбал хариуцагч нь уг зээлийг газар тариалангийн зориулалтаар авч ашигласан бөгөөд 2015 оноос хойш байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр тариа хураан авч чадаагүй тул зээлээ төлөх боломжгүй болсон гэж байгаа нь хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Талууд гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал тохиолдсон тохиолдолд зээлийн төлбөрөөс хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлөхөөр тохиролцоогүй гэж шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, алдаатай болсон. Давагдашгүй нөхцөл байдал тохиолдсон тохиолдолд заавал талуудын тохиролцсон байхыг шаардах хуулийн үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна. 

            Нэхэмжлэгч “БФ” ХХК шүүхэд хандан, хариуцагч Ж.Цд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 81 918 995 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 50 511 392 төгрөгийн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.  

Талууд 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч “БФ” ХХК нь зээлдэгч Ж.Цд 40 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу зээл, зээлийн хүү төлөх үүрэг тус тус хүлээж, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагч Ж.Цгийн өмчлөлд бүртгэлтэй Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Жаргалан хотхон, 1 дүгээр байрны 5 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-2206008137 дугаарт бүртгэлтэй 129.17 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалан, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр тогтоогдсон, энэ талаар маргаангүй байна. Зохигчдын хооронд байгуулсан дээрх зээлийн болон барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасанд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Хариуцагч тал зээлийн үүргээс 22 106 230 төгрөг төлсөн, мөн гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй, зөрчсөн гэдгээ зөвшөөрдөг. Харин гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл тохиолдсон гэх үндэслэлээр хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлүүлэхийг хүсч байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий зээлийн гэрээ байгуулагдсан учир зээлийн хүү, хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүүгийн тохиролцоо нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан байх ёстой. Уг хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгахаар, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт гэрээнд заасан бол үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тусгайлан заажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл стандарт нөхцөл бүхий гэрээний 2.1.3, 2.4 дэх заалтаар зээлийн хүүгийн нөхцлийг 2 өөр хэмжээгээр буюу үндсэн хүү 4.5 хувь, хөнгөлттэй зээлийн хүү 3.5 хувь гэж тогтоосны улмаас хүүгийн хэмжээ тодорхой бус болжээ. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт стандарт нөхцлийн утга агуулга ойлгомжгүй бол хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлахаар заасан тул талууд зээлийн хүүг “3.5” хувиар тогтоосон гэж үзнэ. Иймээс хариуцагчийн үндсэн зээл болон зээлийн хүү төлөх үүргийг тодорхойлбол үндсэн зээл 40 000 000 төгрөг, зээлийн хүүд 16 800 000 төгрөг /40 000 000 х 3.5%=1 400 000 х 12 сар/, нийт 56 800 000 төгрөг байна. Үүнээс төлөгдсөн 22 106 230 төгрөгийг хасвал 34 693 770 төгрөг болж байх хэдий ч хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг 50 511 392 төгрөгийн хэмжээнд зөвшөөрөх боломжтой гэх тайлбарыг шүүхэд гаргасан тул энэ хэмжээгээр хариуцагчийн үүргийг тодорхойлох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан диспозитив зарчимд нийцнэ. Харин нэхэмжлэгч тал хариуцагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээний 2.5-т заасныг баримтлан хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүү шаардсаныг давж заалдах шатны шүүх үндэслэлгүй гэж үзлээ.

Зохигчид гэрээний 2.1.3, 2.4 дэх заалтаар зээлийн хүүгийн хэмжээг 2 өөрөөр тогтоосон бөгөөд гэрээний 2.5-д нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг гэрээний 2.1.3-д заасан 4.5 хувийн хүүгийн 20 хувь байхаар тодорхойлсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцээгүй. Өөрөөр хэлбэл шүүх Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт заасныг баримтлан зээлийн хүүг 3.5 хувиар тогтоосон гэж үзсэн учир үндсэн хүү гэх “4.5” хувиас 20 хувиар тооцох талуудын тохиролцоо нь мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан үр дагаврыг бий болгох тул гэрээний 2.1.3, 2.4 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасны дагуу хуулиар тогтоосон дээд хэмжээг зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ. Мөн хэтэрсэн хугацааны хүү нь үндсэн 3.5 хувиас хэтрэхгүй байх хэмжээг гэрээнд заагаагүй нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй учир нэхэмжлэгчийн, хариуцагч нараас хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүү шаардаж буй хэсэгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд харшлахгүй. Анхан шатны шүүх хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагч нарыг хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна. Харин хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00465 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “70 511 392” гэснийг “50 511 392” гэж, “11 407 603” гэснийг “31 407 603” гэж, 3 дахь заалтын “510 506” гэснийг “410 507” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                          ШҮҮГЧИД                                         А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Ч.ЦЭНД