Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2016/ШЦТ/198

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                    Хэргийн индекс: 171/2016/0207/Э

       Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж, 

       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,

       Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

       Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ц***,

       Хохирогч Ц.Ц***,

       Шүүгдэгч Ш.И***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

        Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэрэгт Ш.И***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн **** дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 1956 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ********д төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл ***** нөхрийн хамт Дархан-Уул аймаг Дархан сумын ** дугаар баг ** дугаар хороолол ** тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, Ш.И*** /Регистрийн дугаар:****/

   Үйлдсэн хэргийн талаар:

   Шүүгдэгч Ш.И***нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 18 цагийн орчимд ******* тоотод үйл ажиллагаа явуулдаг “Халуун усны газар”-т тус халуун усны газрыг эрхлэн ажиллуулдаг Э.Э***тэй хөлслүүлсэн байрныхаа дулааны төлбөрийн мөнгийг өгөөгүй гэсэн шалтгаанаар маргалдан улмаар хохирогч Ц.Ц***гийн эзэмшлийн шарп маркийн 32 инчийн өнгөт зурагтыг хананд тогтоосон байхад нь залгуураас нь татаж газарт унагаан зурагтны дэлгэц болон ар талыг нь хагалан, 3 литрийн багтаамжтай ус буцалгагчийг газарт шидэн их бие хэсгийг нь цөмлөн нийт 459.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.И***гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Миний хүүгийн найз М*** танай байрыг түрээсэлж амьдармаар байна гэсэн юм. Тэгэхээр нь би тэр үедээ зөвшөөрөөд М***ын хадам ээжийг суулгахаар болсон. Тэгээд би М***тай амаар тохиролцоод 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 1 сарын хугацаатай М***ад өөрийнхөө байрыг түрээсэлсэн юм. Түрээслүүлснээс хойш 1 сарын дараа М***тай утсаар холбогдоод байранд үргэлжлүүлж суух эсэх талаар нь асуухад М*** дахиж танай байрыг түрээсэлмээр байна гэсэн. Тэр үедээ би М***ад тэг тэг гээд зөвшөөрссөн байсан юм. Тэгээд М*** манай байрыг дахин 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай түрээсэлсэн юм. Тэгээд 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр М*** над руу залгаад гадаа дулаан болсон учир өөрийнхөө гэрлүү явлаа гэж хэлж байсан юм. Тэгээд М***ад эгч нь Дарханд очих болоогүй учир чи эгчдээ туслаад зар өгөөд манай байрыг түрээслэх хүн олоод өгөөч гэж байсан. Түүнээс хойш 2 хоногийн дараа М*** над руу залгаад танай байранд дахиад суухаар боллоо гэсэн. Тэгэхээр нь М***ад тэг тэг гэж зөвшөөрөөд түрээсийн мөнгө дансаар шилжүүл гэхэд М*** надад одоо 100.000 төгрөг байна үлдсэн 150.000 төгрөгийг нь хүүхдийн баярын дараа шилжүүлье гэсэн. Хүүхдийн баярын өдөр буюу 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр М***аас үлдэгдэл мөнгө авъя гэхэд тэрээр надад мөнгөний боломжгүй байна эхний ээлжинд 50.000 төгрөг шилжүүлье гээд М*** миний данс руу 50.000 төгрөгийг шилжүүлж байсан. Тэгээд түүнээс хойш М*** миний үлдэгдэл мөнгийг өгөхгүй байж байгаад байрны түрээсийн хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө над руу залгаад байрнаас чинь түрээсийн хугацааны өмнө гарлаа, үлдэгдэл мөнгийг чинь хоногт чинь тооцоод гарлаа гэж байсан. Тэр үедээ М***ад зөвшөөрөхгүй 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл манай байранд суу, байрны түрээсийн үлдэгдэл мөнгийг өг гэж байсан. Тэгээд би 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Дарханд ирээд эмнэлгээр хэвтэж байгаад 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр М***аас байрны түлхүүрээ хүлээж авах гээд дуудахад тэрээр эхнэр Э.Э***гийн хамтаар хүрч ирээд түлхүүрийг надад хүлээлгэж өгчихөөд яваад өгсөн. Тэгээд би байрныхаа төлбөр тооцоог холбогдох байгууллагаас асуусан чинь М***ынх манай байрны халуун, хүйтэн ус, дулаан зэрэг хэрэглээний мөнгийг 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд өгөөгүй байсан. Тэгээд би 2016 оны 07 дугаар сарын 03-ны өдөр М***ын эхнэр Э.Э***гийн ажиллуулдаг халуун усны газарт очоод цахилгааны 6 сарын мөнгө гарсан байхаар нь Э.Э***гээс аваад цахилгааны мөнгийг нь тушаагаад байрныхаа тогийг залгуулсан. 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр халуун усны газарт очоод Э.Э***д би Улаанбаатар хотруу явлаа байрны халуун хүйтэн ус, дулааны төлбөр гарсан байна тооцоогоо хий гээд маргалдсан. ...Би Ц.Ц***д учруулсан хохиролд 459.000 төгрөг төлсөн. Бас уучлалт гуйсан байгаа. Би ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Дахиж ийм асуудалд холбогдохгүй” гэх мэдүүлэг /хэргийн 35-36, 38 дугаар хуудас/

   Хохирогч Ц.Ц***гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Дархан сумын 07 дугаар багт байрлах Алтангадас ** тоотод үйл ажиллагаа явуулдаг Халуун усны газрыг өөрийн төрсөн охин Э.Э***гийн хамт ажиллуулдаг юм. 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагийн орчимд намайг гэртээ байж байхад манай охин Э.Э*** надруу утсаар залгаад “ээж И*** эгч надаас мөнгө нэхээд намайг зодоод, манай халуун усны газрын телевизор, ус буцалгагч зэрэг эд зүйлийг эвдчихлээ” гэсэн. Тэгээд би гэрээсээ гараад тэр даруй халуун усны газартаа ирэхэд И*** миний охин Э.Э***г буланд шахаад, миний охиныг зодсон гэмээр үс толгойг зулгаасан байдалтай байсан. Тэгээд би И***д хандаж “Чи адилхан эх хүн байж миний  хүүхдийг яаж байгаа юм бэ” гэхэд тэрээр надад хандаж “Чи дуугүй бай гичий минь” гэсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд И***г халуун усны газраасаа хөөж гараад түүнийг явах гэхээр нь машиных нь түлхүүр, гар утас хоёрыг нь булааж аваад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Манайд түрээслүүлсэн байрны дулааны мөнгийг нэхэж ирээд Э.Э***г минь зодож, манай халуун усны газрын эд хөрөнгийн санаатай эвдэж сүйтгэсэн.

 Надад учирсан хохирол 459.000 төгрөгийг Ш.И***гоос хүлээж авсан. Бас надаас Ш.И***нь уучлалт гуйсан учраас одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг, /хэргийн 14-15 дугаар хуудас/

Гэрч Д.С*** мөрдөн байцаалтад өгсөн: “..2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байсан санагдаж байна. Манай хуурай эгч Э.Э*** Дархан сумын ** дугаар баг ** тоотод халуун усны газар ажиллуулдаг юм. Дээрх өдөр би Э.Э*** эгчийн хамт ажил дээр нь хөзөр тоглоод байж байсан чинь гаднаас үл таних эгч орж ирээд Э.Э*** эгчтэй уулзаад байрны халаалтын талаар яриад мөнгө төгрөгний маргаан хийгээд байсан. Тэгээд тухайн хүн Э.Э*** эгчийг аваад дулааны шугам сүлжээ явъя гээд байсан. Тэгсэн чинь Э.Э*** эгч түүнд ажлын цаг дууссан байна маргааш ажил цуглахаар хамт явъя гэж хэлсэн чинь тухайн хүн заавал одоо Э.Э*** эгчийг авч явна гээд ширээн дээр байсан ус буцалгагчийг авч шидээд эвдэлсэн. Мөн ханан дээр байсан телевизорыг сууринаас нь салгаад газар унагаагаад дэлгэцийг нь хагалсан” гэх мэдүүлэг /хэргийн 5 дугаар хуудас/

Гэрч Э.Э*** мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр миний ээж Цэцгээ надруу бэлнээр 450.000 төгрөг шилжүүлээд би тухайн өдөр Улаанбаатар хотын 3, 4 дүгээр хороололд үйл ажиллагаагаа явуулдаг “Нэкст плаза”-ийн салбараас 32 инчийн Шарп телевизор худалдан авч Дархан руу ээжид өгч явуулж байсан юм” гэх мэдүүлэг /хэргийн 19 дүгээр хуудас/

Гэрч Э.Э***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын 04-ний  өдөр би өөрийн ажил дээрээ ажлаа хийгээд сууж байхад 18 цагийн орчимд И*** эгч ажил дээр байрны ус, дулааны мөнгө яагаад төлөөгүй юм бэ? гэж асуусан. Тэгэхээр нь би гайхаад манайх танай байрны халуун ус, хүйтэн ус, цахилгааны мөнгийг л төлнө гэж тохирсон биз дээ?. Дулааны мөнгийг төлөхгүй. Харин халуун усны үлдэгдэл тооцоо байгаа бол маргааш ажлын цагаар очиж шүүлгээд учир зөвийг нь олъё гэсэн. Тэгсэн чинь И*** гуай намайг хэл амаар доромжлоод одоо л дулааны шугам сүлжээ орж учир зөвөө олно гээд намайг ажил дээрээс минь авч явах гээд байсан. Тэгээд би түүнд ажлын цаг дууссан байна учир зөвөө маргааш ольё гэхэд тэрээр миний үгийг огт тоохгүй орилж хашгираад манай халуун усны газарт үйлчлүүлж байсан иргэдийг хөөж гаргаад, манай халуун усны газрын ус буцалгагчийг надруу шууд авч шидээд, халуун усны хүлээлгийн танхимд байдаг 32 инчийн шарп маркийн телевизорын залгуураас нь татаад газар унагаах гэхэд нь би эсэргүүцсэн чинь намайг үсдэж аваад намайг телевизортой минь хамт газар унагаасан. Тэгээд манай телевизорын дэлгэц хагараад миний 2 хөлийн өвдөг шалбарсан байсан. Дээрх эвдэрсэн эд зүйлүүд нь манай ээж Ц.Ц***гийн эд зүйл байгаа юм...” мэдүүлэг /хэргийн 17-18 дугаар хуудас/

“Капитал зууч” ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /хэргийн 21-22 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 755 дугаартай “Э.Э***гийн биед баруун өвдөгний цус хуралт тогтоогдлоо. Дээрхи цус хуралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг цус хуралт нь ГЗТЖ-ын 2.6-д зааснаар хамрагдах талбай бага, эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт / хэргийн 29 дүгээр хуудас/

   Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 42 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.И***, хохирогч Ц.Ц***гийн өгсөн мэдүүлгүүдээр шүүгдэгч Ш.И***нь 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 07 дугаар баг Алтангадасын 1-5 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Халуун усны газар”-т Э.Э***тэй хөлслүүлсэн байрныхаа дулааны төлбөрийн мөнгийг өгөөгүй гэсэн шалтгаанаар маргалдан улмаар хохирогч Ц.Ц***гийн эзэмшлийн шарп маркийн 32 инчийн өнгөт зурагт, 3 литрийн багтаамжтай ус буцалгагч зэргийг санаатайгаар гэмтээн нийт 459.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байх бөгөөд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ш.И***г бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.    

 

         Шүүгдэгч Ш.И***д оногдуулах ялыг хөнгөрүүлэх нөхцөл нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг болно.

Шүүгдэгч Ш.И***д ял шийтгэл оногдуулахдаа түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг нь харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.  

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294,295,296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  

   1. Шүүгдэгч Ш.И***г бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар шүүгдэгч Ш.И***г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Ш.И***д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар Ш.И***д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

   5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Ш.И***гийн засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Дархан Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

   6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг Ш.И***д сануулсугай.

   7. Шүүгдэгч Ш.И***нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй,  хохирогчид төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

   8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаг ирсэн дэлгэц болон дэлгэцийн ар хэрэг нь хагарсан 32 инчийн шарп маркийн 1 ширхэг өнгөт зурагт, таг нь хагарч их бие нь цөмөрсөн 3 литрийн багтаамжтай 1 ширхэг ус буцалгагчийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгасугай.

  

   9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар  тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.И***д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Дархан Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

   11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ш.И***д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

                        

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  П.БАТТУЛГА