| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 171/2016/0219/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/202 |
| Огноо | 2016-11-11 |
| Зүйл хэсэг | 146.2., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 2016/ШЦТ/202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:171/2016/0219/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дашдаваа,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Хохирогч ***,
Хохирогчийн өмгөөлөгч ***,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч ***,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** нарт холбогдох *** дугаартай хэргийг тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт :
Монгол Улсын ****** ****** төрсөн, ***** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ***** мэргэжилтэй, ам бүл ***** *******ийн хамтаар ***** *** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ***** аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар *** оот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, ухаан мэдрэл бүрэн, ***, регистрийн дугаар***
Монгол Улсын иргэн, *****-нд *******нд төрсөн, ****** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ***** ******гийн хамтаар ******** тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, *** , регистрийн дугаар: ***
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нар нь 2016 оны 06 дугаар сарын 16-ны шөнийн 03 цагийн орчимд согтуурсан үедээ ***** байрны орчимд бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн биед нь халдаж хохирогч *** бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2 дугаар байрны нөгөө захын орцны үүдээр гарах гээд явж байхад орцны үүдэн дээр хоёр эрэгтэй хүн юм яриад сууж байсан. Би тэр хоёр залуу дээр очоод манай найз нар нөгөө талын орцны урд байна. Найз нар маань согтуу байгаа та хоёр маргалдав гэж хэлэхэд малгайтай залуу над руу “чамд ямар хамаатай юм” гэж хэлээд босч ирээд гараараа хөлнөөс бариад газарт унагаасан. Намайг газар унасан байхад толгой руу өшиглөхөд би найз *** дуудаад орилоход гүйж ирээд нөгөө залуутай нь зууралдсан. Бид хоёрыг нөгөө 2 залуутай зууралдаад зогсож байхад *** ирээд намайг газраас татаж босгосон. *** нөгөө залуугаас салсан байсан. Манай найз нар нөгөө 2 залуугаас уучлалт гуйгаад байсан. Би найз *** хамт хажуугийн 3-р байрыг тойроод явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дугаар хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед манай найз *** нар маргалдаж байсан болохоор манай найзууд тэнд маргалдаад байна, та 2 маргалдваа гэхэд асуудал үүсч нөгөө 2 залуутай маргалдсан юм. Тухайн үед би *** маргалдаад намайг газар унагаасан. Цаанаас манай найзууд ирээд *** намайг татаж босгоод 3-р байрны булангаас гэрлүүгээ явцгаасан. Энхбилэг бид хоёр 7-р байрны ойролцоо таксинд суух гэж байхад цагдаа нар ирээд аваад явсан. Тухайн үед *** эрүү хугарсан талаар мэдээгүй. Дараа нь *** цохисон гэдгийг нь мэдсэн. Энэ хэргийг эхлүүлсэн хүн нь би учраас хохирогчид мөнгө өгсөн” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *** мөрдөн байцаалтад өгсөн: “... Бид нарыг орцны үүдэнд зогсож байхад *** гэрлүүгээ явлаа гээд ганцаараа салж яваад удалгүй “*** намайг аваарай” гэж дуудсан. Би нөгөө орц руу очиход хоёр залуугийн нэг нь *** газарт унагаагаад дээр нь суучихсан, нэг залуу нь хажууд зогсож байсан. Би “ахаа боль” гэхэд зогсож байсан залуу намайг заамдаад доошоо тонгойгоод хөлнөөс барьж унагаасан. Би газарт унаж байхдаа зүн гараараа нүүрлүү нь нэг удаа цохиход намайг газарт унасан байхад миний дээрээс дэвсээд салсан. Би газраас босч байхад *** миний гарнаас татаад босгосон. Би хүнд цохиулсан уурандаа намайг цохисон залуу руу дайраад “чи яагаад зүгээр байхад цохиж байгаа юм” гэж хэлсэн. Манай найз нар нөгөө хоёр залуугаас уучлалт гуйгаад салж явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед *** залгаад ирсэн юм. Ингээд бид харихаар болоод 2-р байрны урд хэсэг суусан юм. Бид нар орцны урд юм яриад сууж байхад *** явчихсан. Удалгүй ****** намайг дуудсан. Намайг очиход *** газар уначихсан нэг нь дээр нь гарчихсан байсан. ****** ын дээр байсан хүнийг татаж босгоод “яагаад байгаа юм бэ?” гэхэд *** над руу дайраад миний фудболкыг урсан. Би харин унахдаа нэг цохичихсон юм. Би албаар эрүүг нь хугална гэж цохиогүй. Санамсаргүй цохисон” гэх мэдүүлэг,
Хохирогч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ах *** автомашины гараж дээр засвар үйлчилгээ хийж байгаад шөнө 2 цагийн орчим ажлаа дуусгаад *** ахыг гэрт нь хүргэж өгөх гээд орцных нь үүдэнд ирсэн. Бид 2 гаражид байсан 2 лааз нийслэл пивыг орцны үүдэн дээр уугаад сууж байсан. Манай ах *** гэр ****** орцонд байдаг. Бид хоёрын сууж байсан байрны голын орцны үүдэн дээр хэдэн залуучууд юм яриад байж байсан. Тэр залуучууд дундаас намхан нуруутай, бүлтгэр нүдтэй согтуу залуу хүрч ирээд бид хоёроос “тамхи байна уу” гэж асуусан. Бид 2 “тамхи байхгүй” гэж хариулсан. Нөгөө залуу хэрүүл гуйсан янзтаи үг хэлсэн. ****** ах “дүү битгий ахдаа томроод байгаарай” гэж хэлсэн. Бид хоёр дээр ирсэн залуу *** ахын өөдөөс хэрүүл хийгээд байсан. Намайг сандал дээр сууж байхад нөгеө залуу гэнэт миний хойноос цамцан дээрээс бариад газар татаад унагаасан. Намайг газарт унасан байхад дээрээс өшиглөсөн. Тэгэхэд орцны үүдэн дээр байсан залуучуудаас нь нэг нь гүйж ирээд ***р ахтай барьцалдаад авсан. Удаагүй орцны үүдэн дээр байсан залуучууд бүгд нөгөө хоёр залуутай юм яриад саатуулж байхад нь эхнэр бид хоёр буугаад бариад авсан. Намайг эхлэж цохисон жижиг бор залуу “наад ах чинь эхлээд намайг цохисон” гээд байсан. Бид гурав нөгөө хоёр залууг чирээд машинд суулгаад Цагдаагийн газарт авчирч өгсөн. Би эхлээд маргалдаад салахад миний биед гэмтэл учраагүй. Харин сүүлд араас нь дагаж утсаар яриад явж байхад түрүүлж хүрч ирээд хамар луу гараараа цохиж гэдэргээ унагаасан залууг таньж байна. Би сүүлд нэрийг нь сонсоход *** гэж байсан. Тухайн залууг яагаад таньж байна гэхээр би зугтаах гэхэд нь фудболкноос нь татаад урсан болохоор сайн санаж байна. Харин намайг яг хэн өшиглөсөн талаар мэдэхгүй байна. Миний биед учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан бүх зардлаа нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/
шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...*** “ахдаа томорчих юм байна л даа” гэхэд *** шууд намайг цохисон. *** харин *** дараад унахад цаанаас *** гүйж ирээд тэнд зодоон болсон. Би *** бариад авах гэтэл хувцсыг нь урчихсан юм. Ингээд удаагүй наад хулгайч чинь цагдаа дуудчихлаа гэж нэг нь хэлэхэд хоёр залуу гүйж ирж байсан. Түүний урд нь гүйж байсан *** миний шанаа руу цохисон. Энэ үед гэмтэл учраагүй. Цохиулаад намайг доошоо суух гэхэд нэг нь өшиглөсөн. Тэр үед нь миний эрүү хугарсан. Тэр нь хэн байсныг сайн мэдэхгүй байна. Ухаан алдаад сэргэхэд манай дүү болон эхнэр ирсэн байсан. Дүү *** наад хүмүүсээ араас аятайхан дагаад явж бай гэж хэлчихээд эмнэлэг рүү явсан. Би энэ хугацаанд хоёр сар гэртээ байсан. Би ажлаа хийж орлого олох боломжтой байсан. Эмчилгээний зардалтайгаа нийлээд 2,550,000 төгрөгийг хохирол төлбөрт авсан байгаа. Зарим баримтыг гаргаж өгч чадаагүй. Эмчилгээний зардалд баримтаар гарсан 712,950 төгрөг, 2 сар ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого 5,287,050 төгрөг, нийт 6,000,000 төгрөг нэхэмжилж байгаа” гэх мэдүүлэг
Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 06 дугаар сарын 16-ны шөнө 03 цагийн орчим гэртээ амарч байхад миний гар утас дуугарсан. Би гар утсаа аваад ярьтал нөхөр *** “намайг хүмүүс зодоод байна чи хурдан хүрээд ир” гэж хэлсэн. Би нөхрөөсөө хаана байгаа талаар асуухад “хуучин хорооллын 2 дугаар байрны урд талд байна” гэсэн ...Би эмнэлэг дээр очиж нөхрөө үзүүлэхэд “маргааш ирж зураг авахуулаарай” гэж эмч нь хэлээд үзсэн талаараа бичиг хийж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/
Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн байрны нөгөө талын орцны үүдэн дээр сууж байсан 2 хүнтэй эхлээд *** очиж маргаан үүсгэсэн. Харин ***салгах гэж очоод бас маргалдаад футболкаа уруулсан байсан ... Би ***ь, ***, Төрболд нарын хамт 7 дугаар байрны буланд очсон. Бид нарыг 7 дугаар байрны буланд очиход Энхбилэг, ****** нар байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26, 169-р хуудас/
Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...Бид нар бөөнөөрөө юм яриад зогсож байхад *** чанга орилох шиг болсон. Бид нар гүйгээд очиход *** хүнтэй маргалдаад газраас босч байхад нь *** гарнаас нь татаад салгахад *** газарт хэвтэж байсан. Би хүнтэй маргалдаж зодолдоогүй. Харин ***, *** нарыг хоёр хүнтэй маргалдаж байхад нь салгасан ...Бид нарын хажууд ***, *** нар ерөөсөө байгаагүй. Би тэр хоёр хаашаа явсан талаар ерөөсөө мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31, 166 дугаар хуудас/
Гэрч *** мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас/
Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...Би *** хамт яваад очиход *** гараас нь барьсан зогсож байсан. Харин *** нэг залуутай нь зууралдаад зогсож байхад нь *** салгасан. Бид нар нөгөө хоёр залуугаас салаад 3-р байрны хойд талаар явж байхад Энхбилэг 2 залуутай ганцаараа цамц урсан гээд маргалдаад үлдсэн. Би 7 дугаар байрны урд *** нартай очиход *** нар алга байсан. Би хүнтэй маргалдаж зодолдоогүй, харин *** нар хоёр хүнтэй маргалдсан” гэх мэдүүлэг “хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/
Гэрч *** мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 173-175 дугаар хуудас/
Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг *** “ерөөсөө залгадаггүй, чи надтай уулзахаа больсон гээд жоохон хоорондоо чанга чанга ярьсан. Тэгээд зогсож байхад 3 дугаар байрны нөгөө захын орцны үүдэн дээр *** нар хоёр залуутай зодолдож байсан ...Би хүнтэй маргалдаж зодолдоогүй. Харин *** хоёр хүмүүстэй маргалдаж зодолдсон. Тухайн зодоон болсны дараа *** толгойн баруун дээд хэсэгт жоохон зулгарсан, харин *** футболка бага зэрэг урагдсан байсан. Бид нарыг 7 дугаар байшингийн хажууд очиход *** нар хажууд байгаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32, 170 дугаар хуудас/
Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...Бид нар бүгд гүйгээд очсон. Тэгэхэд *** нартай маргалдаж байсан хоёр залууг *** гараараа цээжрүү нь нэг нэг удаа цохиод салгасан. Тэгээд *** цааш нь татаад холдуулсан. Тухайн үед *** нар нөгөө хоёр залуу руу “ална” гээд дайраад байсан. Бид нар *** нарыг салгаад 3 дугаар байрыг тойроод 7 дугаар байрны чиглэлд явсан. Бид нарыг 7 дугаар байрны хажууд очиход *** нар гэрлүүгээ орсон байсан. Харин *** нар 7 дугаар байрны хажууд очиход араас гүйгээд ирсэн. Миний санахад *** хохирогчийг Цагдаа дуудаж байна гэх шиг болсон. Тэгээд хохирогчтой маргалдаад байх шиг байсан. Би цаашаа 7 дугаар байрны чиглэлд явсан. Бид нар ярилцаж байгаад та хоёр зүгээр байгаа хүмүүс дээр очиж хэрүүл маргаан үүсгэсэн учраас өөрсдөө хэргээ хүлээ гэж хэлсэн. Тэгээд та хоёрын нэг нь л хохирогчийг гэмтээсэн байгаа гэж хэлсэн. Тэгээд *** та нар надад 100,000 төгрөг өгчих би өөрөө хэргээ даагаад явна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33, 167 дугаар хуудас/
Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хүнтэй маргалдаж зодолдоогүй. Намайг *** хоёр дээр очиход найз нар салгасан. Би найз нартай маргалдсан хоёр хүнээс найз нарынхаа өмнөөс уучлалт гуйгаад яваад өгсөн .Надад сүүлд *** ярихдаа -манай найз нар хоорондоо маргалдаад байна. Та хоёр гэртээ ороод амар гэж хэлснээс болоод маргалдсан гэж ярьж байсан Бид нар *** нартай уулзаад үйлдсэн хэргээ өөрсдөө даагаарай гэхэд *** урд өмнө гэмт хэрэгт холбогдож байсан болохоор *** өөрөө хэргээ даа гэсэн. Бид нар ярилцаж байгаад *** бусад нь 100,000 төгрөг Энхбилэгт өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36, 171 дүгээр хуудас/
Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...Намхан нуруутай бүлтгэр нүдтэй залуу бид хоёрыг 2 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэн дээр сууж байхад хүрч ирээд бид хоёроос тамхи асуусан. Бид хоёр тамхи байхгүй гэж хэлэхэд тамхиа харамлачих юм байна л даа гэж хэлсэн. Би тэр залууд хандаж би орцныхоо үүдэн дээр сууж байна. Би чамд орцныхоо үүдэн дээр нэгжүүлээд, дээрэмдүүлчих юм байна л даа гэсэн үгийг ёжлоод хэлсэн. Тэгээд сууж байхад тэр жижиг биетэй залуу шууд *** сандал дээрээс татаад газарт унгаасан. Тэр залуутай *** зууралдаад газарт хамт унасан. Би очоод салгаж байхад нэг залуу цаанаас гүйж орж ирээд миний хойноос цохиод авсан. Тэгэхэд *** сүүлд ирсэн залуутай зууралдаад газарт унасан. Надад сүүлд *** таныг гэрлүүгээ орсны дараа намайг 3-р байрны урд дахин зодож эрүү хугалсан гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37,172 дугаар хуудас/,
Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...*** хүрч ирээд *** бөгс рүү хөлөөрөө зөөлөн цохьсон чинь *** “яагаад байгаа юм бэ” гээд уурлаад хоорондоо маргалдсан. Тэгэхэд *** тэр хоёрыг салгасан. Удаагүй *** уурлаад яваад өгсөн. Бид нарыг юм яриад зогсож байхад нэг нь *** 2 хүмүүстэй зодолдоод байна гэж хэлсэн. ...Бид нар.бүгд одоо болно гээд тэр хоёрыг салгаад 3 дугаар байр эргээд явсан. ...Тэр.хүнийг хойноос дуудахаар нь наад хүн чинь гай болно гэж хэлээд би гэр лүүгээ орсон. Хамгийн сүүлд ***, *** явж байсан шиг санаж байна. Би тэр хоёрыг хаашаа явсан талаар хараагүй. Харин *** нар надаас салаад 7-р байшингийн чиглэлд явсан” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 168 дугаар хуудас/
Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 08 цагаас 16-ны өдрийн 08 цаг хүртэл Цагдаагийн газрын шуурхай бүрэлдэхүүнд хэрэг бүртгэгчээр үүрэг гүйцэтгэж байсан. ..Би хоёр залуугаас тайлбар, мэдүүлэг авах гэсэн боловч согтуу байсан болохоор саатуулах байранд хүргэх болсон. Би согтуу хоёр залууг дуудлага хүлээн авдаг ахлах ахлагч Б*** хамт авч гараад машинд суулгах гээд Цагдаагийн газрын шат уруудаад явж байхад намхан бүлтгэр нүдтэй залуу нь өндөр залуудаа -хоёулаа зодсон талаар ерөөсөө ярихгүй шүү, хоёулаа зугтаахуу гэхээр нь би -та 2 юу яриад байгаа юм бэ гээд *** цагдаагийн хамт эргүүлийн машинд суулгасан. Би саатуулах байранд аваачаад захиргааны зөрчил гаргасан хүмүүсийг албадан саатуулах тэмдэглэл хөтөлж байхад жижиг бүлтгэр нүдтэйг нь ***, өндрийг нь *** гэж байсан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/
Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...Зодоон хийсэн гэх хоёр залууг саатуулах байр луу хүргэх гээд Цагдаагийн газраас аваад гарахад намхан бүлтгэр нүдтэй залуу нь өндөр залуудаа “энэ хүнийг зодсон талаар ерөөсөө хэлж болохгүй шүү” гэж хоорондоо ярьж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/
Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...Хуучин хороолол 2 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэн дээр очиход *** ахын амнаас нь цус гарсан байдалтай “эрүү өвдөөд байна” гээд ганцаараа сууж байсан. Тэр жижиг биетэй, бүлтгэр нүдтэй залуу нь -дараагийн хүн нь чи шүү, миний ар том шүү гээд өөдөөс дайраад байсан. Бид гурав тэр хоёр залуутай хэрэлдэж байж арай гэж суулгаад цагдаагийн газарт хүргэж өгөх гээд явж байхад машин дотор шүлсээ хаяад “миний ар том шүү” гээд агсраад байсан. Миний машины заалны гэрлийг асаагаад “чиний царайг хараад авна” гээд байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Д.Туяагийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн *** биед гэмтлийн зэрэг тогтоосон *** дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Д.Туяагийн 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хохирогч *** биед гэмтлийн зэрэг тогтоосон *** дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/
Шинжээч эмч *** байцаасан: “...*** нь 2016 оны 06. дугаар сарын 21 -нд үзүүлсэн байна. 2016 оны 06 дугаар сарын 15-нд зодуулсан гэж өөрөө хэлдэг. Намайг үзэхэд *** биед ил харагдах ямар нэгэн гэмтэлгүй байсан. Хэрэв хамар гэмтээд хамрын таславч мурийсан бол хамар орчимд хавдартай шинжилгээгээр тухайлбал рентгенд хамрын таславч шинээр мурийсан нь харагдана. *** рентген зураг авахуулаагүй. 6 дугаар сарын 17-нд гэмтлийн эмчийн үзлэгт хамар нүүрний ямар нэгэн гэмтэл байсан гэж бичигдээгүй байсан. Тиймээс хамрын таславчны мурийлтыг шинээр үүссэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэлт өгсөн юм.” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 161-р хуудас/
Хохирогч *** эмчилгээний зардлын баримтууд /хавтаст хэргийн 21-25 дугаар хуудас/,
Хохирогч *** эмчилгээний зардал, хохирол төлбөр 2,250,000 төгрөг хүлээн авсан баримт /хавтаст хэргийн 181 дүгээр хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон урьд шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 89-87, 90-93 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэг хохирогч *** гаргасан ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, түрээсийн гэрээ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч *** нар нь 2016 оны 06 дугаар сарын 16-ны шөнийн 03 цагийн орчи****** Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 2-р байрны орчимд бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн биед нь халдаж хохирогч *** бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, мөн хэрэгт авагдсан, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Аймгийн прокурорын газраас *** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.
Шүүгдэгч *** нарыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч *** нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, энэ хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Хохирогч *** нь ГССҮТөвд 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэл 5 хоног хэвтэн эмчлүүлсэн нь өвчний түүх /хавтаст хэргийн 146-152 дугаар хуудас/, эмнэлгээс өвчтөн илгээх хуудас /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.
Хохирогч *** нь эмчилгээний зардлал 712,950 төгрөг, 2 сар ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого 5,287,050 төгрөг, нийт 6,000,000 төгрөг нэхэмжилж байх ба шүүгдэгч *** нар нь эмчилгээний зардал болон бусад хохирол төлбөрт нийт 2,550,000 төгрөг төлсөн талаар маргаагүй байна.
Хохирогч *** ажилгүй байсан хугацаанд олох байсан орлого 5,287,050 төгрөг нэхэмжилж сард 5 сая төгрөгний орлого олдог байсныг нотлох баримт гэж ХААН банкны депозит дансны хуулга, түрээсийн гэрээний хуулбар зэргийг гаргаж өгсөн боловч уг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, сарын хугацаанд 5 сая төгрөгийг түрээсийн гэрээний төлбөрт төлнө гэж заасан боловч ямар үйл ажиллагаа эрхэлдэг, ямар компанитай дээрх гэрээг байгуулсан нь тодорхойгүй, өмнө орлого олдог байсан бол энэ талаарх баримтгүй байна.
Хохирогчийн ХААН банкны дансанд 5 сая төгрөг өмнө нь шилжиж орж ирж байсан гэх үндэслэлээр уг хэмжээний орлогыг тогтмол олдог байсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 505 дугаар зүйлд зааснаар гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан ч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй ба хөдөлмөрийн чадвар алдсан гэх 2 сарын хугацааны нөхөн төлбөрийг гаргуулах үндэслэлтэй байсан ч уг төлбөрийг шүүгдэгч нар төлсөн байна.
Иймд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн гэм хорыг арилгасан гэж үзэж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Л.Отгонбаярын 6,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас шүүгдэгч нар 2,550,000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, 3,450,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, ар гэрийн байдал, хувийн байдал, 1 сар хүрээгүй нярай хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биелэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч *** 2016 оны 6 сарын 16-ны өдрийн 1 ширхэг рентген зургийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294, 295, 296, 297, 298, 299 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***, *** нарыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сар, *** 3 /гурав/ жил, 1 /нэг/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *** нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Л*** 2016 оны 6 сарын 16-ны өдрийн 1 ширхэг рентген зургийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сар, шүүгдэгч *** оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, шүүгдэгч *** 2 /хоёр/ жил, шүүгдэгч *** 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүгчийн захирамжаар шийдвэрлэх болохыг ялтан *** нарт мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *** нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** нарт батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД