| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 171/2016/0233/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/210 |
| Огноо | 2016-11-04 |
| Зүйл хэсэг | 181.2.1, 181.2.5., |
| Улсын яллагч | С.Баттамир |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2016/ШЦТ/210
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:171/2016/0233/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор С.Баттамир,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч ***,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** нарт холбогдох *** дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ***** төрсөн, **** настай, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, мэргэжилгүй, ***** хамт *****, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд **** өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3, 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч байсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, ***
Монгол улсын иргэн, ****** -ны өдөр ***** төрсөн, **** настай, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ***** мэргэжилтэй, ***** ийн хамт ****** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй ***
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***" дэлгүүрийн гадна үл ялих зүйлээр шалтаглан догшин авирлаж танхайрах явцдаа *** биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр би дэлгүүрийн гадаа зогсож байсан цагаан өнгийн соната 5 маркийн автомашин руу санамсаргүй байдлаар гар утсаа шидэхэд машины жолооч нь машин дотроосоо гарч ирээд надад “чи яаж байгаа юм бэ?” гэж хэлэхээр нь би түүний өөдөөс “яадаг юм пизда минь” гэж хэлээд маргалдахад надтай хамт зогсож байсан ах нар намайг болон жолооч бид хоёрыг салгасан. Би шидсэн гар утсаа газраас аваад *** руу залгаад “намайг хүн зодох гээд байна, би дэлгүүрийн гадаа байна чи хүрээд ирээч” гэж хэлэхэд удалгүй *** гэрээсээ ганцаараа гүйж ирээд надтай маргалдаад байсан жолооч дээр очоод түүнийг гараараа толгой руу нь цохисон. Тухайн жолооч ***с биеэ хамгаалаад *** газар унагаагаад өчихөд нь би *** өмөөрч хажуу талаас нь ороод тухайн жолоочийг гараараа толгой хэсэг рүү цохиж зодсон. Дэлгүүрийн худалдагч эгч дэлгүүрээсээ гарч ирээд цагдаа дуудлаа шүү гэсэн чинь би *** хамт зугтаасан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-33 дугаар хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...*** уруу залгатал *** ирээд жолооч ахыг цохисон. Жолооч ах *** барилцаад байж байхад нь би тэр ахын нүүр үрүү нь өшиглөсөн. Бид нарын буруу, гэм буруугаа ойлгож байна. Манай аав хүний асаргаанд байдаг, би зөөгч хийдэг. Хохирол төлбөрт 150,000 төгрөг төлсөн” үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин гэмт хэрэг үйлдэхгүй төлөв томоотой байж чадна” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *** мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр *** над уруу утсаар залгаад “дэлгүүрийн гадаа намайг нэг хүн зодох гээд байна хурдан дэлгүүрийн гадаа хүрээд ир” гэхэд нь би тэр даруй гэрээсээ гүйж гараад *** дэлгүүрийн гадаа очиход *** үл таних залуутай маргалдаад байж байхаар нь би тухайн залуу дээр гүйж очоод толгой руу нь гараараа цохисон. Гэхдээ яг хэдэн удаа түүний толгой руу цохисон талаараа санахгүй байна. Тухайн залуу биеэ хамгаалаад миний гарыг өчиж намайг газар унагахад *** намайг өмөөрч орж ирээд тухайн залууг дахин гараараа толгой хэсэг рүү нь цохисон. *** гадаа байсан хүмүүс бид нарыг салгаад байж байхад дэлгүүрийн худалдагч эгч дэлгүүрээсээ гарч ирээд цагдаа дуудлаа шүү гэхэд нь *** бид хоёр зугтаасан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-37 дугаар хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би гэртээ унтах гээд хэвтэж байтал утас дуугараад *** намайг хүн дээрэлхээд байна гэж дуудсан би гүйгээд очтол тэр ах *** зууралдсан хүзүүнд нь байсан гипсийг нь авсан байсан. Тэгэхээр нь би тэр ахыг цохисон, маш их гэмшиж байна, архинаас л боллоо, гэм буруугаа ойлгож байна” гэх мэдүүлэг
Хохирогч *** мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр манай гэрийн урд талд амьдардаг нэрийг нь сайн мэдэхгүй зүс таних эгч жаахан хүүхэдтэйгээ явж байхаар нь машиндаа суулгаад “***” нэртэй дэлгүүрийн гадаа ирэхэд тэр эгч хүүхдээ үлдээгээд дэлгүүр орсон. Би машин дотроо дэлгүүр орсон эгчийг хүлээгээд сууж байхад дэлгүүрийн гадаа 2-3 залуу зогсож байснаа нэг залуу согтуу гэмээр орилж чарлаад байсан. Тухайн залуу намайг машин дотроо сууж байхад учир зүггүй миний өөдөөс салаавч гаргаад “ална шулна” гээд байсан. Тэр үедээ би тухайн залууг согтуу юм байна гээд тоогоогүй, машин дотроо сууж байсан. Хэсэг хугацааны дараа над руу салаавч гаргаад байсан залуу миний машин руу гар утсаа шидчих шиг болсон. Тэгэхээр нь би машин дотроосоо уурлаж гараад гар утсаа шидсэн залууд хандаад “чи яаж байгаа юм бэ?” гэж хэлэхэд тэр залуу надад хандаж “чи муу гөлөг ямар баас вэ? Чамайг байтугай цаадахыг нь барна шүү” гэх мэтээр намайг хэл амаар доромжилсон. Би эргээд машиндаа суух гэж байхад миний араас үл таних залуу гүйж ирээд үгийн зөрүүгүй миний толгой руу гараараа олон удаа цохисон. Яг хэдэн удаа цохисныг би санахгүй байна. Тэгэхээр нь би биеэ хамгаалаад намайг цохисон залуугийн ард нь гараад гарыг өчөөд дарж байхад надтай анх маргалдаж байсан залуу хүрч ирээд миний толгой руу гараараа дахин олон удаа цохисон. Миний хамар амнаас цус гараад тогтохгүй байсан. Намайг зодсон хоёр залууг хоёр талаас нь бариад та нарыг цагдаа дуудаад өглөө шүү гэхэд тухайн хоёр залуу надтай зууралдаж байгаад зугтаагаад явсан. Миний зүгээс ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Би *** нартай эвлэрч учраа олсон байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,
Хохирогч *** мөрдөн байцаалтын шатанд гаргасан “...*** нартаа хохирлын талаар маргаангүй болж эвлэрсэн болно.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/
Гэрч *** мөрдөн байцаалтад “...*** дэлгүүрийн гадаа ирээд автомашин руу өөрийн барьж байсан гар утсаа шидчихсэн. Би яагаад түүнийг гар утсаа машин руу шидэх болсон талаар мэдэхгүй байна. Тухайн автомашины жолооч ах машин дотроосоо гарч ирээд *** хандаж “чи одоо яагаад байгаа юм бэ?” гээд *** уурласан. *** тухайн автомашины жолооч ахтай маргалдаад байсан харин би түүнийг юу гэж хэлээд жолооч ахтай маргалдсан талаар санахгүй байна. Жолооч ахыг машиндаа суух гэж байхад *** ганцаараа гэрээсээ гүйж ирээд жолооч ахыг учир зүггүй гараараа толгой руу нь цохисон. Жолооч ах биеэ хамгаалаад *** өчөөд газар хэвтүүлээд байж байхад *** очоод жолооч ахыг толгой руу нь дахин гараараа олон удаа цохисон тэгээд ***, *** нарыг жолооч ахаас салгаад байж байхад жолооч ах “цагдаа дуудлаа” гэхэд *** нар зугтаагаад явчихсан" гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,
Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “....үл таних эмэгтэй орж ирээд манай дэлгүүрээс юм авч байхад дэлгүүрийн гадаа хүмүүс зодолдох чимээ гарсан. Би дэлгүүр дотроос гараад харахад манай дэлгүүрээр орж гардаг *** гэх залууг үл таних хоёр залуу зодож байхад хамт явж байсан залуучууд нь салгаад зогсож байсан. Тэгэхээр нь би тухайн хүмүүст хандаж “та нар болиоч би цагдаа дуудлаа “гэхэд *** зодож байсан залуучууд яваад өгсөн. Тэр үед *** хамар амнаас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,
Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: “....*** дэлгүүрийн гадаа зогсож байсан машин руу гар утсаа шидчихсэн. Тэр үед *** ямар нэгэн шалтгаан байхгүй зүгээр л зогсож байгаад гар утсаа дэлгүүрийн гадаа зогсож байсан машин руу шидчихсэн. Машины жолооч нь гарч ирээд *** уурласан чинь *** “яахын пизда минь” гээд машины жолоочтой маргалдаад байсан. ***, *** бид гурав *** жолоочоос салгаад байж байхад цаанаас *** гүйж орж ирээд жолоочийг үгийн зөрүүгүй гараараа толгой руу нь олон удаа цохисон. Тэгээд бид нар *** машины жолооч нарыг салгаад байж байхад дундуур мөн *** орж ирээд машины жолоочийг гараараа толгой руу нь олон удаа цохисон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/
Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн “....*** барьж байсан гар утсаа дэлгүүрийн гадаа зогсож байсан машин луу шидчихсэн. Тэгээд машины жолооч машинаасаа гарч ирээд юм шидлээ гэж уурласан. Тэгсэн чинь *** жолоочийн өөдөөс пизда минь яахын гээд жолоочтой барилцаад авахаар нь бид нар түүнийг жолоочоос салгасан тэгсэн чинь *** гэдэг залуу цаанаас гэнэт гүйж ирээд юуг нь ч ойлгоогүй байж жолоочийн толгой руу нь гараараа цохисон. Тэгээд бид нар *** жолооч нарыг салгаад байж байхад Содбилэг дундуур нь орж ирээд мөн жолоочийг гараараа толгой руу нь цохисон. Тэгээд бид нар ***, *** нарыг жолоочоос салгаад байж байхад дэлгүүрийн худалдагч эгч дэлгүүрээсээ гарч ирээд цагдаа дуудлаа шүү гэсэн чинь *** нар зугтаагаад явчихсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,
2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1164 дугаартай шинжээчийн “...*** биед тархи доргилт, нэг шүдний хөдөлгөөнтэй байдал, хамар орчмын зулгаралтын гэмтэл тогтоогдлоо, уг гэмтэл нь ГЗТЖ-ийн 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт / хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон урьд шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 40-41, 70-73 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан шинжээчийн 1048 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч *** нар нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 23 цагийн орчимд согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” хүнсний дэлгүүрийн гадна бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, хүч хэрэглэн хохирогч *** биед халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, мөн хэрэгт авагдсан, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Аймгийн прокурорын газраас Э***нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч *** нарыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч *** нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, энэ хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Хохирогч *** нь хохирол төлбөргүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Миний зүгээс ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Би *** нартай эвлэрч учраа олсон байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/, “...*** нартаа хохирлын талаар маргаангүй болж эвлэрсэн болно.” гэх хүсэлт /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Иймд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, ар гэрийн байдал, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биелэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 294, 295, 296, 297, 298, 299, 303, 304 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** нарыг бүлэглэн, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** 3 /гурав/ жил, 1 /нэг/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *** нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч *** нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолоор 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сар, шүүгдэгч *** оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, шүүгдэгч *** 2 /хоёр/ жил, шүүгдэгч *** 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүгчийн захирамжаар шийдвэрлэх болохыг ялтан *** нарт мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *** нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *** нарт батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД