Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1326

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/00633 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “КМ” ХХК-д холбогдох

 

Эзэмших эрх хязгаарласны улмаас учирсан хохирол 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “КМ” ХХК-д 2003 оны 12 дугаар сараас ажилласан бөгөөд “Мобиком корпораци” ХХК-ийн 99116055 дугаарыг 2005 оны 5 дугаар сараас эзэмшиж эхэлсэн. Ингэхдээ “Кредит Монгол ББС”Б ХХК-ийн дотоод журмын дагуу өөрийн эзэмшиж байсан 99116055 дугаарыг компанийн нэр дээр бүртгүүлж, компаниас ярианы төлбөрийг төлдөг байсан.

Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15/65 дугаар тушаалаар ажлаас халагдсан шалтгаанаар “КМ” ХХК нь “Мобиком корпораци” ХХК-д албан бичиг хүргүүлж, миний эзэмшлийн 99116055 дугаарыг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 30-ныг хүртэл хугацаанд хаалгасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 4294 тоот шийдвэрээр “Мобиком корпораци” ХХК-ийн 99116055 дугаарын хууль ёсны эзэмшигчээр намайг тогтоосон тул 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дугаараа нээлгэсэн. Дугаараа хаалгуулснаар энэ дугаартай холбоотой хөнгөлөлт, урамшуулал бүгд байхгүй болсон. “КМ” ХХК нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхэд халдаж, эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах эрхийг хязгаарласан гэж үзэж байна.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 495 дугаар зүйлийн 495.1 дэх заалтыг үндэслэн хариуцагч “КМ” ХХК нь миний эрхийг хязгаарлаж хууль ёсны эзэмшилд халдсан болохыг тогтоож, эрх хязгаарласны улмаас учирсан хохиролд 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “КМ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б- нь манай компанид хуульч, Тамгын газрын даргаар ажиллаж байсан ба 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас халсан. Тухайн үед “Мобиком корпораци” ХХК-ийн 99116055 дугаар нь манай компанийн нэр дээр байсан, утасны төлбөрийг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл компани төлж байсан тул “Мобиком корпораци” ХХК-д албан бичиг хүргүүлэн үйлчилгээг хаалгасан нь үнэн. Ингэхдээ Б.Б-оос зөвшөөрөл авах шаардлагагүй. Гэтэл халагдсан ажилтны гар утасны үйлчилгээний төлбөрийг ажил олгогч үргэлжлүүлэн төлөлгүй түр хаалгасан явдалд хариуцагчийг буруутгасан нь үндэслэлгүй. Б.Б- нь 9911-тэй дугаарыг зах зээл дээр 20 000 000 төгрөгөөр зарагдаж байгаа гээд үнэлгээчнээр үнэлүүлчихээд түүнийгээ өөрийнхөө эрх хязгаарлаж хууль ёсны эзэмшилд халдсаны улмаас учирсан хохирол гэж үзэн нэхэмжилсэн нь үндэслэлгүй. “КМ” ХХК нь өөрийн нэр дээр байсан дугаарыг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 30-ны хооронд хаалгаснаар шүүхийн шийдвэрийн дагуу уг утасны эзэмшигч болсон Б.Б-ийн эрхийг хязгаарлаж хууль ёсны эзэмшилд нь халдаагүй, түүнд ямар ч хохирол учруулаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан 99116055 дугаарыг эзэмших эрх хязгаарлаж хууль ёсны эзэмшилд халдсан болохыг тогтоолгож, түүний улмаас учирсан хохирол 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

           

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ундрах-Эрдэнэ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг гэм хор учруулсанаас үүссэн үүрэг гэж үзэж, бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн нь буруу болсон. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа Иргэний хуулийн 492, 495 дугаар зүйлтэй холбон тайлбарлаж байхад шүүх хэргийг бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийг зөрчсөн.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 4294 дугаартай шийдвэрээр 99116055 дугаарын хууль ёсны эзэмшигч нь Б.Б- болохыг тогтоосон. Гэтэл “КМ” ХХК нь миний эзэмшлийн дугаарт хууль бусаар халдан, хаалгаснаас ямар нэг хөнгөлөлт, урамшуулал эдлэх боломжгүй болсон.

            Уг 99116055 дугаарыг нэхэмжлэгч нь 2005 оноос эхлэн тасралтгүй 11 жил эзэмшиж, ашиглаж, энэ хугацаанд тодорхой үнэ цэнийг бий болгосон. Гэтэл дугаарыг хууль бусаар хаалгаснаас нэхэмжлэгч нь шинээр эзэмшигч болсон. Энэ нь хавтаст хэргийн 171 дүгээр талд авагдсан “Мобиком корпораци” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 14/142 дугаар албан бичгээр нотлогдоно. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн дагуу миний хууль ёсоор эзэмшиж ашиглаж байсан дугаарт халдсаны хохирол шаардах үндэслэлтэй гэж үзнэ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг шийдвэрлээгүй.

            Анх хууль ёсны эзэмшилд халдсан болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эзэмшилд хууль бусаар халдсаны төлбөрт 20 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Гэтэл шүүх гаргасан 1 дүгээр шаардлагыг шийдвэрлээгүйд гомдолтой. 20 000 000 төгрөг гаргуулах шаардлага нь 1 дүгээр шаардлагад үндэслэсэн тул анхны шаардлага хангагдсанаар хоёр дахь шаардлага хууль ёсны үндэслэл бүхий болох байсан. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

            Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд хандан, хариуцагч “КМ” ХХК-д холбогдуулан хууль ёсны эзэмшилд халдсаны улмаас учирсан хохиролд 20 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

            Талуудын хооронд 2006 оноос хөдөлмөрийн харилцаа үүсч, улмаар “КМ” ХХК нь 99116055 дугаарын эрхийг ажилтан Б.Б-ид ашиглуулж, байжээ. Улмаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсантай холбогдуулан “КМ” ХХК 99116055 дугаарын үйлчилгээний эрхийг түр хаалгасны улмаас /хх-27/ Б.Б- шүүхэд хандан, 99116055 дугаарын хууль ёсны эзэмшигчээр тогтоолгосон байх бөгөөд уг шийдвэрийг хариуцагч тал албадан биелүүлж 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан “Гэрээ шилжүүлэх тухай” хэлцэл, үйлчилгээний гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/04294 дүгээр шийдвэр, шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 21824 дүгээр захирамж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах гэрээ, Шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 3/25525, мөн сарын 17-ны өдрийн 3/26088 тоот албан бичиг зэрэг баримтаар нотлогдож байна. /хх-8-12, 13-19 дэх тал/

            Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаангүй, хариуцагч тал “нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шүүх шийдвэрлэсэн, уг шийдвэрийн дагуу 9911 дугаарын эзэмшигч болсон, түүний эрхэд халдаагүй” гэж маргадаг.

            Нэхэмжлэгч Б.Б-ийн, хууль ёсны эзэмшилд халдсан болохыг тогтоолгох шаардлагад гаргаж буй “дугаар хаалгуулснаар үүнтэй холбоотой хөнгөлөлт, урамшуулал бүгд байхгүй болсон” гэх тайлбар нь 20 000 000  төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн үндэслэл байх тул түүнийг хууль ёсны эзэмшилд халсны улмаас учирсан тухай нэхэмжлэл гаргасан гэж үзнэ. Уг иргэний хэрэг нь бусдын эд хөрөнгө болон түүнтэй адилтгах эрхэд хууль бусаар учруулсан хохирлыг арилгуулах нэхэмжлэл тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан шүүгч дангаар шийдвэрлэх эрх зүйн маргаанд хамаарахгүй юм. Иймээс хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн нь мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасанд нийцэх тул нэхэмжлэгчийн, нэг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй, хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

            Хэрэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэгч Б.Б-ийг 99116055 дугаарыг 2005 оноос хойш эзэмшиж, үйлчилгээний хураамжийг өөрийн цалингаас суутган төлж байсан үйл баримтыг тогтоож, түүнийг уг дугаарын эрхийн хууль ёсны эзэмшигч болохыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр авагдсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар энэ талаар дахин нотлох шаардлагагүй байна. Хариуцагч “КМ” нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэх үндэслэлээр түүний 99116055 дугаарын үйлчилгээний эрхийг хязгаарлан, хаалгасан буруу байна. Гэхдээ уг үйлчилгээний эрхийг хаалгасан хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид 20 000 000 төгрөгийн хохирол учирсан гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

            Нэхэмжлэгч нь дугаар ашиглах эрхээ хаалгасны улмаас өмнөх гэрээний дагуу хөнгөлөлт, урамшуулал эдлэх боломжгүй болсон гэх боловч эрх хязгаарлах хугацаанд хэдэн төгрөгийн үйлчилгээний хөнгөлөлт эдэлж чадаагүй, ямар үнийн дүн бүхий урамшуулал аваагүй, 20 000 000 төгрөгийн бодит хохирол учирсан гэх нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрөө нотлох, нотлох баримтаа цуглуулж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

            Мөн нэхэмжлэгч талаас 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд 99116055 дугаарын 2007 оны дуусгавар болсон гэрээнд үйлчилж байсан урамшуулал болон хөнгөлөлт нь 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хийгдсэн гэрээнд хамааралтай эсэх талаар “Мобиком корпораци” ХХК-иас гаргуулах хүсэлтийг шүүгч 00046 дугаар захирамжаар хангасан байх бөгөөд тус компаниас ирүүлсэн 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 18/2399 тоот албан бичигт дээрх шүүгчийн захирамжийн дагуу лавлагаа өгсөн агуулгатай байна. Иймд нэхэмжлэгчийн, шүүгчийн захирамж биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэн, нотлох баримт бүрдүүлэх журмыг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй.

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасанд нийцсэн тул нэхэмжлэгчийн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлээгүй гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/00633 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                             А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Ч.ЦЭНД