Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2026/0481

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Одмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч Б.А

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01/143 дугаартай хүсэлт шийдвэрлэхээс татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын гарын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарыг дуустал хугацааны 100 511 919 төгрөгийн цалинг гаргуулах, эрүүл мэнд 2 509 868 төгрөг болон нийгмийн даатгалын 13 176 809 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлэх

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 394 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.А, өмгөөлөгч Г.Ж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, М.Г, өмгөөлөгч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2026/0342/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.А-ээс Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад холбогдуулан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01/143 дугаартай хүсэлт шийдвэрлэхээс татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын гарын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарыг дуустал хугацааны 100 511 919 төгрөгийн цалинг гаргуулах, эрүүл мэнд 2 509 868 төгрөг болон нийгмийн даатгалын 13 176 809 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 394 дүгээр шийдвэрээр: Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 42 дугаар зүйлийн 42.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 60 дугаар зүйлийн 60.1.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоохоос татгалзсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01/143 дугаартай захиргааны актыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

“...Миний бие төрийн албанд тасралтгүй 14 жил ажилласан ба Төрийн албаны тухай хуульд заасан “чадахуйн зарчим буюу /мерит/” зарчмын хүрээнд албан тушаал дэвшин Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Нийгмийн даатгалын газрын даргын 2020 оны 04 сарын 01-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар, Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын 2020 оны 06 сарын 10-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон.

Гэвч тухайн үеийн Нийслэлийн нийгмийн даатгалын газраас Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т заасан албан ажлын зайлшгүй шаардлага буюу Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор намайг түр шилжиж ажиллах хүсэлт ирүүлснийг миний бие хүлээн авч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалаас Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохыг зөвшөөрсөн. Иймээс намайг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

Түүнээс Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж буй надад Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллах хүсэлт гаргах ямар ч хэрэгцээ шаардлага, байгаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Б.А намайг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх үед Нийслэлийн прокурорын газраас өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй гэж үзээд 2022 оны 05 сарын 11-ний өдөр 2201000150166 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Мөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 16-ны өдрийн 2022/ТХШЗ/192Б дугаар захирамжаар “Албан үүргээ биелүүлэхийг хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусах хүртэл түдгэлзүүлэх” арга хэмжээг авсан. Эл захирамжийг үндэслэн Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын 2022 оны 05 сарын 16-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар миний албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн. Нэгэнт эрх бүхий этгээдийн шийдвэрээр миний албан үүргээ гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн учир миний бие уг асуудлыг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл төрийн ажлыг хүндэтгэн хүлээцтэй хандаж ирсэн билээ.

Нийслэлийн прокурорын газраас надад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж 1 жилийн хугацаанд шалгаад 2023 оны 04 сарын 13-ны өдрийн 62 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр надад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Надад холбогдох эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон тул Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 14-ний өдрийн 2023/ШЗ/288 дугаар захирамжаар “2023 оны 04 сарын 13-ны өдрийн 62 дугаартай зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоос үзэхэд эрүүгийн 2201000150166 дугаартай хэргээс яллагдагч Б.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад “гэмт хэргийн шинжгүй” гэж заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байх тул түүнд авсан “Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргээ биелүүлэх”-ийг түдгэлүүлсэн таслах сэргийлэх арга хэмжээ, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгуулахаар гаргасан прокурорын саналыг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй байна” хэмээн дүгнээд Б.А надад Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргээ биелүүлсэн түдгэлүүлсэн таслах сэргийлэх арга хэмжээ, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн ба уг захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон.

Өөрөөр хэлбэл миний албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн нөхцөл байдал бүрэн арилсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д “Энэ хуулийн 55.1-д заасан хугацаа өнгөрсөн, эсхүл энэ хуулийн 55.2-т заасан нөхцөл үүссэн өдрөөс ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэргээгдсэнд тооцно” гэж заасны дагуу миний хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдсэн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлд ажилтны албаны байрыг хэвээр хадгалах нөхцөлүүдийг нэг бүрчлэн нэрлэн заасны дотор 60.1.9-д “ажил үүрэг гүйцэтгэхийг эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлсэн” гэж зааснаар миний ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа гэж ойлгоно.

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 03/2163 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д “энэ хуулийн хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” гэж заасан тул таныг төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлтэй гэж үзэх үндэслэлтэй” гэх албан бичиг, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын 2026 оны 02 сарын 12-ны өдрийн 01/335 дугаар албан бичгээр миний хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэргээгдсэн болох нь тогтоогдож байна.

Гэтэл анхан шатны шүүх дээр дурдсан үйл баримтын талаар дүгнэлт хийсэн боловч шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 26-д “Гэсэн хэдий ч тухайн албан тушаалд эгүүлэн томилох эсхүл ижил түвшний албан тушаалд шилжүүлэх асуудал нь зөвхөн өмнөх харилцааны үр дагавраар шууд шийдвэрлэгдэх боломжгүй бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д заасан сонгон шалгаруулалт, томилох эрх бүхий этгээдийн бүрэн эрх, Төрийн албаны хуулийн зохицуулалтын хүрээнд захиргааны байгууллагын шийдвэрлэх асуудалд хамаарч байна” гэх үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ.

Учир нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д “Аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газрын даргыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлнө” гэсэн заалт нь ерөнхий газрын дарга аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газрын даргын албан тушаалд шинээр хүн (анх) томилоход хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт явуулж хамгийн өндөр шалгуур хангасан иргэнийг томилох агуулга бүхий зохицуулалт болохоос хуульд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь сэргээгдсэн ажилтны ажил үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэхэд баримтлах зохицуулалт биш байна.

Хэрэгт авагдсан баримтаар миний ажиллаж байсан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газар болж өөрчлөгдсөн нь тогтоогдож байгаа. Гэвч дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга, дүүргийн нийгмийн даатгалын газрын дарга хоёрын хэрэгжүүлэх чиг үүрэг, хийж гүйцэтгэх ажил ижил бөгөөд бүтэц өөрчлөгдөх үед дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчийг шууд дүүргийн нийгмийн даатгалын газрын даргаар шилжүүлэн томилсон.

Түүнчлэн дүүргийн нийгмийн даатгалын газрын даргыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга томилох эсхүл өөр субъект томилох эсэх нь хуульд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэргэсэн ажилтны хөдөлмөрлөх эрхийг зөрчих үндэслэл боломжгүй юм. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 29-д “Түүнчлэн хэрэгт цугларсан баримтаар байгууллагын бүтэц, зохион байгуулалтад бодит өөрчлөлт орсон нь тогтоогдож байх бөгөөд тухайлбал нэхэмжлэгчийг анх томилсон Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын бүтэц татан буугдсан, харин дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь дүүргийн нийгмийн даатгалын газар болгон өөрчлөн зохион байгуулагдсан, өмнө нь Нийслэлийн нийгмийн даатгалын газрын дарга нэхэмжлэгчийг ажилд томилдог байсан бол уг бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга томилох эрх, үүрэгтэй болсон ба эдгээр өөрчлөлт нь өмнөх албан тушаалын эрх зүйн болон зохион байгуулалтын агуулга хэвээр хадгалагдсан эсэх, эсхүл түүнийг орлох шинжтэй шинэ албан тушаал бодитоор бий болсон эсэхийг тогтоох шаардлагыг үүсгэж байгаа бөгөөд энэ нь зөвхөн хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шууд шүүхээс дүгнэн нэг мөр шийдвэрлэх боломжтой асуудалд хамаарахгүй байна” хэмээн дүгнэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасан үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн ажил тасралтгүй, тогтвортой үргэлжлэх зарчмын хүрээнд явагдах журамтай. Тиймээс ч захиргааны шүүхээр хянагдаж буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх залгамжлагч оролцуулах хэргийг шийдвэрлэдэг. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 8 дугаар зүйлд захиргааны байгууллагын эрх залгамжлах асуудлыг зохицуулсан.

Иймээс нэхэмжлэгч миний ажиллаж байсан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, дүүргийн нийгмийн даатгалын газар болж өөрчлөгдсөн, Нийслэлийн нийгмийн даатгалын газар бүтцийн хувьд татан буугдаж Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад дүүргийн нийгмийн даатгалын газрын даргыг ажилд томилох эрх, үүрэг шилжсэн нь миний хөдөлмөрлөх эрхийг зөрчих намайг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргаар томилоход саад учруулах, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргаан хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 сарын 24-ний өдрийн 394 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:     

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2.1. Нэхэмжлэгч Б.А-ээс “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01/143 дугаартай хүсэлт шийдвэрлэхээс татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын гарын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарыг дуустал хугацааны 100 511 919 төгрөгийн цалинг гаргуулах, эрүүл мэнд 2 509 868 төгрөг болон нийгмийн даатгалын 13 176 809 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан байна.

2.2. Нэхэмжлэгч Б.А-ийн хувьд Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, даргын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар албан ажлын зайлшгүй шаардлагаар Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байжээ.

2.3. Улмаар Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022/ЦХШЗ/129а дугаартай захирамжаар Б.А-ийн албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсний дагуу Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар ажил үүрэг гүйцэтгэхийг түдгэлзүүлсэн байх бөгөөд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 62 дугаартай тогтоолоор Б.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ШЗ288 дугаартай захирамжаар нэхэмжлэгч Б.А-д авсан таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон байна.

2.4. Ийнхүү таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосонтой холбогдуулан нэхэмжлэгчээс 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад “…Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан үүргийг үргэлжлүүлэн эрхлэх нөхцөл бололцоогоор хангаж өгнө үү” гэх өргөдөл гаргасан байх ба Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01/52 дугаар албан бичгээр уг албан тушаалд томилон ажиллуулах боломжгүй талаарх хариуг өгчээ.

2.5. Гэтэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж хуульчилсан бөгөөд нэхэмжлэгчээс чухам ямар учир шалтгааны улмаас дээрх Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01/52 дугаар албан бичгийг мэдэгдсэн эсхүл гардуулсан хугацаанаас тооцон дээрх хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй болох нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны талаар огт дүгнэлт хийгээгүй нь буруу байна.

2.6. Нөгөөтээгүүр, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нэхэмжлэгч Б.А нь Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс болон Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаалд томилогдохдоо тус тус ТЗ-7 ангиллаар цалинжиж байсан байх бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/52 дугаар тушаалаар дүүргийн Нийгмийн даатгалын байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, “дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс”-ийг “дүүргийн Нийгмийн даатгалын газар” болгон өөрчилсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн ажиллаж байсан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын албан тушаал нь дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга болон өөрчлөгдөж, албан тушаалын ангилал, зэрэглэлд ч холбогдох өөрчлөлт орсон байж болзошгүй байна.

2.7. Гэтэл анхан шатны шүүхээс энэ талаарх буюу өмнөх албан тушаалын тодорхойлолт болон шинэчлэн батлагдсан албан тушаалын тодорхойлолтыг хавтаст хэрэгт нотлох баримаар цуглуулаагүйн улмаас нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг, ангилал, зэрэглэл өөрчлөгдсөн эсэх нь тодорхойгүй байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн “Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилуулах” нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүйд хүржээ.

2.8. Түүнчлэн хэргийн оролцогч нараас өмнө нь дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан хүмүүсийг газрын даргаар томилон ажиллуулж байгаа гэж тайлбарлах боловч энэ талаар мөн нотлох баримт хэрэгт авагдаагүй зэргээс үзэхэд, анхан шатны шүүхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэх үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

2.8. Анхан шатны шүүхээс дээр дурдсан баримтуудыг бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд томилуулан ажиллуулахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийг Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газрын даргын албан тушаалд томилон ажиллуулах боломжтой эсэхэд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж хэрэг маргааныг нэг мөр шийдвэрлэх боломжтой байжээ.

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасан шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байхад хуулийг буруу тайлбарлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргажээ.

 

Нэгэнт давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 394 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Ц.ОДМАА

 

 

                      ШҮҮГЧ                                                            Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН