Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 69

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Т.Мижиддорж,

шүүгдэгч Р.Баасансүрэн, түүний өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо /ҮД: 0179/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Равсалын Баасансүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626031598 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1963 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ “Төгс Прогресс” ХХК-нд харуул ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 8 дугаар баг, Орхон гэх газар оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хотны Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт 5-ын 19 тоотод түр оршин суух, урьд Өвөрхангай аймгийн шүүхийн 1993 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3/Б/08 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймгийн Хархорин хот дахь сум дундын шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2000 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 238 дугаар тогтоолоор эдлээгүй үлдсэн 01 сар 09 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлж суллагдагсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Равсалын Баасансүрэн /РД:АС63041530/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Р.Баасансүрэн нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Берлин Эко хотхоны Ч-5 дугаар харуулын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Отгонбаярыг үл ялих зүйлээр шалтгалан зодож, биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Р.Баасансүрэн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, их гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Отгонбаяр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ...Гандуулга гэдэг залуу миний гар утас руу залгаад “постын гэр хүйтэн байна. Чи надад шүдэнз авчраад өгөөч” гэж хэлэхээр нь би дэлгүүрээс нэг хайрцаг шүдэнз аваад Гандуулгын гарч байсан харуулын байр болох Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Берлин Эко” хотхоны Ч-5 дугаар байрны харуулын байран очсон. ...Би дэлгүүр гарч “Эзэн Чингис” нэртэй 0.75 граммын архи аваад архиа талд нь ортол хувааж уугаад хэсэг унтаад сэртэл дараагийн ээлжинд гарах Баасансүрэн орж ирсэн. Тэгээд бид хоёрын ууж байсан архийг бид 3 хувааж уусан юм. Архиа уугаад дуустал Баасансүрэн Гандуулгатай маргалдаад түүнийг 2 удаа цохихоор нь би дундуур нь орж салгасан. Баасансүрэн Гандуулгыг чи нэг шил архи аваад ир гэж хэлсэн. Би цуг яваад ирье гэтэл Баасансүрэн чи надтай байж бай гэж хэлсэн. Гандуулга архинд яваад ирэхгүй удаад байхаар нь Баасансүрэн надад уурлаад “та нар ингээд ирэхгүй, зугтдаг байхгүй юу” гэж хэлээд гэр дотор байхад миний нүүрний баруун хэсэр рүү баруун гараараа 2-3 удаа цохиод, би газар хэвтэж байтал куртикнээс зуурч чирээд гэрийн гадаа гаргаад овоолсон цас руу миний толгойг нэг удаа дүрсэн. Би газар хэвтэж байтал 2-3 удаа миний нүүрний баруун хэсэг рүү баруун гараар цохиод, баруун хавирга дээрээс 2-3 удаа дэвсээд байсан. ...Баасансүрэн эмчилгээний зардалд 100,000 төгрөг өгсөн. ...Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 17-19, 20, 22/ гэсэн,

 

Гэрч Ц.Гандуулга мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ажил дээрээ ганцаараа байж байгаад ажлын газрын танил Б.Отгонбаярыг өөрийн гар утсаараа залгаад найздаа нэг хайрцаг шүдэнз аваад ажил дээр хүрээд ирээч гэж хэлсэн юм. ...Б.Отгонбаяр удалгүй дэлгүүрээс орж ирэхдээ “Эзэн Чингис” нэртэй 0,75 литрийн шилтэй архи авч орж ирсэн. Бид хоёр архиа хувааж уугаад талд нь ороод байж байтал Б.Отгонбаяр хэсэг зуур унтсан. 17 цаг өнгөрч байхад Р.Баасансүрэн ээлж хүлээлцэхээр орж ирсэн. Бид нар хоорондоо юм ярьж сууж байгаад үлдсэн тал шил архиа гаргаж ирээд уугаад дуусахаар нь Р.Баасансүрэн ахтай тоглоод “ганц шил архи аваад өгчөөч” гэж хэлтэл Р.Баасансүрэн ах надтай мөн тоглоом болгоод намайг “өөрөө архиндаа яв” гэж хэлээд миний цээж хэсэг рүү баруун гараараа зөөлхөн 2 удаа цохьсон. ...Би ээлжээ хүлээлгэж өгсөн байсан учраас ажлаасаа гараад  шууд гэртээ харьсан. Тэр 2 намайг архинд явсан гэж бодсон юм шиг байна лээ. Намайг явснаас хойш юу болсныг нүдээрээ хараагүй учир би сайн мэдэхгүй байна. ...Отгонбаяр Баасансүрэнг ирэхээс өмнө надтай архи уугаад байж байхдаа зүгээр байсан. Ямар нэгэн бие хаа нь өвдсөн, өвчин зовиуртай байдал ажиглагдаагүй...” /хх-ийн 23-24, 28/ гэсэн,

 

Шинжээч Д.Мөнхбат мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн хохирогчийн биед үүссэн гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан. Хохирогчийн биед үүсэн гэмтлүүдийн баруун талын 8,  9 дүгээр хавирганы хугарал гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарна. Хохирогчийн биед үүссэн бусад бүх гэмтлүүд нь нийлээд хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 47-48/ гэсэн,

 

Шүүгдэгч Р.Баасансүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 16 цагийн үед ...Ч-5 постод очиход хамгаалагч Гандуулга, Отгонбаяр нар архи уусан бололтой нилээн халамцуу сууцгааж байсан. ...Гандуулга, Отгонбаяр хоёр 0.75 литрийн архи гаргаж ирээд бид гурав хувааж уусан. Архиа хувааж ууж дуусаад би дахин нэг шил архи авахаар Гандуулгыг архинд явуулсан шиг санагдаж байна. Тэгээд нэг хэсэг би нилээн согтсон Отгонбаярыг постын байрны гадаа гарсан түүнтэй маргалдаад нүүрэн тус газар нь цохиж байснаа санаж байна. Тэгэхэд Отгонбаяр та намайг зодчихлоо гээд нүүрээ дарсан, хамар уруулаас нь цус гарсан байж байсан. Би Отгонбаярыг орж нүүр гараа угаа, ах нь яаснаа мэдэхгүй байна, одоо яах вэ, дахиад нэг юм авч уух уу гэхэд Отгонбаяр постын байранд орохгүй гэртээ харьлаа гээд явсан. ...Би тухайн үед юу болсныг санахгүй байна. ...Отгонбаяртай ямар шалтгаанаар маргалдаж зодсоноо санахгүй байна, нэг хэсэг нилээн согтсон байсан. ...Би постын байранд байхдаа Гандуулгыг ирэхгүй удаад байхаар нь Отгонбаяраас асуухад ирэхгүй байхаа, зөндөө удлаа, явчихсан байх гэхээр нь чи надаа 5,000 төгрөг өгөх ёстой түүгээр нэг шил архи авчих гэж байсан. Тэгэхэд Отгонбаяр мөнгө байхгүй гээд байхаар нь бид хоёр хоорондоо маргалдаж байсан юм. Маргалдаж байгаад би эхлээд заамдаад автал намайг зөрүүлээд замдаад би боолтонд ороод доор нь унасан. Тэгээд доороос нь нүүр лүү нь 2 удаа гараараа цохьсон чинь уруулаас нь цус гарсан. Ах нь дүүгээ арай хэтрүүлээд зодчихлоо гэж уучлалт гуйгаад хоорондоо ярьж сууж байгаад Отгонбаярыг хоночих гэхэд гэрт ээж хүлээж байгаа, очихгүй бол болохгүй гээд гэр лүүгээ явсан...” /хх-ийн 55-56, 59-60/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 7/,

- Хураан авах тогтоол /хх-ийн 10/,

- Хохирлын баримт /хх-ийн 12-14/,

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 15/,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15840 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Отгонбаярын биед баруун талын 8, 9 дүгээр хавирганы хугарал, баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, 1 шүдний  хугарал, дээд уруулын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” /хх-ийн 37/ гэсэн дүгнэлт,

- Шүүгдэгч Р.Баасансүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61, 67/,

- Тодорхойлолт /хх-ийн 63/,

- Шүүгдэгч Р.Баасансүрэнгийн хувийн байдалтай холбоотой гэрч Б.Саранцэцэг /хх-ийн 29-30/, С.Галбадрах /хх-ийн 31-33/ нарын мэдүүлгүүд зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч Р.Баасансүрэн нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, “Берлин Эко” хотхоны Ч-5 дугаар харуулын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Отгонбаярыг үл ялих зүйлээр шалтгалан зодож, биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Отгонбаяр, гэрч Ц.Гандуулга нарын мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 15840 дугаар дүгнэлт, шүүгдэгч Р.Баасансүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Р.Баасансүрэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, догшин авирлаж танхайрсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Р.Баасансүрэн урьд Өвөрхангай аймгийн шүүхийн 1993 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3/Б/08 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймгийн Хархорин хот дахь сум дундын шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2000 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 238 дугаар тогтоолоор эдлээгүй үлдсэн 01 сар 09 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлж суллагдагсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх хэсэгт заасан хугацаа дууссан байх тул түүнийг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Отгонбаярын биед баруун талын 8, 9 дүгээр хавирганы хугарал, баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны салстад цус харвалт, 1 шүдний  хугарал, дээд уруулын дотор салстад шарх бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан ба эмчилгээний зардалд 700,000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэргийн 88 дугаар талд авагдсан хохирол төлсөн баримт, хохирогч Б.Отгонбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоож байна. Иймд энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол, төлбөргүй болно.

 

Шүүгдэгч Р.Баасансүрэнд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэн нөхцөл байдал тус тус тооцлоо.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Отгонбаярын тархины томографийн 2 ширхэг зургийг түүнд буцаан олгож, эрүүгийн 201626031598 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Равсалын Баасансүрэнг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Баасансүрэнд 03 /гурав/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Баасансүрэнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Б.Отгонбаярын тархины томографийн 2 ширхэг зургийг түүнд буцаан олгосугай.

 

5. Эрүүгийн 201626031598 тоот хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Баасансүрэнд оногдуулсан 03 жил 03 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтан Р.Баасансүрэнд хяналт тавьж ажиллахыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Р.Баасансүрэнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.Баасансүрэнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Д.АЛТАНЖИГҮҮР