| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ж.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 171/2015/0318/Э |
| Дугаар | 2016/ШЦТ/01 |
| Огноо | 2015-12-21 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2016/ШЦТ/01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:171/2015/0318/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр
Шүүгдэгч Л.Г /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэгт Б овогт Л гийн Г ад холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201509000782 дугаартай хэргийг 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***** төрсөн, **** настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой***** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *****ын хамт ****** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, улсаас гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Л гийн Г , /РД:******/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Г нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны орой 23 цаг 30 минут орчим ******* багт байрлах Күен бааранд иргэн Б.*****, Д.***** нар нь үйлчлүүлэхдээ өөрсдийн Дэлл маркийн нөөтбүүк, Тошиба маркийн нөөтбүүкийг өлгүүрт өлгөсөн байх үед нь хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би тэр өдөр найзтайгаа нэг шил архи хувааж уусан. Архиа ууж дуусгаад, таньдаг хүн тааралдвал дахин архи авахуулах санаатай үйлчилгээний төвийн арын Queen /күен/ баар руу ортол үүдний өлгүүрийн хажууд хамгаалагч нар нь байхгүй байхаар нь тэнд өлгөөстэй байсан хоёр цүнхийг аваад гарсан. Гэртээ очоод онгойлгоод хартал хоёр компьютер байхаар нь орныхоо араар хийгээд орхисон. Маргааш нь цагдаад аваачиж өгөх гэсэн боловч хэсгийн цагдаагаа хайгаад олдоогүй учир чадаагүй байлгаж байсан юм гэв
Хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч Л.Г ын өгсөн: ...Би 2015 оны 10 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед Батальонд байдаг Бадрах гээд өвгөнтэй таараад түүнтэй хамт 0.75 литрийн Түмний хишиг гэдэг архийг S гээд супермаркетаас Бадрах мөнгө гаргаж авсан. ...Тэгээд би үйлчилгээний төв орчмоор дахиад таньдаг хүн таарвал архи авахуулж уух гээд тэр хавиар явж байгаад Күен баар луу орсон чинь өлгүүрт нь 2 хоёр цүнх байхаар нь дотор нь мөнгө төгрөг байж магадгүй гэж бодоод тэр 2 цүнхийг аваад гэртээ харьсан. Ингээд өглөө нь босоод нөгөө 2 цүнхийг онгойлгоод үзсэн чинь хоёр нөөтбүүк байсан гэх мэдүүлэг /хэргийн 35-36 дугаар хуудас/,
Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Б.*****гийн өгсөн: ...өлгүүрээс хувцас нөөтбүүкээ авах гэтэл ***** бид 2-ын нөөтбүүк байхгүй байсан. Тэгээд тухайн баарны менежер, хамгаалагч нарыг нь дуудаад цагдаад хэлнэ камер шүүлгэнэ гэхэд одоо боломжгүй байна, манай захирлын өрөөнд камер нь байдаг юм. Маргааш өглөө ирэхээр нь шүүгээд өгье гээд бид нар явцгаасан. Тэгээд маргааш өглөө нь ***** бид 2 очиж тухайн байгууллагын камерыг нь шүүж үзэхэд тухайн баарны хамгаалагч нар нь байхгүй хойгуур гаднаас 60 орчим насны цагаан саравчтай малгайтай, харааны нүдний шилтэй эрэгтэй хүн аваад гарч байгаа нь харагдаж байсан. Нөөтбүүкээ бүрэн бүтэн хүлээж авсан. Санал гомдолгүй гэх мэдүүлэг /хэргийн 25-26 дугаар хуудас/,
Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч Д.*****гийн өгсөн: ...өлгүүрээс нөөтбүүкээ авах гэхэд алга болчихсон байсан. Тэгэхээр нь нөгөө 2 хамгаалагчаас нөөтбүүкээ нэхсэн чинь мэдэхгүй ээ алга болсон хэн авсан талаар мэдэхгүй гээд байсан. ...камераа шүүгээд өг, цагдаа дуудна гэхэд одоо камер шүүх боломжгүй захирлын өрөөнд камерын систем нь байдаг учир маргааш өглөө шүүгээд өгье гээд байсан. Тэгээд маргааш өглөө нь камер шүүлгэхэд 50 гаруй насны саарал саравчтай малгайтай хүн үүдний хэсэгт ямар нэг хамгаалагчгүй байх үед нь ороод өлгүүрээс Б.***** бид 2-ын цүнхтэй нөөтбүүкийг аваад гарч байгаа нь харагдсан. Нөөтбүүкээ бүрэн бүтэн хүлээж авсан. Санал гомдолгүй гэх мэдүүлэг /хэргийн 27-28 дугаар хуудас/,
Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Ж.*****гийн өгсөн: ...23 цагийн үед доошоо буухад нөгөө өлгүүрт нөөтбүүкээ өлгүүлсэн охидууд нөөтбүүк алга болчихсон байна гээд зогсож байсан. ...тэгээд маргааш нь 10 цагийн үед ирээд үүдний кзамерыг шүүхэд өлгүүрт байсан 2 цүнхтэй 2 нөөтбүүкийг цагаан малгайтай, нүдний шилтэй, цэнхэр саарал өнгийн курткатай, цэнхэр жинсэн өмдтэй, 50 гаруй насны хүн аваад гарч байгаа нь харагдаж байсан гэх мэдүүлэг /хэргийн 29 дүгээр хуудас/,
Ял шийтгэлийг шалгах тухай хуудас /хэргийн 41 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Л.Г нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны орой 23 цаг 30 минут орчим ****** багт байрлах Күен бааранд иргэн Б.*****, Д.***** нар нь үйлчлүүлэхдээ өөрсдийн Дэлл маркийн нөөтбүүк, Тошиба маркийн нөөтбүүкийг өлгүүрт өлгөсөн байх үед нь хулгайлан авч, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг /хэргийн 35-36 дугаар хуудас/, хохирогч нарын өгсөн мэдүүлэг /хэргийн 27-28, 29 дүгээр хуудас/, гэрчийн өгсөн мэдүүлэг /хэргийн 29 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Л.Г ад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Б.*****, Д.***** нар нь шүүгдэгч Л.Г аас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул хохирогч нарыг шүүгдэгчтэй эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Л.Г ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгйин байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.2, 283, 286, 294, 295, 296, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Л гийн Г ыг бусдын эд хөрөнгө хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т заанаар шүүгдэгч Л.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Л.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Г ад бусдын батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Л.Г ад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.МӨНХТУЯА