Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/114

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

          Улсын яллагч Ч.Отгонбаатар

          Шүүгдэгч Б.Өлзийт нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Өлзийтөд холбогдох эрүүгийн 2222000000123 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 

          Монгол Улсын иргэн, 1963 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, тракторын жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 1 дүгээр баг, Сэнжитийн 1-13 тоотод оршин суух, хөдөлмөрийн хүндэт медалиар шагнагдсан, урьд ял шийтгэлгүй, Ажийнарав овогт Бадарчийн Өлзийт /ЗЛ63011215/

         Шүүгдэгч Б.Өлзийт нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2022 оны 06 дугаар сарын 21-ний 01 цагийн орчимд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 1 дүгээр баг, Сэнжитийн 1-13 тоот хашаанд байдаг өөрийн гэртээ иргэн Н.Өрнөхбаярын зүүн хацар, баруун эрхий, долоовор хурууг зүсэж, зүүн хацарт зулгаралт үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

          Шүүгдэгч Б.Өлзийт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ Шөнө унтаж байхад Н.Өрнөхбаяр хаалга нүдээд 01 цаг өнгөрч байхад манай гэрт орж ирсэн. Архи нэхэхээр нь манай эхнэр нэг шил архи гаргаж өгөөд дөрвүүлээ хувааж уусан. Архи дуустал дахин архи нэхээд хэл амаар доромжилсон. Яв, харьж унт гэтэл над руу дайрах маягтай барилцаж авсан. Өрнөхбаярыг арай дийлэхгүй хажуу тийшээ унаад, мах идэж байсан хутгаар 1 удаа хатгасан. Өрнөхбаяр хутганы ирэн дзээрээс нь барьж аваад гараа зүссэн. Болохоо байлаа гэдгийг мэдээд сумын эмч рүү утсаар залгаж хэлэх гэтэл утсаа авахгүй байсан. Сумын эмнэлэгт эмч ирэхийг хүлээж байгаад ирэхээр нь үзүүлж цусыг нь оёж тогтоосон. Маргааш нь машинаа хүнд өгч явуулаад Дундговь аймгийн шүүх шинжилгээний дүгнэлт гаргуулсан. Улаанбаатар хотод эмчлүүлэх үү гэсэн шаардлагагүй гэсэн. Эмчилгээний зардал гарсан төлбөрийг төлсөн. Одоо надад гомдолгүй гэсэн” гэв.

         

 

            Хохирогч Н.Өрнөхбаярын “2022 оны 06 сарын 20-ны орой 21 цагийн үед Самбуу-Ёндон гэх айлд Самбуу-Ёндон мөн сумын ганц нэг залуучуудтай нэг шил 0.5 граммын архи хувааж уугаад сууж байтал гаднаас Өлзийт гуай орж ирсэн. Тэндээ хоёр шил уучхаад Өлзийт гуай Самбуу-Ёндонгийнхоос харилаа гээд гараад явсан.  Самбуу-Ёндонгийнд би байж байгаад тэнд байсан архи дуусчихаар нь Өлзийт ахынд ганц юм байгаа гэж өмнө ууж байхдаа хэлсэн нь санагдаад шөнө согтуудаа очсон. Очоод нэг шил архи гаргаж ирчихсэн ууж байсан. Тэгээд тэрнээс хойш юу ч санахгүй байна. Би тэр өдөр буюу 2022 оны 06 сарын 20-ны өдрийн 12 цагаас хойш тасралтгүй архи уусан болохоор юм санахгүй байна. Нэг сэрсэн чинь эмнэлэг дээр ирчихсэн дусал хийлгэчихсэн сэрсэн. Сэрээд сувилагч Бямбаагаас юу болсон талаар тодруултал та Өлзийт гуайнд хутгалуулаад эмнэлэг дээр ирээд байж байна гэж хэлсэн. Өмнө бид хоёрын хооронд маргалдаж муудалцаж байсан зүйл байхгүй. Тэр өдөр Өлзийт гуайнд ороод архи хувааж ууж байхдаа ярьсан юм болон маргалдсан эсэхээ санахгүй байна. Эмнэлэг дээр дусал хийлгүүлж байгаад л сэрсэн. Би тэр өдөр ямар ч байсан Самбуу-Ёндонгийнд орой болтол 5 шил архи лав уусан. Тэгээд хамгийн сүүлд Өлзийт гуайнд архи байгаа гэж өөрөөс нь сонсоод шөнө согтуудаа очсон байна лээ. Би Өлзийт гуайнд орж байснаа хальт санаж байна. Ороод тэр хүмүүстэй юу ярьж маргалдсанаа санахгүй байна. Мөн хутга болон иртэй зүйл байсныг анзаараагүй. Надад ямар нэгэн гомдол санал алга байна. Би эмчилгээний зардал мөнгөө гаргуулж авна” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

 

Гэрч Ж.Эрдэнэ-Очирын “2022 оны 06 сарын 20-ны өдөр 19 цагийн үед Самбуу-Ёндонгийнд Өлзийт, Өрнөхбаяр бас хоёр гурван танихгүй залуутай хоёр шил архи хувааж уусан. 20 цаг өнгөрч байхад Өлзийт хоёулаа манайд очиж хоноё гээд алхаад гэрт нь ирээд гэрийнх нь баруун талын орон дээр ор засуулаад унтаж байтал /цагийг нь сайн мэдэхгүй байна/ Өлзийтийн хаалгыг нэг хүн нүдсэн. Тэгтэл Өрнөхбаяр орж ирээд 10 мянган төгрөг барьчхаад Өлзийтийг архи олоод өг гээд доромжлоод салаавч гаргаад байсан юм. Би “чи явж унт, эсвэл наанаа унт гэж хэлсэн. Тэгээд байж байтал Өлзийтийн эхнэр Тунгалаг авдраасаа нэг шил архи гаргаж ирээд тэрийг гэрт байсан Өлзийт, Өрнөхбаяр, Тунгалаг бид дөрөв хувааж ууж байгаад би унтаад өгсөн. Тэгээд нэг сэрсэн Самбуу-Ёндон гэрт ирчихсэн сууж байхаар нь “юу болсон юм бэ” гээд асуутал Өлзийт Өрнөхбаярыг хутгалаад эмнэлэг рүү аваад явчихсан гэсэн. Тэгээд би унтаад өгсөн. Өлзийт, Өрнөхбаяр бид гурав бол Самбуу-Ёндон гэх айлынд хоёр шил архи хувааж уучхаад Өлзийт бид хоёр гэрт нь ирээд унтаж байсан. Тэгтэл гаднаас хаалга нүдээд Өлзийт нээтэл Өрнөхбаяр орж ирсэн. Өлзийтийнд унтаж байхад гаднаас Өрнөхбаяр орж ирээд 10 мянган төгрөг гаргаад архи нэхээд байсан. Тэгсэн Өлзийт босоод суучихсан өөдөөс юм хэлэхгүй суугаад байсан чинь сүүлдээ салаавч гаргаад “муу хөгшин гулкааз” гэх зэргээр доромжлохоор нь би Өрнөхбаярт хандаж “Чи яах гэж хөгшин настай хүн доромжлоод байгаа юм харьж унт, эсвэл наанаа унт” гээд хэлээд байж байтал Өлзийтийн эхнэр Тунгалаг нэг архи гаргаж ирээд би тасраад унтаад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

 

Гэрч С.Дэлгэрхишигийн “2022 оны 06 сарын 21-ны шөнө 01 цаг өнгөрч байхад манай хажуу айлд байдаг төрсөн эгч болон С.Тунгалаг хашхирах шиг болсон чинь Өлзийт ах машинаа унаад хашаанаасаа гарч байсан. Тэгэхээр юу болсон юм бол гээд гэрээсээ гараад иртэл С.Тунгалаг эгч гэрийнхээ үүдэнд зогсож байсан. Би тэгээд “яасан юм бэ” гээд асуутал “ийм юм болчихлоо” гэхээр нь гэр рүү шагайтал Өрнөхбаяр гэрийн баруун талын орны доод талд цусаа гоожуулчихсан нүдээ аньчихсан хэвтэж байсан. Тэгээд би байгаа байдлыг гэрийн хаалгаар харчихаад эргээд эгчтэй зогсож байтал гаднаас Самбуу-Ёндон, Сарнай хоёр хүрч ирээд тэр гурав гэр рүү явж ороод Самбуу-Ёндон, Сарнай хоёр түргэн дуудахгүй бол болохгүй юм байна гэсэн. Тэгээд Өлзийт ах түргэн дуудах гээд явчихаад ирэхгүй болохоор нь Сарнай бид хоёр эмнэлэг рүү цуг очиж сувилагч Бямбаа гарч байхаар нь Өрнөхбаяр цусаа гоожуулсан байдалтай байна гэж хэлсэн. Тэгээд ирж үзээд цустай хувцсыг нь солиод эмнэлэгт аваад ир оёдол тавихаар юм байна гээд сувилагч Бямбаа оёдол тавьсан. Би гэрт ороогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/

 

Гэрч Б.Сарнайцэцэгийн “2022 оны 06 сарын 21-ны шөнө 01 цаг өнгөрч байхад утас хоёр гурван удаа дуугараад байхаар нь автал С.Тунгалаг эгч “Өрнөхбаяр эвгүй болчихлоо гялс хүрээд ир” гэхээр нь би “яасан гэнэ ээ” гээд дахиад асуутал “хурдал хурдан хүрээд ир” гэсэн. Хүрээд очтол гэрийнхээ үүдэн дээр С.Тунгалаг эгч дүү Дэлгэрийн хамт зогсож байсан. Тэгээд нөхөр Самбуу-Ёндон, Тунгалаг эгч бид гурав гэрт ортол Н.Өрнөхбаяр баруун талын орны урд талд завилж суусан байдалтай, баруун гартаа даавуу атгачихсан байхаар нь “юу болсон юм бэ” гээд асуутал С.Тунгалаг эгч надад “Өлзийт уг нь миний хойд талд унтаж байсан юм. Тэгээд зүүрмэглэх хойгуур Өрнөхбаяртай маргалдаад, Өлзийтийн хутганаас бариад шувтруулчихсан юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд Өрнөхбаярыг ойроос хартал зүүн хацраас цус гоожоод гоожсон цусаа хоёр гараараа ээлжилж арчсан байдалтай байхаар нь баруун гарт байсан даавууг нь аваад үзтэл нэлээн ангайчихсан шархтай байхаар нь түргэн дуудахгүй бол болохгүй юм байна гэж хэлсэн. Тэгтэл Өлзийт ах түргэн дуудах гээд түрүүн явсан ирээгүй байна гэхээр нь “за ер нь хоёулаа явъя” гээд Дэлгэрхишигийн хамт эмнэлэг дээр иртэл сувилагч Бямбажаргал байсан. Түүнд Өрнөхбаярын бэртсэн талаар хэлээд гэрт үзүүлээд эмнэлэг рүү аваад явж бай би эмч аваад ирье гэж хэлээд явсан боловч эмч байхгүй байна гэж ирээд цагдаа ирж зургийг нь авсан. Тэгээд эмч оёдол тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

 

Гэрч Б.Самбуу-Ёндонгийн “2022 оны 06 сарын 21-ны шөнө 01 цаг өнгөрч байхад утас хоёр гурван удаа дуугараад Сарнайцэцэг утсыг аваад спикэр дээр нь тавиад ярьтал “та хоёр хурдан хүрээд ир” гэхээр нь өөдөөс нь “яасан юм бэ” гээд асуутал С.Тунгалаг эгч “Өлзийт ах чинь Өрнөхбаярыг хутгалчихлаа, бушуулаарай” гэсэн. Тэгэхээр нь гэрээс гараад Өлзийт ахын хашаа руу яваад ортол Тунгалаг эгч, Дэлгэрхишигийн хамт гэрийн үүдэн дээр зогсож байсан. Тэгээд гэрт нь яваад ортол Өрнөхбаяр гэрийн баруун талын орны доод талд нүүр, гар нь цус болчихсон сууж байсан. Тэгээд Сарнайцэцэг, Дэлгэрхишиг хоёрыг эмнэлэг рүү явуулаад сувилагч Бямбаа ирж үзсэн. Түүнийг эмнэлэг рүү аваад оч гээд Сарнайцэцэг, Дэлгэрхишиг нар эмнэлэг рүү аваад явсан. Өрнөхбаярыг аваад эмнэлэг рүү яваад өгөхөөр нь би гэртээ харьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38/

Гэрч С.Тунгалагийн “2022 оны 06 сарын 20-ны өдөр сумын төв дээр явж байгаад 21 цаг өнгөрч байхад Самбуу-Ёндон гэх айлд ортол манай нөхөр Өлзийт, Самбуу-Ёндон, Эрдэнэ-Очир, Өрнөхбаяр энэ хэд архи уугаад сууж байсан. Тэгээд тэр айлд мэнд мэдчихээд би гараад өөр айлд орж байж байгаад 11 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн. Тэгтэл нөхөр Өлзийт, Эрдэнэ-Очир хоёр ирчихсэн байсан. Эрдэнэ-Очир гуай баруун орон дээр ор хийчихсэн. Өлзийт газраар ор засаад хэвтэж байсан. Тэгэхээр нь нөхөр Өлзийтийн хажуугаар ороод орондоо амарч байтал 01 цаг болох гэж байхад хаалга нүдээд байхаар нээтэл Өрнөхбаяр гаднаас орж ирсэн. Тэгээд гэрт сууж байгаад 10 мянган төгрөг гаргаж ирээд “архи олоод өг” гээд нэхээд суугаад байсан. Тэгээд нэхээд байхаар нь би архи гаргаж ирээд бид дөрөв хувааж ууж байгаад би унтаад өгсөн. Тэгээд унтаж байтал Өлзийт хашхирахаар нь сэртэл Өлзийт “хүний гар огтолчихлоо” гэж хэлэхээр нь хартал Өрнөхбаярын гар нүүрнээс нь цус гарч байсан. Тэгтэл Өлзийт “би эмч олж ирье” гээд гараад яваад өгсөн. Би сандраад Самбуу-Ёндон, Сарнайцэцэг хоёрыг дуудаад Өрнөхбаярын гарыг марлаар дараад даавуугаар боочихоод гэрийн үүдэн дээр зогсож байтал манай дүү Дэлгэрхишиг хажуу гэрээсээ гарч ирээд “юу болсон бэ” гэхээр нь “Өлзийт ах чинь хүн хутгалчихлаа” гээд хэлсэн. Тэгээд байж байтал Самбуу-Ёндон, Сарнайцэцэг хоёр ирээд гэрт орж шархыг нь харчхаад Сарнайцэцэг манай дүү Дэлгэрхишиг нар эмнэлэг рүү түргэн дуудахаар яваад Бямбаа сувилагчийг авчирч үзүүлсэн. Бямбаа сувилагч үзчихээд “эмнэлэг рүү аваад явж бай, би эмчээ аваад очъё” гээд Өрнөхбаярыг эмнэлэг рүү авч явсан. Би бас айлд согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан болохоор зарим үйл явдлыг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан Өрнөхбаяр 10 мянган төгрөг бариад архи нэхээд байхаар нь би гэрт байсан нэг шил архиа гаргаж ирээд цуг хувааж уусан. Тэгж байх хугацаанд Өлзийттэй хоорондоо янз бүрийн юм яриад л байх шиг байсан. Тэр үед би нэлээн согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Ямар ч байсан орондоо унтаж байхад Өлзийт хашхираад сэрсэн.  Өлзийт, Эрдэнэ-Очир, Өрнөхбаяр гурав Самбуу-Ёндонгийнд архи ууж байсан тэнд хэдэн шил архи уусныг нь мэдэхгүй байна. Гэрт шөнө ирээд би нэг шил архи гаргаж ирээд бид дөрөв хувааж уусан” гэх мэдүүлэг /хх-ийн 40-42/

 

Гэрч Н.Бямбажаргалын “2022 оны 06 сарын 21-ны шөнө 02 цаг 15 минутын үед Сайхан-Овоо эрүүл мэндийн төвд ажлын байран дээрээ байж байтал гаднаас Дэлгэрхишиг, Сарнайцэцэг нар орж ирээд “Өрнөхбаяр гэх хүн цус гоожоод тогтохгүй байна” гэсэн дуудлага өгсөн. Би тухайн хоёр хүнийг дагаад Сэнжит 01-13 тоот хашаанд Өлзийт гэх айлын гэрт очсон. Өрнөхбаяр гэх хүн баруун талын орны доод талд цус алдсан байдалтай байсан. Би өвчтөн Өрнөхбаярт үзлэг хийгээд “эмнэлэг рүү авч явахгүй бол болохгүй” гэж хэлж эмнэлэг рүү явуулчхаад Чанцал эмчийн гэрт очиход эзгүй байсан тул эмнэлэг дээр ирсэн. Тэгээд шархыг нь цэвэрлэж байх хоорондоо цус тогтоох тариа хийгээд Өрнөхбаяр зүүн талын шанааны тус газраас цус гоожиж байсан тул яаралтай нэг оёдол тавиад, баруун талын гарын эрхий долоовор хуруу хоёрын завсраар зүсэгдсэн шархтай байсан тул дөрвөн оёдол тавьсан. Тэгээд өвчтөний биед үзлэг хийхэд оёдол тавьсаны дараа даралт бууралттай байсан тул яак-100 мм судсаар, натри хлор 500-тай дөрвөн ФЛ хийсэн. Өглөө үзлэг хийхэд даралт биеийн байдал тогтворжсон байсан. Тухайн үед дуудлага мэдээлэл ирээд уг асуудал болсон Өлзийтийн гэрт очиход Тунгалаг, Самбуу-Ёндон, Өрнөхбаяр мөн баруун орон дээр нэг танихгүй хүн унтаж байсан. Гэрт ороход Өрнөхбаяр гэрийн баруун талд суучихсан цусаа гоожуулсан байдалтай харин Өрнөхбаярын гар болон нүүрнээс гарч байгаа цусыг арчиж байгаа бололтой Тунгалаг гэх хүн хувинтай усанд алчуур дүрж арчсан байдалтай байсан. Гэрийн баруун хойд талаар хөнжил гудас овоолттой байх шиг байсан. Тухайн үед намайг очиход өвчтөн Өрнөхбаяр нэлээн согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/

 

Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 06 дугаар сарын 24-ны  өдрийн дугаар 209 тоот “Н.Өрнөхбаярын биед зүүн хацар, эрхий долоовор хурууны салаанд шарх, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй болон ир ирмэгтэй хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх шарх гэмтлүүд нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн хөнгөн зэрэг, зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 50-51/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1/

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-7/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-14/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтууд, эд мөрийн баримтуудыг шинжлэн судлав.

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

          Үйл баримтын талаар:

          Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч Н.Өрнөхбаяр нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний 01 цагийн орчимд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 1 дүгээр баг Сэнжтийн 01-13 тоотод бусдад хутгалуулж биедээ “зүүн хацар, баруун эрхий, долоовор хурууг зүссэн, зүүн хацарт зулгаралт” бүхий гэмтэл авсан үйл баримт тогтоогдож байна.

          Хохирогч Н.Өрнөхбаярын эрүүл мэндэд “зүүн хацар, баруун эрхий, долоовор хурууг зүссэн, зүүн хацарт зулгаралт” бүхий гэмтэл учирсан,  уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа болох нь шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 209 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.

          Хохирогчийн биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч Б.Өлзийт хутгалах үйлдлээр учруулсан болох нь гэрч С.Тунгалаг, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

          Шүүгдэгч Б.Өлзийтийн хохирогч Н.Өрнөхбаярын “зүүн хацар, баруун эрхий, долоовор хурууг хутгаар зүссэн” үйлдэл нь Эрүүгийн  хуулийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

           

          Иймд шүүгдэгч Б.Өлзийтийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

 

          Шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:

          Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Өлзийт нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурорын 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 31 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,  уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргаж, хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

          Шүүхээс шүүгдэгч Б.Өлзийтийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул прокурорын саналын хүрээнд торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

          Хохирогч шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн төмөр болон бор өнгийн мод хосолсон иштэй ажлын хэсэг нь 10 см урттай, бариул нь 11.5 см урттай эвхэгддэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн Тамгын газарт шилжүүлж шийдвэрлэв.  

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн  1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1.Шүүгдэгч Ажийнарав овогт Бадарчийн Өлзийтийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ажийнарав овогт Бадарчийн Өлзийтэд 450  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өлзийт нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өлзийт нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

          5.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

          7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Өлзийтөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

          8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХБАТ