| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | З.Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 171/2013/0177/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/163 |
| Огноо | 2013-10-07 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 2013/ШЦТ/163
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0177/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,
улсын яллагч О.Доржмаа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,
хохирогч Ж.Б гийн хууль ёсны төлөөлөгч Н.П нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт Аа овогт ******* өд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000405 дугаартай хэргийг 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын 1..-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, Дархан-Уул аймаг дахь Төмөрлөгийн үйлдвэрийн Төмөр толгой уурхайд ажилладаг, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын ... дүгээр баг . тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Аа овогт ******* /регистрийн дугаар ../.
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Цайдамын хөндий гэх газарт Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а/ “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчин ядарсан үедээ Соната-5 маркийн ..... УНЭ дугаартай автомашиныг жолоодон явахдаа мөн дүрмийн 2.3.б/-д заасан “жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ” гэснийг, мөн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөнөөс онхолдож зорчигч Д.А ын биед хүнд, З.Б гийн биед хөнгөн гэмтэл тус тус учруулсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
А
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2013 оны 06-р сарын 20-ны өглөө 05 цагийн орчим Улаанбаатарын Драгоноос хохирогч А ыг хүүхдийнх нь хамт болон мөн нэг залуу нарыг машиндаа суулгаж Улаанбаатар хотоос гарсан. Эрэгтэй зорчигч Шарын гол сум руу салдаг зам дээр буусан. Би нааш 4-р бригадын орчим асфальтан замаар явж байгаад зам тээврийн осол гаргасан. Би үүрэглээд урсгал сөрөөд замын зүүн гар тийш гарах гэж байгаад буцаж дарахад машин шарваад онхолдчихсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид ч хохирогчийн талтай холбоотой байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ” Би хохирогч А ын ээж буюу Б гийн эмээ нь юм. 2013 оны 6 дугаар сарын 20-ны өглөө 05 цагийн үед охин А хүү Б тай цуг Улаанбаатар хотод ирчихсэн байна.. Одоо жижиг машинд суугаад Дархан руу гарах гэж байна гээд утсаар ярьсан юм. 09 цагийн үед танихгүй гар утаснаас над руу нэг эмэгтэй залгаад та А аваарт орчихсон гэсэн. Б гийн уруул язарч урагдсан байсан ба урууланд нь оёдол тавьсан. Манай охины толгой өвдөөд байгаа, шуугиан сонсохоор уурлаад бухимдаад байдаг болсон. А ийг холбоотой, тусалж байна биз дээ гэж найдаж байна. 2.200.000 төгрөг хүлээн авч охины эмчилгээнд зарцуулсан” гэв.
хохирогч Д.А ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 9-10-р хуудас/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.П гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 13-14 дүгээр хуудас/,
эгээд
гэрч М.С , Т.А нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд /хэргийн 16, 17-18-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2013 оны 6 дугаар сарын 20-ны өглөө 08 цаг 40 минутын үед Дархан-Уул аймгийн Хонгор сум 1-р баг, Цайдамын хөндий гэх газар Соната-5 маркийн ..... УНЭ улсын дугаартай автомашиныг жолооч Саруулсайхан овогтой А жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 /б/-д заасан “Жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ”, мөн 2.7 /а/-д заасан “Жолоочид согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн 9.3-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн” гэжээ. /хэргийн 20-р хуудас/,
Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай шинжээчийн “...Соната-5 маркийн ..... УНЭ дугаартай автомашины бүхээг баруун гар талаас зүүн гар тал руу бүхэлдээ ханарсан, баруун талын хаалганууд, хойд, урд крыло хонхойсон, дунд талын багана гулзайсан, ард, урд талуудын салхины шил, хаалганы шилнүүд хагарсан, урд тэнхлэгийн зүүн гар талын цапны татуурга хугархай зэрэг нь ослын дараах эвдрэл байна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 21-23-р хуудас/,
Шүүх эмнэлгийн үзлэгийн 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн 625 тоот дүгнэлтэд: “…З.Б гийн биед тархи доргилт, доод уруулын салстын няцарсан шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно” гэжээ. /хэргийн 30 дугаар хуудас/,
Шүүх эмнэлгийн үзлэгийн 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн № 626 тоот дүгнэлтэд: “…Д.А ын биед гавал тархины битүү гэмтэл, тархины хүнд зэргийн няцрал, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, зүүн чамархай ясны хугарал, 2 уушигны няцрал, зүүн эгэмний хугарал, зүүн гарын бугалганы цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 3.1.3-т зааснаар хүнд зэргийн гэмтэл болно” гэжээ. /хэргийн 36-р хуудас/,
хохирогч Д.А ын өвчний түүх /хэргийн 40-53-р хуудас/,
шүүгдэгч ******* ийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 63 дугаар тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 64 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* нь 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Цайдамын хөндий гэх газарт Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а/ “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчин ядарсан үедээ Соната-5 маркийн ..... УНЭ дугаартай автомашиныг жолоодон явахдаа мөн дүрмийн 2.3.б/-д заасан “жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ” гэснийг, мөн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөнөөс онхолдож зорчигч Д.А ын биед хүнд, З.Б гийн биед хөнгөн гэмтэл тус тус учруулсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Д.А ын “...2013 оны 6 дугаар сарын 20-ны үүрээр 05 цаг өнгөрч байхад цагаан саарал өнгийн Соната-5 маркийн автомашин Дархан явлаа гэхээр нь би хүүтэйгээ хоёулаа тэр машины урд нь суусан. Шарын голын гэсэн нэг залуу замд бууна гээд машины ар суудалд суусан. Тэгээд өөр хүн аваагүй шууд хөдөлсөн. Замдаа унтаад л явсан. Тэгээд Шарын голын самбар өнгөрөөд нөгөө ард сууж явсан ах зам дээр буусан, би хүүгээ өвөр дээрээ аваад жолоочтой гурвуулаа Дархан руу хөдөлсөн. Тэгээд би унтаад өгсөн, юу болсныг мэдэхгүй байна, нэг мэдсэн чинь би эмнэлэгт сэргэсэн” гэсэн мэдүүлэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.П гийнэгээд
“...2013 оны 6 дугаар сарын 20-ны өглөө 09 цагийн үед танихгүй гар утаснаас нэг эмэгтэй хүн над руу залгаад танай охин аваарт орчихсон, нэгдсэн эмнэлэг дээр ирчихсэн байна гэж хэлсэн. Тэгээд би хүлээн авах дээр яваад очсон чинь манай охин А ыг сэхээн рүү оруулж байсан бөгөөд ач хүү Б хүлээн авах дээр байж байсан ба Б гийн уруул ам нь язарч урагдсан байдалтай байсан ба түүний урууланд нь оёдол тавьсан. Түүний уруул амнаас нь өөр газар ямар нэгэн гэмтэлгүй байсан ба А ын тархи толгой нь өвдөөд байна гээд байсан. Одоо ач хүү Б бол гайгүй зүгээр байгаа, А 2 ч удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байгаа” гэсэн мэдүүлэг,
гэрч М.С гийн “...2013 оны 6 дугаар сарын 20-нд Хонгорт гэртээ байж байсан чинь өглөө 08 цаг болох гэж байхад манай дүү А над руу утсаар залгаад Цайдамын хөндийд машинтайгаа явж байгаад уначихлаа гэсэн. Тэгээд би хүн амьтан зүгээр үү гэж асуутал нэг хүүхэдтэй хүүхэн явсан, хүүхдийнх нь эрүү амнаас цус гараад байна гэсэн. Нөгөө хүүхнийг нь асуугаагүй. Тэгээд би шууд хүү А ээ машинтай нь явуулаад араас нь би өөрөө Портертой нөхөртэйгөө явсан. Тэгээд явж байтал урдаас манай хүү А жижиг тэрэгтэйгээ нөгөө хүүхэдтэй хүүхнийг суулгаад ирж явсан. Тэгээд би зогсоод тэр машинд нь суугаад Хонгорын эмнэлэг рүү явсан, манай нөхөр Портероо унаад А ийн машинтайгаа унасан газар луу нь явсан. Би хүүхэдтэйгээ мөн нөгөө хүүхэдтэй хүүхэнтэй цуг яваад Хонгор сумын эмнэлэг дээр ирээд хүүхдийнх нь эрүүг боолгоод ээжид нь болон хүүхдэд нь тариа хийлгээд Хонгорын эмнэлгийн 2 бага эмч аваад эмнэлгийн машинтай Дарханы Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах дээр хүргэж ирсэн юм” гэсэн мэдүүлэг,
гэрч Т.А ийн “...2013 оны 6 дугаар сарын 20-нд Хонгорт аавындаа байж байсан чинь өглөө 08 цаг болох гэж байхад манай ээж С руу үеэл дүү А утсаар залгаад Цайдамын хөндийд машинтайгаа явж байгаад уначихлаа гэсэн. Тэгээд манай ээж намайг машинтайгаа яв гээд өөрөө араас очъё гэж хэлсэн. Тэгээд би Цайдамын хөндийд яваад очтол А ийн Соната-5 маркийн машин нь зам дээр унаад дээшээ харчихсан байсан. А ийн машинд явж байсан эмэгтэй замын хажууд хэвтэж байсан бөгөөд түүний хүүхэд гэх жаахан хүү уйлаад эрүү завьж хавиас нь цус гарч байсан. Замаар явж байсан машинтай хүмүүс зогсож хүүхдэд нь тусламж үзүүлээд ээжийг нь намайг очиход миний машинд өргөж оруулсан юм. Тэгээд би тэр эмэгтэйг хүүхэдтэй нь машиндаа аваад Хонгорын эмнэлэг явсан юм” гэсэн мэдүүлэг,
Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, замын байцаагчийн ослын дүгнэлт,
Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай шинжээчийн дүгнэлт,
Шүүх эмнэлгийн үзлэгийн шинжээчийн ¹ 625, № 626 тоот дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* ийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан 2,200,000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан болох нь дансны хуулгаар нотлогдож байна.
Харин хохирогч Д.А , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.П нар нь цаашид гарах эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй, энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж байна.
Иймээс шүүгдэгч ******* ийг гэмт хэрэг үйлдэж учруулсан бодит хохирлоо нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3-д зааснаар, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгааг болон шүүгдэгч нарын хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүй байхаар шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Аа овогт ******* ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар ******* ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч ******* өд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1, 298.2-т зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4-т зааснаар хохирогч Д.А нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг мэдэгдэж, энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар ******* өд оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар ******* ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил хассан хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* өд анхааруулсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн “Соната-5” маркийн ..... УНЭ улсын дугаартай автомашины №0236726 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид буцаан олгохыг, №671447 тоот жолоочийн үнэмлэхийг Замын цагдаагийн газарт хүргүүлэхийг нарийн бичгийн даргад даалгасугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.А өд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА