Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 179

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч Ц.Ариунтуяа,      

шүүгдэгч Н.Галмандах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэрэгт Н.Галмандахыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626011110 дугаар хэргийг 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехник, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эх, дүү нарын хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 2 дугаар баг, Өгөөмөр гудамжны 17 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Дэнжийн 4 дүгээр гудамж, 30 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тайж овогт Нинжбадгарын Галмандах /РД:ЗЛ93011014/.

Шүүгдэгч Н.Галмандах нь 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүүхэд хөгжлийн төвд Б.Батхуяг, Д.Эрдэнэбат, Б.Энхпүрэв нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ маргалдан улмаар Б.Батхуягийн нүүрэн тус газар цохиж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Галмандах шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хэргээ хурдан шийдүүлмээр байна” гэв.

 

201626011110 дугаар эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч Б.Батхуягийн: “...2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ...Галаа, Энхпүрэв, Эрдэнэбат бид дөрөв худалдаж авсан архиа хувааж уусан, хэсэг хугацааны дараа Галаа гэх залуу их согтсон байдалтай гэнэт хашгираад орилоод агсам тавиад эхэлсэн. Галаа гэх залуу Эрдэнэбаттай маргалдаад нүүрэн тус газар руу нь гараараа цохиод байсан чинь Эрдэнэбат “Батхуяг ахаа намайг хамгаалаарай” гээд байхаар нь би Галаагийн хажууд очоод салгах гэтэл намайг нүүрэн тус газар руу гараараа хэд хэдэн удаа цохиод авсан.

...Хэрэг болсон өдөр Энхпүрэв, Эрдэнэбат нар хоорондоо маргалдаад эхэлсэн. Галмандах нь тэднийг болиулах гээд Эрдэнэбатыг хувцаснаас нь бариад авсан. Тэр үед Эрдэнэбат “Батхуягаа намайг авраарай” гээд байхаар нь би босоод Энхпүрэв хажууд очоод “чи болиоч пизда минь” гэж хэлээд хувцаснаас нь бариад авсан. Галмандах ирээд “та нар хөгшин хүмүүс байж болил доо” гээд бид хоёр маргалдаад заамдалцсан. Галмандах намайг заамдаад авахаар нь би нүүрэн тус газар нь гараараа цохисон. Галмандах зөрүүлээд миний нүүрэн тус газар цохисон...” гэх мэдүүлэг /хх-8, 9, 104/,

Гэрч Д.Эрдэнэбатын: “...2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Галмандах ирээд бид нартай хамт архи хувааж ууж байгаад Галмандах агсам тавиад эхэлсэн. Намайг ямар нэгэн шалтгаангүйгээр нүүрэн тус газар цохиод байсан. Батхуяг намайг өмөөрөөд Галмандахтай маргалдаад эхэлсэн. Галмандах Батхуягийн нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохиод байх шиг байсан. Намайг газраас босоод ирсэн чинь Батхуяг газар явган суугаад нүдээ дараад сууж байсан...

...Хэрэг болсон өдөр Галмандахтай урьд өмнө хийж байсан ажлаасаа болоод маргалдсан. Миний нүүрэн тус газар гараараа цохисон чинь Батхуяг намайг өмөөрөөд маргалдсан. ...Галмандах Батхуягтай маргалдаж байснаа гэнэт нүүрэн тус газар руу нь цохисон. Галмандах архины шил хагалсан, гэхдээ орилж хашгирсан зүйл байхгүй, архины шилний хагархайг газар хагалаад л шууд хаясан” гэх мэдүүлэг /хх-10, 108/,

Гэрч Б.Энхпүрэвийн: “2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр... Батхуяг, Галмандах, Эрдэнэбат бид дөрөв худалдаж авсан архиа уусан. Галмандах Алтай хотхонд барилгын ажил хийж байснаа яриад Эрдэнэбаттай маргалдаад эхэлсэн. Эрдэнэбатын нүүр рүү 2 удаа цохисон. ...Галмандах Батхуягийг “та ер нь яах гээд байна” гэж хэлээд нүүрэн тус газар нь гараараа цохиод авсан.

...Галмандах Эрдэнэбаттай дахиад маргалдаад эхэлсэн. Би салгаад Эрдэнэбаттай юм яриад зогсож байсан чинь Галмандах Батхуягийн нүүрэн тус газар гараараа цохисон. Тэр үед Батхуяг нүүрээ гараараа дараад доошоо хараад сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-11, 106-107/,

Шүүх эмнэлгийн хэргийн материалаар хийсэн 2016.09.12-ны өдрийн 1176 дугаар дүгнэлтэд: “1.Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016.04.28-ны өдрийн 5430 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2.Батхуяг-н биед зүүн нүдний харааны бууралт /0,25/, зүүн нүдний торлогийн ховхрол, салстын урагдал, цилляр биеийн хавчуулагдалт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь шинэ байна. 3.Дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 25% алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 5.Дээрх гэмтэл нь мохоо /гараар цохих, хөлөөр өшиглөх, мод, чулуу, тоосго гэх мэт зүйлс/ зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэжээ /хх-113/,

Н.Галмандахын яллагдагчаар өгсөн “Би 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гэртээ байхад Энхпүрэв ах залгаад “Мөнгө байна уу? Архи ууя, чамайг очоод авъя” гэсэн. ...Хүүхэд хөгжлийн төвийн барилга дотор бид нар худалдаж авсан архиа хувааж уусан. Энхпүрэв, Эрдэнэбат нар хоорондоо маргалдаж эхэлсэн. Би болиоч гээд эвлэрүүлээд сууж байсан чинь дахиад хоорондоо маргалдсан. Тэгсэн чинь Батхуяг Эрдэнэбатыг өмөөрөөд байх шиг байсан. Энхпүрэвийг Батхуяг цамцнаас нь бариад хоолойг нь боогоод байсан. Би тэр хоёрыг салгасан. Энхпүрэв Батхуяг нар хоорондоо маргалдаад байхаар нь Батхуяг ахыг татаад сандал дээр суулгасан. ...Батхуяг босч ирээд Энхпүрэвийг “Чи ер нь яах гээд байгаа пизда вэ” гээд байхаар нь би Батхуяг ахыг “Хөгшин настай хүмүүс байж болилдоо” гэж хэлээд хувцаснаас нь бариад авсан чинь Батхуяг ах миний нүүрэн тус газар руу нэг удаа цохисон. Тэгэхээр нь би Батхуяг ахын нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-123-124/,

хохирлын баримтууд /хх-53-66/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-129/, шүүгдэгчийн ял шийтгэсэн эсэхийг шалгах хуудас /хх-128/ зэргийг уншиж шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Нинжбадгар овогтой Галмандах нь 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Хүүхэд хөгжлийн төвийн байранд Б.Батхуяг, Д.Эрдэнэбат, Б.Энхпүрэв нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ маргалдан улмаар Б.Батхуягийн нүүрэн тус газар цохиж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Галмандахыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирогч Б.Батхуяг нь “хохиролд 4 250 000 төгрөг авсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-91/-ийг ирүүлсэн байх тул шүүгдэгч Н.Галмандахыг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Шүүх ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Галмандах нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тайж овогт Нинжбадгарын Галмандахыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Н.Галмандахыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Н.Галмандахад оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Галмандах цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар Н.Галмандахад оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай. 

6.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Галмандахад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Галмандахад урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Л.БААТАР