Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2026/0488

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Оын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч М.Цэцэгмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ариунтулга

Нэхэмжлэгч: Б.О

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн албаны зөвлөлийн тогтоол, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Б.Оын Туул голын сав газрын захиргааны даргын албан тушаалд ажиллах байсан хугацааны буюу 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацааны цалин, цалингийн зөрүү болох нийт 81,267,145 төгрөгийг гаргуулах, мөн тус албан тушаалд ажилласнаар тооцуулах тус хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, тухайн албан тушаалд ажилласан хугацааг зохих журмын дагуу бүртгэж баталгаажуулахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2026/0496 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуруалдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 128/2025/1098/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.О нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан “Төрийн албаны зөвлөлийн тогтоол, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Б.Оын Туул голын сав газрын захиргааны даргын албан тушаалд ажиллах байсан хугацааны буюу 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацааны цалин, цалингийн зөрүү болох нийт 81,267,145 төгрөгийг гаргуулах, мөн тус албан тушаалд ажилласнаар тооцуулах тус хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, тухайн албан тушаалд ажилласан хугацааг зохих журмын дагуу бүртгэж баталгаажуулахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2026/0496 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Оын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Б.Оын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 67,670,000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, цалин олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж бичилт хийхийг, ажилласан хугацааг зохих журмын дагуу бүртгэж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, нэхэмжилсэн мөнгөн дүнгээс 13,597,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “... ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/821 дүгээр шийтгэх тогтоол гарсан өдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны мөнгөн дүнг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.О-оос “Төрийн албаны зөвлөлийн тогтоол, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу Б.О-ын Туул голын сав газрын захиргааны даргын албан тушаалд ажиллах байсан хугацааны буюу 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацааны цалин, цалингийн зөрүү болох нийт 81,267,145 төгрөгийг гаргуулах, мөн тус албан тушаалд ажилласнаар тооцуулах тус хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, тухайн албан тушаалд ажилласан хугацааг зохих журмын дагуу бүртгэж баталгаажуулахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан гаргажээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгч Б.О нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулсан Туул голын сав газрын захиргааны даргын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцож, хамгийн өндөр үнэлгээ авсан тул Салбар зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар тогтоолоор тухайн албан тушаалд Б.О-ыг томилуулахаар нэр дэвшүүлжээ.

3.2. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 03/1798 дугаар албан бичгээр “... Туул голын сав газрын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.О нь хууль тогтоомж зөрчин Х.Ц-г тусгай шалгалтгүйгээр томилж, 2 сарын хугацаанд цалин олгож байгууллагад хохирол учруулсан” гэх үйлдэлд шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн байх ба мөн үндэслэлээр Б.О-ыг дээрх албан тушаалд томилоогүй байна.

3.3. Энэ талаар Б.О-оос гаргасан гомдлыг Төрийн албаны зөвлөл хянаад, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 01/1094, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01/1314 тоот албан бичгээр тус тус албан тушаалд томилох талаар мэдэгдсэн боловч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 01/3605 тоот албан бичгээр “... томилох асуудлыг эрх бүхий байгууллагын шийдвэр гарах хүртэл хугацаанд хойшлуулсан” гэсэн хариу өгчээ.

3.4. Мөн Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас “... Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар тогтоолоор Туул голын сав газрын захиргааны даргын албан тушаалд Б.О-ыг нэр дэвшүүлсэн боловч сайдын 2022 оны Б/31 дүгээр тушаалаар Д.Н-г тус албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэр нь төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг зөрчсөн байх тул сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад тэнцсэн Б.О-ыг томилох асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж, хариу ирүүлэх” талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандсан байна.

3.5. Улмаар Б.О-оос Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянаад, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 306 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг нь бүхэлд нь хангаж, Б.О-ыг Туул голын сав газрын захиргааны даргын албан тушаалд томилох чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэр дэвшүүлсэн албан тушаалд томилохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж шийдвэрлэжээ.

3.6. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 331 дүгээр магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн нийт шүүгчийн хуралдааны 283 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээр татгалзсанаар дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

3.7. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01-159/14567, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01-159/17385, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 01-159/24759 дугаартай албан бичгүүдээр тус тус шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад мэдэгдсэн боловч мөн адил шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс энэхүү маргаан үүсжээ.

4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй”, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”гэж тус тус заасан.

4.2. Дээр дурдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 306 дугаар шийдвэрээр Б.О-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг энэхүү маргаанд дахин тогтоох шаардлагагүй.

4.3. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж зааснаар дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх тул үүнээс үүсэх хохирлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд хариуцахаар байна.

4.4. Нэхэмжлэгч Б.О нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл тухайн албаны даргын албан тушаалд ажиллаж, цалин хөлс авч байсан нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар тогтоогдож байх тул мөн хугацаанд хамаарах 8,843,000 төгрөгийг хохиролд тооцохооргүй байна.

4.5. Харин Б.О-ыг гэм буруутайд тооцсон Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/821 дугаар шийтгэх тогтоолыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолоор хүчингүй болгож, түүнийг цагаатгасан байх ба Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн нийт шүүгчийн хуралдааны 143 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцэхээс татгалзсанаар давж заалдах шатны шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон буюу хариуцагч захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч Б.О-ын хөдөлмөрлөх эрх, төрийн албан хаагчийн нэмэлт баталгаа зөрчигдсөн нь нэгэнт тогтоогдсон байх тул нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсгийг хангаж шийдвэрлэхээр байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэжээ.

5. Давж заалдах гомдлын тухайд:

5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “... ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/821 дүгээр шийтгэх тогтоол гарсан өдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны мөнгөн дүнг нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.

5.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т “хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх”, 106 дугаар зүйлийн 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж тус тус зааснаар захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэнд хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх шийдвэр гаргана.

5.3. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны буруу үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч Б.О-од 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хохирол учирсан байх тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг мөн хугацаанаас эхлэн тооцох тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

5.4. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2026/0496 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       М.ЦЭЦЭГМАА

ШҮҮГЧ                                                                       Б.АДЪЯАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                      Д.БААТАРХҮҮ