Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 1064

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.С-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                     

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/00903 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.С-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Са-д холбогдох,

 

9 020 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: З.Ариунжаргал

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ариунболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч Д.Са-тай зээлийн гэрээ байгуулж, түүнд 8 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Гэвч хариуцагч тал 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 300 000 төгрөгийг буцаан төлсөн тул үндсэн зээлийн үлдэгдэл 8 200 000 төгрөг үлдэж, уг дүнгээс зээлийн хүүг тооцоход 820 000 төгрөг болсон. Ингээд нэхэмжлэгч тал өнгөрсөн хугацаанд хариуцагчаас зээлийг буцаан нэхэмжлэхэд тэрээр өгөхгүй, нэхэмжлэгчийн нөхөр Ш.Хосбаяртай зээлийн гэрээ байгуулсан, түүнээс авсан зээлд 300 000 төгрөгийг төлсөн хэмээн тайлбар өгч байна. Гэтэл гэрчээр оролцсон Ш.Хосбаяр мэдүүлэхдээ энэ талаар юу ч мэдэхгүй, эхнэр маань миний дансыг ашиглаж, зээл өгч, авч байсан, тус 8 500 000 төгрөгийг зээлийн асуудал түүнд хамаагүй гэж байна. Хариуцагчийн шүүх хуралдаан дээр шинээр өгсөн нотлох баримт болох дансны хуулга нь одоогийн зээлтэй ямар нэгэн хамааралгүй бөгөөд энэхүү зээлийн гэрээг Д.Са- болон Д.С- нарын хооронд байгуулсан болохыг шүүхээс анхаарахыг хүсье. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 8 200 000 төгрөг, түүний хүү 820 000 төгрөг, нийт 9 020 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс нэхэмжлэгч Д.С-аас 18 удаагийн үйлдлээр 27 150 000 төгрөгийг зээлж, түүнд 110 удаагийн хариу төлбөр төлөх байдлаар 42 111 200 төгрөгийг төлсөн байдаг. Өнгөрсөн хугацаанд талуудын хооронд авсан, өгсөн зээлийг баримтанд тулгуурлан тооцоход авсан зээл 27 105 000 төгрөг, буцаан төлсөн зээл, зээлийн хүү 42 141 200 төгрөг, ойролцоогоор 15 036 200 төгрөгийн хүү төлсөн мэт харагдаж байгаа боловч зарим тохиолдолд өгөх ёстой зээлээс шууд хүүг суутгадаг байсан тул авч ашиглаагүй байж зээлийн хүү төлсөн асуудал бий. Хэрэгт авагдсан хариуцагчийн Хаан банкны 5081041082 тоот данснаас гэрч Ш.Хосбаярын 5087208616 тоот дансанд өнгөрсөн хугацаанд шилжүүлсэн мөнгийг тусгайлан тодруулсан ба 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 60 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 220 000 төгрөг, мөн 20 000 төгрөг, нийт 300 000 төгрөг шилжүүлсэн талаар маргахгүй. Гэвч энэхүү зээлийг нэхэмжлэгч Д.С- зээлсэн эсэх нь тодорхойгүй, өнгөрсөн хугацаанд талуудын хооронд үүссэн зээлийн үлдэгдэл дээр хүү тооцож, 8 500 000 төгрөг болсон тул хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг дээр дурьдсан үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Д.Са-гаас үндсэн зээлийн үлдэгдэл 8 200 000 төгрөг, зээлийн хүүд 820 000 төгрөг, нийт 9 020 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Са-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 159 270 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 159 270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунболд давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүх зээлийн гэрээний бичгээр хийх анхан шатны шаардлагыг хангаагүй байхад зээлийн гэрээг байгуулагдсан, 8 500 000 төгрөгийг шилжүүлсэн гэх нотолгоо байхгүй байхад хүүгийн хамт гаргуулахаар шийдсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

...Хариуцагч уг зээлийг аваагүй гэж маргаж ирсэн ба харин Ш.Хосбаярын дансанд төлсөн 300 000 төгрөгийг Ш.Хосбаяраас авсан зээлийн хүү гэж Хаан банкны 5087208616 тоот дансанд төлсөн нь баримтаар нотлогдсон тул нэхэмжлэгч тал маргаагүй юм.

Шүүхийн шийдвэрт хариуцагч Д.Са- нь нэхэмжлэгч Д.С-аас 8 500 000 төгрөгийг аваагүй, өмнө олгосон зээл, зээлийн хүүгийн нийлбэр байдлаар тухайн бичгийг бичсэн талаар тайлбар, татгалзлаа тодорхой баримтаар нотлоогүй гэсэн байна гэж дүгнэсэн. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний би нотлох баримтаар хариуцагч Д.Са-гийн Хаан банкны 5081041082 тоот дансны хуулга 84 хуудас, Капитрон банкны 3022000010 тоот дансны хуулга 12 хуудас, Голомт банкны 3635101720 тоот дансны хуулга 7 хуудас, Ш.Хосбаяраас авсан зээлийн тооцоо 3 хуудас мөн Ш.Хосбаяраас авсан зээлийн задаргаа тооцоо 2 хуудас зэрэг нийт 108 хуудас материал гаргаж өгсөнийг шүүх хүлээн авсан. Уг баримт нь Ш.Хосбаяр, Д.Са- нарын хооронд зээлийн харилцаа байсан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 17-нд Ш.Хосбаярт тооцоотой байсныг нотолж байгаа болно. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд үүссэн маргааны зүйл, түүнд хамаарах нотлох баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

            Нэхэмжлэгч Д.С- нь хариуцагч Д.Са-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8 200 000 төгрөг, хүүд 820 000 төгрөг, нийт 9 020 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “зээлийн гэрээ ба баримт үйлдэх нь” гэсэн баримт үйлдэж хариуцагч нь 8 500 000 төгрөгийг бэлнээр авсан” гэж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “Д.С-аас нэг ч төгрөг бэлэн аваагүй бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр уг амлалтын бичгийг нэхэмжлэгчийн нөхөр Ш.Хосбаярын шаардсаны дагуу бичиж өгсөн” гэж тус тус тайлбарлажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэлт хийсэн нь буруу байна.

Хариуцагч Д.Са- нь 8 500 000 төгрөгийг зээлж аваагүй гэж маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч Д.С- нь зээлийн гэрээний зүйлийг хариуцагчид шилжүүлсэн гэдгээ нотлох учиртай. Гэтэл анхан шатны шүүх нотлох үүргийг буруу хуваарилан хариуцагч нь нэхэмжлэгчээс өмнө нь олгосон зээлийн хүүгийн нийлбэр байдлаар тухайн гэрээг байгуулсан гэдэг тайлбар, татгалзлаа баримтаар нотлож чадаагүй гэж дүгнэн 9 020 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Хэрэгт хариуцагч талын хүсэлтээр 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацаан дахь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга авагдсан байх ба зохигчид хоорондоо зээл олгох, зээлийн төлбөрийг буцаан төлөхдөө тогтмол дансаар мөнгийг шилжүүлж байсан зэргээс үзвэл 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Зээлийн гэрээ ба баримт үйлдэх нь” гэх бичгийн баримтыг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” бичгийн хэлцэл хийгдсэн гэж үзэхээр боловч мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгөн эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох үндэслэлгүй юм.

 

Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/00903 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Д.Са-д холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9 020 000 төгрөг гаргуулах тухай Д.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/00903 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Д.Са-д холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9 020 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч Д.С-аас төлсөн 159 270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунболдын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 159 270 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

 

                                                    ШҮҮГЧИД                           Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                Д.ЦОГТСАЙХАН