Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 569

 

 Ю.Г-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

   прокурор М.Батзаяа,

хохирогч Т.А,

шүүгдэгч Ю.Г, түүний өмгөөлөгч Б.Галхүү,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/551 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ю.Г, түүний өмгөөлөгч Б.Галхүү нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Ю.Г-д холбогдох эрүүгийн 1909 02759 0141 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн Ю-н Г, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .... аймагт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .................. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ........................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............./;

Ю.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн Т.А-с “... банкны зээл гарахаар өгье, удахгүй банкнаас 480.000.000 төгрөгийн зээл авна...” гэж итгүүлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Т.А-с нийт 21.498.500 төгрөгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ю.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ю.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ю.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Ю.Г-с хохирол 20.498.500 төгрөгийг гаргуулан хохирогч Т.А-д олгож, Ю.Г-н Ү-2206024250 дугаартай гэрчилгээтэй Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж 86 дугаар байрны 805 тоот орон сууц, Увс аймгийн Баруунтуруун сумын 2 дугаар баг, Шанд гэх газар байрлах өмчлөлийн Ү-1501000247, Ү-1501000245, Ү-1501000246 дугаар бүхий гэрчилгээтэй, тус бүр 64 м.кв хэмжээтэй хувийн сууц 3 ширхэг, Увс аймгийн Зүүнговь сумын 5 дугаар баг, Зэлийн гол гэх газарт байрлах Г-1505000009 дугаар бүхий гэрчилгээтэй, гэр бүлийн хэрэгцээний 1288 м.кв хэмжээтэй газар зэргийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон прокурорын 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 1, 2 дугаартай тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

       Шүүгдэгч Ю.Г, түүний өмгөөлөгч Б.Галхүү нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Ю.Г нь хохирогч болох Т.А-с урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 21.498.500 төгрөгийг залилсан гэх хэрэгт өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч чин санаанаасаа гэмшиж байна. Түүнчлэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтад заасан нөхцөл байдал өөрчлөгдөж хохирогч Т.А-тай эвлэрч, хохирлыг 100 хувь төлөхөө илэрхийлж төлбөр барагдуулах хэлцэл бичгээр байгуулсан болно.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ хэрэгт “эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно” гэж заасныг дахин харгалзан үзэж, 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, торгох ялаар шийтгэж өгнө үү. Мөн миний бие “Бизнес класс клуб” маркетинг, борлуулалт, шууд худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийг үүсгэн байгуулж одоогоор ашиг орлого сайжирч байгаа тул торгуулийн ялыг сайн дураараа биелүүлнэ гэдгээ амлаж байна. Ю.Г нь өөрийн үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлаас үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан нөхцөл байдал бүрдэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ялыг хөнгөрүүлж, торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ю.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Би 2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс борлуулалтын шинэ бизнес эхэлсэн бөгөөд уг бизнесийн ашгаа олохоор хохирогчийн хохирлыг цаг тухайд нь төлж барагдуулах бүрэн боломжтой болно...” гэв.

Шүүгдэгч Ю.Г-н өмгөөлөгч Б.Галхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн шийтгэх тогтоолын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал өнөөдрийн байдлаар өөрчлөгдсөн байна. Учир нь, шүүгдэгч нь хохирогчтой эвлэрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж талууд хэлцэл байгуулсан. Шүүгдэгчийн хувьд, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилтай. “Бизнес класс” клуб нь маркетинг, борлуулалт, шууд худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд зуугаад хүнийг борлуулагчаар ажиллуулж бараа бүтээгдэхүүн борлуулж ашиг олдог. Иймд шүүгдэгч Ю.Г нь торгох ял болон хохирлыг бүрэн төлөх боломжтой тул түүнд оногдуулсан хорих ялыг торгох ял болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.

Хохирогч Т.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ю.Г-тай 2021 он хүртэл хохирол төлбөр барагдуулах хуваарь гарган тохирсон. Одоогийн байдлаар 6.398.500 төгрөгийн хохирлоо аваад байна. Иймд Ю.Г-д оногдуулсан хорих ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ю.Г-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд 1 жилийн хорих ял оногдуулсан нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувийн байдлаас үзэхэд шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэх боломжгүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

            ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Ю.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн Т.А-с “... банкны зээл гарахаар өгье, удахгүй банкнаас 480.000.000 төгрөгийн зээл авна...” гэж итгүүлэн, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Т.А-с нийт 21.498.500 төгрөгийг авч залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Т.А-н “...2018 оноос Ч-н нөхөр Ю.Г над дээр ирээд төслийн зээл авч байгаа гээд гэрээ үзүүлсэн. Би гэрээтэй нь танилцахад 485.000.000 төгрөгийн мөнгө авах гэж байгаа гэрээ байсан. “Эхнийхээ мөнгийг авчихсан, одоо 2 дахь мөнгөө авах хэрэгтэй байна, тэр мөнгийг авах хүртэл байраа засах мөнгө өгөөч, та мөнгө зээлчихвэл би зээлээ бүтэхээр эмчилгээний мөнгө хамгийн бага хүүтэйгээр зээлдүүлнэ” гээд байсан. ... тэгэхээр нь итгээд нөхрөө эмчлүүлэх гээд 20 гаруй сая төгрөг хураасан байсан болон нэхсэн үед нь хүнээс мөнгө зээлээд өгнө, эсхүл өөрийн үнэт эдлэлээ барьцаалж байгаад өгчихдөг байсан. ...” /1 хх 11-12/,

гэрч Ю.Р-н “... манай төрсөн ах Ю.Г утасдаад Аагий гэх эгчээс очоод мөнгө аваад ир гэж хэлсэн. Би тэр эгч дээр очиход мөнгө байхгүй гээд гинж, бөгж зэрэг үнэт эдлэлээ “Сайн” нэртэй ломбардад очиж барьцаанд тавьж, 3.000.000 төгрөг өгсөн. Тэр мөнгийг нь аваад ахын ажил дээр аваачиж өгсөн. ...” /1 хх 53/ гэх мэдүүлгүүд,

Хаан банкны дансны хуулга /1 хх 23-30/, барьцаат зээлийн гэрээний хуулбар /1 хх 57-61/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч Ю.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Мөн шүүгдэгч Ю.Г-д анхан шатны шүүхээс 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул шүүгдэгч Ю.Г, түүний өмгөөлөгч Б.Галхүү нарын “... шүүгдэгч нь өөрийн үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн тул торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ю.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ зэргээс үзэхэд шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм бурууд тохирсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, мөн оногдуулсан хорих ялыг сольж торгох ял шийтгэл оногдуулах хууль зүйн боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл буюу “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх ...,” зохицуулалт нь шүүхэд заавал хэрэглэхээр үүрэг болгосон заалт биш болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Ю.Г, түүний өмгөөлөгч Б.Галхүү нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.