Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/163

 

 

 

 

 

 

 

        

           2023              11                23                                                      2023/ШЦТ/163                                      

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Даваанаран даргалж, Ерөнхий шүүгч Д.Баттулга, шүүгч Г.Батмөнх нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Э.,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Г /томилолтоор/,

Иргэдийн төлөөлөгч: Б.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Б,

Шүүгдэгч: Б.М нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 2206000001446 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим орчинд өвчтэй хүүхдийн зураг оруулж, “миний хүү Мөнхгэрэл нь зүрхний цоорол, уушигны артерын даралт өндөр гэсэн оноштойгоор Солонго улсад эмчлүүлж байна, хагалгааны зардал 27 сая вон буюу 66 сая төгрөгийг яаралтай бүрдүүлэх боллоо. Хүүд минь амьдрал хайрлаж, хандивын гараа сунгаж гэж найдаж байна, 5 тавдахгүй, 10 аравдахгүй шилжүүлээрэй, Хандивын данс Хаан банкны 5953052540 М, Голомт банкны 1705155705, Хаан банк 12750198005477 Ж.Энх-Гэрэл” гэсэн хуурамч зар, мэдээллийг олон нийтийн цахим сүлжээнд байршуулж, хандив гуйж, өөрийн Хаан банкны 5953052540 тоот дансаар нэр бүхий 393 хохирогчоос 5.387.300 төгрөгийг шилжүүлэн авч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс харьяаллын дагуу шилжүүлэн ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 2206000001446 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ:

Маш их гэм буруутай үйлдэл хийснээ би өөрөө хүлээн зөвшөөрч ойлгож байгаа. Би өөрөө нэг өвчтэй дүүтэй байсан тэр дүүгээ алдаж байсан гэхдээ энэ хэргийг сэдсэндээ маш их гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Тэгээд сая цагдан хоригдож байх хугацаандаа маш их зүйлийг ойлгож, маш их зүйлийг эргэцүүлж бодож тунгаасан. Энэхүү хэргийг сэдэх болсон шалтгаан нь болохоор би өөрт бэлэн байсан 10 сая төгрөгийг нэг шөнийн дотор онлайн тоглоомд алдчихсан. Тэгээд тэр талаар ээж аав болон гэр бүлийнхэн нь тухайн үед найз охинтой байсан найз охиндоо огт мэдэгдэж чадахгүй, хэлж чадахгүй айж явсны улмаас энэ залилах гэмт хэргийг сэдэж олсон. 2020 оны 2 сард нэг пост оруулаад 2020 оны зуны дундуур бас нэг пост оруулаад тэгээд энэ хэргийг үйлдсэн. Миний хувьд энэ гэмт хэргийг үйлдэж байх хугацаандаа “Эко Пайк” гэдэг компанид 2018 оны 9 сард орж ажиллаж байсан. Цэргээс халагдаж ирснийхээ Төв аймгийн Заамар сумын уурхайд 3 сар ажиллаж байгаад 9 сард “Эко Пайк” гээд хэвлэлийн үйлдвэрийн цаас, хайрцаг, сав баглаа боодлын үйлдвэрт орж ажиллаад чамгүй амжилттай ажиллаж байсан. Тэгээд манай ажил дээр нэг онлайн покер гэдэг зүйл дэлгэрээд энэ зүйлд татагдан орж өөрийнхөө эд зүйлийг алдсанаас болж залилах гэмт хэргийг үйлдэж эхэлсэн байгаа. Мөнхийн үсэгт 2018 оны 9 сард орж ажиллаад 2021 оны 7 сар хүртэл ажиллаж байсан. Тэгэхээр энэ нь залилах гэмт хэрэг үйлдэж байх хугацаандаа 2020 оны 1 сараас 2021 оны 10 сар хүртэл хугацаанд Мөнхийн үсгийн “Эко Пайк” гэдэг охин компанид  ажиллаж байсан гэсэн үг. Энэ залилах гэмт хэргээс орж ирсэн мөнгөөр цахим тоглоом тоглосон. Тэгээд цалингаас орж ирсэн мөнгөөрөө байрны түрээс тэгээд амьдрал ахуйдаа хэрэглэдэг байсан. Хийсэн гэм буруутай үйлдэлдээ маш их харамсаж байна. Тэгээд одоо энгийн амьдралдаа шилжээд эрх чөлөөтэй болох үедээ шударгаар хөдөлмөрлөж эерэг зүйлийг түгээж эх орондоо хэрэгтэй хүн болохоо төрийн сүлд, эрхэм шүүгч, прокурор, өмгөөлөгч, цагдаа, иргэдийн төлөөлөгчдийнхөө өмнө амлаж байна. Тэгээд хууль, шүүх, эрх үүрэг, эрх чөлөө гэдэг үгнүүдийг сайн ухаарч ойлгоогүй явж байсан юм байна. Цагдан хоригдох хугацаандаа энэ бүхнийг ямар их утга учиртай чухал зүйл вэ гэдгийг маш их ухамсарлаж ойлгосон. Мөрийтэй тоглоомын хувьд энэ зүйлээс болж асар их залуучууд олон зүйлийг алдаад олон зүйлийг алдсанаасаа улбаалаад залилах гэмт хэрэгт холбогдож байгаа гэдэг зүйлийг бол 461 дүгээр хорих анги болон Өмнөговь аймгийн Ханбогд сумын цагдан хорих байранд байхдаа хүмүүсээс олж мэдсэн. Миний хувьд бол сүүлийн нэг жилийн хугацаанд огт тоглохгүй гэдэг, одоо амлалтыг өөртөө өгөөд, гэр бүл, найз нөхдөдөө өгөөд огт тоглохгүй байх талаар анхааруулж, шударгаар хөдөлмөрлөж, цалингийн зээл, өнөөдрийн хохирол мөнгийг барагдуулж байгаа ээж, манай гэр бүлийнхэн тийм баян гэр бүл биш. Тийм ээж, гэр бүлийнхээ төлсөн төлбөрийг шударга хөдөлмөрлөж эгүүлж төлөх болно гэдгээ хэлж байна. Тэгээд онлайн мөрийтэй тоглоом ямар сөрөг нөлөөтэй зүйл вэ гэдгийг тааралдсан найз нөхөд, гэр бүл, ах дүүс бүгдэд нь анхааруулж байнга хэлж энэ зүйлээс татгалзахыг уриалж байх болно. Шүүхэд хандаж хэлэхэд өмгөөлөгч болон миний мэдүүлэг, прокурорын хэлж буй үгийг харгалзан үзэж миний зүйл ангийг аль болох бууруулж шийдэж өгөөч гэж хүсэж байна гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Миний үйлчлүүлэгч Б.Мд холбогдох Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас зар мэдээллийг олон нийтийн цахим сүлжээнд байршуулж, хандив гуйж, өөрийн Хаан банкны дансаар нэр бүхий 393 хохирогчоос 5,387,000 төгрөгийг шилжүүлэн авч цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдүүлж залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн. Залилах гэмт хэргийн шинж хангалттай хангагдаж байгаа. Энэ хүн өнөөдрийг хүртэл гэм буруугаа хүлээгээд явж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс харахаар хавтаст хэргийн хүрээнд үнэлэлт дүгнэлт өгөхөөр энэхүү залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Зүйлчлэлийг өөрчлүүлэх саналтай байгаа. Яагаад ийм санал гаргаж байгаа вэ гэхээр хавтаст хэрэгт авагдсанаар Б.М хавтаст хэрэгт болон сая шүүхийн хэлэлцүүлэгт өөрөө бас мэдүүллээ. Б.М нь Фэйсбүүк гэх онлайн орчинд 2 удаа буюу 2020 оны 2 дугаар сард нэг удаа, 6,7,8 дугаар сар буюу зуны саруудад 1 удаа гээд нийлээд 2 удаагийн идэвхтэй үйлдлээр хоёр өөр зарыг оруулсан байдаг. Монгол Улсад онлайн буюу цахим гэмт хэрэг сүүлийн үед маш ихээр гарч байна. Үүнд яг тусгайлан зориулсан хуульчлагдсан орчин алга. Өнөөдөр энэ дан ганц Монгол Улсын хэмжээнд биш, дэлхий нийтээрээ, олон улсын хэмжээнд ч хамаагүй нэгэн зэрэг олон газар тархах эрсдэлтэй орчин бий болж байна. Өөрөөс болон өрөөлөөс шалтгаалахгүйгээр олон газар тархаж, шэйрлэгдэж байгаа үйлдлийг Б.Мын үйлдэл гэж үзэн олон удаа буюу 3 ба түүнээс дээш удаа гэж улсын яллагч мөн Улсын дээд шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 110 дугаартай тогтоолоор тайлбарласан. Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэргийн шинж нь 3-аас дээш дахин давтагдах ёстой байнгын шинжтэй үйлдлийг ойлгоно гэж заасан байгаа юм. Тэгэхээр өмгөөлөгчийн хувьд 2 удаагийн үйлдэл юм. Тухайн хандивыг өгсөн хохирсон 393 хүнийг урьдчилан тооцоолох хэдэн хүнээс хэдэн төгрөгийн хандив орж ирэхийг урьдчилан тооцоолох боломжгүй байсан. Магадгүй нөгөө ард койныг бэлэн мөнгө болгож өгнө гээд зар тавьсан байдаг юм байна. Би зүгээр жишээ татаж байгаа юм. Тэгэнгүүт хувь чатаар нь буюу тэр хүний чатаар нь хүмүүс холбогдож орж ирээд тэр хүмүүсийн кодыг нь аваад койных нь цуглуулсан оноог аваад мөнгө болгоод өөртөө ашигласан энэ нь болохоор эргэж харилцаа үүсгээд тухайн хохирогч нарын койныг авчихсан Б.Мын хувьд фэйсбүүк цахим орчинд л тавьсан тэгээд ямар нэгэн байдлаар эргээд та хэдэн төгрөг шилжүүлбэл би ингэнэ гэдэг юм уу ингэж залилсан юм бол байхгүй. Үйлдэл нь хоёрхон удаа байгаа. Цахим гэмт хэрэг учраас ингэж үзээд байна. Хоёрдугаарт амьдралын эх үүсвэр болгосон гээд байгаа дээр Б.М нь хангалттай ажил хөдөлмөр эрхэлж байсан нь Соёлмаагийн мэдүүлэг, ээжийнх нь мэдүүлэгт байна. Ээж нь тодорхой эрхэлсэн ажилтай тодорхой хэмжээний цалин орлоготой байгаа. Ах дүү хамаатан саданд нь бол ямар нэгэн байдлаар тэжээн тэтгэсэн асуудал байхгүй. Энэ хүн ганц биеэрээ байр түрээслээд амьдарч байсан гэж байгаа юм. Гэмт хэрэг үйлдэх үедээ “Эко Пайк” гээд Монгол компанид 200,000-1,700,000 мянган төгрөг хүртэл цалинтай ажил хийдэг байсан гэдэг нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтоор тогтоогдож байгаа. Амьдралын эх үүсвэр болгож өөрийгөө тэжээн тэтгэсэн гэсэн нь үүгээр үгүйсгэгдэнэ. Дээрээс нь 10,500,000 төгрөгийн цалингийн зээл авсан. Үүнийгээ хохирогч нараас авсан мөнгөөр төлсөн байх юм бол цалингийн зээлийг тоглож алдсан ч бай идэж уусан бол өөрийгөө тэжээн тэтгэсэн, амьдралын гол эх сурвалж болгосон амьдралаа залгуулах гэсэн гэж үзэж болохоор байна. Гэтэл энэ хүн цалингийн зээлээ ч төлөөгүй. Голомт банк шүүхэд өгөөд шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэр гарчихсан явж байгаа. Мөрдөн байцаалт прокурорын шатанд улсын яллагч томилолтоор орж ирж байгаа. Би ч гэсэн шүүхийн шатанд хэрэг шилжихийн урьд орой нь хэргийн материалтай хамгийн сүүлийн хавтаст хэрэгтэй танилцсан маргааш нь харьяаллын дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сумын шүүх рүү шилжүүллээ гэж хэлсэн. Тэрнээс хойш хэргийн материалыг өчигдөр харсан. Тэгээд эндээс харахаар ингэж харагдаад байгаа юм мөрдөн байцаалт болон прокурорын шатанд амьдралын эх үүсвэр болгосон гээд яриад байгаа юм. Тэгтэл хавтаст хэрэгт авагдсанаар ганцхан Б.Мын л мэдүүлэг байгаа байхгүй юу. Энэ хүн сая шүүхийн хэлэлцүүлэгт хэлж байна. Би мөрийтэй тоглоом тоглосон гэж хэлэхээс айгаад хэлээгүй, байцаалтдаа болохоор өөртөө хэрэглэсэн гээд ярьчихсан гэдэг. Тэгэхээр хууль эрх зүйн мэдлэг байхгүй, хоёрдугаарт мөрийтэй тоглоом тоглосноос айж байгаа, гуравдугаарт би өөртөө хэрэглэсэн гээд хэлчихвэл гайгүй юм уу ч гэдэг юм уу эрх зүйн мэдлэггүйн улмаас ийм мэдүүлэг өгсөн байдаг. Хавтаст хэрэгт  Б.Мын мэдүүлгээр банкны дансны хуулган дээр байгаа Мөнх0604 гээд байгаа. Үүнд үзлэг хийгээд энийг нэг удаа энэ хүнээс асуугаагүй, энэ яг ямар зарцуулалт юм бэ, аягүй олон байгаа байхгүй юу. Мөнх0604 гээд нэг данс руу мөнгө шилжүүлж 5000, 10,000 хамаагүй шилжүүлээд байдаг. Тэгэхээр энэ ямар зарцуулалт юм бэ гэдгийг тодруулсан зүйл байхгүй. Энэ зөвхөн орлого буюу хохирогч нарын хандивыг тогтоогоод үзлэг хийсэн байгаа. Зарцуулалт нь байхгүй байгаа үүнийг тогтоох боломжтой байсан уу гэвэл бас боломжтой байсан. Үзлэгээр тогтоогоод өөрөөс нь тодруулж болохоор байсан тухайн дансны эзэмшигчийг тодруулж болохоор байсан. Хүндрүүлэн үзэх зүйлчлэл байгаа гэж үзэж байгаа бол дансны хуулга дээр санхүүгийн шинжээч томилж болох байсан. Орлого нь юу юм, зарлага нь юу юм, хэдийг нь юунд зарцуулсан талаар тогтоох ёстой энэ чинь өөрөө хүнд гэмт хэрэг шүү дээ. Энэ хүүхдийн хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа залуу хүүхэд тэгэхээр нэлээн сайн ажиллагаа хийх ёстой байжээ. Энд би юу гэж хэлэх гээд байна гэхээр эргэлзээ бүхий байдал үүсээд байна. Шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг л энийг тогтоож өгсөн, та ингээд мэдүүлэг өгсөн байна шүү дээ гэдэг байдлаар энэ хэрэг ороод ирсэн байна гэж харж байна. Б.Мын дансанд хохирогч нарын шилжүүлсэн мөнгөний хэмжээ 2.000-50.000 төгрөг байгаа. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д заасан бага хэмжээний хохирол буюу 300 нэгжтэй тэнцэх төгрөгт хүрэхгүй байгаа. Үүнийг зүгээр тодотгож хэлж байгаа юм. Тэрнээс залилах гэмт хэрэг маань хохирлын хэмжээ шаардахгүй байгаа гэж би ойлгоод байгаа. Цахим мөрийтэй тоглоом гэдэг нь хаа сайгүй Монгол Улсын хаанаас ч хамаагүй ороод бүгд мөнгөө алддаг, цахим мөрийтэй тоглоом тоглуулдаг нь өөрсдөө гэмт хэрэг болоод магадгүй би өмөөрч байгаадаа хэлж байгаа юм биш. Зүгээр энэ хүн бол өөрөө цахим мөрийтэй тоглоомын хохирогч болсон, үүнээс олсон ашиг орлого ч гэдэг юм уу хохирогч нарын мөнгийг өөртөө зарцуулсан, гэр бүл хамаарал бүхий хүмүүсийн амьжиргааг залгуулсан гэж тогтоосон зүйл ерөөсөө байхгүй, дэлгүүрээс 1.700 төгрөг уншуулсан байна л даа. Тэр өөрийнх нь мөнгө юм уу, магадгүй дансанд нь үлдэгдэл 1.700 төгрөг байсан ч байж болно шүү дээ үүнийг хангалттай нотлоогүй байхгүй юу. Санхүүгийн шинжээч томилоод нотолсон бол арга байхгүй энэ өөрөө идэж уугаад ингэчихжээ гээд ярина. Дээр нь ашиг олох зорилгоо үйлдвэрлэл үйлчилгээний үндсэн хэрэгсэл эх сурвалж болгож тогтвортой ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдох ёстой байдаг. Энэ бол тогтоогдоогүй байна гэж үзэж байгаа. Тэгэхээр маш их эргэлзээтэй нөхцөл байдал бий болж байгаа учраас шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлүүлэх санал байр суурьтай байгаа. Б.Мын үйлдэл нь Дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний 462 дугаартай тогтоолд энэ гэмт хэргийг амьдралыг эх үүсвэр болгосон гэдгийг хангаагүй гэж үзэж байгаа, хүндрүүлэх шинж нь хангагдаагүй. Ерөнхийдөө хүндрүүлж зүйлчилж байгаа нь буруу юм. Улсын яллагч буруу зүйлчилсэн, хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Тэгэхээр одоо зээлээ төлөөгүй энэ хүн амьдраагүй, энүүгээр хоол олж идээгүй байх нь гэж үзэж байна. Цалин авч байсан хоёрдугаарт ах дүү хамаарал бүхий хүмүүсдээ амьдралыг залгуулах гэж эдийн засгийн хувьд мөнгө төгрөг өгөөгүй, ээж нь мэдүүлж байна. Гуравдугаарт цалингийн зээлээ хүртэл төлөөгүй байна. Тэгэхээр цахим тоглоом тоглоод зарцуулсан. Дээрээс нь 1 дүгээр хавтаст хэргийн 50 дугаар хуудсыг харуулаад байгаа юм. 50 дугаар хуудсан дээр 2 өөр пост явж байгаа. Тэгэхээр 2 удаа л постлосон байгаа юм. Цахим гэмт хэрэг буюу онлайн тоглоомын талаар хууль нь дахиад өөрчлөгдөж, өшөө нарийсах байх, цахим орчинд тавьсан мэдээлэл хэдий хэмжээний цар хүрээг хамрахыг мэдэхгүй, урьдчилан тооцоолох боломжгүй байгаад байгаа юм. Тэгэхээр хэдэн удаа шэйрлэгдсэн байна гэж хүндрүүлж үзэх нь буруу гэж үзээд байгаа. Өмгөөлөгчийн хувьд Б.М 2 удаагийн үйлдэл хийсэн байна. 5,380,000 төгрөгийг авсан 393 хүн залилсан нь үнэн байна. Гэхдээ 393 хүнтэй эргэж харилцаа үүсгээгүй гэж үзэж байгаа юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийг өөрчилж өгөөч гэсэн саналтай байна. Хохирлын хувьд улсын яллагч хэллээ 110,000 төгрөгийг хохирол төлсөнд тооцохгүй гэж байна. Энэ дээр тусгайлан гаргах санал алга. Миний зүгээс энэ 5 хүн яагаад ч олдоогүй юм. Үүнийг манай өмгөөлөгчийн туслах, би шүүгдэгчийн ээж гээд хамтдаа хайсан тэгээд үүнийг бол төлөх боломжтой. Буцаалт гэдгийг дахиад буцаад ороод ирэхгүй бол бид нар яг одоо ч төлөх боломжтой байна. Хүмүүс нь өөрсдөө энэ мөнгийг авахгүй гэсэн учраас бид нар энийг орхигдуулчихжээ. Үүнийг төлөх боломжтойг илэрхийлж байна. Одоо ч хамаагүй төлөхөө илэрхийлье. Нөгөө 5 хүн нь утас, гэрийнх нь хаягаар олдох боломжтой. Тэгэхээр бас шуудангаар хамаагүй холбогдож байгаад төлье гэсэн хүсэлтэй байна гэв.

 

-Иргэдийн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Шүүгдэгч Б.М гэмт хэрэгтэн байна. Ямар муухай хүн бэ иргэдийг хохироож байна, буруу зүйл хийсэн байна, гэм буруутай гэж үзэж байна гэв.

 

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Б.М нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа цахим орчинд өвчтэй хүүхдийн зураг оруулж, “миний хүү Мөнхгэрэл нь зүрхний цоорол, уушигны артерын даралт өндөр гэсэн оноштойгоор Солонгос улсад эмчлүүлж байна, хагалгааны зардал 27 сая вон буюу 66 сая төгрөгийг яаралтай бүрдүүлэх боллоо. Хүүд минь амьдрал хайрлаж, хандивын гараа сунгаж гэж найдаж байна, 5 тавдахгүй, 10 аравдахгүй шилжүүлээрэй, Хандивын данс Хаан банкны 5953052540 М, Голомт банкны 1705155705, Хаан банк 12750198005477 Ж.Энх-Гэрэл” гэсэн хуурамч зар, мэдээллийг олон нийтийн цахим сүлжээнд байршуулж, хандив гуйж, өөрийн Хаан банкны 5953052540 тоот дансаар нэр бүхий 389 хохирогчоос 5.631.300 төгрөгийг шилжүүлэн авч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн,  хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон, тухайн гэмт хэрэг нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цаг 23 минутанд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд хохирогч Х.Мөнхсайханаас 50.000 төгрөгийг шүүгдэгч Б.Мын Хаан банкны 5953052540 тоот дансанд шилжүүлсэнээр төгссөн байна.

 

 

 

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...шүүгдэгч нь хандив, тусламж хүссэн постыг 2 удаа оруулсан, хандив тусламжийг амьжиргаандаа зарцуулаагүй, харин мөрийтэй тоглоом тоглосон...” гэж тайлбарлаж байгаа боловч шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.М нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор өөрт нь зүрхний цоорол, уушгины артерын даралт өндөр гэсэн оноштой хүүхэд байхгүй байхад зохиомол байлыг зориудаар бий болгож, хандив тусламж гуйсан зураг, мэдээллийг цахим орчинд 2020.02-2021.10 дугаар сар хүртэл 1 жил 8 сарын хугацаанд удаа дараа оруулж, нийтэлж, иргэдийн сайхан сэтгэлийн улмаас тусламж, хандив болгож өгч буй мөнгийг өөрийн амьжиргаандаа зарцуулж, мөн ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоомын эх үүсвэр болгож, тогтвортой ашигласан нь “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Мын дээрх үйлдлүүд нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан удаа дараагийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэж байна.

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Мыг “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч Б.А нь “Шүүгдэгч Б.М гэмт хэрэгтэн байна. Ямар муухай хүн бэ иргэдийг хохироож байна, буруу зүйл хийсэн байна, гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлтийг гаргасан нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна гэж үзэж, шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мөрдөгчийн тогтоолоор нийт 395 хохирогч, иргэний нэхэмжлэгчийг тогтоосон ба үүнээс хохирогч М.Одончимэг, Б.Содбаяр, Э.Мөнхцацрал, Б.Цэнд-Аюуш, Х.Хатанжаргал нарт холбогдох яллагдагч Б.Мын үйлдлийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 47 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, 389 хохирогч нь гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь “...мөрдөгчийн хохирлын хүснэгтэд 79 гэж эрэмбэлэгдсэн О.Жавхлантөгсийн 2.000 төгрөг, 88 гэж эрэмбэлэгдсэн Гэрэлт-Эрдэнийн 5.000 төгрөг, 134 гэж эрэмбэлэгдсэн А.Адъяажавын 25.800 төгрөг, 237 гэж эрэмбэлэгдсэн Б.Батцэцэгийн 5.000 төгрөг, 264 гэж эрэмбэлэгдсэн Н.Аминзулын 15.000 төгрөг, нийт 52.800 төгрөг төлөгдөөгүй, учир нь эдгээр хүмүүсийн хаяг, дансны дугаар, нэр зөрсөн, данс хаагдсан гэх шалтгаанаар төлж чадаагүй, бусад бүх хохирогчийн хохирол төлбөр бүрэн төлөгдсөн” гэх,

 

Улсын яллагч “...хохирол төлөгдсөн дансны хуулгыг харахаар хохирол төлөгдсөн гэх зарим гүйлгээ буцаалт хийгдээд ороод ирсэн байна. Тэгэхээр эдгээр мөнгийг хохирогч нарын хохирол төлөгдсөн гэж үзэх эсэхэд шүүх дүгнэлт хийнэ үү” гэх тайлбарыг тус тус гаргасан.

 

Шүүх бүрэлдэхүүн нийт 389 хохирогчоос “мөрдөгчийн хохирлын хүснэгтэд 79 гэж эрэмбэлэгдсэн О.Жавхлантөгсийн 2.000 төгрөг, 88 гэж эрэмбэлэгдсэн Гэрэлт-Эрдэнийн 5.000 төгрөг, 134 гэж эрэмбэлэгдсэн А.Адъяажавын 25.800 төгрөг, 237 гэж эрэмбэлэгдсэн Б.Батцэцэгийн 5.000 төгрөг, 264 гэж эрэмбэлэгдсэн Н.Аминзулын 15.000 төгрөг, буцаалт хийгдсэн мөрдөгчийн хохирлын хүснэгтэд 185 гэж эрэмбэлэгдсэн Б.Бат-Эрдэнийн 10.000 төгрөг, 248 гэж эрэмбэлэгдсэн Ч.Батбаатарын 5.000 төгрөг, 383 гэж эрэмбэлэгдсэн Б.Эрдэнэболдын 20.000 төгрөг, 363 гэж эрэмбэлэгдсэн Б.Долгионы 20.000 төгрөг, 306 гэж эрэмбэлэгдсэн Д.Золжаргалын 20.000 төгрөг, нийт 127.800 төгрөгийн хохирол төлөөгүй, 379 хохирогчийн 5.503.500 төгрөгийн хохирол төлөгдсөн, төлөгдсөн болох нь Хаан болон Төрийн банкны дансны хуулгаар тус тус тогтоогдсон гэж дүгнэсэн.

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан эхлэхийн өмнө шүүгдэгчээс завсарлага авч шүүгдэгчээс “79 гэж эрэмбэлэгдсэн О.Жавхлантөгсийн 2.000 төгрөг, 237 гэж эрэмбэлэгдсэн Б.Батцэцэгийн 5.000 төгрөг, 264 гэж эрэмбэлэгдсэн Н.Аминзулын 15.000 төгрөгийг данс нь хаагдсан учир төлж чадаагүй, бусад хохирогчийн хохиролыг төлсөн гэж Төрийн банкны дансны хуулгыг гаргаж өгсөн” болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Маас гэм хорын хохиролд 2.000 төгрөгийг гаргуулж О.Жавхлантөгсөд, 5.000 төгрөгийг гаргуулж Б.Батцэцэгт, 15.000 төгрөгийг гаргуулж Н.Аминзулд тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчээс дээрх гурван хохирогчийн хохирлыг төлөх бүхий л талын арга хэмжээг авсан боловч хохирогч нарын утас холбогдохгүй, данс хаагдсан гэх шалтгаанаар хохирол төлөгдөөгүй үлдсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Б.Мыг “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар: “шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх саналыг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 3 жил, 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...зар, пост оруулж хандив авсан болохоо хүлээн зөвшөөрч байгаа боловч хандивын мөнгийг мөрийтэй тоглоомд зарцуулсан, амьдралын эх үүсвэр болгоогүй” гэж мэдүүлж маргасан, мөн тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022 оны 10 дугаар сараас эхлэн 1 /нэг/ жилийн хугацаанд оргон зайлж, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад саад учруулсан болох нь хэргийн хугацаа сунгасан тогтоол, мөрдөгчийн тэмдэглэл, оргодол эрэн сурвалжлалт зарласан мэдээлэл зэрэг баримтаар тогтоогдож байх тул шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх саналыг хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 5 /таван/ жил, 1 /нэг/ сарын хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын яллагдагчаар нийт 51 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх хорих ялд оруулан тооцохоор тус тус шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Мд хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эрүүгийн 392 хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээхээр, шүүгдэгч Б.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар “Залилах” гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Мд 5 /таван/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан 5 /таван/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мын яллагдагчаар цагдан хоригдсон 51 хоногийн хугацааг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Маас гэм хорын хохиролд 2.000 төгрөгийг гаргуулж О.Жавхлантөгсөд, 5.000 төгрөгийг гаргуулж Б.Батцэцэгт, 15.000 төгрөгийг гаргуулж Н.Аминзулд тус тус олгохоор, 386 хохирогчийн 5.609.300 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Б.Мд хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, уг хэрэгт эрүүгийн 392 хэргийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.