Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2013/ШЦТ/155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

Хэргийн индекс: 171/2013/0164/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Ринзаан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Д.Номин-Эрдэнэ, улсын яллагчаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнгөнсүх, шүүгдэгч ******* , Г.Г нарын өмгөөлөгч Д.Оюунчимэг, шүүгдэгч ******* , Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт Б  овогт ******* , Ц  овогт Г.Г нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000480 дугаартай хэргийг 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.         Монгол Улсын иргэн, Б  овогт *******  /РД:...../, 19...оны .... дугаар сарын ...-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тэсэлгээчин мэргэжилтэй, “Б ” ХХК-ны ахлах тэсэлгээчин ажилтай, ам бүл 5, эцэг, ах, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын .... тоотод оршин суудаг, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй,

 

2.         Монгол Улсын иргэн, Ц  овогт Г.Г /РД:....../, 19.. оны ... дүгээр сарын ..-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, тэсэлгээчийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ..... тоотод оршин суудаг, урьд:

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 03 сарын 27-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т заасан гэмт хэрэгт 3 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлж, 2006 оны 06 дугаар сарын 27-ны өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан.

 

Шүүгдэгч ******* , Г.Г нар нь бүлэглэн 2013 оны 07 сарын 28-ны өдөр

 

Дархан-Уул аймаг Шарын.^рл сум Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах 45 дугаар байрны урд талд иргэн Д.Д тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт: “2013 оны 07 дугаар сарын 28-ны өдөр болсон хэргийн талаар мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хохирогчид учирсан хохирол, төлбөрийг барагдуулсан” гэв.

 

Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “2013 оны 07 сарын 28-ны өдөр Дэлгэртөгсийн байшин дээр ажиллаад, орой нь 6-лаа архи уусан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэв.

Шүүгдэгч ******* , Г.Г нар нь бүлэглэн иргэн Д.Д ын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Д.Д ын мөрдөн байцаалтад өгсөн:...”2013 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Б  өөрийн цагаан өнгийн Портер маркийн машиндаа Гантулгыг суулгачихсан ирсэн. Тэгээд Г машинаас бууж ирээд миний нүүр хэсэг рүү цохисон. Тэр үед Б  бид 2-ыг салгаж Гантулгыг цааш нь түлхчихээд буцаж ирээд “чи муу яагаад байгаа юм бэ” гээд гараараа миний чих рүү алгадаад толгойгоороо миний ам хэсэг рүү мөргөсөн. Тэгтэл миний үүдэн шүд унаад амнаас цус гарсан” гэх мэдүүлэг /хэргийн 16 дахь тал/,

 

Гэрч С.Б  мөрдөн байцаалтанд өгсөн: "... 2013 оны 07 сарын 28-ны өдөр найз Д ын хамт гэрийнхээ гадаа сууж байхад Г , Б  нар цагаан Портер машинтай ирж зогсоод Г бууж ирээд Д ын шанаа хэсэг рүү 2 удаа цохисон. Тэр Д  уурлаад зөрүүлээд нэг удаа нүүрэн тус газар нь цохиход Г газар унасан. Тэгээд Б , Г , Д  хоёрын дундуур орооод салгаад Б  Д ын 2 чих рүү нь 2 гараараа алгадаад толгойгоороо мөргөсөн. Тэгээд Д , Б  2 орц руу ороод буцаад гараад ирсэн. Тэр үед Д  миний шүд уначихлаа гээд цагдаа дуудна гээд явсан” гэх мэдүүлэг /хэргийн 19 дэхь тал/,

 

Шүүх эмнэлгийн 756 тоот дүгнэлт

 

'Д ын биед нэг шүдний үгүй байдал, нэг шүдний хөдөлгөөнтэй байдал тогтоогдлоо.

 

Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчиллээр үүсгэгдэх боломжтой, хөдөлмөрийн ерөнхий чадварыг 10%-иар алдагдуулах, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно” /хэргийн 29 дэхь тал/,

 

Хохирогч Д.Д ын Дархан-Уул аймгийн Прокурорын газарт гаргасан “... ******* , Г.Г нараас хохиролын мөнгө 500.000 төгрөг хүлээн авч, хоорондоо ярилцаж тохиролцон эвлэрсэн болно. Одоо дахин нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх хүсэлт /хэргийн 70 дахь тал/

 

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэцүүлэгт хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч ******* , Г.Г нарыг бүлэглэн 2013 оны 07 сарын 28-ны өдөр иргэн Д.Д ын бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тус тус тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Д.Д т энэ тогтоолоор шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Г нь урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 03 сарын 27-ны өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т заасан гэмт хэрэгт 3 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлж, 2006 оны 06 дугаар сарын 27-ны өдөр баривчлах ялын хугацаа дуусч суллагдсан байна. Эрүүги&й хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар ялгүй болсон байх тул Г.Гантулгыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******  нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар” тогтоогдож байна /хэргийн 58 дахь тал/.

 

Шүүгдэгч ******* , Г.Г нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Д.Д т төлөх хохирол төлбөргүй, үйлдсэн хэрэггээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг хэргийн болон хувийн нөхцөл байдлуудыг харгалзан үзэж тус тус ял шийтгэл оногдуулав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.         Б  овогт ******* , Ц  овогт Г.Г нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учрууласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар ******* , Г.Г нарт тус тус 260 цаг /хоёр зуун жаран цаг/ албадан ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй үлдсэн ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоног баривчлах ялаар тооцож солихийг шүүгдэгч ******* , Г.Г нарт мэдэгдсүгэй.

 

4.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч ******* , Г.Г нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

5.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* , Г.Г нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

6.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ******* , Г.Г нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ё.РИНЗААН