| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2023/0160/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/162 |
| Огноо | 2023-11-22 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Т.С******** |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 2023/ШЦТ/162
2023 11 22 2023/ШЦТ/162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Э,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С,
Шүүгдэгч: Д.Т нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Тт холбогдох эрүүгийн 2********** дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Тт холбогдох эрүүгийн 2********** дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т мэдүүлэхдээ:
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэв.
1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Д.Т нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сар хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “И.М” ХХК-ний 68 зээлийн төвийн зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө буюу 3.300.000 төгрөгийг Хас банкны 5002604767 тоот данс руу шилжүүлж “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн нь хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч “И.М” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Дий өгсөн “...Манай И.М ХХК-ийн харьяа Ханбогд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг 68 зээлийн төвд Т нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажилд орсон тэгээд дагалдангаар ажиллаж байгаад 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр жинхэлсэн. 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Ттэй хамтран ажилдаг Буяннэмэх нь амралтаа аваад яваад тэр хооронд Сарангуа гэх хүнээс нийт 4,673,250 төгрөгийн үнэ бүхий монет нь эдлэл худалдаж авсан байсан түүнийг нь цагдаагийн байгууллагаас хураан авч манай компанид хохирол учруулсан...Т нь Сарангуагаас эд зүйл худалдан авахдаа ямар дансаар тооцоо хийсэн талаар мэдэхгүй байна. Байгууллага кассын зузаатгал гэж бэлэн мөнгө байлгадаг Сарангуад бэлнээр өгсөн байсан болохоор мэдэхгүй байна...Т нь тухайн эд зүйлийг хулгайн эд зүйл гэдгийг мэдсэн байх боломжтой эсэх талаар мэдэхгүй байна...Т нь манай компанид учруулсан хохирлоо бүрэн төлсөн тул ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 103-104 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч “И.М” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Дий дахин өгсөн “...Ямар нэг хугацаа алдаагүй тухайн үед зээлүүдийг хугацаанд нь барагдуулж дууссан ямар нэг компанид хохирол учруулсан зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 105-106 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Сарангуагийн өгсөн “...Би Ханбогд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг 68 зээлийн төв гэх газар Т гэх хүнд 2 удаа хулгайн эд зүйл зарж байсан. 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 1,541.000 төгрөгийн монет-нь эдлэл зарсан дараа нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 2,900,000 төгрөгийн монет-нь эдлэл зарсан тухайн үед хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээгүй байсан. 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Т миний утас руу танихгүй 88392119 дугаарын утсаар залгаад цагдаа нар Ундармаатай хамт манай ажил дээр ирсэн ажил дээрээс 1 бөгж л гарсан бусад зүйлүүд нь гарч ирээгүй би өөр юм худалдаж аваагүй гэж хэлсэн нөгөө юмнууд цааш явчихсан болохоор олдохгүй чи надад өөр юм өгөөгүй гээд гүрийгээрэй гэж хэлсэн тэгээд нь орой нь Тийн залгасан дугаар луу залгаж үзэхэд миний дугаараас залгасан одоо байхгүй байна гэж хэлж байсан. Сүүлд цагдаа дээр очоод шалгагдаж байхад надаас худалдаж авсан зүйлсээ Т өөрөө цааш нь зарж борлуулсан байсан...Ханбогд сумын бэр гэж мэднэ зүс харж байсан түүнээс сайн танихгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 108 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Наранзулын өгсөн “...Би Д.Т гэх хүнийг танина. Таньдаг болоод 5-6 жил болж байна. Найз нөхдийн харилцаатай хүмүүс байгаа юмаа...Тийм би хаан банкны дээрх тоот дансыг эзэмшдэг. Тухайн дансыг ашиглаад нэлээн олон жил болж байна...Манай найз Д. Т над руу тухайн үед утсаар яриад Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Монетон эдлэл явуулъя, явуулсан эд зүйлсийг борлуулаад өгөөч гэсэн тэгээд над руу ярьсан өдрөөс 2-3 хонгийн дараа санагдаж байна Ханбогд сумаас Д.Тийн явуулсан эд зүйлс замын унаагаар ирсэн тухайн л эд зүйлсийг би саппоро худалдааны төвийн зогсоолоос очиж аваад тэндээсээ "Мөнгөн завьяа" худалдааны төв ороод тэнд лангуун дээр суугаад хуучин үнэт эдлэл авна гээд сууж байдаг хүмүүсийн нэгэн дээр нь очоод нэг эмэгтэй хүнд Тийн явуулсан эд зүйлсийг граммлаж зарсан тэгээд тухайн эд зүйлсийг зарахад нийт эд зүйл нь 4.430.000 төгрөг болсон тэгээд тухайн эд зүйлийг худалдаж авсан эмэгтэй хүн миний хаан банкны 5059089871 тоот данс руу тухайн мөнгөө шилжүүлсэн тэгээд над руу орсон 4.430.000 мянган төгрөгийг би Д.Тийн над руу өгсөн данс руу шилжүүлсэн. Би тухайн эд зүйлсийг зарсан хүнээ танихгүй ээ. Тэнд эд зүйл худалдаж авч байсан эмэгтэй хүнд л зарсан...Би Д.Тийн эд зүйлийг зарж борлуулсныхаа оронд ямар нэг мөнгө авсан зүйл байхгүй ээ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 112 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Одонтуяагийн өгсөн “...Мөнгөн завьяа худалдааны төвд хувиараа хуучин металл худалдаж авч үйлдвэрт зардаг. Би хувь хүнээс металл худалдаж авадгүй ээ. Ченж нараас худалдаж аваад цааш нь үйлдвэрт зардаг ажил хийж байна...Би өдөр болгон Мөнгөн завьяа худалдааны төв дээр металл худалдан авах ажлыг хийдэг, тийм болохоор ямар хэлбэртэй, ямар хийцтэй байсан талаар мэдэх зүйл байхгүй ээ. Бөөнд нь нийлүүлээд граммлаж худалдаж аваад буцаагаад үйлдвэрт зардаг. Хэзээ хэнээс ямар эд зүйл авсан талаараа санах зүйл байхгүй ээ...Би хаан банкны 5032320552 тоот дансыг ашигладаг...Би худалдан авсан металлаа цаашаа нь 2-3 газарт тухайн өдрийн ханш өндөр байгаа газарт худалдан борлуулдаг. Тийм болохоор мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 114 дэх тал/,
-Б.Сарангуагийн эзэмшлийн утасны 85090918 дугаарын 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хоорондох хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт /хавтаст хэргийн 17-22 дахь тал/,
-Б.Сарангуагийн эзэмшлийн Хаан банкны 5077034445 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 83-92 дахь тал/,
-О.Одонтуяагийн эзэмшлийн Хаан банкны 5032320552 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 150-200 дахь тал/,
-Ш.Наранзулын эзэмшлийн Хаан банкны 5059089871 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 143-149 дэх тал/,
-Д.Тийн эзэмшлийн Хаан банкны 5300991572 дугаартай дансны хуулга /хавтаст хэргийн 204-217 дахь тал/,
-Б.Сарангуагийн эзэмшлийн Хаан банкны 5077034445 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 93-94 дэх тал/ зэрэг болно.
Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Т нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
1.4. Хууль зүйн дүгнэлт.
“Хөрөнгө завших” гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр, хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг хэлэх ба шүүгдэгч Д.Т нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “И.М” ХХК-ний 68 зээлийн төвийн зээлийн эдийн засагчаар ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө буюу 3.300.000 төгрөгийг Хас банкны 5002604767 тоот данс руу шилжүүлж хохирол учруулсан үйлдэл нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Д.Тийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Тийг “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хохирогч “И.М” ХХК-д 3.300.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 103-104 дэх тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор “И.М” ХХК-ийг тогтоож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр А.Дийг тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 98, 99 дэх тал/
Хохирогч “И.М” ХХК нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Дий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Т нь манай компанид учруулсан хохирлоо бүрэн төлсөн тул ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 103-104 дэх тал/,
Иймд шүүгдэгч Д.Т нь хохирогч “Их мөрөн наран” ХХК-д учруулсан хохиролд 3.300.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч “Их мөрөн наран” ХХК нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.Тийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тт 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Т нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т***** овогт Д*******-н Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Т-т 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Т нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Т нь хохирогч “И.М” ХХК-д учруулсан хохиролд 3.300.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч “Их мөрөн наран” ХХК нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН