| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | З.Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 171/2013/0176/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/165 |
| Огноо | 2013-10-08 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 2013/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0176/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,
улсын яллагч Н.Идэр,
шүүгдэгч Э.Д түүний өмгөөлөгч Н.Баттунсаг,
шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Ж.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б овогт Э.Д т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт, Ж овогт ******* эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000460 дугаартай хэргийг 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцлэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Б овогт Э.Д регистрийн ... дугаартай, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум .. тоотод оршин суух хаягтай, урьд
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил, 2 сар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүгчийн захирамжаар 6 сар 22 хоног хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан,
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шүүгчийн захирамжаар 8 сар 10 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай.
Д
2. Монгол Улсын иргэн, Ж овогт ******* , регистрийн Т.... дугаартай, 19... оны .. дүгээр сарын ...-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .... тоотод оршин суудаг гэх, урьд
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1, 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 4 жил 4 сар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
- Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Э.Д нь 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дархан сумын 7 дугаар багт байрлах Дархан захын гадаа зогсож байсан иргэн Ц.К ын эзэмшлийн “Портер” маркийн ...ДАР улсын дугаартай цэнхэр өнгийн ачааны машины тэвшин дээрээс боодолтой 144 ширхэг Монгол үндэсний дээл, хувцаснуудыг хулгайлж 4.055.000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч ******* нь ялтай байх хугацаандаа, согтуугаар дээрх эд зүйлийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д мэдүүлэхдээ: “2013 оны 07 дугаар сарын 21-нд би архи уучихсан байсан бөгөөд 18-19 цагийн үед Дархан захын хажуугийн Содмонгол шатахуун түгээх газрын хажууд Портер машины ачаан дээрээс цагаан шуудайтай юм байхаар нь авсан. Шуудайтай юмаа үүрч яваад Төрмандах, Т хоёртой тааралдсан. Юу юм бэ гээд надаас асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд бид 3 цуг оршуулгын газар луу очоод шуудайтай юм аа задалж үзэхэд Монгол дээл хувцас байсан. Тэгээд бид 3 хувцсаа хувааж авсан. Тэр оройдоо цагдаад баригдсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “2013 оны 07 дугаар сарын 21-ний орой Төрмандах бид 2 модны захын арын гудамжаар уруудаж явахад Д цагаан шуудайтай юм үүрээд захаас гарч ирсэн. Төрмандах бид 2 юу юм бэ гэхэд сая захын гадаа байсан машины дээрээс авчихсан юм гэж хэлсэн. Тэгээд бид 3 оршуулгын тийшээ яваад задлаад үзэхэд монгол хувцас байсан. Тэгээд 3 хувааж аваад Д ганцаараа салаад явсан. Би Төрмандахын гэрт цуг очиж хувцсаа 1 шуудайд хийгээд майхан дотор хийсэн. Хулгайн юм гэдгийг мэдсэн. Д зүгээр гээд байхаар нь авчихсан юм” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын саналаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ц.К ын мэдүүлэг /хэргийн 17-18, 88 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /хэргийн 14 дүгээр хуудас/,
Эд зүйл хүлээн авсан, өгсөн тэмдэглэл /хэргийн 15-16 дугаар хуудас/,
гэрч Г.Ц , А.Э , Э.Г нарын мэдүүлгүүд /хэргийн 19, 20, 23 дугаар хуудас/,
Э.Д үйлдсэн хэргээ хүлээн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хэргийн 34, 36 дугаар хуудас/,
Э.Төрмандахын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 39, 45 дугаар хуудас/,
К. Т үйлдсэн хэргээ хүлээн сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хэргийн 41, 43 дугаар хуудас/,
Засаг даргын тодорхойлолтууд, /хэргийн 48, 50 дугаар тал/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний хуулбарууд /хэргийн 54, 55 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 51, 52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Д нь 2013 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дархан сумын 7 дугаар багт байрлах Дархан захын гадаа зогсож байсан иргэн Ц.К ын эзэмшлийн “Портер” маркийн ...ДАР улсын дугаартай цэнхэр өнгийн ачааны машины тэвшин дээрээс боодолтой 144 ширхэг Монгол үндэсний дээл, хувцаснуудыг хулгайлж 4.055.000 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч ******* нь ялтай байх хугацаандаа, согтуугаар дээрх эд зүйлийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Э.Д , ******* нарын мэдүүлгүүд,
хохирогч Ц.К ын ”...2013 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 19 цагийн үед Дархан захын хажуугийн “Содмонгол” ШТС-н ертөнцийн зүгээр урд зүгт хашаанд тулгаад ...ДАХ улсын дугаартай портер маркийн машиныг тавьсан байсан. Тухайн үед машины ачаан дээр 4.055.000 төгрөгийг үнэтэй Монгол үндэсний хувцас байсан. Эргээд ирэхэд машины ачаан дээр байсан нэг том шуудайтай хувцас алга болсон байсан. Ингээд тэр даруй утсаар цагдаад мэдэгдсэн. Шөнө 24-н цаг өнгөрч байхад Г төлөөлөгч цагдаагаас залгаад таны алдсан зүйлийг олчихлоо гэж хэлээд би удалгүй цагдаа дээр ирээд алдсан гэх зүйлсээ буцаан авсан. Тухайн үед миний бараанаас 65.000 төгрөгийн үнэтэй хүрэм 3-ширхэг, нийт 195.000, 10.000 төгрөгийн хүрэм 1 ширхэг, 85.000 төгрөгийн хүрэм 1 ширхэг, 10.000 төгрөгийн үнэтэй хүүхдийн цамц 3-н ширхэг нийт 30.000, нийт 410.000 төгрөгийн хувцас дутсан. Миний анх бараагаа тоолж шуудайлсан гараараа бичиж бүртгэсэн бүртгэл байгаа. Тэр бүртгэлээр тулгаж үзээд дутаж байгаа зүйлсээ гаргасан юм. ...Миний зүгээс хулгайд алдсан зүйлээ авсан болохоор гомдол санал байхгүй“ гэсэн мэдүүлэг,
гэрч Г.Ц ийн “...2013 оны 7 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед би гэртээ байж байхад гаднаас манай нөхрийн дүү Төрмандах, Бек гэх нэртэй казак хүний хамт эрүүл, шуудайтай хувцаснууд авч орж ирээд гэрийн ард майханд хувцаснуудаа хийчихээд гараад явсан. Удалгүй шөнө 23 цаг өнгөрч байхад цагдаа нар ирээд Төрмандах хувцас авчирсан уу? Гэж асуухад манай нөхөр майханд хийсэн гэж хэлээд цагдаа нар майханг үзээд хувцаснуудыг хурааж авсан” гэсэн мэдүүлэг,
гэрч А.Э ын “...Д гэх этгээд Дархан сумын 4 дүгээр баг 34 дүгээр байрны ард монгол цамц өмсөөд явж байхад саатуулж шалгахад иргэн Ц.К ын алдсан эд зүйлийн нэг мөн байсан. Д аар бусад эд зүйлийг хаана нуусан талаар заалгахад Дархан сумын захиргааны байрны зүүн хойд талын модон дотроос шуудайтай хэсэг монгол хувцас, мөн Дархан сумын 5 дугаар баг Хүнсчид 4-51 тоотод оршин суух Төрмандахын гэрт зарим хувцас нь байгаа гэж зааж өгсний дагуу Д аар Төрмандахын гэрийг заалгаж очиход хашаанд байх монгол гэрийн хойно барьсан байсан жижиг майхан дотор шуудайтай монгол, дээл, цамцнууд байсанг хураан авсан. Тухайн үед Төрмандах гэртээ байгаагүй. Д ыг барихад хэргийн талаар би ганцаараа хулгайлсан, Т тал хувцсыг аваад явсан гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг,
гэрч Э.Г ын “...2013 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн үед Цагдаагийн газрын жижүүрээс шуурхай бүрэлдэхүүн гарч байхад иргэн Ц.К нь Дархан захын гаднаас машиныхаа ачаан дээрээс шуудайтай эд зүйлээ алдлаа гэж дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу эргүүлийн цагдаа нарт эрэн сурвалжлалт
зарласан. Үүний дагуу 23 цагийн үед а/а Э , Д ыг Монгол цамц өмсөөд явж байхад нь саатууллаа гэж мэдэгдсэний дагуу миний бие очиход Д цагаан өнгийн Монгол цамц өмссөн байсан. Ингээд Д аас хаанаас авсан талаар асуухад Дархан захын хажууд зогсож байсан машины ачаан дээрээс шуудайтай зүйл авахад хувцас байсан гэж хэлсэн. Зарим хувцсыг нь Т , Төрмандах 2 аваад явсан би авсан хувцаснуудаа сумын захиргааны тэнд модон дотор нуусан байгаа гэж хэлээд тухайн газраа зааж өгөхөд шуудайд хийсэн Монгол дээл, цамц зэрэг хувцаснууд байсан” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Д ын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан “бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг,
шүүгдэгч ******* ийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан “гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тус тус бүрэн агуулсан байх тул тэднийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь 2011 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгэгдсэнээс хойш буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан хугацаа дуусаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлджээ.
Шүүгдэгч Э.Д нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шүүгчийн захирамжаар 8 сар 10 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан байхад энэхүү хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн нь нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.9, 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар уг ялын зарим хэсгийг биечлэн эдлүүлэх шаардлагатай гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.Д нь урьд хорих ял эдэлж байсан, тэнсэж хянан харгалзах хугацаанд дахин давтан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг үйлдсэн зэрэг шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирогч Ц.К “Миний зүгээс хулгайд алдсан зүйлээ авсан болохоор гомдол санал байхгүй” гэсэн байх тул шүүгдэгч Э.Д , ******* нарыг гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорыг арилгасан байна гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Э.Д , ******* нар нь гэмт хэргийг давтан үйлдсэн, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг оногдуулав.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297 дугаар зүйлийн 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Э.Д ыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан, давтан үйлдсэн гэм буруутайд,
Ж овогт ******* ийг гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Э.Д ын эд хөрөнгийг хураахгүйгээр, 2 жил 5 сар /хоёр жил таван сар/ хорих ял,
мөн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар шүүгдэгч ******* эд 2 сар /хоёр сар/ баривчлах ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар шүүгдэгч Э.Д т энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 5 сар /хоёр жил таван сар/ хорих ял дээр, өмнөх Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 10 хоног /найман сар арав хоног/-ийн хорих ялын зарим болох 1 /нэг/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сар /хоёр жил зургаан сар/-ын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар Э.Д т оногдуулсан 2 жил 6 сар /хоёр жил зургаан сар/ хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар энэ хэрэгт шүүгдэгч Э.Д ын 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 40 /дөч/ хоногийг,
шүүгдэгч ******* ийн 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 19 /арван ес/ хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Д , О.Т нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Э.Д , ******* нараас бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Д , О.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА