Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2013 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2013/ШЦТ/169

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2013/0172/Э/

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,

улсын яллагч Д.Энхтуяа,

хохирогчийн өмгөөлөгч А.Намсрай,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Оюунчимэг,

хохирогч А.Д  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийв.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б  овогт ******* , Б  овогт ******* , Б  овогт*******  нарт холбогдох эрүүгийн 201309000349 дугаартай, нэг хавтас хэргийг 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

    

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Б  овогт ******* . Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ХААИСургуулийн усны барилга байгууламжийн инженерийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл-5, ээж, аав, эгч, дүү нарын хамт Дархан сумын .. дугаар баг .. хорооллын .. дугаар байрны .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн ТБ90051017 дугаартай.

2. Б  овогт ******* . Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн багш, дасгалжуулагчийн..  дүгээр курсийн оюутан, ам бүл-5, ээж, аав, эгч, дүү нарын хамт Дархан сумын .дугаар баг .. хорооллын . дугаар байрны .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн Т.. дугаартай.

3. Б  овогт******* . Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ....Сургуулийн Дархан дахь салбарын Уул уурхайн баяжуулалтын .. дугаар курсийн оюутан, ам бүл-4, аав, ээж, дүү нарын хамт Дархан сумын .. дугаар баг . хороолол ..дугаар байрны ..тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн .... дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Шүүгдэгч ******* , *******  нар нь 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн үед Дархан сумын 8 дугаар баг Худалдаа хөгжлийн банкны өмнө  гудамж талбай олон нийтийн газар бүлэглэн иргэн А.Д ыг зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан,

Э

мөн шүүгдэгч ******* , *******  нар нь******* тэй бүлэглэн иргэн Т.А ыг зодож бие нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******  мэдүүлэхдээ: “...2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн үед Б тэй цуг архи уучихаад Худалдаа хөгжлийн банкны зогсоол дээр манай ажлын газрын ах Алтангэрэлийн хүү тамхи татаж байсан. Тэгээд би түүнээс тамхи асуусан чинь яахаараа би тамхи өгдөг юм бэ гэсэн. Тэгээд маргаад зогсож байхад Б  хүрч ирээд А тай нь зууралдаад авсан. Намайг Д той маргалдаж байхад А  нь хойноос чулуугаар цохихоор нь би Д ыг мөргөж унагаагаад байж байхад манай дүү Э  ирээд салгасан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* ,*******  нар нь мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Д  мэдүүлэхдээ: “2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр А , Б  нарын хамт Кров кафед сууж хоёр хоёр пиво ууцгаасан. Гараад машинд суугаад микрийн буудалд буусан. Буучихаад тамхи асаагаад байж байтал Аагийгийн банди мөн үү гэсэн Тэгэхээр нь мөн ч байсан, биш ч байсан чамд ямар хамаатай юм бэ гэснээр маргасан. Б  гээд залуу нь цаанаас хүрч ирээд А ыг өшиглөөд авсан. Намайг Э тэй маргалдаад зогсож байхад хажуугаас нэг залуу миний шанаа руу цохьсон. Би ухаан балартаад газар унасан. Босож ирээд чи яагаад намайг цохиж байгаа юм бэ? гэхэд наад чинь манай ах байгаа юм ална шүү гэсэн. Эмчилгээний зардалд 4.500.000 төгрөг авсан. Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй” гэв.

          Хавтас хэргээс:

Хохирогч А.Д  мөрдөн байцаалтанд өгсөн 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 16-17 цагийн үед А , Б  нарын хамт “Кров” кафед суучихаад такси хөлслөөд Микро хорооллын буудал дээр буугаад байж байхад гурван залуу ирээд надаас Аагийгийн банди мөн үү гэхээр нь би хараад аавын үе биш болохоор нь чи манай аавтай үе юм уу ? гэсэн чинь өөдөөс нөгөө залуу мөн юм уу биш юм уу? гэхээр нь би мөн ч байсан, биш ч байсан чамд ер нь ямар хамаатай юм бэ? гэхэд нөгөө залуу чинь энэ муу ямар том новш вэ гээд над руу дайраад заамдаж аваад, хүзүүдээд дараад авсан, тэгэхэд нь би чи зүгээр байгаарай гээд гарыг нь түлхсэн цаанаас Б  гээд байгаа залуу нь ирээд найзыгаа татаад наадуул чинь хөгшин атаманууд байна больчих гэсэн чинь нөгөө над руу дайраад байсан Э  гэх залуу чинь дахиад найзыгаа түлхээд над руу чи муу ямар том юм бэ? ална шүү гээд дайраад иртэл А  хажуугаас чи болиоч ээ яах гээд байгаан гэтэл Б  гэх залуу нь цаанаас орж ирээд А тай зууралдаад тэр хоёр хоорондоо ноцолдоод зодолдоод бид нарын сууж ирсэн таксины цаагуур болсон гэтэл Э  ардаас нь очоод А ын хөл орчим нь өшиглөөд авахаар нь би  Э ийн ардаас чи зүгээр байгаач гээд ардаас нь татаад авсан чинь эргэж хараад намайг заамдаад авахаар нь би адилхан заамдаад бид хоёр маргаад зогстол л хажуугаас нэг залуу гарч ирээд шууд миний зүүн талаас шанаа руу цохиод авсан би юугаар цохьсонг мэдэхгүй, би газар ухаан балартаад унаж байхад дээрээс Э  зүүн талын бөөр хавьцаа гараараа  цохиж байсан, миний хөл рүү өшиглөж байсан. Тэгээд би Э өөс зүүгдээд босох гэтэл  заамдаад дараад байж байсан. Би тэгээд Э өөс зуурч байгаад босоход хажууд нэг залуу зогсож байсан би тэр залууг чи яасан гэж намайг цохиж байгаа юм бэ гэхэд тэр залуу наадах чинь миний төрсөн ах гэж Э ийг заагаад чамайг ална шүү пизда минь гэж хэлсэн. Тэр залуугийн нэрийг Тулгаа гэдэг юм байна лээ би урд нь харсан зүс таних залуу байсан. Э  намайг заамдаад энэ мууг би ална гээд заналхийлээд хоолой боогоод байсан. Э , Тулгаа хоёроос өөр хүн зодоогүй гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17 дугаар тал/,

 

Хохирогч Т.А ын мөрдөн байцаалтанд өгсөн: “2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 16-17 цагийн орчим “Кров” кафенд Д , Б  нартай тус тус хоёр пиво уучаад гараад такси бариад Микро хорооллын Худалдаа хөгжлийн урд талын зогсоол дээр зогсоод байж байхад манай найз машинаас буугаад тамхи татаад зогсож байхад гурван залуу ирээд яриа өдсөн, юу гэж маргасанг би машинд сууж байсан болохоор мэдэхгүй, хэг ёг гээд байхаар нь би чи болиоч гэхэд хажуугаас Б  гээд байгаа залуу нь чи юу вэ? гээд над руу дайраад хавсраад газар унатал Э  нь ирээд намайг баруун хөлийн эрээн булчин хавьд өшиглөсөн, Д  Э ийг аваад би Б  гэх залуутай нь ноцолдоод босож ирээд Э ийн ардаас чулуу шидээд ончихсон, тэгтэл удалгүй Э ийн дүү нь гээд байгаа залуу гарч ирээд намайг ардаас боогоод унагасан. Тэгээд надаас зуураад барилцаад авахаар нь би хувцсаа тайлаад шидээд зугтаасан. Өөр хүн намайг зодоогүй. /хэргийн 18-19 дүгээр тал/,

Б  намайг хавсарч унагаад Э  дээрээс хөл орчим өшиглөсөн тэгээд би уурандаа босож ирээд чулуу аваад шидээд Э ийг ончихсон юм” гэсэн мэдүүлэг /хэргийн 153 дугаар тал/,

 

гэрч Б.Б гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 16 цаг өнгөрч байхад Д , А  нарын хамт Арбатын гудамжинд байх “КРОВ” гэх кафед хүний хоёр 0,5 шилтэй Нийслэл пиво уучаад Микро хорооллын Худалдаа хөгжлийн банкны зогсоол дээр таксинаас дөнгөж буугаад зогсож байхад 3-н залуу ирээд өндөр хар подволктой нилээн согтуу залуу Д д чи Алтангэрэлийн хүүхэд мөн үү гэж асуухад Д  чи манай аавтай үе юм уу гэж ам мурийтал нөгөө согтуу чи мөн биз дээ гээд байсан. Нөгөөдөх нь Д ын шилэн хүзүүнээс гараараа дараад авахад гарын Д  холдуулсан чинь нөгөөдөх чинь улам хүзүүдэж аваад байсан. А  бид 2 салгах гэтэл хажуунаас өндөр биерхүү залуу орж ирээд А ыг араас нь хоолойг  боож татаад хавсарч газар унагаасан.  ...Д  нүүрээ дараад Худалдаа хөгжлийн банкны хашааны тэнд сууж байсан. Анх ирээд Д ыг өдөөд байсан хар подволктой залуу Д ын ард гараараа шилэн хүзүүнээс нь бариад зогсож байхаар нь би очоод нөгөө залууг холдуулаад  Д ыг босгох гэтэл босгохгүй байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 20 дугаар тал/,

гэрч Б.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “2013 оны 05 дугаар сарын 31-ны өдөр 16 цагийн үед Цогбадрахтай явж байхад Э  Худалдаа хөгжлийн банкны тэнд 1 хүнтэй зууралдаад байж байхаар нь би түрүүлээд гүйгээд очиход Э  1 залуутай заамдалцаад байж байсан, хажууд нь 2, 3-н залуучууд байсан би танихгүй ээ. Тэгээд нөгөө залууг би машинд суулгаж өгөөд Э ийг би цаашаа явуулсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 22 дугаар тал/,

            гэрч Б.Ц  мөрдөн байцаалтанд өгсөн: “би ажлын Г  гэх залуутай явж байхад Худалдаа хөгжлийн банкны гадаа зодоон болоод байна, Э  зодолдож байна гэж таниад гүйгээд яваад өгөхөөр нь би Ус сувгийн уулзвараас алхаад очиход зодолдохоо больчихсон зодолдсон гэх хүмүүс нь явчихсан, Э , Г , Э  байсан бусад хүнийг анзаараагүй ээ” гэсэн мэдүүлэг /хэргийн 21 дүгээр тал/,

 

Шүүх эмнэлгийн 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдөр үзлэг хийсэн 551 тоот дүгнэлтэнд: “******* ийн биед чихний арын зөөлөн эдийн зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага учир гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэмтэл болно” /хэргийн 30 дугаар тал/,

            Шүүх эмнэлгийн 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн үзлэг хийсэн 550 дугаар дүгнэлтэнд: “Т.Б гийн биед гэмтэл тогтоогдсонгүй” /хэргийн 33 дугаар тал/,

            Шүүх эмнэлгийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн үзлэг хийсэн 535 дугаар дүгнэлтэнд: “А.Д ын биед тархи болон зүүн нүдний алимны доргилт, зүүн хацар ясны нумны хугарал, зүүн нүдний ухархай, хамар ясны хугарал, гайморын хөндий, нүүр их биеийн зөөлөн эдийн цус хуралт, нүдний алимны цус харвалтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” /хэргийн 36 дугаар тал/,

            Шүүх эмнэлгийн 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн үзлэг хийсэн 541 дугаар дүгнэлтэнд: “Т.А ын биед их бие, мөчдийн зөөлөн эдийн зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” /хэргийн 39 дүгээр тал/,

            Нүүрэлдүүлэн байцаасан 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн тэмдэглэлд: “Б , А ыг түлхэж унагааж байх шиг байсан харин Б  ахаас асуусан чинь хөлөөрөө хавсарч унагаахдаа гараараа түлэхсэн гэж надад ярьсан. Би гараараа түлхэж байгаа нь харсан болохоор түлэхсэн гэж бодсон. А  газар унаад босоод ирээд Б  ахын нүүр рүү гараараа цохиод авах шиг болсон. Би цохьсон гэж бодсон, яг гараараа нүүрэнд хүрсэнг сайн хараагүй. Газраас чулуу аваад Э  ахыг чулуугаар цохисон гэдгийг тэнд байсан хүмүүс чулуу авчихлаа гээд орилоод байхаар нь мэдсэн. Яг шидсэн, очоод цохьсон эсэхийг хараагүй, чулуу авч байхыг бол харсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 164 дүгээр тал/,

            Шүүгдэгч ******* .мөрдөн байцаалтанд өгсөн: “ 2013 оны 05 дугаар сарын 31-ны орой  цагаа тодорхой санахгүй байна гэрээсээ гараад явж байтал Худалдаа хөгжлийн банкны наана манай ах Э , Б  хоёр дөрвөн хүнтэй зогсож байхаар нь би дэлгүүр орчоод гараад ирсэн чинь Э  Д  гэх залуутай заамдалцаад зогсож байхаар нь би очоод Э ийг салгасан чинь Э  орилоод Д  руу дайраад байхаар нь цаана Б  машины хажууд А  гэх залуутай нь барилцаад боолцоод байж байхаар нь би Э ийг тавиад очоод Б г салгаад тэнд байсан нэг Дархаа гэх дүүг Б г ав гээд Э , Д той зууралдаад байж байхаар нь би очоод тэр хоёрыг салгах гээд байж байхад А  гэх залуу нь Э ийг чулуугаар цохиод авсан. А  гэх залууг барьж авах гэтэл цамцаа тайлаад зугтаасан юм. ...А ыг цамцнаас нь татсан чинь газар унаад босож ирээд цамцаа тайлаад зугтаачихсан” /хэргийн 52 дугаар тал/,

Шүүгдэгч*******  мөрдөн байцаалтанд өгсөн: “2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 12 цагийн үед Э , Баттулга бид гурав 0,5 шилтэй экс архи нэг шилийг уучаад Э  бид хоёр нүүдэлчин кафед орж 0,5 шилтэй нэг, нэг пиво уугаад гарч яваад худалдаа хөгжлийн банкны орчим Дарханбаатартай таараад, Дарханбаатар бид хоёр тамхинд явж байхад ардаас Э  ирээд хаачих гэж байгаа нь гэхээр нь тамхи олоод ирье гээд яриад байж байхад Худалдаа хөгжлийн банкны хажууд залуучууд тамхи татаж байхаар нь би Э өөс таних юм уу гэж асуухад танина гэж Э  хэлэхээр нь би Э т тэгвэл ороод тамхи аваад ирээч гэсэн чинь Э  хохирогч Д  гэх залуутай очиж уулзаад маргах шиг болсон. Би нэлээн зайтай зогсож байсан. Тэгээд очоод юу болсон талаар асуухад тэр хоёр хоорондоо маргаад байсан. Тэгсэн хажуунаас нэг залуу гарч ирээд намайг заамдаад авсан чинь Дарханбаатар урдуур ороод салгасан чинь тэр залуу миний нүүр рүү гараараа цохиод авахаар нь би түлэхсэн чинь нөгөө залуу газар унасан. Тэгээд би  Э , Д  хоёрыг салгах гээд очсон чинь нөгөө надад түлхүүлээд унасан залуу босож ирээд чулуугаар Э ийн чихний ард цохиод авсан чинь Э  ирчихсэн байсан. Нөгөө А  гэх залууг бариад авчихсан газар дарчихсан. ...А  нэг харахад хувцсаа тайлаад зугтаахаар нь би барьж авах санаатай хөөгөөд гүйцээгүй. Би А ыг цээж рүү нь шууд түлхсэн чинь арагшаа унасан юм. ...Э  А ыг газар унагаад доош нь хоёр гараараа хүзүү дээр нь дарчихсан байсан чинь А  ноцолдож байгаад хувцсаа тайлаад зугтаасан” гэсэн мэдүүлэг /хэргийн 60 дугаар тал/,

Дархан сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтууд /хэргийн 81-85 дугаар тал/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 86-91 дүгээр тал/,

Хохирогч А.Д ын хохирол төлбөрийн баримт /хэргийн 92-139 дүгээр тал/,

Хохирогч А.Д ын шүүхэд гаргасан “Би шүүгдэгч ******* , ******* ,*******  нартай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэмт хэргээс учирсан хохирлын мөнгө 4.500.000 төгрөг хүлээн авсан тул одоогоор нэхэмжлэх зүйлгүй, ямар нэгэн гомдол саналгүй болно” гэсэн баримт /хэргийн 189 дүгээр тал/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт /хэргийн 187-188 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ******* , *******  нар нь 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 16 цагийн үед Дархан сумын 8 дугаар баг Худалдаа хөгжлийн банкны өмнө  гудамж талбай олон нийтийн газар бүлэглэн иргэн А.Д ыг зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан,

мөн ******* , *******  нар нь******* тэй бүлэглэн иргэн Т.А ыг зодож бие нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

-хохирогч А.Д ын мэдүүлэг,

-хохирогч Т.А ын мэдүүлэг,

-гэрч Б.Б гийн мэдүүлэг,

-гэрч Б.Д  мэдүүлэг,

-шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 535, 541 тоот дүгнэлтүүд,

-шүүгдэгч ******* ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч ******* , ******* ,*******  нарын нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, бие махбодид нь гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т заасан  “танхайрах гэмт хэргийг догшин авирлан, бүлэглэж үйлдсэн” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Хохирогч Т.А , А.Д  нар нь “гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй”  /хэргийн 153, 189 дугаар тал/ гэсэн байх тул шүүгдэгч ******* , ******* ,*******  нар нь гэмт хэрэг үйлдсэн учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* , ******* ,*******  нар нь гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа болон хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тэдэнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүй байхаар шүүх шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284,  286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б  овогт ******* , Б  овогт ******* , Б  овогт*******  нарыг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар шүүгдэгч ******* т 3 жил 10 хоног /гурван жил арав хоног/  хорих ялаар,

шүүгдэгч ******* д 3 жил 10 хоног /гурван жил арав хоног/ хорих ялаар,

шүүгдэгч******* д 3 жил 10 хоног /гурван жил арав хоног/ хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ******* , ******* ,*******  нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар энэ хэрэгт шүүгдэгч ******* , ******* ,*******  нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг журамлан шүүгдэгч ******* , ******* ,*******  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар тус бүр оногдуулсан 3 жил 10 хоног /гурван жил арав хоног/ хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тус  тус хянан харгалзахаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-т зааснаар тэнсэгдсэн этгээд ******* , ******* ,*******  нарт хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг ******* , ******* ,*******  нарт мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* , ******* ,*******  нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгасугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.         

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ******* , ******* ,*******   нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       З.ТУНГАЛАГМАА