Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/159

 

 

 

 

 

 

 

    2023            11                16                                                       2023/ШЦТ/159                                  

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                               

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Н,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Э.Д/томилолтоор/,

Хохирогч “И.С” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч: А.Б /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.М,

Шүүгдэгч: Ж.Г нарыг оролцуулж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Гэд холбогдох эрүүгийн 2******* дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ж.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Гэд холбогдох эрүүгийн 2******* дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Г мэдүүлэхдээ:

Хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Үлдэгдэл 1.838.000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 16-наас 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дотор төлнө гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.М гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцаас эхлэн түүний эрх ашиг сонирхлыг хамгаалахаар өмгөөлөгчөөр оролцож байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах шүүх хуралдаан явагдаж байна. Шүүгдэгч талын зүгээс прокурорын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлье. Тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй тухайн зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн байдлаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Үүний үр дүнд хэрэгт хяналт тавьж байсан Д.Ган-Эрдэнэ прокурор манай үйлчлүүлэгчийг 3.500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргасан бид харилцан тохиролцож орж ирсэн. Шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бтэй хэргийг хэлэлцэж байна. Миний үйлчлүүлэгч тухайн үедээ тээврийн хэрэгслийг жолоодож тээвэр хийж явахдаа 4 удаагийн рейс хийсэн байдаг. 4 удаагийн рейс 4.000.000 төгрөг болсон. Энэ мөнгийг хохирол төлбөртөө суутгаж авах талаар харилцан тохиролцсон үүнийгээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б шүүх хуралдааны явцад илэрхийлж байна. Бичгийн хэлбэрээр шүүхэд гаргаж өгсөн байгаа нь эдгээр хүмүүс хоорондоо эвлэрэн хэлэлцсэн нь бүрэн дүүрэн илэрхийлэгдэж байна. Ийм учраас улсын яллагчийн санал болгосон гурван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 3.500.000 төгрөгөөр торгох, торгуулийн ялыг 5 сарын хугацаанд төлүүлэх ялын хариуцлагын асуудлыг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөртэй холбоотойгоор 1.838.000 төгрөгийг 5 хоногийн дотор төлж барагдуулахаа тохирсон байгаа хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч “И.С” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Б гаргасан тайлбартаа:

Хохирлын хэмжээ 5.838.000 төгрөг болсон. Үүний 4.000.000 төгрөгийг түүний 4 рейс явсан цалингаас нь тооцон авсан. Үлдэгдэл 1.838.000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарны 16-аас 2023 оны 11 дүгээр сарны 21-ний өдрийн дотор төлнө гэсэн хүсэлтээ өгсөн. Үлдэгдэл төлбөрөө төлбөл манайхаас гомдол санал байхгүй гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч “И.С” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Бат-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Энхтайвангийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч В.Баяржаргалын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 102-103 дахь тал/,

-Ж.Гийн эзэмшлийн 5029486717 дугаартай Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 61-64 дэх тал/,

 

-25-49 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 67 дахь тал/,

 

-В.Баяржаргалын эзэмшлийн 5853081187 дугаартай Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 89-90 дэх тал/,

 

-“Дамно” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ӨЦ-23/88 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 145-148 дахь тал/,

 

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 153-159 дэх тал/,

 

-Ж.Гийн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 51, 52, 53, 54, 55, 56 дахь тал/,

 

-Шүүгдэгч Ж.Гийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь прокурорын газарт гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 178 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч Ж.Г нь 2023 оны 03 дугаар сарын сүүлээр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр, нүүрс тээврийн авто замын 2 дахь километрт байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгө болох “И.С” ХХК-ийн өмчлөлийн 25-49 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс 7 ширхэг дугуйг завшиж, 5.838.000 төгрөгийн хохирол учруулан “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн нь хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, 

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч “И.С” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Бат-Эрдэнийн өгсөн “...Жамсран овогтой Гансүх нь манай компанийн нүүрс тээврийн жолоочоор 2023 оны 01 дүгээр сарын дундуур ажилд орж 25-49 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хүлээж авсан юм. Хөдөлмөрийн гэрээг хийгээгүй байсан...Манай компанийн жолооч Тайвнаа над руу утсаар залгаад 25-49 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь машиных нь дугуйг сольсон юм шиг бид нарыг шалгаж үзээрэй гэж хэлсэн. Тэгээд би Бямбадоржийн хамт нүүрс тээврийн 4 дэх км дээр очиход 25-49 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хоолны газар дээр зогсож байхаар нь машины дугуйг нь үзэхэд 7 ширхэг дугуйг нь сольж өөр муу дугуйгаар сольсон байхаар нь жолооч Гансүхтэй уулзах гэхэд өөрөө машин дээрээ байхгүй архи уугаад явчихсан байсан. Тэгээд энэ талаар цагдаад мэдэгдсэн юм...2 дугаар чиргүүлийн дунд тэнхлэгийн 2 дугуй, мөн дойлны 2 дугуй, 1 дүгээр чиргүүлийн арын тэнхлэгийн 1 дугуйг сольж оронд муу хээтэй, буудсан дугуйг тавьсан байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Энхтайвангийн өгсөн “...Би 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймаг Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хад хилийн боомт дээр ачаагаа буулгачхаад хойшоо Цогтцэций сумын нүүрс тээврийн авто засмал замаар ачаандаа орох гээд явж байхад нүүрс тээврийн 4 дэх километрт байдаг хоолны газрын өмнө талд 25-49 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож байгаа харагдахаар би хажуугаар нь зөөлхөн яваад харахад жолооч нь машиныхаа үрүүл дээр унтаж байсан. Мөн машины дугуйг нь сольсон байдалтай миний харснаар 2-4 дугуйг харсан тэр дугуй илт солигдсон байсан. Би тэгээд энэ талаар Бат-Эрдэнэ менежерт утсаар хэлсэн...Жолооч Гансүх гэдэг хүн байсан, ажилд ороод удаагүй хүн байсан...Би яг хэдэн дугуйг сольсон байсныг мэдээгүй, би очиж тоолоогүй, зогсоогүй харчхаад явсан. Гансүх машиныхаа үрүүлийг дэрлээд унтаж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч В.Баяржаргалын өгсөн “...2023 оны 03 дугаар сарын 20-дын үеэр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын...нүүрс тээврийн 6 дахь км-т байдаг засмалын хойд талд байдаг Наран хоолны газарт хоол идэж байхад нэг танихгүй залуу хүрч ирээд “банкны зээл хийх болчихлоо, ганц дугуй зарах гэсэн юм” намайг авчхаач гэхээр нь би “ямар үнэтэй юм бэ” гэхэд тэр залуу 700.000-750.000 төгрөгөөр зарна гэсэн. Би тэгээд тийм юм бол тэр дугуйгаа аваад ир гэхэд удаагүй нэг ширхэг том тэрэгний обудтай нэг ширхэг дугуйг түрээд ирэхээр би тэр дугуйг үзэхэд дугуй нь шинэвтэр дөрвөлжин боорцгон хээтэй дугуй байсан. Би тэгээд дугуйны мөнгө гэж тэр танихгүй хүний хэлсэн Хаан банкны данс руу өөрийнхөө Хаан банкны 5853081187 дугаартай дансаараа шилжүүлсэн юм...тэр танихгүй ах “банкны зээл төлөх гэсэн юм мөнгөний хэрэг гараад” тэгээд намайг гуйгаад байхаар нь би тэр үед юм бодоогүй авчихсан юм...одоо тэр дугуй нь миний машинд явж байгаа, дөрвөлжин боорцгон хээтэй 12/20 хээтэй шинэвтэр дугуй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 102-103 дахь тал/,

 

-Ж.Гийн эзэмшлийн 5029486717 дугаартай Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 61-64 дэх тал/,

 

-25-49 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 67 дахь тал/,

 

-В.Баяржаргалын эзэмшлийн 5853081187 дугаартай Хаан банкны дансны хуулга /хавтаст хэргийн 89-90 дэх тал/,

 

-“Дамно” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ӨЦ-23/88 дугаартай “...зах зээлийн үнэлгээ нийт 5.838.000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 145-148 дахь тал/ зэрэг болно. 

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

“Хөрөнгө завших” гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр, хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг хэлэх ба шүүгдэгч Ж.Г нь Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “И.С” ХХК-д жолоочоор ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгө болох 25-49 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс 7 ширхэг дугуйг завшиж 5.838.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь “Хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч Ж.Гийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Иймд шүүгдэгч Ж.Гийг “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Г нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

 

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.

 

Хохирогч “И.С” ХХК нь 25-49 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 7 ширхэг дугуйг завшуулж, 5.838.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Дамно" ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн ӨЦ-23/88 дугаартай хохирлын үнэлгээ “...12.00R20 размерын 10-20 хувийн элэгдэлтэй, шинэвтэр, боорцгон хээтэй, хүнд даацын тээврийн хэрэгслийн 7 ширхэг дугуй 5.208.000 төгрөг, 12.00R20 размерын 7 ширхэг обуйд 630.000 төгрөг, нийт 5.838.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 19, 145-148 дахь тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор “И.С” ХХК-ийг тогтоож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр А.Бат-Эрдэнийг тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 16, 17 дахь тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны А.Б нь “... Хохирлын хэмжээ 5.838.000 төгрөг болсон. Үүний 4.000.000 төгрөгийг түүний 4 рейс явсан цалингаас нь тооцон авсан. Үлдэгдэл 1.838.000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 16-аас 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дотор төлнө гэсэн хүсэлтээ өгсөн. Үлдэгдэл төлбөрөө төлбөл манайхаас гомдол санал байхгүй” гэж тайлбарласан эд хөрөнгийн хохиролд 1.838.000 төгрөгийг нэхэмжилсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Г нь “...7 ширхэг дугуйны үлдэгдэл төлбөр болох 1.838.000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 16-наас 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дотор төлнө” гэж хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гээс эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1.838.000 төгрөгийг гаргуулж, хохирогч “И.С” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ж.Г нь хохирогч “И.С” ХХК-д эд хөрөнгөд учруулсан хохиролд цалингаасаа суутгуулан 4.000.000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэгдэл 1.838.000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 16-наас 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч Ж.Гийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гэд 3.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Гэд оногдуулсан 3.500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгч нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т******* овогт Ж*******-ийн Г*****-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Гэд 3.500 /гурван мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Гэд оногдуулсан 3.500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гээс эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1.838.000 төгрөгийг гаргуулж, хохирогч “И.С” ХХК-д олгохоор, шүүгдэгч нь 1.838.000 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 16-наас 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн, эд хөрөнгийн хохиролд 4.000.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Гэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН