Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/158

 

 

 

 

 

 

 

 

     2023            11                 10                                                     2023/ШЦТ/158                               

 

 

                             

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Т /томилолтоор/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.М,

Шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бд холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсан хэргийн зүйлчлэл/:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурамч баримт бичиг ашигласан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бд холбогдох эрүүгийн ********** дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: 

Өөрийн хийсэн гэм бурууг ойлгож байна. Дахин ийм үйлдэл хийхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.М гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Шүүгдэгч Г.Бы өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийг үйлдсэнээ гэрчийн мэдүүлэг өгөх цагаасаа эхлүүлэн үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Өөрийн үйлдэл болон гэм буруу дээр маргадаггүй. Хүсэл зоригоор илэрхийлж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байгаа. Улсын яллагчийн хувьд хариуцлагын талаар харилцан зөвшилцөөд 650 төгрөгөөр торгуулах саналыг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн торгуулийн ялын 3 сарын хугацаанд төлж барагдуулна гэдгээ өөрөө илэрхийлж оролцож байгаа. Өөр хэлэх зүйлгүй байна гэв.

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Гэрэлт-Одын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 3262 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-41 дэх тал/,

 

-2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 013 дугаартай зорчигчийг хүлээлгэн өгсөн акт /хавтаст хэргийн 13 дахь тал/,

 

-Г.Бы эзэмшлийн Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 49 дэх тал/,

 

-Г.Бы Хаанбанкны 5019553765 тоот депозит дансны хуулга /хавтаст хэргийн 52-57 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Бы яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,

 

-Шүүгдэгч Г.Бы иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, /хавтаст хэргийн 78, 79, 81-83 дахь тал/,  

 

-Г.Бы Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагдаагийн тасагт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 193 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилээр нэвтрэхдээ “Т.Х” ХХК-ийн эзэмшлийн **-** чиргүүлийн гэрчилгээг хуурамч болохыг мэдсээр байж улсын хилээр ашигласан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Гэрэлт-Одын 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр дахин өгсөн “...Энэ Г.Б гэх жолооч анх над руу 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр яриад энэ тээврийн хэрэгслийн чиргүүлийн бичиг баримт хуурамч байна хилийн боомт дээр саатуулагдсан гэж хэлсэн. Тэгээд би гайхаад хилийн цэргийн алба хаагч руу холбогдоход цагдаа руу шилжүүлсэн гэсэн...Энэ тээврийн хэрэгслийн гэрчилгээг Г.Б гэх жолооч өөрөө хийсэн гэсэн, хил гараад тэндээ тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ гээгдүүлсэн гэж хэлсэн, тэгээд буцаж яаж гарч ирэхээ мэдэхгүй байж байгаад Хятадад хуурамч гэрчилгээ хийлгэсэн гэж өөрөө саяхан хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,

 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 3262 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн №02156325, “5159УБЧ” дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээ гэх зүйл нь бүхэлдээ энгийн хэрэглээний өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн хуурамч байна...” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 37-41 дэх тал/,

 

-2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 013 дугаартай зорчигчийг хүлээлгэн өгсөн акт /хавтаст хэргийн 13 дахь тал/,

 

-Г.Бы эзэмшлийн Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 49 дэх тал/,

 

-Г.Бы Хаан банкны 5019553765 тоот депозит дансны хуулга /хавтаст хэргийн 52-57 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Бы яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Т.Х” ХХК-ийн 81-51 ӨМӨ улсын дугаартай норд бенз маркийн тээврийн хэрэгсэлд нүүрс ачуулаад Монгол Улсын хилээр ороод БНХАУ-ын хилээр орж штамб даруулахад миний жолоодож явсан **-** улсын дугаартай чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ байсан юм. Тэгээд би тээврийн хэрэгслээ жолоодож шинэ пүүшин гэж нэрлэдэг нүүрс буулгадаг талбай дээр ирээд бичиг баримтаа пасак жижиг цүнх рүү хийх гэтэл миний жолоодож явсан норд бенз маркийн 81-51 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ байхгүй болчихсон байсан. Тэгээд би тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ хаячхаад хуурамч бичиг баримт **-** улсын дугаартай чиргүүлийн гэрчилгээг БНХАУ-ын ганц мод гэдэг газарт байдаг Анд нэртэй газарт тээврийн хэрэгслийн гэрчилгээг хийлгэсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн  мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ эдэлж, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

Шүүгдэгч Г.Б нь 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилээр нэвтрэхдээ хуурамч баримт бичиг болох тээврийн хэрэгслийн гэрчилгээ ашигласан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 3262 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн №02156325, “5159УБЧ” дугаартай Тээврийн хэрэгслийн гэрчилгээ гэх зүйл нь бүхэлдээ энгийн хэрэглээний өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн хуурамч байна...” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 37-41 дэх тал/,

 

Шүүгдэгч нь “Т.Х” ХХК-ийн эзэмшлийн **-** чиргүүлийн гэрчилгээг гээгдүүлсэн, гэрчилгээг хуурамчаар хийсэн болохыг мэдсээр байж улсын хилээр ашигласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Шүүгдэгч Г.Б нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, **-** чиргүүлийн гэрчилгээг хуурамч болохыг мэдсээр байж улсын хилээр ашигласан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Шүүгдэгч Г.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

 

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг нь баримт бичиг үйлдэх, ашиглах журам зөрчсөн үйлдэл буюу хохирол, хор уршиг учирсан байхыг шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Иймд шүүгдэгч Г.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгч Г.Бы хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

 

Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц********* овогт Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд 650 /зургаан зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг 02156325 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН