| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2023/0152/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/154 |
| Огноо | 2023-11-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | В.Т |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/154
2023 11 07 2023/ШЦТ/154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Энхзул,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Т /томилолтоор/,
Шүүгдэгч: Э.Т,
Шүүгдэгч: Б.Б,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2****** дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Энхдэлхийн Төмөрчөдөр нь Б.Бтэй бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 19-ний шөнө “И” ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах бараа материал хураах талбайгаас 2350 ширхэг боолт, шайба /ком/-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 18.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх,
Яллагдагч Бэхбатын Бат-Энх нь Э.Ттэй бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 19-ний шөнө “И” ХХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах бараа материал хураах талбайгаас 2350 ширхэг боолт, шайба /ком/-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 18.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2****** дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:
Гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа. Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, хүлээх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг ойлгож, түүнийгээ хүлээн зөвшөөрсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т мэдүүлэхдээ:
Гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа. Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, хүлээх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг ойлгож, түүнийгээ хүлээн зөвшөөрсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.А гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Өнөөдөр шүүгдэгч Б.Б, Э.Т нарын өмгөөлөгчөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа хэргийн шүүх хуралдаанд оролцож байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа шүүх хуралдаан шүүгдэгчийн холбогдсон хэргийг хурдан түргэн шийдвэрлэх, энэ нь иргэний болон улс төрийн хэргийн Олон улсын фактын нэгдүгээр хэсгийн 9.3-т заасан шүүгдэгч хэрэгт холбогдсон хүний хэргийг түргэн шийдвэрлэнэ гээд Олон улсын гэрээ конвенцид нийцдэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт хамааруулж өгсөн. Энэ хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудаас шалгаж үзвэл шүүгдэгч нар маань гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар буюу улсын яллагчийн дурдсан баримтаар нотлогдож байна. Мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгааг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн сэжигтнээр өгсөн мэдүүлэг болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүх хуралдаан дээр хэлж байгаа тайлбар зэргээр тогтоогдож байна гэж үзэж байна. Прокурорын сонсгосон ялыг зөвшөөрсөн болохоо шүүгдэгч нар илэрхийлсэн. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 2350 ширхэг боолтыг тоо ширхэгээр нь компанид хүлээлгэж өгсөн. Тус компанийн төлөөлөгч Халиунаагийн зүгээс энэ хэрэгт ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдэг мэдүүлгийг хохирогчийн мэдүүлгээр болон өнөөдрийн шүүх хуралдаан дээр тайлбарыг ирүүлсэн байна. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөр үүсэх хууль зүйн үр дагавар буюу эдгээр хоёр хүн гэм буруутай болж шүүхээс хариуцлага хүлээх, эрүүгийн хариуцлагын тэнсэн харгалзах 2 жилийн хугацаанд байх. Энэ хугацаанд оршин суугаа газраа харьяа шийдвэр гүйцэтгэх байгууллагад өөрчлөгдсөн бол мэдэгдэх зэрэг албадлагын арга хэмжээ авч байгаа зэргийг бүрэн ухаарч ойлгож байгаа. Хялбаршуулсан журмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэж улсын яллагчийн сонгон хэрэглэсэн ялыг хэрэглэж, тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг оруулж байна гэв.
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 12-23 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч “И” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Халиунаагийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
-Уулзварын боолт, шайба хүлээлцсэн акт /хавтаст хэргийн 33 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Энхтулгын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-38 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Энхбаярын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Отгонбатын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Чулуунтөмөрийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,
-Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1588 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 62-64 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 73 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Тийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 79 дэх тал/,
-Д.Энхбаярын ХААН банкны депозит дансны хуулга /хавтаст хэргийн 83 дахь тал/,
-Шүүгдэгч Э.Тийн оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэх, диплом, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, жолоочийн лавлагаа, мэдээлэл, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 104, 105, 106-107, 120, 122, 123, 124, 125, 126, 127, 128 дахь тал/,
-Шүүгдэгч Б.Бийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, диплом, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 110, 111, 112, 113, 115, 116, 117, 118, 119 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Э.Т нь Б.Бтэй бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 19-ний шөнө “И” ХХК-ийн Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах, бараа материал хураах талбайгаас 2350 ширхэг боолт, шайба /ком/-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 18.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь Э.Ттэй бүлэглэн 2023 оны 07 дугаар сарын 19-ний шөнө “И” ХХК-ийн Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах, бараа материал хураах талбайгаас 2350 ширхэг боолт, шайба /ком/-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 18.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээрх дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Халиунаагийн өгсөн: “...Манай И ХХК нь 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Тавантолгой төмөр замын 8 дугаар замын урд талд байрлах материал хураах талбайгаас төмөр замын уулзварын боолт шайба хулгайд алдсан гэж цагдаад мэдэгдэж тус компанийн Чулуунтөмөр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Тус үйл явдлаас хойш хулгайд алдсан эд зүйлээ Улаанбаатар хотын толгойтод шинээр нээгдсэн төмөр зам барьж байгаа компанид И ХХК-д ажиллаж байсан иргэн Бат-Энх нь Улаанбаатар хот толгойтод шинээр төмөр зам барьж байгаа төмөр замын компанид зарсан байсныг И ХХК-д дэд захирал Энхтулга мэдээд очиж үзэхэд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой ХК- иас алдсан эд зүйл тоо ширхэг, шинж чанар, содон шинж тэмдгээр нь таньж мэдээд хариуцсан албан тушаалтан Энхбаяраас асууж тодруулахад нэг хүнээс авсан ба тус иргэн Бат-Энх юм. Бат-Энх гэдэг хүн нь Толгойтод төмөр зам барьж байсан нэг албан тушаалтанд зарсан гэж хэлсэн гэсэн... Бат-Энх манай компаниас хулгайлсан эд зүйлээ 8 сая төгрөгөөр бусдад худалдаалсан байсан... 2350 ширхэг боолт, шайба дутсан... И ХХК-ийн эд зүйлийг хулгайлсан хүн бол И ХХК-д замчин албан тушаалтай байсан иргэн Бат-Энх, Төмөрчөдөр гэх иргэнтэй хамтран үйлдсэн гэж надад Энхтулга захирал хэлсэн. Мөн би иргэн Бат-Энхтэй утсаар холбогдоход яг ийм зүйл хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Энхтулгын өгсөн: “...Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Тавантолгой төмөр замын ажлыг "И" ХХК нь хийж гүйцэтгэж байсан ба тус ажлыг хийж гүйцэтгэх явцад И ХХК-ны хөрөнгөөр авсан эд зүйл болох боолт шайба хулгайд алдагдсан... анх цагдаад мэдээлэхдээ 1050 орчим боолт шайба алдсан гэж мэдээлсэн боловч өөрчлөгдөж тооллого бүртгэлээр 2350 ширхэг боолт, 2 шуудай шайба алдсан юм. Энэ хулгайд алдсан эд зүйлээ бүрэн бүтэн тоо ширхгээр нь Улаанбаатар хотын Толгойтын шинээр баригдаж байгаа төмөр замаас эд зүйлээ олсон ба манай кампанийн эд зүйлийг худалдан авсан аж ахуйн нэгжийн хуулийн этгээдийн нэрийг бол сайн мэдэхгүй. Хариуцан ажиллаж байсан хүнтэй уулзсан ба нэрийг нь Энхбаяр гэдэг бөгөөд энэ хүнээс хүлээн авсан... "И" ХХК-аас алдагдсан эд зүйлээ дараах байдлаар таньж мэдсэн. Боолтны толгой дээрх үсэгтоогоор таньсан. Нэг хэсгийг нь толгойтод угсарч байхад нь анх таниад бусдыг нь авч ирүүлсэн Энхбаяр гэдэг хүн аж ахуйн хашаандаа буулгасан гэж байсан. Энхбаяр гэдэг хүн худалдан авсан байсан. Би Энхбаярыг хэнээс авсан гэж асуухад Бат-Энх гэдэг залуугаас 1 ширхгийг 4000 төгрөгөөр зарна гэж байхад нь 3500 төгрөгөөр бол авч болно гэж хэлээд 3500 төгрөгөөр авсан гэж байсан... И ХХК-ийн эд хөрөнгийг манай байгууллагад ажиллаж байсан Бат-Энх гэдэг залуу хулгайлж аваад Улаанбаатар хотод зарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38-р хуудас/
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Энхбаярын өгсөн: “...Би “ПНТ сүлжээ харгуй" ХХК-ны захирал албан тушаалтай. Тус компани нь төмөр зам барих, төмөр зам арчлах ажлыг хийж гүйцэтгэдэг аж ахуй нэгж юм.... Бат-Энх гэдэг залуу над руу утсаар холбогдоод боолт, гайк, шайба авах уу гэж 99969842 дугаарын утсаар холбогдсон. Би тус зарах гэж байгаа эд зүйлийг үзэж болох уу гэж асуугаад аваад ир гэхэд Улаанбаатар хот гацууртад аваад ирэхээр нь үзэж байгаад худалдаж авсан. 2300 ширхэг боолт шайв байсныг үзэж харж байгаад худалдан авсан ба нэг ширхгийг 3500 төгрөгөөр бодож, 7.225.000 төгрөгийг дансаар өгсөн... Мөнгө шилжүүлэхэд Бат-Энх гэсэн данс гарч ирж байсан. Энэ мөнгийг 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр явуулсан. Утга дээр 2350 боолт гэж бичсэн... Би 2350 ширхгийг худалдан авсан. Одоо би худалдан авсан боолт шайбыг эзэн нь буцаан өгсөн. Миний хохирлыг Бат-Энх барагдуулсан учраас надад гомдол санал байхгүй. Намайг иргэний нэхэмжлэгчээр тогтоох шаардлага байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Чулуунтөмөрийн өгсөн: "...2023.07.19-ний орой И ХХК-ийн ажилчид ээлж солилцсон. Ээлж солилцоод 40 орчим ажилчид ирсэн ба зөрөөд 20 орчим ажилчид ээлжнээс баяр наадамтай холбоотойгоор буусан... хулгайд алдсан эд зүйлийг төмөр замын зам төмрийн уулзварыг бэхлэх зорилгоор, тогтоох үүднээс ашиглаж байгаа... бид нар хулгайд алдагдсаныг 2023.07.20-ны өглөө 09 цагт мэдсэн... манай байгууллагын материалын инженер Батсайхан надад хэлэхдээ ...боолт, гайк, шайба нийлээд 2350 ком дутсан байна гэж бүртгэл судалгаагаар гарч ирж байна гэж мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Отгонбатын өгсөн: “...тухайн үед би хоёр хайрцаг боолт, гайк, шайба янзалж цэгцэлсэн ба ачаа орж ирэхдээ бүслүүр төмөртэй лацтай байсан. Би наадмын амралт болоод амраад явсан. намайг наадмын амралтын дараа ирэхэд бүслүүр төмөртэй лацтай янзалсан хайрцгийн нэг нь онгорхой байсан... тэгээд би өөрөө тооллого хийж үзэхэд нэг хайрцагт 50 ширхэг шуудай буюу 1 шуудайнд 50 ширхэгтэй боолт, гайк, шайба байх ба тухайн хайрцаг дотор нийт 2500 ширхэг боолт, гайк, шайба байх ёстой байсан. Гэвч хайрцаг догор тоолоход 3 шуудай буюу 150 ширхэг боолт, гайк, шайба байсан бөгөөд 47 ширхэг шуудай буюу 2350 ширхэгтэй боолт, гайк, шайба дутсан талаар мэдсэн... боолт, гайк, шайба бүгд нийлээд 1 ком болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/
-“Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1588 дугаартай “...Боолт шайба /төмөр замын/ - 2350 ширхэг - 18.800.000...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 62-64-р хуудас/
-Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Бийн өгсөн: “...би 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр найз Төмөрчөдөртэй хамт явж байхад ажлын хэрэгсэл, материал байдаг газраас хэрэгтэй зүйл байвал авах уу гэж би хэлсэн. Боолт шайбыг найзтайгаа нийлээд авч яваад замын ойролцоо байршуулсан байсан. чиргүүлийн хажууд нуух маягтай тавьсан. Дараа нь унаа олж ирээд авч явсан ба Улаанбаатар хотод аваачиж зарсан... 8.225.000 төгрөгөөр зарсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-р хуудас/
-Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Э.Тийн өгсөн: “...би 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр найз Бат-Энхтэй хамт явж байхад ажлын хэрэгсэл, материал байдаг газраас хэрэгтэй зүйл байвал авах уу гэхээр нь боолт, шайбыг найзтайгаа нийлээд авч яваад замын ойролцоо байсан байршуулсан байсан чиргүүлийн хажууд нуух маягтай тавьсан. Дараа нь унаа олж ирээд авч явсан ба Улаанбаатар хотод аваачиж зарсан... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... худалдан борлуулсан нийт 8.225.000 болсон ба тухайн мөнгөө Бат-Энх бид тэнцүү хувааж авсан... тухайн мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-р хуудас/
-Уулзварын боолт, шайба хүлээлцсэн актын хуулбар /хх-ийн 33-р хуудас/,
- Гэрч Д.Энхбаяраас гаргаж өгсөн Хаан банкны 5039170198 дугаартай дансны хуулга /хх-ийн 83-р хуудас/,
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.
Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б, Э.Т нар нь өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.
1.4. Хууль зүйн дүгнэлт.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Б, Э.Т нарын дээрх үйлдэл буюу хохирогчийн зөвшөөрөлгүй, түүнд мэдэгдэлгүйгээр нууцаар эд зүйлийг нь өөрийн эзэмшилдээ авч, хохирогчид хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Б, Э.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Б, Э.Т нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хохирогч “И” ХХК-д 18.800.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, “Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээгээр
тус тус тогтоогдож байна. /хавтас хэргийн 31-32, 62-64 дэх тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор хохирогчоор “И” ХХК-ийг, хууль ёсны төлөөлөгчөөр Э.Халиунааг тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтас хэргийн 27-28 дахь тал/
Хохирогч “И” ХХК нь “шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь “Уулзварын боолт, шайба” хүлээлцсэн акт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Халиунаагийн тус шүүхэд ирүүлсэн “”И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа миний бие 2023.11.07-ны өдрийн шүүх хуралд биечлэн оролцохгүй болно. Мөн “И” ХХК нь хулгайд алдсан зүйлээ буцаан авч хохиролгүй болсон тул шүүгдэгч нарт ямар нэгэн гомдолгүй” гэх тайлбараар тус тус
тогтоогдож байна. /хавтас хэргийн 33, 156 дахь тал/
Иймд хохирогч “И” ХХК нь “шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч Б.Б, Э.Т нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял шийтгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч нарт оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Э.Т нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх” гаргасан санал нь шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б, Э.Т нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суух газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэв.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч Э.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бэд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Тт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
3. Шүүгдэгч Б.Б, Э.Т нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд шүүгдэгч нарт хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суух газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хохирогч “И” ХХК нь “шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч Б.Б, Э.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг тус тус мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН