Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 190

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Б.Мөнхцэцэг,

улсын яллагч О.Пүрэвсүрэн,

шүүгдэгч С.Эрдэнэцогт, өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт С.Эрдэнэцогтыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626011870 дугаар хэргийг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, эрэгтэй, 50 настай, бүрэн бус дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Орбитын 50 дугаар гудамж, 13 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигин овогт Сэрээдоржийн Эрдэнэцогт /РД:УБ66031016/.

Шүүгдэгч С.Эрдэнэцогт нь согтуурсан үедээ 2016 оны 7 дугаар сарын 14-ний өглөө 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 50 дугаар гудамж, 13 тоотод оршин суух иргэн А.Булганжаргалын 4 ханатай монгол гэрийн хаалганы цоожийг тусгайлан бэлтгэсэн чулуугаар цохиж эвдэн нэвтрэн орж 32 инчийн “Панасоник” маркийн зурагтыг хулгайлан авч 600 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Эрдэнэцогт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэв.   

           

201626011870 дугаар эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогч А.Булганжаргалын: “2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр бид гэр бүлээрээ Сэлэнгэ аймаг руу яваад гэр эзэнгүй, цоожтой үлдсэн. 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гэртээ ирсэн чинь манай хашаанд байдаг Гансүх ах танай гэрийн цоожийг сольсон, учир нь танай гэрт Эрдэнэцогт ...хаалганы цоожийг эвдэн орж Панасоник маркийн 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагтыг хулгайлан гадаа гудамжинд явж байгаад цагдаа нарт баригдсан талаар надад хэлсэн. Тухайн үед Э.Гансүх ах манай зурагтыг цагдаа нараас хүлээн авч, гэрт оруулж гэрийн цоожийг сольсон байсан. 2015 оны 11 дүгээр сард BSB дэлгүүрээс 729000 төгрөгөөр худалдан авч байсан. Одоо тухайн үнээр нь үнэлнэ. Эрдэнэцогтыг би танина, хамт ажиллаж байсан ах, хадам ээжийн нөхөртэй хамаатан гэдгээр нь мэднэ. Тэрнээс өөр ямар нэгэн холбоогүй. Энэ хүнд манай гэрийн зурагтыг захиран зарцуулах эрх байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-17-19/,

Гэрч Э.Гансүхийн: “Би 2016 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 06 цагийн орчим гэртээ унтаж байсан чинь хашаан дотор хүмүүс дуугараад байхаар нь гараад харсан чинь хашаанд 2 цагдаагийн албан хаагч ороод ирсэн байсан. Хажууд нь манай дүү Булганжаргалын холын хамааатан гээд яваад байдаг Эрдэнэцогт гэдэг хүн зогсож байсан. Цагдаа нараас ямар асуудал болсон, яасан талаар асуусан чинь энэ хүнийг таних уу гэж асуугаад Эрдэнэцогтыг заахаар нь би танина, наад хүн чинь манай дүү Булганжаргалын эхнэрийн талын хүн, манай хашаагаар орж гараад хааяа манайхаар хонож өнжөөд явдаг хүн гэж хэлсэн. Хар өнгийн зурагт үзүүлээд энэ танай гэрийн зурагт мөн үү гэж хэлэхээр нь манай хашаанд байдаг Булганжаргал гээд айлын зурагт байна гэж хэлсэн. Тэгтэл цагдаа нар энэ хүн наад зурагтыг чинь аваад гудамжинд явж байхад нь бид нар саатууллаа гэж хэлсэн. Цагдаа нар энэ асуудлыг цагдаагийн байгууллага дээр очиж шалгана, намайг араас очоорой гэж хэлээд Эрдэнэцогтыг аваад явсан. Би явсан хойно дүү Булганжаргалын гэрийн хаалга үүдийг харсан чинь цоожийг нь эвдэж ороод зурагтыг нь авч гарахдаа цоожийг нь зүүгээд орхисон байсан...” гэх мэдүүлэг /хх-22/,

Гэрч Г.Мөнхбаярын: “Би 2016 оны 7  дугаар сарын 13-ны 19 цагаас 2016 оны 7 дугаар сарын 14-ний 09 цаг хүртэл Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүргийг цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Ө.Энхбаатарын хамт гүйцэтгэж байх үед 2016 оны 7 дугаар сарын 14-ний 06 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг Орбитын гудамж орчмоос хар өнгийн зурагт тэвэрсэн 40 гаран насны согтууруулах ундаа хэрэглэсэн эрэгтэй гарч ирэхээр тухайн хүн дээр очиж шалгахад дүүгийнхээ гэрээс зурагтыг нь аваад явж байна, манай дүү хөдөө явсан байгаа, би утсаар нь хэлсэн байгаа гэж хэлэхээр нь дагуулаад авсан гэх айл руу нь очиж хашаанд нь явж орсон чинь хажуу айлын хүн нь чимээнээр гараад ирсэн. Тэгээд тэр хүнээс энэ хүнийг таних уу? гээд зурагт авч явсан хүнийг асуусан чинь наад хүнийг чинь зүс мэднэ гэж хэлсэн. Энэ хүн танай хашаанаас зурагт аваад гарч байхад нь бид нар саатууллаа гэж хэлсэн чинь бид нар саяхан сэрлээ, мэдсэнгүй гээд хажуугийн гэр лүү нь очиж үзтэл хаалганы цоожийг юмаар цохиж онгойлгоод зурагтыг нь аваад явсан байсан. Тэгээд тухайн этгээдийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр хүлээлгэн өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-23/,

С.Эрдэнэцогтын яллагдагчаар өгсөн: “...2016 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Толгойтын цэнхэр дэлгүүрийн тэр хавиар ганцаараа архи ууж байгаад согтоод гудамжинд Булганжаргалын гэрийн наана овгор шорооны тэнд унтчихсан байсан. Өглөө 06 цаг болох гэж байхад сэрээд Булганжаргал, Гансүх нарын хашаа руу хүйтэн юм олж уухаар очсон чинь Гансүхийн гэр нь цоожтой байхаар нь хэсэг нүдэхэд онгойлгохгүй байхаар нь хажууд нь байх Булганжаргалын гэрийн цагаан өнгийн хятад цоожийг газар байсан бөөрөнхий чулуугаар цохиж онгойлгоод гэрт нь орж хойморт байсан хар өнгийн хавтгай дэлгэцтэй зурагтыг нь хулгайлан авч гэрээс нь гарсан. Гарахдаа хаалгыг нь буцаагаад нөгөө цоожоор нь зүүж үлдээчихээд доошоо гудамж уруудан явж байгаад цагдаа нартай таарч баригдсан. Тухайн үед би ганцаараа байсан” /хх-31/,

эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-6/, эд зүйлийн үнэлгээ /хх-9/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10-12/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-16/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-32/, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33/, хохирогч А.Булганжаргалын хүсэлт /хх-47/ зэргийг уншиж шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч С.Эрдэнэцогт нь согтуурсан үедээ 2016 оны 7 дугаар сарын 14-ний өглөө 06 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 50 дугаар гудамж, 13 тоотод оршин суух иргэн А.Булганжаргалын 4 ханатай монгол гэрийн хаалганы цоожийг тусгайлан бэлтгэсэн чулуугаар цохиж эвдэн, нэвтрэн орж 32 инчийн “Панасоник” маркийн зурагтыг хулгайлан авч 600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Эрдэнэцогтыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 32 инчийн “Панасоник” маркийн зурагтыг хохирогч А.Булганжаргалд биет байдлаар буцааж өгсөн ба “С.Эрдэнэцогтод ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хохирогчийн хүсэлт /хх-47/-ийг үндэслэн С.Эрдэнэцогтыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Эрдэнэцогт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн 9x5 хэмжээтэй чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Сэрээдоржийн Эрдэнэцогтыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүлйийн 145.2-т зааснаар шүүгдэгч С.Эрдэнэцогтыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар С.Эрдэнэцогтод оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.Эрдэнэцогт бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн 9x5 хэмжээтэй чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар С.Эрдэнэцогтод оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Эрдэнэцогтод авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Эрдэнэцогтод урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                     Л.БААТАР