Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 570

 

                                       П.Г-цэг, П.Г-зориг нарт холбогдох

                                              эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Т.Оюунжаргал,

шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа, Т.Эрдэнэбат, Б.Ууганбаатар, А.Золжаргал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 161 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.С, шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар П.Г-цэг, П.Г-зоригнарт холбогдох эрүүгийн 1705 0110 2491 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Д овгийн П-н Г-цэг, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, “С ф” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт .................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........../;

  2. Д овгийн П-н Г-зориг, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт .............. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........../;

1. П.Г нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр БНХАУ-ын иргэн Г.А-с “Бараа бөөнөөр худалдах худалдан авах” тухай гэрээг байгуулж, 136.000.000 төгрөгийн үнэ бүхий полистрол хавтанг,

- 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ю С Т” ХХК-ийн эзэмшлийн, ........... тоот, 41.9 мкв бүхий байрыг авч өгнө хэмээн иргэн С.Х-аас 77.515.000 төгрөгийг,

- 2017 оны 1 дүгээр сарын 20-ноос 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн Ч.Д-с санхүүжилт авч хамтран ажиллах нэрийдлээр 179.003.510 төгрөгийг,

- 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр иргэн О.Н-с Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ....... байрны 15 тоот хаягт байрлах 58.24 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдах нэрийдлээр урьдчилгаа гэж 39.300.000 төгрөгийг,

- 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Т-с байр худалдан авах урьдчилгаа төлбөр нэрийдлээр 50.000.000 төгрөгийг,

- 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Б.С-с “Х г” ХХК-ийн ..... хотхоны 110 дугаар байрны 11 В тоот, 95.71 мкв талбайтай, 4 өрөө орон сууцыг авч өгнө хэмээн 225.000.000 төгрөгийг,

- 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэн Б.О-с “гааль дээр түгжирсэн бараагаа авахад мөнгө хэрэгтэй байна, би бараагаа оруулж ирчихээд “Х” компаниас байр авч өгнө” хэмээн 320.000.000 төгрөгийг тус тус өөртөө шилжүүлэн авч бусдад нийт 1.026.818.510 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэрэгт,

2. П.Г-зориг нь 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Да хүрээ зах дээр иргэн Ч.Д-г үлдэгдэл төлбөрийг удахгүй төлнө хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Тоёота приус-20” загварын автомашиныг залилан авч, 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: П.Г-цэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, П.Г-зоригийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч П.Г-зоригт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, Д овогт П-н Г-зоригийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Д овогт П-н Г-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч П.Г-зоригийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч П.Г-цэгт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар П.Г-цэгт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-цэгийн цагдан хоригдсон 6 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Г-цэгээс 225.000.000 төгрөг гаргуулж хохирогч Б.С-д, шүүгдэгч П.Г-зоригоос 8.000.000 төгрөг гаргуулж хохирогч С.Д-д тус тус олгож, шүүгдэгч П.Г-цэгт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч П.Г-зоригт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Б.С тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. П.Г нь “... “Х г” ХХК-д ажил гүйцэтгэж байгаа, ажлын хөлсөнд “Х” хотхоны 110 дугаар байрны 11в тоот 95.71 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг авна 225.000.000 төгрөгөөр зарна” гэж үзүүлэхэд нь би худалдан авахаар тохиролцож, гэрээ байгуулан 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр мөнгийг П.Г, түүний эхнэр У нарын хамтран эзэмшдэг ХААН банкны дансанд шилжүүлсэн. Гэтэл уг байр нь П.Г-цэгийн “Х г”-ээс авах байр биш, тэрээр өөр хүний худалдан авсан байрыг үзүүлээд надаас мөнгө авсан байсан. Би П.Г-цэгээс 1 жил гаруй мөнгөө, байраа нэхэж хөөцөлдөөд, П.Г ч утсаа авахгүй зугтаад байсан тул аргагүй эрхэнд цагдаагийн байгууллагад хандаж 3 жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд П.Г нь миний хохирлыг төлөх талаар ямар ч санаачилга гаргаагүй, харин ч үл тоомсорлож байсан. Би зөвхөн 225.000.000 төгрөгөөр хохироогүй, уг байранд зориулж гал тогооны өрөөний тавилга захиалж, мөн бусад өрөөний тавилгыг худалдан авч 40 гаруй сая төгрөг зарцуулсан. Мөн П.Г-цэгт мөнгө өгөхийн тулд өөрийн амьдарч байсан орон сууцаа зарж, банкнаас зээл авсан юм.

Гэтэл байр ч үгүй, мөнгө ч үгүй болоод зогсохгүй, амьдрах орон байргүй, зээлээ төлж чадахгүй, гадаад улсад ажил хийж, зээлээ төлж байна. Энэ хүний залилан мэхлэх хэргийн улмаас амьдрал ахуй эд хөрөнгөөрөө хохироод байна.

Шүүх П.Г-цэгт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан хамгийн бага ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хувийн байдалд нь тохироогүй гэж үзэж байна. Тэрээр надаас гадна өөр олон хүнийг залилж, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохироосон байдаг. Прокуророос П.Г-цэгт 5.6 жилийн хорих ял оногдуулах санал гаргасан байхад шүүхээс түүнд хамгийн бага ял өгсөн нь хохирогчийн зүгээс харахад ёстой л толгойг нь илээд өнгөрчээ гэж үзэхээр байна. Иймд П.Г-цэгт шүүхээс оногдуулсан ялыг өөрчилж, үйлдсэн хэрэгт нь тохирсон ял шийтгэлийг оногдуулж өгнө үү. ... “ гэжээ.

Хохирогч Х.А тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч П.Г-цэгийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, хохирогч Х.А надад 136.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авсан. Уг хугацаанд шүүгдэгчийн ар гэрийн зүгээс хохирол төлбөрт өөрсдийн компанийн барьж байгаа гэх Хан-уул дүүргийн нутагт байрлах орон сууцны барилгаас байрны захиалгын гэрээ хийж, энэ бол бидний өмчлөлийн байр гэж захиалгын гэрээ байгуулсан. Гэвч уг гэрээ хийсэн гэх байр нь шүүгдэгч П.Г болон түүний “С ф” ХХК-тай хамааралгүй байсан бөгөөд өмчлөх эрхийн захиалга нь баталгаажсан, уг баталгаажсан гэрээг хэрэгт өгсөн байгаа гэж байгаа боловч энэ нь тодорхой бус иргэн Ц.Бүдийн орон сууцны барилга байсан болно.

Миний бие ар гэрийн хэлсэн зүйлд итгэж, хохирол барагдуулах гэрээ байгуулсан бөгөөд хохирлыг бодит мөнгөн хөрөнгөөр болон эд хөрөнгөөр биечлэн аваагүй.

Шүүх хуралдааны үед энэ байдлыг шүүхэд хэлж, хохирол төлөгдсөн эсэх талаар зөвхөн захиалгын гэрээ байгуулсан, энэ гэрээ бодитой нөхцөлд барагдуулсан гэж үзнэ. Гэрээ нь баталгаажаагүй байгаа талаараа хэлэхэд зөвхөн тийм, үгүй гэдэг хариулт өг гэж шүүхээс хэлсэн бөгөөд миний бие гэрээ бодит нөхцөлд хохирол барагдуулсан гэж үзэж байгаагаа хэлсэн.

Гэтэл шүүхээс энэ байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, захиалгын болон хохирол барагдуулах гэрээний дагуу хохирлыг төлөх талаар шүүгдэгчтэй тохиролцсон гэрээ байгуулсан талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй, надад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасантай нийцээгүй, миний зөрчигдсөн эрхийг сэргээж, хохирлыг бодитойгоор нөхөн төлөөгүй байгааг анхаарч эрүүгийн хэргийн хохирлыг арилгах төлөгдсөн гэж үзэхдээ гэмт хэргийн улмаас гэм хор учруулснаар бусдын эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх зөрчигдөж байгаа тул уг эрхийг өмнөх байдалд сэргээх, эсхүл мөнгөөр нөхөн төлөхийг хэлдэг.

Иймд надад учирсан хохирлыг эд хөрөнгийг бүрэн бүтэн буцаан өгөх эсхүл Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах, мөнгөөр учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж төлбөр төлөгдсөн эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийх байсан гэж үзэж байна.

Гэтэл шүүхээс зөвхөн надаас авсан мэдүүлгийг үндэслэж, хохирлыг бүрэн төлсөн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, П.Г-цэгээс хохиролд 136.000.000 төгрөгийг гаргуулж надад олгуулан, хохирол төлөхөөр тохиролцсон гэрээний тохиролцоог бодитойгоор тусгаж өгнө үү. ...” гэжээ. 

Шүүгдэгч П.Г давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие 2009 оноос эхлэн “С ф” ХХК-ийг байгуулсан ба барилгын салбарт 10 жил зүтгэсэн. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Мөн өөрийн хохирогч нараас дахин уучлалт гуйж байна. Түүнчлэн өөрийн буруу бодлого, санхүүгийн сахилга алдаж, хамтран ажиллаж байсан Батболд, Энхээ нарт итгэж компанийнхаа санхүүгийн эрхийг шилжүүлж өгснөөр иргэн С-ыг хохироосон байдаг. Энэ үед хамт явж байсан Энхээ, Батболд нарыг хам хэрэгтэн хэмээн мөрдөн байцаалтын шатанд мөн шүүх дээр удаа дараа мэдэгдэж байсан ба нотлох баримт хүртэл гаргаж өгч байсан. Гэтэл энэ хоёр хүнийг татан оролцуулаагүй. Тиймээс миний бие Батболд, Энхээ нарт маш их гомдолтой байна. Би одоо Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд орон сууц барьж байгаа, энэ барилга нь одоогийн байдлаар 70 хувьтай явж байна. Энэ төслөө амжилттай дуусгавал манай компани санхүүгийн хүндрэлээс гарах нь үнэн юм. Мөн хохирогч нарынхаа хохирлыг 100 хувь барагдуулж, олон хүнийг ажлын байраар хангах юм. Миний гэр бүлийн байдал хүндхэн байгаа, эхнэр Уранцэцэг нь толгойн бэртлээс болж унаж татдаг. Бага насны 3 хүүхэдтэй. Энэ байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. Би өөрийн хийсэн буруутай үйлдэлдээ гүнээ харамсаж байна. ...” гэв.

Шүүгдэгч П.Г-цэгийн өмгөөлөгч Ш.Оюумаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэргийг анхан шатны шүүх аль болох хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харж шийдвэрлэснийг ойлгож байгаа боловч П.Г нь аль болох хохирлыг барагдуулж, одоо барьж байгаа барилгыг ашиглалтад өгч, бусад хүмүүсийн эрх ашгийг хамгаалж байрыг хугацаанд нь өгөх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байгаа тул энэ байдлыг харгалзан үзнэ үү.

Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж ойлгож байгаа, хохирол төлбөрийг өөрийн боломж бололцоогоор төлж барагдуулсан зэргийг харгалзан үзнэ үү. Хэргийн бодит байдлын хувьд хохирогч Б.С-д 225.000.000 төгрөгийн байр авч өгөх ёстой байсан ба хамтран ажиллаж байсан Батболд болон Энхээ нар нь П.Г-цэгээс Б.С-ын өгсөн 225.000.000 төгрөгийг бэлнээр авсан тул төлөөгүй, энэ мөнгийг өөрөө авч ашиглаагүй, энэ талаараа анхан шатны шүүхэд хэлж мэдүүлсэн ба Батболд, Энхээ нараас мэдүүлэг авч хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан боловч хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шийдвэрлэж шүүхийн шийтгэх тогтоол гарсан. П.Г-цэгийг хоригдсоноос хойш ар гэрийнхэн нь Б.С-н ар гэрийнхэнтэй болон өмгөөлөгчтэй удаа дараа ярилцан тохиролцож, хохирол төлбөрийг төлж барагдуулж байгаа болно. П.Г нь хувийн байдлын хувьд олон нялх хүүхэдтэй, эхнэр Уранчимэг нь унаж, татдаг гавлын ясны цууралттай, эмнэлгийн хяналтад байдаг зэргийг харгалзан үзнэ үү.

Иймд П.Г-цэгийн хувийн болон ар гэрийн нөхцөл байдал, хохирол төлбөр төлсөн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар торгуулийн ял шийтгэлээр сольж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч П.Г-цэгийн өмгөөлөгч А.Золжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 225.000.000 төгрөгийг П.Г-цэгээс гаргуулж, Б.С-д олгуулахаар шийдвэрлэсэн. Хохирогч Б.С-н нэр дээр үл хөдлөх хөрөнгө шилжүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл, 2 авто зогсоол, 2 орон сууцаар хохирлыг төлж 100 хувь барагдуулсан тул П.Г-цэгт оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ... Шүүгдэгч П.Г нь урьд ял шийтгэлгүй бөгөөд түүний үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй. Нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хувийн байдлын хувьд, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, “С ф” ХХК-ийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Шүүгдэгч П.Г нь торгох ялыг бүрэн биелүүлэх боломжтой тул дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч П.Г-цэгийн өмгөөлөгч Б.Ууганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирлын хэмжээний тухайд “С” ХХК-д өглөг авлага байхгүй, эсхүл өгч авах нь тодорхойгүй, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үйл ажиллагааны явцад тогтоогдоогүй нөхцөл байдал үүссэн тул ийм байдалд хүрсэн. Гэтэл Г.А, Б.С нарын хохирлыг төлж барагдуулахад “С” ХХК-иас П.Г-цэгт өгөх ёстой мөнгөнөөсөө граж, байр зэргийг гаргаж өгсөн байсан. Энэ нь тухайн хохирогч нараас авсан мөнгийг өөрт ашиглаагүй, зөвхөн үйл ажиллагаанд зарцуулсан, бусдад бараа материал болгож өгсөн гэдгийг нотолж байгаа асуудал гэж ойлгож байна. П.Г нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж, оногдуулсан хорих ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч П.Г-цэгийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд нэмж хэлэх “тайлбаргүй” гэв.

Прокурор Т.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын тайлбараас үзэхэд, нэг талаас гэм буруу дээрээ маргаж байгаа юм шиг, эсхүл хохирол төлбөрөө төлсөн, торгох ял оногдуулж өгөөч гэж гэм буруу дээр маргахгүй байгаа юм шиг хоёр байдлаар ярьж байна. ... П.Г-цэгт холбогдуулан 2017 онд нэр бүхий 7 хохирогчийн гаргасан гомдлоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, холбогдох санхүүгийн баримт, хийж гүйцэтгэсэн ажлын тооцоо, төсөв, тайлан зэргийг авч тулгасан. Энэ ажиллагаагаар “С” ХХК-иас П.Г нь ямар нэг өр авлагагүй болох нь тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэр гарах үед хохирол төлбөр бүрэн гүйцэд төлөгдөөгүй байсан. Одоо төлсөн гэж байгаа боловч холбогдох баримтуудаас харахад ирээдүйд биелэгдэх шинжтэй, гэрээ, хэлцэл хийсэн байна. Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах үед болон одоогийн байдлаар хэргийн нөхцөл байдал хэвээр байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

П.Г нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр БНХАУ-ын иргэн Г.А-с “Бараа бөөнөөр худалдах худалдан авах” тухай гэрээг байгуулж, 136.000.000 төгрөгийн үнэ бүхий полистрол хавтанг,

- 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ю С Т” ХХК-ийн эзэмшлийн, ......... тоот, 41.9 мкв бүхий байрыг авч өгнө хэмээн иргэн С.Х-с 77.515.000 төгрөгийг,

- 2017 оны 1 дүгээр сарын 20-ноос 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд иргэн Ч.Д-с санхүүжилт авч хамтран ажиллах нэрийдлээр 179.003.510 төгрөгийг,

- 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдөр иргэн О.Н-с Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ........ байрны 15 тоот хаягт байрлах 58.24 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдах нэрийдлээр урьдчилгаа гэх 39.300.000 төгрөгийг,

- 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Т-с байр худалдан авах урьдчилгаа төлбөр нэрийдлээр 50.000.000 төгрөгийг,

- 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Б.С-с “Х г” ХХК-ийн ........ дугаар байрны 11 В тоот, 95.71 мкв талбайтай, 4 өрөө орон сууцыг авч өгнө хэмээн 225.000.000 төгрөгийг,

- 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэн Б.О-с “гааль дээр түгжирсэн бараагаа авахад мөнгө хэрэгтэй байна, би бараагаа оруулж ирчихээд “Х” компаниас байр авч өгнө” хэмээн 320.000.000 төгрөгийг тус тус өөртөө шилжүүлэн авч бусдад нийт 1.026.818.510 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан залилсан гэмт хэрэг,

П.Г-зориг нь 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Да хүрээ зах дээр иргэн Ч.Д-г үлдэгдэл төлбөрийг удахгүй төлнө хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “Тоёота приус-20” загварын автомашиныг залилан авч, 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Х.А /1 хх 21-22, 108/, Б.О /1 хх 168-170/, О.Н /1 хх 75-76, 2 хх 98-99/, Б.С /2 хх 135-138/, Б.Т /2 хх 203-204, 4 хх 107/, Ч.Д /2 хх 213-214, 4 хх 102/, С.Х /4 хх 73-74/,   

гэрч Ц.Мөнхбаяр /1 хх 58-59, 61-64/, М.Нямтулга /1 хх 68-69/, Ц.Мөнгөнхөлөг /1 хх 70/, Л.Баярцэнгэл /1 хх 186-187/, Б.Энхтайван /1 хх 199-200/, Ж.Мөнхжаргал /2 хх 100-101/, Д.Батсанаа /2 хх 143-144/, Г.Энхээ /2 хх 145-146/, Э.Алтантуяа /2 хх 220-221/, О.Батсүх /4 хх 66/, П.Бадам /4 хх 78-79/, Ж.Алтангүн /4 хх 111/, Я.Батболд /4 хх 113-114/, С.Чулуунбаатар /4 хх 175/ нарын мэдүүлгүүд,  

Г.А, П.Г нарын хооронд байгуулсан бараа бөөнөөр худалдах худалдан авах гэрээ /1 хх 24-25/, хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар /1 хх 49-51/, бараа нийлүүлэх гэрээ, зарлагын баримтууд /1 хх 83-96/, Б.О, П.Г-цэг нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хуулбар /1 хх 172/, барьцааны гэрээ /1 хх 174/, Б.О-н Хаан банкны дансны хуулга /1 хх 181/, О.Н-н Хаан банкны дансны хуулга /2 хх 54-60/, Орон сууц худалдах худалдан авах гэрээ /2 хх 123-125/, төлбөрийн баримт /2 хх 126-127/, тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ /4 хх 126-127/  зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч П.Г-цэгийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн, П.Г-зоригийг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэм буруутай гэж тус тус дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч П.Г-зоригт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, уг хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. 

Мөн шүүгдэгч П.Г-цэгт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн ...нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч П.Г-цэгийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал, хохирогч нарт учруулсан хохирлын мөнгөн төлбөрийн заримыг төлж барагдуулсан, зарим хохирогч нартай хохирлыг төлж барагдуулах талаар хэлцэл хийсэн, мөн хохирогч нарын гомдол, саналгүй гэсэн хүсэлт, түүнчлэн торгуулийн ялыг биелүүлэх чадвартай байдлаа нотолж, ажил хөдөлмөр эрхэлдэг талаарх санхүүгийн баримтаа шүүхэд ирүүлснийг харгалзан П.Г-цэгт тухайн зүйл, хэсэгт зааснаар 20.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагыг зорилгод нийцнэ.

Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар П.Г-цэгийн 2020 оны 2 дугаар сарын 7-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 88 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон /88х15.000=1.320.000/ эдлэх ялаас нь хасаж /20.000.000-1.320.000=18.680.000/, түүний эдлэх ялыг 18.680.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч П.Г, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа нарын “... ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хохирогч Б.С-с “П.Г-цэгт оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн” талаар гомдол гаргасан боловч хэргийг давж заалдах шатны шүүхэд хянагдах явцад П.Г-цэгтэй тохиролцож, өр шилжүүлэн барагдуулсан тухай акт үйлдэж, гомдол саналгүй, хохирлоо үл хөдлөх эд хөрөнгөөр 100 хувь төлүүлж, хохиролгүй болсон талаараа бичгээр хүсэлт гаргасныг мөн хохирогч Х.А нь хэргийг давж заалдах шатны шүүхэд хянагдах явцад гомдлоосоо татгазсаныг тус тус дурдах нь зүйтэй.