Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2026/0489

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Адъяасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч

Нэхэмжлэгч: Л.Г

Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дугаартай “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай “ албан даалгаврын 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт буюу “хууль тогтоомж зөрчин тухайн мэдүүлгийг улсын бүртгэлд бүртгэсэн улсын бүртгэгч Л.Гэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар зохих арга хэмжээг авах” хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0401 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуруалдааны оролцогчид: Нэхэмжлэгч Л.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч, Г.Ү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 128/2026/0107/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Г нь Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дугаартай “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай “ албан даалгаврын 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт буюу “хууль тогтоомж зөрчин тухайн мэдүүлгийг улсын бүртгэлд бүртгэсэн улсын бүртгэгч Л.Гэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар зохих арга хэмжээг авах” хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0401 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1, 22 дугаар зүйлийн 22.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасныг тус тус баримлан нэхэмжлэгч Л.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: “Анхан шатны шүүх үндэслэх хэсгийн 1 дүгээр зүйлийн 1.1-д улсын бүртгэлийг хүчингүй болгоод өөрчилсөн гэх агуулгаар дүгнэсэн. Үндэслэх хэсгийн 5-д бүртгэл хууль зөрчсөн эсэхийг дээд шатны улсын байцаагчийн дүгнэлт, эсхүл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоохоор байна гэж заасан. Гэтэл 2024 оны албан даалгаварт уг бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн залруулахаар заасан байдаг. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасны дагуу илт бус захиргааны акт гэж дүгнэсэн байгаа. Манайх албан даалгавартаа нэхэмжлэгч Л.Гэд зохих арга хэмжээг авна уу гэж зааснаас өөрөөр заагаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Гансүхээс “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дугаартай “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай “ албан даалгаврын 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт буюу “хууль тогтоомж зөрчин тухайн мэдүүлгийг улсын бүртгэлд бүртгэсэн улсын бүртгэгч Л.Гэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар зохих арга хэмжээг авах” хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан гаргажээ.

3. Хэргийн үйл баримтын тухайд:

3.1. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай “ 160 дугаар тогтоолын 1 дэх заалтын 1.4-д “Х” ХХК-ийн хөрөнгө оруулагчийг залилсан, улсын бүртгэлийн үйл ажиллагаа хууль зөрчсөн талаарх гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх”-ийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгажээ.

3.2. Үүний дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулж, удирдамж батлах тухай” А/400 дугаар тушаалаар “Х” ХХК-ийн гомдолд дурдсан асуудлын хүрээнд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, хяналт шалгалтын удирдамжийг баталсан байна.

3.3. Дээрх ажлын хэсгийн илтгэх хуудасны авах арга хэмжээний саналд улсын бүртгэгч Л.Гэд хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх талаар зохих арга хэмжээ авахыг дурдсаны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дугаартай “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” 1/1 дугаартай тогтоолын 1.2-т “Хууль тогтоомж зөрчин тухайн мэдүүлгийг улсын бүртгэлд бүртгэсэн улсын бүртгэгч Л.Гэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар зохих арга хэмжээг авах”-ыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгасан Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан даалгаврыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Л.Г шүүхэд хандсанаар энэхүү маргаан үүсжээ.

4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан.

4.2. Анхан шатны шүүх “… хариуцагч нь бүртгэл хуульд нийцсэн эсэхийг тогтоохгүй, Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчид хариуцлага хүлээлгэх талаар үүрэг, даалгавар өгөх эрх олгогдоогүй тул маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна” гэж хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд хангаж, маргаан бүхий албан даалгаврын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

4.3. Тодруулбал, хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2/-т “эрхэлсэн асуудлын хүрээн дэх яам болон энэ хуулийн 181 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн удирдана, 6/-д хууль тогтоомж, Засгийн газрын болон өөрийн шийдвэрийн биелэлтийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжид шалган танилцаж, биелэлтийг нь бүрэн хангах талаар шуурхай даалгавар өгч гүйцэтгүүлнэ”, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангана”, 8 дугаар зүйлийн 8.2-т “Сайд Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ тэргүүлж буй яамныхаа аппаратад түшиглэж эрхлэх асуудлын хүрээнийхээ чиглэлээр зөвлөгөө, туслалцаа авч яам, агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллагын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангана”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Яам сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллагад хууль тогтоомж, Засгийн газрын болон сайдын бодлого, шийдвэр, үүрэг даалгаврыг биелүүлж байгаа болон үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих, биелэлтийг нь хангуулах арга хэмжээ авч, тэдгээрт туслалцаа үзүүлнэ”, мөн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн А/07 дугаар тушаалаар батлагдсан “Сайдын эрхлэх асуудлын хүрээний үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалт зохион байгуулах журам”-д заасан зохицуулалтын хүрээнд харъяа агентлагт дээрх байдлаар албан даалгавар өгөх эрхтэй байна.

4.4. Сайд дээрх шийдвэрээр сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах асуудлын хүрээнд холбогдох бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэх албан даалгаврыг яамны харъяа агентлагын даргад үүрэг болгосон, түүнээс биш Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар олгогдсон эрх хэмжээ, чиг үүрэгт халдаж бүртгэлийг хүчингүй болгоогүй, энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

4.5. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор харъяа агенлаг болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад албан даалгавар өгөх хэлбэрээр улсын бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн залруулж, хууль тогтоомж зөрчин тухайн мэдүүлгийг улсын бүртгэлд бүртгэсэн улсын бүртгэгч Л.Гэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар зохих арга хэмжээг авахыг даалгасан нь дээр дурдсан хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хуульд нийцүүлэн гаргасан байх бөгөөд уг албан даалгаврыг өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гаргасан, эсхүл уг шийдвэрийг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэсэн үндэслэлээр илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

4.6. Захиргааны хэргийн шүүх энэхүү маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Л.Гэд ямар хариуцлага ногдуулсан талаар дүгнэх боломжгүй бөгөөд гагцхүү хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдаас өөрийн эрхлэх асуудлын хүрээнд харъяа агентлагтаа албан даалгавар өгөх эрх хэмжээтэй эсэх, маргаан бүхий шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд илт хууль бусад тооцох эсэхэд л тус тус дүгнэлт өгнө.

4.7. Харин дээрх албан даалгаврыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга хэрхэн хэрэгжүүлсэн, ингэхдээ нэхэмжлэгч Л.Гэд хуульд заасан эрх хэмжээний хүрээнд ямар хариуцлага тооцсон нь тусдаа асуудал бөгөөд хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас энэ талаарх маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болох нь тогтоогдож байх тул шүүхээс энэ талаар дүгнэлт хийхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Гийн Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2026/0401 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2/, 6/, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 8 дугаар зүйлийн 8.2, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Гээс Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан гаргасан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1 дугаартай “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай “ албан даалгаврын 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт буюу “хууль тогтоомж зөрчин тухайн мэдүүлгийг улсын бүртгэлд бүртгэсэн улсын бүртгэгч Л.Гэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар зохих арга хэмжээг авах” хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    

 

ШҮҮГЧ                                                                       Б.АДЪЯАСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       М.ЦЭЦЭГМАА

ШҮҮГЧ                                                                      Д.БААТАРХҮҮ