Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2020/0378

 

 

 

 

2020 оны 05 сарын 27 өдөр        Дугаар 128/ШШ2020/0378           Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Д

Хариуцагч: Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын /Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар/ 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн МЗХ2016/06-13 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2019/519 дугаартай Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/704 дүгээр захирамжаар Б дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1370 м.кв газрыг эзэмшдэг. Миний эзэмшил газрын чанх урд талд иргэн Э.Б 3 давхар цэцэрлэгийн барилга барьж ашиглалтад оруулсан. Уг барилга нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилгын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3-т заасны дагуу иргэн Д.Д надаас санал аваагүй болно.

 

Дээрх журмын 4 дүгээр зүйлийн 4.3.1.4-д заасны дагуу ойр орчмын айлуудаас санал авахаар журамлан заасан байна. “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНБД 31-01-10-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 12 дугаар хүснэгтэд “Барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 18-20 метр байхаар заасан байхад иргэн Э.Б-ийн барилга нь манай барилгаас 5 метр байгаа нь энэ нормыг зөрчиж байна. Тус барилга баригдсанаар миний эзэмшил газраа хуулийн хүрээнд ашиглах эрх зөрчигдсөн, тухайн үед холбогдох албаны хүмүүст мэдээллэж байсан боловч ямар ч арга хэмжээ аваагүй. Мөн цэцэрлэгийн барилгын норм 2 давхар байх заалтыг зөрчиж, 3 давхар барилга барьсан нь Барилгын тухай хуулий 5 дугаар зүйлд заасан барилгын норм ба дүрмийг мөрдөхөөр хуульчилсан байхад хууль, дүрэм, журмыг зөрчиж барилга барьсан байна.

 

Мөн иргэн З.Б-ийн барилга нь сургалтын төвийн зориулалтаар олгосон боловч одоо цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж байгаа нь тус барилга зориулалтын дагуу ашиглахгүй байгаа нь нотлогдож байна.

Миний эрхийг зөрчиж олгосон Э.Б-т Нийслэлийн Хот, төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын олгосон 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2016/16-19 дугаартай, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн МЗХ2016/06-13 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2019/519 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээд Э.Б-ийн барьсан цэцэрлэг нь нэхэмжлэгч Д.Д-ийн газраас 2 метр 20 см зайтай байна. Өөрөөр хэлбэл барилга хоорондын зай зөрчигдсөн. Хэргийн газрын үзлэгээр иргэн Э.Б-ийн цэцэрлэгийн газрын хэмжилтийг хийсэн бөгөөд барилгын консулыг оруулахгүйгээр хэмжихэд гучин нэгийг харьцах нь дөчин дөрөв /31х44/ харьцаатай байсан. Өөрөөр хэлбэл барилгын суурь нь 1364 м.кв байсан бөгөөд суурийн талбайн хэмжээгээр баригдсан. Цэцэрлэгийн урд талын хэсэгт доош зоорийн давхрын автомашины гарааш руу орж байгаа хэсэг байгаа бөгөөд энэ хэсэгт хэмжилтэд ороогүй байсныг хэмжиж үзэхэд гучин нэгийг харьцах нь дөрөв /31х 4/ буюу 124 м.кв талбай мөн нэмэгдэж байгаа.

Цэцэрлэгийн зоорийн давхар руу машин орж байгаа хэсгийн хэмжилтийг аваагүй. Зоорийн давхар руу орж байгаа гараашийн хэмжилтийг оруулах юм бол 1488  м.кв  талбай  болж  байгаа.  Гуравдагч  этгээд Э.Б-ийн газрын хэмжээг

 

бодож үзэхэд 1705 м.кв талбайтай, газрын 87 хувьд нь барилгажсан. Гэтэл барилгын норм, дүрмээрээ бол барилгажилтын талбай 70 хувиас хэтрэхгүй, 30 хувьд нь ногоон байгууламж байх ёстой бөгөөд энэ норм, дүрэм зөрчигдсөн байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны тушаалаар сургалт, хүмүүжлийн байгууллагад мөрдөх шаардлагын 2 дугаар зүйлийн 2.5-т “ногоон байгууламж байх”, мөн зүйлийн 2 дугаар зүйлийн 2.7-д “хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч байх”, мөн зүйлийн 2 дугаар зүйлийн 2.9-т “сургалт, хүмүүжлийн барилга 2 давхраас хэтрэхгүй” байх талаар шаардлагуудыг тус тус тавьсан байдаг бөгөөд эдгээр шаардлагууд зөрчигдсөн. Нэхэмжлэгч газар дээрээ барилга барих гэтэл орц, гарцгүй болж байгаа бөгөөд орц, гарцгүй тохиолдолд галын аюулгүй байдлын дүрэм зөрчигдөж байна. Нэхэмжлэгчийн батлуулсан архитектур төлөвлөлтийн даалгаварт 450 м.кв талбайтай барилга барих боломжтой талаар төлөвлөгдсөн байсан. Энэхүү талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 2020 оны 01 дүгээр сард Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт очиход иргэн Э.Б норм, дүрэм зөрчсөн архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан байсныг мэдсэн. Нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж, орц, гарцгүй болгосон. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн МЗХ2016/06-13 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2019/519 дугаартай барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн МЗХ2016/06-13 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2019/519 дугаартай барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг хүчингүй болгуулах талаар яагаад 2020 онд нэхэмжлэл гаргасан талаар ярьж байна. Захиргааны акт нь тусгайлсан субъектэд хаяглагдаж гардаг. Тухайн актыг гарснаас хойш биш, мэдсэнээс хойш эрхээ хангуулахаар хандах боломжтой. Бид нар хэзээ мэдсэн бэ гэхээр 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ийм акт гарсныг мэдсэн. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт гомдол гаргасан бөгөөд гомдлын хариуг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09/185 тоотоор өгсөн. Гомдлыг шийдвэрлэх боломжгүй бөгөөд шаардлагатай бол шүүхэд хандаж шийдвэрлэнэ үү гэсэн байдаг. Харьяалсан байгууллагад хандаж эрх, ашгаа хамгаалуулж чадаагүй учраас 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан байдаг. Барилгын тухай хууль, норм, дүрэм байдаг бөгөөд норм, дүрмийг хууль бус гэж үзэх үндэслэл байхгүй. Иргэн Э.Б-т олгогдсон хоёр архитектур  төлөвлөлтийн  даалгаврыг  харахаар  2016 оны 06 дугаар сарын 15-ны

 

өдрийн 2016/16-19 дугаар бүхий архитектур төлөвлөлтийн даалгаврыг харахаар хангагдсан байдаг. Яагаад гэхээр 1705 м.кв талбайгаас барилгажих талбай нь 258 м.кв талбай гэж зааж өгсөн бөгөөд хүүхдийн тоглоомын талбай болон амрах талбайг оруулж өгсөн байсан. Тохижилтод тавих шаардлага дээр ногоон байгууламж, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай нь аюулгүй байдлыг хангасан, тохижилттой, амралтын талбайг цогцоор нь бий болгоно гэж зааж өгсөн байдаг. Барилгын хийцийн төслөөр 2 давхар гэж зааж өгсөн. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн МЗХ2016/06-13 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаварт 1062 м.кв талбайд барилгажилтыг төлөвлөсөн байдаг бөгөөд одоогийн байдлаар 1062 м.кв талбайгаас давсан байгаа. Архитектур төлөвлөлтийн даалгаварт 1062 м.кв талбайд довжоо болон гараашийн орох, гарах хэсэг орох ёстой байсан. Номер 4-т хийцийн төслөөр 3 давхар зоорьтой гэж оруулсан байна. 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2016/16-19 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаварт хүүхдийн тоглоомын талбай болон амрах талбайтай байхаар зааж өгсөн байхад 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн МЗХ2016/06-13 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавраас хассан байхыг үзвэл анхнаасаа Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар хууль бус акт гаргаж байснаа ойлгож байсан байна. Хууль зөрчиж гарсан архитектур төлөвлөлтийн даалгаварт норм, дүрэм, стандартаа хангаагүй барилга барьснаас болж нэхэмжлэгч өөрийн талбай дээрээ барилга барихад хүндрэлтэй болсон. Хэргийн газрын үзлэгээр очиж үзэхэд орц, гарц байхгүй бөгөөд галын аюул гарсан тохиолдолд галын машин орж, гарах боломжийг хангах ёстой.

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн МЗХ2016/06-13 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар хууль бус байгаа бөгөөд хариуцагч буруутай гэж үзэж байна. Архитектур төлөвлөлтийн даалгавар болон Барилгын тухай хуулийг гуравдагч этгээд зөрчсөн байгаа бөгөөд нэхэмжлэгч этгээдийн орц, гарцыг хаасан нь батлагдаж байна. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн МЗХ2016/06-13 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2019/519 дугаартай барилга, байгууламжийн ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Э.Б нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын    14-ний   өдрийн    А/282   дугаартай   захирамжаар    1705   м.кв    газрыг  5

 

 

жилийн  хугацаатайгаар эзэмшдэг  бөгөөд газар дээрээ  барилга  барихаар  хүсэлт

ирүүлсэнийг судлан 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн МЗХ2016/06-13 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон. Даалгаврын дагуу загвар зургийг боловсруулан 2017 онд батлуулсан бөгөөд 430/2018 дугаартай барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон байна. Барилга угсралтын ажил холбогдох хууль тогтоомж норм ба дүрмийн дагуу явагдсан тул барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс хүлээн авч 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 2019/519 дугаартай дүгнэлт гаргасан.

 

Иймд Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилга байгууламжийг ашиглалтад оруулсан дүгнэлт нь хууль тогтоомж, дүрэм журамд нийцсэн шийдвэр бөгөөд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Барилгын тухай хуульд заасны дагуу баримт бичгийн бүрдэл хангагдсан учраас барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс ажилласан. Ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Нэхэмжлэгч эхний нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан учраас ямар нэгэн тайлбар байхгүй. 2016 оны 10, 11 дүгээр сард иргэн Э.Б-оос хүсэлт ирүүлсэн бөгөөд уг хүсэлтэд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 1705 м.кв талбайтай газарт цэцэрлэг барихаар 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 2016/16-19 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан. Барилгын зураг төслөөр барилгажилтын 1170 м.кв талбайд, барилгын хэмжээ, 32х32.5 м.кв бөгөөд газар шорооны ажлыг хийж эхэлсэн. Уг барилга нь зоорийн давхартай бөгөөд тус зоорийн давхрыг нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглах, зоорийн бус давхрыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглана. Иймд зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, архитектур төлөвлөлтийн даалгаварт тодотгол хийж өгнө үү гэсэн байдаг. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлахдаа барилгажих талбайн хэмжээг 1062 м.кв талбайгаар баталж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Гуравдагч этгээд Э.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус шүүхэд нэхэмжлэгч Д.Д-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох захиргааны хэрэгт Э.Б намайг гуравдагч этгээдээр татжээ. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

 

Иргэн  Э.Б  миний  бие   Нийслэлийн   Засаг  даргын   2016  оны  А/282

дугаар захирамжаар  Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1704 м.кв газрыг цэцэрлэг сургалтын зориулалтаар эзэмшсэн.

 

          Хууль ёсны эзэмшил газартаа 2018 онд сургалтын төвийн барилга барих зөвшөөрлийг эрх бүхий байгууллагуудаас авч барилга бариулж 2019 онд ашиглалтад оруулсан. Миний болон Д.Д-гийн эзэмшил газрын хооронд давхцал байхгүй нь кадастрын зургаар нотлогдоно. Иргэн Д.Д нь   эзэмшил газартаа ямар нэгэн бүтээн байгуулалт хийгээгүй барилга баригдаагүй байна. Хэрэв Д.Д нь барилга барих гэж байгаа бол барилга хоорондын хэмжээг зөрчихгүй байх нь түүний үүрэг юм. Иймд иргэн Э.Б миний бие өөрийн эзэмшил газар дээр хууль ёсны үйл ажиллагаа явуулж байгаа тул иргэн Д.Д-ийн нэхэмжлэл нь бодит болон хуулийн үндэслэлгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гэж заасны дагуу Д.Д-ийн гаргасан нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. Иргэн Э.Б нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/282 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1705 м.кв талбай бүхий газрыг эзэмшдэг. Уг хууль ёсны эзэмшил газартаа 2018 онд сургалтын зориулалтаар барилга барих зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авч, барилга бариулж 2019 онд ашиглалтад оруулсан байдаг. Нэхэмжлэгч Д.Д-гийн эзэмшил газар болон иргэн Э.Б-ийн эзэмшил газрын хооронд давхцал байхгүй нь кадастрын зураг болон 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн үзлэгээр тогтоогдсон. Нэхэмжлэгч нь эзэмшил газартаа ямар нэгэн бүтээн байгуулалт хийгээгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа процессын ажиллагааг зөрчсөн байна. Яагаад гэхээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандахаас өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагддаг. 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн МЗХ2016/06-13 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2019/519 дугаартай Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол тухайн шатны байгууллага болон дээд шатны байгууллагад хандах боломжтой. Гэтэл тухайн хугацаанд байгууллагад хандсан үйл баримт хэрэгт авагдаагүй  бөгөөд  хүндэтгэн  үзэх  шалтгаантай  байсны  улмаас  байгууллагад

хандаж  чадаагүй  бол  нотлох  ёстой. 2019 онд гарсан захиргааны актыг 2020 онд

 

 

хүчингүй болгож өгнө үү гэдэг нь эрх зүйн үндэслэлгүй болно.

Нэхэмжлэлийн шаардлага тодорхой биш байна. Яагаад гэхээр нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хөндөгдсөн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар ямар эрх ашиг сэргэх талаар тодорхойгүй. 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлээ тодруулсан байдаг. Уг нэхэмжлэлд иргэн надад учирсан хохирлын хэмжээг тогтоолгож, хохирлын хэмжээг барагдуулснаар миний эрх сэргэх боломжтой гэсэн. Иргэн надад хохирсон хохирол гэхээр яг юугаар хохирсон талаар нэхэмжлэгч Д.Д гаргаж ирж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл эдийн хохирол юм уу, эдийн бус хохирол юм уу гэдэг тодорхой биш. Захиргааны байгууллага 2016 болон 2019 онд акт гаргаснаараа Монгол Улсын ямар хууль тогтоомжийг зөрчсөн нь тодорхой биш. Захиргааны байгууллагын шийдвэр нь хэн нэгэн хүнд таалагдахгүй байснаараа хууль бус болчихгүй. Боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Боловсролын сургалтын байгууллага нь өөрийн үндсэн зорилгодоо нийцсэн судалгаа, туршилт, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэл явуулах боломж, нөхцөлийг бүрдүүлсэн бүтэц бүхий төрөл бүрийн хэв шинжтэй байж болно, 18 дугаар зүйлийн 18.3-т Аж ахуйн нэгж, байгууллага боловсролын сургалтын болон сургалтын бусад байгууллагыг хууль тогтоомжид заасны дагуу байгуулан ажиллуулж болно гэж тус тус заасан байдаг. Цэцэрлэг болон сургалтын үйл ажиллагаа явуулснаараа нэхэмжлэгчийн эрх, ашгийг яаж хөндөж байгаа талаар тодорхой бус байна. Иргэн Э.Б нь зөвшөөрөл авалгүйгээр барилга бариагүй.

Нэхэмжлэгч барилга баригдаж байсныг мэдэж байсан бөгөөд сүүлд шүүхэд ирүүлсэн тайлбарт 2005 оноос хойш уг газарт амьдарч байсан. Төлөвлөснөөрөө барилга барьж чадахгүй байна гэж мэдүүлсэн бөгөөд хохирлоо тодорхойлж чадаагүй байдаг. Ирээдүйн хүсэлтийн талаар ярьж байна. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах журамд зааснаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс гэсэн байдаг бөгөөд хавтаст хэрэгт өмчлөгч гэсэн баримт авагдаагүй. Нэхэмжлэгч сая Барилгын тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хэлсэн бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл Барилгын тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн нь тодорхой биш байна. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг хөндөгдөж байгаа талаар тогтоогдсонгүй. Гуравдагч этгээд Э.Б нь өөрийн хууль ёсны эзэмшил газар дээрээ барилга барьсан бөгөөд иргэн Д.Д-ийн газар  луу  хил  даван  орж  барилга  бариагүй.  Барилгын тухай хууль болон бусад

дүрэм,  журамд   заасны   дагуу   холбогдох   захиргааны   байгууллагаас  шийдвэр

 гаргуулж, үйл ажиллагаа явуулж байгаа. Ийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Д нь тус шүүхэд Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн МЗХ2016/06-13 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2019/519 дугаартай барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ “... Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилгын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3-д заасны дагуу иргэн надаас санал аваагүй, ... иргэн Э.Б-ийн барилга нь манай барилгаас 5 метр байгаа нь Орон сууцны барилгын зураг, төсөл төлөвлөлт” БНБД 31-01-10 нормыг зөрчсөн. Цэцэрлэгийн барилгын норм 2 давхар байх нормыг зөрчиж, 3 давхар барилга барьсан ... Тус барилга баригдсанаар миний эзэмшил газраа хуулийн хүрээнд эзэмших, ашиглах эрх зөрчигдсөн” гэж, хариуцагч нь “... Барилга угсралтын ажил холбогдох хууль тогтоомж, норм ба дүрмийн дагуу явагдсан. ...Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилга байгууламжийг ашиглалтад оруулсан дүгнэлт нь хууль тогтоомж, дүрэм, журамд нийцсэн шийдвэр ...” гэж тайлбарлан маргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг: Нэхэмжлэгчийн  “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн МЗХ2016/06-13 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий МЗХ2016/06-13 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавраар[1] Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Зүүн Сэлбэ хорооллын барилгажилтын төслийн дагуу  Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, орон сууцны 84 дүгээр байрны урд талд 1062 м.кв талбайд /довжоо болон рампыг

оруулан  тооцсон/  иргэн  Э.Б нь  сургалтын төвийн зориулалттай 3 давхар/ зоорьтойгоо /барилга, байгууламжийг  барихаар төлөвлөсөн байх ба уг архитектур төлөвлөлтийн даалгаврыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор зөвшөөрч баталжээ.

 

Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Барилгын зураг, төсөл дараах шаардлагыг хангасан байна”, 12.1.1-д “эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэгдэн боловсруулагдсан байна”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Барилга, байгууламж дараах шаардлагыг хангасан байна”, 14.1.1-д “зураг төслийн дагуу баригдсан байх”, 14.1.2-т “барилга, байгууламжийн норм, нормативын баримт, бичгийн шаардлагыг хангасан байх”, 14.1.4-д “зэргэлдээ орших барилга, байгууламжийн хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх” гэж тус тус заажээ.

 

            Нэхэмжлэгч нь дээрх захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлээ “...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг, дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилгын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3-д заасны дагуу ... надаас санал аваагүй, ... барилга хоорондын зай нь Орон сууцны барилгын зураг, төсөл төлөвлөлт” БНБД 31-01-10 -ийг зөрчсөн” гэж тодорхойлон маргажээ.

 

 

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/562 дуаар захирамжаар[2] иргэн Э.Б-т Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд 1705 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар олгосон, улмаар Э.Б нь 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр эзэмшил газрынхаа зориулалтыг зоорийн давхар бүхий цэцэрлэг, сургалтын төв болгож өөрчлөх хүсэлт[3] гаргасны дагуу  Нийслэлийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/282 дугаар захирамжаар иргэн Э.Б-т Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд 1705 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар  цэцэрлэг, сургалтын төвийн зориулалтаар эзэмшүүлж, 000622909 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан, Э.Б нь уг эзэмшил газартаа 3 давхар /зоорьтойгоо/ цэцэрлэг  барих  хүсэлт[4] гаргасны  дагуу  2016  оны 06 дугаар  сарын

15-ны өдөр МЗХ2016/16-19 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар[5] олгосон, улмаар дээрх даалгаварт тодотгол хийлгүүлэх хүсэлт[6] гаргасны дагуу 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр МЗХ2016/06-13 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар[7] дахин олгосон, дээрх Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын эскиз зургийг үндэслэж,  Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 430/2018  дугаартай Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл[8] олгосон үйл баримт тогтоогджээ.

 Дээрх зөвшөөрлийн дагуу  барилга угсралтын ажил  2018 оны 04 дүгээр сараас 2019 оны 08 дугаар сарын 28-ний өдрийн хооронд явагдаж, улмаар 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан  2 давхар /зоорьтой/ сургалтын төвийн барилгыг ашиглалтад оруулсан, уг барилгад цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байгаа, нэхэмжлэгч нь өөрийн  эзэмшил бүхий 1370 м.кв талбайдаа  /барилгажих талбай нь 480 м.кв / барилга, байгууламж бариагүй, түүний барихаар төлөвлөж буй 16 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга нь гуравдагч этгээдийн барьсан сургалтын төвийн зориулалттай барилгатай байрлалын хувьд жишүү болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг, дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилгын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т “Дараах тохиолдолд барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн саналыг авч болно”, 4.2.1-д “орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд  барилга, байгууламж барихад”, 4.3.1-д “орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга барих тохиолдолд нэгж талбарын хил хязгаарыг тогтоосон эргэлтийн цэгүүдээс дор дурдсан зайд байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс “, 4.3.1.4-д “12 давхар барилгад 40 метр”, 4.3.1.5-д “16 барилгад 45 метр” гэж журамласан байх бөгөөд гуравдагч этгээд Э.Б нь өөрийн эзэмшил газартаа сургалтын төвийн зориулалттай барилга барьсан, харин нэхэмжлэгч нь өөрийн эзэмшил бүхий газартаа орон сууцны зориулалттай  барилга байгууламж бариагүй, тухайн газрыг орон сууцны зориулалтаар эзэмшиж зэргэлдээх орон сууцын болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч  биш байх тул гуравдагч этгээдийг  барилга барихдаа  барилгын үндсэн оршин суугч иргэнээс “саналыг аваагүй” гэж буруутгах  буюу  энэхүү  үндэслэл  нь  тухайн  захиргааны  актыг  хүчингүй  болгох

үндэслэл болохгүй.

Нэхэмжлэгч нь барилга хоорондын зай ойртсоноос өөрийн эзэмшил газраа хуулийн хүрээнд эзэмших эрх зөрчигдсөн хэмээн маргахдаа Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт /БНбД 30-01-10/ -ийн  4 дүгээр хавсралтын 12 дугаар хүснэгтэд заасан “... барилгын тууш тал, хөндлөн талын хооронд болон сууцны өрөөний цонхтой хөндлөн талуудын хооронд 16 давхар барилгын хувьд 20 метр байна” гэснийг нэг гол үндэслэлээ болгосон байх бөгөөд энэ дүрмээр тодорхойлогдсон шаардлага нь орон сууцны зориулалттай барилгад хамааралтай байна.

Иймд нэхэмжлэгчийн “ ...  иргэн надаас санал аваагүй, ... барилга хоорондын зай нь Орон сууцны барилгын зураг, төсөл төлөвлөлт” БНБД 31-01-10-ийг зөрчсөн...” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.           

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд гуравдагч этгээд Э.Б-ийн захиалгаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан /дунд төлөвшилтэй ангиллын /зоорьтой 2 давхар сургалтын төвийн зориулалттай  барилга нь Архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдсанаар барилгажих талбайг 1062 м.кв-ээр, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд барилгын хэмжээг 3.6,0x32,0 метр гэж тодорхойлсон, шүүхээс маргаан бүхий барилгад хийсэн үзлэгээр баригдсан барилгын хэмжээ урт нь 44 метр, өргөн нь 31 метр /  барилгын урд талын гадагш гарсан гарааш хэсгийг оролцуулахгүйгээр/ байх ба  ийнхүү гуравдагч этгээд нь Архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгагдсан 1062 м.кв барилгажих талбайн хэмжээнээс илүү гаргаж барилга барьсан байх боловч тухайн барилга нь түүний газар эзэмших эрхийн 000622909 дугаар гэрчилгээ бүхий эзэмших эрхтэй 1705 м.кв газрын хил, заагийн дотор буюу 1364 м.кв газарт  баригдсанаас гадна нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцаагүй, түүнчлэн нэхэмжлэгч Д.Д-т олгосон 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн МЗХ2017/ 07-27 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаварт барилгын хэмжээг 30,0*16,0 метр буюу хууль ёсоор эзэмшиж байгаа 1370 м.кв газрын 480 м.кв талбайд барилга барихаар заагдсан, уг талбайд барилгажилтын ажил  явагдаагүй, тухайн барилгын эскиз зураг нь батлагдаагүй байх тул  дээрх үйл баримт нь нэгэнт баригдаж, ашиглалтад орсон барилгын Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.   

Тодруулбал хариуцагч захиргааны  байгууллага,  албан тушаалтан нь тухайн

 

Архитектур төлөвлөлтийг даалгаврыг боловсруулж, батлахдаа холбогдох барилгын норм, норматив, дүрэм болон Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д  “барилгын зураг төсөл нь эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэгдэн боловсруулагдсан байна”,  Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д “Барилга, байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна” гэсэнтэй нийцүүлж, дээрх захиргааны актыг гаргасан байх ба энэхүү архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсанаас хойш үүссэн нөхцөл байдал буюу захиалагч нь барилгажих талбайн хэмжээнээс илүүгээр барилга байгууламж барьсан үйл баримт нь хэрэгжээд дууссан тухайн захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ.

  Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтнаас Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлахдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчөөгүй, дээрх захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

Хоёр: Нэхэмжлэгчийн “2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2019/519 дугаартай барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2019/519 дугаар дүгнэлтээр[9] Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан “дунд төлөвшилтэй ангиллын” зоорьтой 2 давхар хүчин чадал бүхий сургалтын төвийн зориулалттай барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзэж, ашиглалтад оруулахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь дээрх захиргааны актыг хүчингүй болгуулах үндэслэлээ “...надаас санал аваагүй,...  барилга хоорондын зай нь Орон сууцны барилгын зураг, төсөл төлөвлөлт” БНБД 31-01-10-ийг зөрчсөн, ... цэцэрлэгийн барилгын норм 2 давхар байх шаардлагыг зөрчиж, 3 давхар барилга барьсан, ...зориулалтын  дагуу  ашиглахгүй   цэцэрлэгийн  зориулалтаар   ашиглаж   байгаа,

 

 ... хууль, дүрэм, журмыг зөрчиж барилгаа барьсан” гэж тодорхойлон маргажээ.

Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Барилгын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан ... эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна”,  4,5-д “ Захиалагч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана”, 4.6-д “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна” гэж тус тус заажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд 25 хүний бүрэлдхүүнтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс нь тухайн барилга, байгууламжид  2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 1 хоногийн хугацаатай ажиллаж, тухайн барилга байгууламж, түүнд холбогдох баримт бичигт үзлэг хийсэн, улмаар мөн өдрөө барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисс бүрэн бүрэлдхүүнээрээ хуралдаж, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн МЗХ2016/06-13 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавартай, тэнхлэгээрээ 36 (28 )мх36 метр /зөв тэгш бус/ хэмжээ бүхий цутгамал төмөр бетон каркасан бүтээцтэй, зоорьтой, 2 давхар  барилгыг  ашиглалтад оруулах шаардлагыг хангасан эсэх талаар урьдчилсан санал дүгнэлт гаргаж, зөрчил дутагдлыг арилгуулахаар захиалагч, гүйцэтгэгч нарт үүрэг даалгавар өгч, комиссын гишүүдийн өгсөн үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн, улмаар 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр уг барилгыг ашиглалтад оруулах шаардлага хангасан гэж үзэж, ашиглалтад оруулах  дүгнэлт гаргажээ.

Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйл болон  Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 317 дугаар тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэрт барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбогдсон харилцааг зохицуулсан байх бөгөөд дээрх хууль болон дүрмээр барилга байгууламжийг ашиглалтад оруулахад зэргэлдээ оршин суугч болон иргэнээс санал авахыг тусгайлан тодорхойлон заагаагүй, “Орон сууцны барилгын зураг, төсөл төлөвлөлт” БНБД 31-01-10 дүрмээр тодорхойлогдсон шаардлага нь орон сууцны зориулалттай барилгад хамааралтай,байхын зэрэгцээ гуравдагч этгээд нь төмөр бетон хийц бүхий зоорьтой, 2 давхар  барилгыг барьж ашиглалтад оруулсан болох нь хэрэгт авагдсан Архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилгын ажлын зөвшөөрлийн    гэрчилгээ,    барилгын    эскиз    зураг,   тухайн   барилгыг   байнгын

 

 

ашиглалтад оруулсан  комиссын хурлын тэмдэглэл[10], шүүхийн үзлэгийн тэмдэглэл, фото зураг[11] зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн “... надаас санал аваагүй ,...  барилга хоорондын зай нь Орон сууцны барилгын зураг, төсөл төлөвлөлт” БНБД 31-01-10 -ийг зөрчсөн, ... цэцэрлэгийн барилгын норм 2 давхар байх шаардлагыг зөрчиж, 3 давхар барилга барьсан, ... хууль, дүрэм, журмыг зөрчиж барилгаа барьсан” гэсэн тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

Түүнчлэн гуравдагч этгээд нь “сургалтын төвийн зориулалтаар баригдсан барилгыг цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж байгаа” гэж маргаж байх боловч энэхүү үйл баримт нь нэгэнт ашиглалтад хүлээн авсан барилга, байгууламжийн комиссын дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

            Дээрхээс үзэхэд тухайн барилга нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлээр тодорхойлогдсон барилга, байгууламжид тавих шаардлагад нийцсэн, барилгыг ашиглалтад хүлээн авч, холбогдох захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь Барилгын тухай хууль  болон Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 317 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-д заасны дагуу хийгдсэн, Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзах нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

            Нэхэмжлэгч нь гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09/185 дугаар албан бичгээр “...Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилга байгууламжийг ашиглалтад оруулсан дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлгүй...” гэсэн хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул гуравдагч этгээдийн “...дээд шатны байгууллагад хандаагүй, ...нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн...” гэсэн тайлбарыг хангах үндэслэлгүй байна гэж үзсэн болно.

Захиргааны  хэрэг  шүүхэд   хянан  шийдвэрлэх  тухай   хуулийн  106  дугаар

зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2,  48 дугаар зүйлийн 48.1,  Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч Д.Д-ийн “Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын /Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар/ 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн МЗХ2016/06-13 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2019/519 дугаартай Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7  дугаар  зүйлийн  7.1.2-т   заасныг   тус  тус   баримтлан   Д.Д-ээс

нэхэмжлэл   гаргахдаа   улсын   тэмдэгтийн   хураамжид   төлсөн   70200  төгрөгийг

төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.2 дахь зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ц.БАТСҮРЭН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 6, 84 дүгээр хуудсанд

[2] Хэргийн 11-113 дугаар хуудсанд

[3] Хэргийн 103 дугаар хуудсанд

[4] Хэргийн 60 дугаар хуудсанд

[5] Хэргийн 61-62 дугаар хуудсанд

[6] Хэргийн 58 дугаар хуудсанд

[7] Хэргийн 63-64, 84-85 дугаар хуудсанд

[8] Хэргийн 56-57 дугаар хуудсанд

[9] Хэргийн 46-49 дүгээр хуудсанд

[10] Хэргийн 50-55 дугаар хуудсанд

[11] Хэргийн 171-180 дугаар хуудсанд