| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | З.Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 171/2013/0162/Э/ |
| Дугаар | 2013/ШЦТ/173 |
| Огноо | 2013-10-15 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2013 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2013/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2013/0162/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж,
нарийн бичгийн дарга Б.Чинбаатар,
улсын яллагч Н.Мөнгөнсүх,
шүүгдэгч Д.Б ын өмгөөлөгч Н.Баттунсаг,
шүүгдэгч М.Б ын өмгөөлөгч Н.Дэмбэрэлдавга,
хохирогч А.Э ,
хохирогч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Т овогт Д.Б , ХД овогт М.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201309000330 дугаар хэргийг 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Т овгийн Д.Б . Регистрийн ... дугаартай, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Завхан аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .. мэргэжилтэй, Улаанбаатар техник үзлэгийн газарт .. ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, .. дүүрэг, .р хороо, .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй.
Монгол Улсын иргэн, ХД овгийн М.Б . Регистрийн ..дугаартай, 19.. оны .. дугаар сарын ..-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, ..дүүрэг, ..-р хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар : /Прокурорын яллах дүгнэлтэнд дурьдсанаар/
Шүүгдэгч М.Б нь 2013 оны 05 дугаар сарын 29-ний өглөө 08 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр Цайдмын хөндий гэх газарт “Грейс” маркийн .... УБП улсын дугаартай микро автобусыг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”,
Д.Б нь согтуугаар “Ниссан Сани” маркийн .... УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7/а/-д заасан “...согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...”, мөн дүрмийн 2.3/б/-д заасан “...Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэсэн заалтыг тус тус зөрчсөнөөс хоорондоо мөргөлдөж М.Б ын “Грейс” маркийн автомашины зорчигч С.Б ийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл, Д.Б ын жолоодож явсан “Ниссан Сани” маркийн автомашины зорчигч Д.Н ын амь нас хохирсон” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Б
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ангийнхаа 2 хүүхэдтэй цуг пиво уусан. Тэгэхэд ах залгаад маргааш Эрдэнэт явна гэж байсан. Өглөө 05 цагийн үед Эрдэнэт явъя гээд ороод ирсэн. Уг нь ах өөрийн Аксент машинтай явна гэсэн. Тэгээд түүний Аксент машин асахгүй болохоор миний машинаар явсан. Замдаа 2 хүн суулгасан. Нөгөө суусан хоёр хүн нь замдаа Баруунхараагаас 2.5 литрийн савтай пиво аваад тэр 3 машинд уугаад явсан. Надад цаасан аягаар нэг хийж өгөхөд нэг удаа уусан. Гүйцэд ч уугаагүй. Тэгээд өөдөөс шар өнгийн грейс маркийн машин ирж явсан. Зөрөх нүү гэхэд над руу дараад ороод ирсэн. Босоод ирэхэд машины тал нь байхгүй байсан. Ах маань өнгөрсөн байсан. Цагдаа нарыг дуудсан. Тухайн үед согтуу явсан байлаа, хамгаалах бүс хийгээгүй гэдгээр буруутгаж байна. Б нь өөрийн урсгалаар явсан бол ийм байдал болохгүй байх байсан. Ахыгаа алдсанд харамсаж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “Би 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн үдээс хойш Хөвсгөлийн Эрдэнбулган сумаас Улаанбаатар руу Б нартай цуг явсаар Дарханд ирсэн. Дарханаас Улаанбаатар орох гээд явж байгаад Цайдмын хөндийд явж байтал өөдөөс бараан өнгийн жижиг тэрэг ирж байсан. Би эгнээндээ явж байсан зөрөх нүү гэхэд над руу ороод ирсэн. Тэгээд би ухаан алдсан байсан. Осолд орчихоод эмч нар дусал залгаад байж байхад би Б ын амыг үнэрлэхэд архи үнэртэж байсан. Миний хувьд харамсалтай байна. Нотлох баримтгүйгээр шүүгдэгч байгаад гомдолтой байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Э мэдүүлэхдээ: “Би Завханд очсон байсан юм. 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр осолд орохын урьд өдөр нөхөртэйгөө утсаар яриад Ургах наран хороололд 100 хаалга суулгах 2.500.000 төгрөгийн ажил авчихлаа шүү гэж байсан. Тэгсэн маргааш өглөө нь Б яриад ах нас барьчихлаа гэж хэлсэн. Оршуулгын зардалд нийт 8.677.800 гарсан. Б аас 5 сая төгрөг өгсөн. Мөн талын бүрийн туслалцаа үзүүлж байгаа. Би охинтойгоо үлдсэн. Сургууль соёлд ороход нь тусална гэсэн. Энэ бол надад том дэмжлэг. Би өөрөө энэ асуудлаас хойш хоёр ч удаа ажилд ороод гарсан. Сэтгэл санаа хямраад ажил хийж чаддаггүй юм билээ. Б ын хувьд нэг удаа л 100.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш яаж байна бэ? гэж асуугаагүй би харсаар байгаад цөхөрсөн. Шүүх шинжилгээний дүгнэлт гараад байхад буруугүй гээд хэлээд байгаад нь гайхаж байна. Маш их гомдолтой байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Б мэдүүлэхдээ: “Тэр өдөр яг хоёр дахь өдөр байсан юм. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын цагаан хоолойгоор Улаанбаатар явна гэсэн зар зарлагдсан. Зарласны дагуу утсаар холбогдоод хот руу явахаар болсон. 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Б тай цуг машинтай нь гарсан. Замдаа машиных нь ус нь халаад явахгүй байсан. Дарханы Хонгор сумаас ус асуухаар зогссон. Замдаа Улаантолгой дээр хэсэг амарсан. Усаа авчихаад явж байтал урьдаас машин гарч ирсэн. Урьдаас ирж явсан машин мурилзаж байсан. Тэгээд тас хийсэн юу болсонг мэдэхгүй байна. Эмчилгээ хийлгэж байгаа. 1.500.000 нэхэмжилж байна“ гэв.
Хавтас хэргээс:
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-12 дугаар тал/,
Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Замын цагдаагийн тасгийн байцаагч а/д Б.Өнөрбатын дүгнэлтэнд: “Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр Цайдмын хөндий гэх газарт автомашины хатуу хучилттай зам дээр 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 08 цаг 40 минутын орчимд Монхоо овогтой Б нь Х/Грейс маркийн .... УБП улсын дугаартай микроавтобусыг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.5 “Суурин газрын гаднах зам буюу 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно”, мөн дүрмийн 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх, тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Н/Санни маркийн .... УНЭ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан боловч Н/Санни маркийн .... УНЭ улсын дугаартай автомашины жолооч Даваажамц овогтой Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7.А-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 2.3-ын б-д “Жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэлт гаргаж байна” гэсэн дүгнэлт /хэргийн 13-18 дугаар тал/,
Шинжээч Замын цагдаагийн тасгийн байцаагч цагдаагийн хошууч С.Хурцбилэг, цагдаагийн ахлах дэслэгч А.Эрдэнэзул, цагдаагийн ахмад Х.Ганболд нарын гаргасан 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлтэнд:
“1. Т/Санни маркийн .... УНЭ дугаарын авто машины жолооч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7/а-д “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 2.3-ын б/ заалт “Жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ” гэсэн заалт зөрчсөн нь 2013 оны 05 дугаар сарын 29-ны өдөр жолооч Д.Б ыг драйгер багаж үлээлгэн, шалгуулсан тэмдэглэл, 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Д.Б ын байцаалт дээрээс тогтоогдож байна.
2. Х/Грейс маркийн .... УБП дугаарын автомашины жолооч М.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлэг 8.2-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх, тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт зөрчсөн нь хэргийн газрын үзлэг дээрээс тогтоогдож байна.
3. хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт буюу Фото зураг, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч буюу ослын схем зураг дээрээс Т/Санни маркийн .... УНЭ, Х/Грейс маркийн .... УБП улсын дугаартай автомашинуудын тормосны мөр хэргийн газарт үүсээгүй байх тул уг автомашинуудын хурдыг тогтоох боломжгүй.
4. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт буюу фото зураг осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч буюу ослын схем зураг дээрээс харахад Х/Грейс маркийн .... УБП дугаарын автомашин 7.7 гэсэн хэвтээ тэмдэглэлийг 0,10 см давж явсан байна. мөн Х/Грейс маркийн .... УБП дугаарын автомашины зүүн талын урд хэсгээр зам дээр зурсан мөр нь 7.7 гэсэн хэвтээ тэмдэглэлийг 0,19, 0,20 см давж үүссэн байна.
5. 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Замын цагдаагийн цагдаагийн байцаагч Цагдаагийн ахлах дэслэгч Б.Өнөрбатын гаргасан ослын акт үндэслэлтэй байна.
6. Х/Грейс маркийн .... УБП дугаарын автомашины жолооч М.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлэг 8.5-д заасан заалт зөрчөөгүй байна” гэсэн дүгнэлт /хэргийн 20 дугаар тал/,
Шинжээч С.Хурцбилэгийг байцаасан тэмдэглэлд: “ ...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлэг 8.5-д “Суурин газрын гаднах зам буюу 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд... гэдэг нь 5.1 гэсэн тэмдэг нь тууш замын эхлэл гэсэн тэмдэг, 5.5 гэсэн тэмдэг нь суурин газрын эхлэл гэсэн мэдээлэх тэмдэг ба уг осол гарсан зам нь 5.1, 5.5 тэмдэглэлд хамаарагдахгүй зам болно. Замын цагдаагийн байцаагч ахлах дэслэгч Өнөрбат нь ослын актанд уг жолооч нарыг Замын хөдөлгөөний дүрмийн 4 заалтаар буруутгасан байна. үүнээс 3 заалт нь үндэслэлтэй зөв байгаа учир замын байцаагч ахлах дэслэгч Ө ослын акт үндэслэлтэй байна. 1 заалтыг нь М.Б жолооч зөрчөөгүй болохыг дүгнэлтэнд тусгаж өгсөн” гэсэн мэдүүлэг /хэргийн 123 дугаар тал/,
Шинжээч, цагдаагийн ахмад В.Б.., цагдаагийн ахмад Б.Б..., цагдаагийн ахлах дэслэгч Н.Г., цагдаагийн ахлах дэслэгч Г.А., цагдаагийн дэслэгч Б.А.. нарын гаргасан 2013 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 224 тоот дүгнэлтэнд:
“1. Н.Санни маркийн .... УНЭ улсын дугаартай автомашины жолооч Д.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-гийн а/ заалт “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 2.3-ын б/ заалт “Жолооч хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүрэг хүлээнэ” гэснийг зөрчсөн байна.
2. Хэргийн газрын үзлэг, бүдүүвч зураг, фото зургийн үзүүлэлтүүдээс харахад Х,Грейс маркийн .... УБП улсын дугаартай автомашины жолооч М.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх, тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.
3. Зорчих хэсэг дээрх ул мөрийг үндэслэхэд хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөн гэх А цэгийг үндэслэлгүй авсан гэх зүйл харагдахгүй байна.
4. Хоёр тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.
5. Цагдаагийн ахлах дэслэгч Б.Ө гаргасан ослын актын Замын хөдөлгөөний дүрмийн 8.5 дахь заалтаас бусад нь үндэслэлтэй байна.
6. Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн нэр бүхий шинжээчдийн 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна”. /хэргийн 192-193 дугаар тал/
Шүүх эмнэлгийн 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 57 тоот магадлан шинжилгээнд: ““...Талийгаачийн биед дээрхи оношинд бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, амь насанд шууд аюултай, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.10, .3.1.11, 3.1.12, 3.3.1, 3.3.3-д заасан хүнд зэргийн гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин илэрсэнгүй. Талийгаачийн цусанд 2.3 промиль этилийн спирт илэрсэн ба энэ нь дунд зэргийн согтолтыг харуулна. Талийгаач нь АII бүлгийн цустай байна...” гэсэн дүгнэлт /хэргийн 26-27 дугаар тал/,
Шүүх эмнэлгийн 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 594 дугаартай үзлэг хийсэн дүгнэлтэнд: “...С.Б ийн биед хүзүүний 6-р нугаламын нум, сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, нүүр болон доод мөчдийн зөөлөн эдийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл болно...” гэсэн дүгнэлт /хэргийн 39 дүгээр тал/,
Шүүх эмнэлгийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 526 дугаар дүгнэлтэнд: “...М.Б ын биед хүзүүний 6 ба 7-р нугаламын арын сэртэнгийн хугарал, тархи доргилтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл болно...” гэсэн дүгнэлт /хэргийн 46 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.А , С.Чулуунсүх, М.О р нарын 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 591 дугаар дүгнэлтэнд: “...М.Б ын биед хүзүүний 6 ба 7-р нугаламын арын сэртэнгийн хугарал, тархи доргилт, хоёр хөлийн өвдөг, зүүн тохой шуунд зулгаралт, хоёр өвдөг, баруун бугалга, зүүн шагайнд цус хуралт бүхий гэмтлүүдийг учирсан нь тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжгүй.
2. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
3. Хүзүүний 6,7 дугаар нугаламын арын сэртэнгийн далд хугарал нь шүүх эмнэлгийн гэмтэл тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Бусад гэмтлүүд нь ШЭГЗТЖЗааврын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.
4. Дархан-Уул аймгийн Шинжээч эмч Д.Т ийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гаргасан 526 тоот дүгнэлт үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт /хэргийн 200 дугаар тал/,
Шүүх эмнэлгийн 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн үзлэг хийсэн 556 дугаар дүгнэлтэнд: “...Д.Б ын биед тархи доргилт, цээжний зөөлөн эдийн няцрал, нэг шүдний хугарал, баруун өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хэргийн 53 дугаар тал/,
2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Драйгер үлээлгэсэн тайлбарт: “Н/Санни маркийн .... УНЭ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Даваажамц овогтой Б ад драйгер үлээлгэн шалгаж эхлэхэд 0,00 заалттай байсан. Заалт нь 0,79 хувийн согтолттой гэсэн заалт гаргасныг тогтоов” /хэргийн 150 дугаар тал/,
Шүүх химийн шинжилгээний 2013 оны 06 дугаар сарын 07-ны 150 тоот хариунд: “...Даваажамц овогтой Б аас авсан цус зэрэг материалд спирт тодорхойлох зорилгоор шүүх химийн шинжилгээг спектрофотометрийн аргаар хийлээ. ...Цусанд спирт 1 хувь илрэв” гэсэн дүгнэлт /хэргийн 59 дүгээр тал/,
Шүүх химийн шинжилгээний 2013 оны 06 дугаар сарын 07-ны 151 тоот хариунд: “...Монхоо овогтой Б аас авсан цус зэрэг материалд спирт тодорхойлох зорилгоор шүүх химийн шинжилгээг спектрофотометрийн аргаар хийлээ. ...Цусанд спирт илрээгүй” гэсэн дүгнэлт /хэргийн 65 дугаар тал/,
Капитал зууч ХХК-ний 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээний тайланд: “...иргэн Даваажамц овогтой Б ын жолоодож явсан “Ниссан санни В15” маркийн .... УНЭ улсын дугаартай хар ногоон өнгийн суудлын автомашины Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Цайдмын хөндийд 4 дүгээр бригадын урд төв засмал зам дээр болсон авто ослын улмаас үүссэн эвдэл, хохирлын үнэлгээг гаргавал ....4,200,000 төгрөг байна” гэсэн дүгнэлт /хэргийн 71-72 дугаар тал/,
Капитал зууч ХХК-ний 2013 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн үнэлгээний тайланд: “...иргэн Монхоо овогтой Б ын жолоодож явсан “Хьюндай Грейс” маркийн .... УБП улсын дугаартай шар өнгийн микроавтобусны Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Цайдмын хөндийд 4 дүгээр бригадын урд төв засмал зам дээр болсон авто ослын улмаас үүссэн эвдэл, хохирлын үнэлгээг гаргавал...2,720,000 төгрөг байна” гэсэн дүгнэлт /хэргийн 82-83 дугаар тал/,
Шинжээчийн 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10/07/025/27 тоот дүгнэлтэнд: “Тээврийн хэрэгслийн байдлыг шалгасан тухай” дүгнэлтэнд: “...Грейс маркийн .... УНП дугаарын автомашин нь техникийн эвдрэл гэмтэлгүй тул осол гарахад нөлөөлөх зүйлгүй байна. Осол үйлдэгдсэн шалтгаан нь техникийн бүрэн бус байдлаас шалтгаалаагүй. Тухайн үеийн хурдыг тогтоох боломжгүй байна” гэсэн дүгнэлт /хэргийн 93-99 дүгээр тал/,
Шинжээчийн 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10/07/025/28 тоот дүгнэлтэнд: “...Ниссан санни маркийн .... УНЭ дугаарын автомашин нь техникийн эвдрэл гэмтэлгүй тул осол гарахад нөлөөлсөн зүйлгүй. Осол үйлдэгдсэн шалтгаан нь техникийн бүрэн бус байдлаас шалтгаалаагүй. Тухайн үеийн хурдыг тогтоох боломжгүй байна” гэсэн дүгнэлт /хэргийн 105-109 дугаар тал/
Хохирогч С.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн “Би өөрөө Хөвсгөл аймаг Эрдэнэбулган суманд байдаг, би хот явах санаатай байж байтал 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдөр сумын цагаан хоолойгоор хоёр хүн авч Улаанбаатар хот явна гэсэн зар явсан. Түүний дагуу би утас руу нь залгаж яриад уулзахад шар өнгийн микро нэг эрэгтэй жолооч байсан. Тэгээд надаас гадна нэг залуу явсан. Ингээд жолооч тэр залуу бид гурав гурвуулаа 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн үдээс хойш Хөвсгөл аймаг Эрдэнэбулган сумаас гарсан. Би цагийг нь санахгүй байна. тэр шар өнгийн микро ардаа гэр ачсан ачаатай байсан. Тэр залуу бид хоёр жолоочийн хажууд суусан. Тэгээд Улаанбаатар хот руу явж байгаад 2013 оны 05 дугаар сарын 29-ний шөнө 02 цагийн үед хамт явсан залуу Эрдэнэтэд бууж үлдсэн. Тэгээд жолооч бид хоёр наашаа яваад Эрдэнэтээс наана Улаантолгой сангийн аж ахуйн ойролцоо тэр жолооч нэг цаг орчим унтаж амраад бараг үүр цайх дөхөөд ирсэн. Тэгээд наашаа хөдлөөд явсан. Тэгээд тэр машиных нь ус халаад явахгүй хэсэг яваад зогсоод, хэсэг яваад зогсоод байсан. Тэгээд 2013 оны 05 дугаар сарын 29-ний өглөө 08 цаг өнгөрч байхад Дархан өнгөрөөд Хонгор сум ороод шатахуун түгээх станц дээр очоод худаг заалгаад нөгөө худаг дээр нь очиж, ус аваад машиндаа ус хийгээд ундааны саванд ус хийж авсан. Тэгээд цаашаа хөдлөөд явж байтал урдаас нэг жижиг машин ирж байсан. Миний сууж явсан машины жолооч яг замаараа явж байсан. Тэгсэн урдаас ирж явсан машин ойртож ирээд миний харснаар бол өөдөөс ирж байсан тэр жижиг тэрэг мурилзаад байх шиг байсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй, унаснаа ч мэдэхгүй, нэг мэдсэн чинь сууж байсан машин маань хажуу талаараа уначихсан байсан. Тэгээд машин унасныг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хэргийн 114-115 дугаар тал/,
Хохирогч А.Э ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 116-117 дугаар тал/
Хохирогч Н. Б мөрдөн байцаалтанд өгсөн “Дарханаас Улаанбаатар орох зам тээврийн осолд орсон .... УБП улсын дугаартай шар өнгийн Грейс маркийн автомашины бичиг баримт нь Магсар овогтой Эрдэнэсүрэнгийн нэр дээр байгаа. Эрдэнэсүрэн нь манай эхнэр Байгалмаагийн төрсөн ах нь байгаа юм. Ингээд Эрдэнэсүрэн бид хоёр 2013 оны 05 дугаар сард 7,500,000 төгрөгөөр хамтарч худалдаж авсан. Худалдаж авахдаа би 4,500,000 төгрөгийг гаргаж, үлдсэн 3000,000 төгрөгийг Эрдэнэсүрэн гаргасан юм. Манайх жижигхэн бөөний худалдааны түгээлтийн компанитай юм. Тэр компаний түгээлтэд нь зориулж худалдаж авсан юм. Тэгээд энэ машиныг жолоодох эрх нь Эрдэнэсүрэнд байсан учраас бичиг баримтыг нь Эрдэнэсүрэнгээр гаргуулж, хамтран өмчилдөг байсан юм. 2013 оны 05 дугаар сарын дундуур энэ машин манай жижиг компаний гражид байхад хадам Магсар Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум руу жаахан барилгын материал ачуулаад ирье гэж хэлээд мөн тэр Эрдэнэбулган сумын уугуул М.Б гэж хүнээр бариулаад явна гэсэн. ...Эрдэнэсүрэн нь Солонгос улсад өөрийн хүү 2 настай Хангарьдыг мэс засал хийлгэхээр өөрийн эхнэр хүүхдийнхээ хамт 2013 оны 04 дүгээр сард явсан. Одоо ирэх боломжгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 118-119 дүгээр тал/,
Гэрч Б.А мөрдөн байцаалтанд өгсөн “ энэ .... УНЭ дугаартай Н/санни маркийн автомашины бичиг баримт нь миний нэр дээр байгаа боловч би 2012 оны 05 дугаар сарын орчимд Б ахад 6,500,000 төгрөгөөр зарсан. Тэгээд яг машиныг Б ах худалдаж авахдаа надад бэлнээр 5,200,000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл нь 1,300,000 төгрөг байгаа. Тэгээд би мөнгөө гүйцээж авч байж машины бичиг баримтыг Б ахын нэр дээр шилжүүлнэ гэж тохирсон юм. Одоо энэ машин надад хамаагүй. Хэдий бичиг баримт нь миний нэр дээр байгаа ч Б ах унаж, хэрэглэж, эзэмшиж байсан учраас надад хамаагүй. Би одоо харин Б ахаас үлдсэн 1,300,000 төгрөгийг хууль шүүхийн байгууллагаар шийдүүлэхгүй, хоорондоо тохиролцоод мөнгө төгрөгөө авчихна” гэсэн мэдүүлэг /хэргийн 122 дугаар тал/,
Шүүгдэгч Д.Б ын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 142 дугаар тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар “ял шийтгэл эдэлж байгаагүй” /хэргийн 143 дугаар тал/, Улаанбаатар төмөр замын вагон ашиглалтын депогийн даргын тодорхойлолт /хэргийн 148 дугаар тал/, Н/Санни маркийн .... УНЭ улсын дугаартай суудлын автомашины АЯ0218759 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 147 дугаар тал/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны засаг даргын “ Даваажамц овогтой Б нь тус хорооны хувьсгалчид В-13 дугаар байрны 31 тоотод оршин суудаг, ам бүл-5” гэх тодорхойлолт /хэргийн 145 дугаар тал/, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн түр зөвшөөрөл /хэргийн 146 дугаар тал/,
Шүүгдэгч М.Б ын иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 139 дүгээр тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар “ ял шийтгэл эдэлж байгаагүй” /хэргийн 140 дүгээр тал/, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын “тус хорооны иргэн М.Б нь Хайрхан 9 дүгээр гудамж 184 тоотод оршин суудаг, ам бүл-4” гэсэн тодорхойлолт /хэргийн 141 дүгээр тал/, М.Б ын жолооны үнэмлэхний хуулбар /хэргийн 148 дугаар тал/, Магсар овогтой Эрдэнэсүрэнгийн Х/Грейс маркийн .... УБП улсын дугаартай Микроавтобусны АЯ№0400326 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хэргийн 149 дүгээр тал/
Талийгаач Д.Н ын иргэний үнэмлэхний хуулбар, №0000118191 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар /хэргийн 152 дугаар тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар “Д.Н , А.Э нарын 1997 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэр бүл болсныг 1998 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн” гэсэн лавлагааны хуулбар /хэргийн 153 дугаар тал/, Н ын Сувдын төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 155 дугаар тал/,
хохирогч А.Э ын иргэний үнэмлэхний хуулбар / хэргийн 154 дүгээр тал/, хохирогч А.Э ын гаргаж өгсөн хохирлын зарлагын баримтууд /хэргийн 156-163, 212-214 дүгээр тал/,
хохирогч А.Э ын гаргасан “...Д.Б аас А.Э би 2013 оны 07 дугаар сарын 20-нд 2,500,000 төгрөгийг бэлнээр авсан, мөн 8 дугаар сарын 14-нд хүүхдийн сургуульд зарцуулахаар 800,000 төгрөгийг бэлнээр авсан, 8 дугаар сарын 20-нд 1,700,000 төгрөгийг бэлнээр авчирч өгсөн гэх мэтчилэн Д.Б аас нийт 5000,000 төгрөгийг авсан” гэсэн баримт
хохирогч С.Б ийн иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 164 дүгээр тал/, өвчний түүх /хэргийн 166-172 дугаар тал/, түүний толгой хүзүүний зураг авахуулсан 190,000 төгрөгийн зарлагын баримт /хэргийн 165 дугаар тал/,
2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хохирлын мөнгө хүлээн авсан тухай баримтаар “хохирогч С.Б нь шүүгдэгч Д.Б аас 95,000 төгрөг хохирлын мөнгө хүлээн авсан” баримт,
Шүүгдэгч М.Б ын ах М.Ширгалын зургийн аппаратаар авсан гэх гэрэл зураг /хэргийн 180, 188 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Б нь 2013 оны 05 дугаар сарын 29-ний өглөө 08 цагийн орчим Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэр Цайдмын хөндий гэх газарт “Грейс” маркийн .... УБП улсын дугаартай микро автобусыг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т заасан “...Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”,
Шүүгдэгч Д.Б нь согтуугаар “Ниссан Сани” маркийн .... УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.7/а/-д заасан “...согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно...”, мөн дүрмийн 2.3/б/-д заасан “...Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх...” гэсэн заалтыг тус тус зөрчсөнөөс хоорондоо мөргөлдөж М.Б ын “Грейс” маркийн автомашины зорчигч С.Б ийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл, Д.Б ын жолоодож явсан “Ниссан Сани” маркийн автомашины зорчигч Д.Н ын амь насыг хохироосон болох нь:
-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
-Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Замын цагдаагийн тасгийн байцаагч а/д Б.Өнөрбатын дүгнэлт,
-Шинжээч Замын цагдаагийн тасгийн байцаагч цагдаагийн хошууч С.Хурцбилэг, цагдаагийн ахлах дэслэгч А.Эрдэнэзул, цагдаагийн ахмад Х.Ганболд нарын гаргасан 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлт,
-Шинжээч, цагдаагийн ахмад В.Б , цагдаагийн ахмад Б.Б цагдаагийн ахлах дэслэгч Н.Г , цагдаагийн ахлах дэслэгч Г.А цагдаагийн дэслэгч Б.А нарын гаргасан 2013 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 224 тоот дүгнэлт,
- Шүүх эмнэлгийн 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 57 тоот магадлан шинжилгээнд: “...Талийгаачийн биед дээрх оношинд бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, амь насанд шууд аюултай, гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.10, .3.1.11, 3.1.12, 3.3.1, 3.3.3-д заасан хүнд зэргийн гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин илэрсэнгүй. Талийгаачийн цусанд 2.3 промиль этилийн спирт илэрсэн ба энэ нь дунд зэргийн согтолтыг харуулна. Талийгаач нь АII бүлгийн цустай байна...” гэсэн дүгнэлт,
-Шүүх эмнэлгийн 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 594 дугаартай үзлэг хийсэн дүгнэлтэнд: “...С.Б ийн биед хүзүүний 6-р нугаламын нум, сэртэнгийн хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, нүүр болон доод мөчдийн зөөлөн эдийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үүсгэгдэх боломжтой, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэл болно...” гэсэн дүгнэлт,
-2013 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Драйгер үлээлгэсэн тайлбар,
-Шүүх химийн шинжилгээний 2013 оны 06 дугаар сарын 07-ны 150 тоот хариу зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Б , Д.Б нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон” гэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Б ын өмгөөлөгч Н.Дэмбэрэлдавга шүүх хуралдаанд: “Уг хэрэгт “А” буюу анх мөргөлдсөн цэгийг илт үндэслэлгүй тогтоосон байна. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд асгарсан тос шингэнийг үндсэн “А” цэгийг тогтоосон мэтээр заажээ. Гэвч М.Б ын ах М.Ширгалын хэргийн газарт авсан, хэргийн 180 дугаар хуудсанд байгаа гэрэл зургуудаас харахад ч “А” гэх цэгт асгарсан тос шингэн байхгүй нь тодорхой харагдаж байна. /...шүүгдэгч Д.Б нь 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн мэдүүлэгтээ “замын голоос 40 см зайтай явсан” талаар мэдүүлсэн. Гэтэл М.Б ыг замын голын 10 см давж Д.Б ын жолоодож явсан машиныг мөргөсөн мэтээр буруутгасан нь уг хоёр автомашин 30 см зайтай зөрөх боломжтой байсныг харуулж байна.
...хэрэгт цугларсан нотлох баримтаар жолооч Д.Б ын жолоодож явсан машин замын голын зураас давж жолооч М.Б ын жолоодож явсан машиныг мөргөсөн нь тодорхой байгаа нь гэрч С.Б ийн “миний сууж явсан машины жолооч яг замаараа явж байсан. Өөдөөс ирж байсан тэр жижиг тэрэг мурилзаад хоёр тал руугаа гуйваад дайваад байх шиг байсан” гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна.
Осол болсон газарт одоо ч ул мөр нь арилаагүй байгаа тул хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү “ гэжээ.
Хэрэгт хамааралтай нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол нотлох чадвараа алдах бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул хавтас хэргийн 180, 188 дугаар талд авагдсан гэрэл зураг нь нотлох баримт болохгүй.
Мөн хохирогч С.Б ийн “миний сууж явсан машины жолооч яг замаараа явж байсан. Өөдөөс ирж байсан тэр жижиг тэрэг мурилзаад хоёр тал руугаа гуйваад дайваад байх шиг байсан”, шүүгдэгч Д.Б ын “замын голоос 40 см зайтай явсан” гэсэн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4-т заасан “шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм бурууг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэсэн заалт болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Замын цагдаагийн тасгийн байцаагч а/д Б.Өнөрбатын дүгнэлт, шинжээчийн 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлт, шинжээчийн 2013 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 224 тоот дүгнэлт зэрэг бичгийн баримтаар үгүйсгэгдэж байх тул хэргийн мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч А.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 8.677.800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж, холбогдох нотлох баримтаа шүүхэд ирүүлжээ.
Хохирогч А.Э аас гаргаж ирүүлсэн хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлахад үүнээс:
“Мөнх-Аяст од” ХХК-ний 36,000 төгрөгийн зарлагын баримт /хэргийн 159 дүгээр тал/, “Хүчит шонхор” ХХК-ний 410,000 төгрөгийн зарлагын баримт, “Мөнх-Аяст од” ХХК-ний 99,800 төгрөгийн зарлагын баримт, Ариун хөгжил трейд ХХК-ний 15,900 төгрөгийн зарлагын баримт /хэргийн 160 дугаар тал/, УТМЛ ХХК-ний 470,400 төгрөгийн зарлагын баримт /хэргийн 161 дүгээр тал/, НВЦ компаний 128,400 төгрөгийн зарлагын падаан /хэргийн 162 дугаар тал/, Финпак ХХК-ний 50500 төгрөгийн зарлагын баримт /хэргийн 163 дугаар тал/, Буяны дэм ХХК-ний 1,120,000 төгрөгийн зарлагын баримт /хэргийн 214 дүгээр тал/, Хараа буудлын Рома рестораны 1,530,000 төгрөгийн баримт /хэргийн 161 дүгээр тал/, Улаанбаатар төмөр замын нийт 20,000 төгрөгийн билетийн баримт /хэргийн 158, 212 дугаар тал/, хот хооронд зорчих автобусны нийт 30,000 төгрөгийн тасалбарын баримт /хэргийн 159, 213 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар талийгаач Д.Н ын оршуулгын ажилд нийт 3,911,100 зарцуулсан болох нь тогтоогдож байна.
Харин 2013 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Содон” ХХК-ний 510,000 төгрөг зарлагын баримт /хэргийн 156 дугаар тал/, 2013 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн “Есөн эрдэнэ ХХК”-ний 307,000 төгрөгийн зарлагын баримт /хэргийн 156 дугаар тал/, 2013 оны 06 дугаар сарын 01-ны “Есөн эрдэнэ” ХХК-ний 1,174,200 төгрөгийн зардлын баримт /хэргийн 157 дугаар тал/ 2013 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Есөн эрдэнэ” ХХК-ний 588,500 төгрөгийн зарлагын баримт /хэргийн 157 дугаар тал/, 2013 оны 06 дугаар сарын 01-ны өдрийн “Есөн эрдэнэ” ХХК-ний 700,000 төгрөгийн зарлагын баримт /хэргийн 158 дугаар тал/ 2013 оны 06 дугаар сарын 01-ны өдрийн “Мон бейкери” ХХК-ний 48,500 төгрөгийн зарлагын баримт /хэргийн 161 дүгээр тал/ 2013 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн Бөмбөгөрийн 348,500 төгрөгийн зарлагын баримт /хэргийн 162 дугаар тал/ 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 600,000 төгрөгийн зарлагын баримт /хэргийн 213 дугаар тал/ нийт 4,276,700 төгрөгийн баримт нь тамга тэмдэггүй, хүлээлгэн өгсөн хүний гарын үсэггүй, хууль заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй, мөн 490,000 төгрөгийг нотлох баримтгүйгээр нэхэмжилсэн байх тул хохирогч А.Э ын хохирол төлбөрт нэхэмжилсэн 4,766,700 төгрөгийг хангах үндэслэлгүй байна.
Хохирогч С.Б нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрт 1,500,000 төгрөгөөр гаргуулахаар нэхэмжилсэн боловч хавтас хэрэгт Толгой хүзүүний компьютерт зураг авахуулсаны төлбөр 190,000 төгрөгийн баримтаас өөр нотлох баримт байхгүй байх тул хохирогч С.Б ийн нэхэмжлэлийн шаардлагаас 190,000 төгрөгийг хангах үндэслэлтэй байна.
Х/Грейс маркийн .... УБП улсын дугаартай микро автобусны эзэмшигч нь Магсар овогтой Эрдэнэсүрэн болох нь дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр /хэргийн 149 дүгээр тал/ нотлогдож байна.
Харин мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдсон Н.Батгэрэл нь уг микро автобусыг худалдаж авсан болон эзэмших эрхтэй эсэх талаар хавтас хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй байх тул Н.Батгэрэлийг Х/Грейс маркийн .... УБП улсын дугаартай микро автобусанд учирсан хохирол төлбөрийг нэхэмжлэх эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хохирол төлбөрийн талаарх асуудал нь шүүгдэгчийн гэм бурууг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй учир эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо хохирогч А.Э , С.Б , Х/Грейс маркийн .... УБП улсын дугаартай микро автобусны эзэмшигч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймээс гэмт хэргийн улмаас хохирогч А.Э д учирсан 3,911,100 төгрөгийн, хохирогч С.Б т учирсан 190,000 төгрөгийн хохирол төлбөрийг шүүгдэгч М.Б , Д.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хохирогч нарт олгох нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч А.Э д 5000,000 төгрөгийг, хохирогч С.Б т 95,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болох нь хохирогч А.Э ын мөнгө хүлээн авсан тухай баримт, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хохирогч С.Б хохирлын мөнгө хүлээн авсан тухай баримтуудаар,
шүүгдэгч М.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч А.Э д 100,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн мэдүүлэгээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч М.Б аас 1,855,500 төгрөгийг гаргуулж хохирогч А.Э д, 95,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б т тус тус олгох, шүүгдэгч Д.Б ыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Б ын гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3-т зааснаар, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн нь мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа болон хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүй байхаар шүүх шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч М.Б нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн боловч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар оногдуулах ялыг тэнсэж хянан харгалзах боломжгүй байна.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т овогт Д.Б , ХД овогт М.Б нарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч М.Б т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 жил 6 сар /гурван жил зургаан сар/ хорих ялаар,
шүүгдэгч Д.Б ад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/-ын хугацаагаар хасч, 3 жил 1 сар /гурван жил нэг сар/ хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч М.Б , Д.Б нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар Д.Б ад оногдуулсан 3 жил 1 сар /гурван жил нэг сар/ хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Д.Б ад анхааруулж мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар энэ хэрэгт шүүгдэгч М.Б , Д.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Б аас 95,000 /ерэн таван мянган/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймаг Эрдэнэбулган сум ..дүгээр багт оршин суух, регистрийн .. дугаартай, хохирогч С.Б т, 1,855,500 /нэг сая найман зуун тавин таван мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж, Улаанбаатар хот ... дүүрэг .. дүгээр хороо .. тоотод оршин суух, регистрийн И.. дугаартай, хохирогч А.Э д тус тус олгосугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, 122.4-т зааснаар хохирогч А.Э , С.Б , Х/Грейс маркийн .... УБП улсын дугаартай микро автобусны эзэмшигч нар нь өөрт учирсан гэм хорын хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг мэдэгдэж, энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч М.Б ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан 2 /хоёр/ жилийн хугацааг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн, шүүгдэгч Д.Б ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/-ын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Б ад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, М.Б т авсан оршин суугаа газраасаа гадагшаа явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс тоолсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Б ад авсан бусдын батлан даалтад өгөх, Д.Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА