| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхүүгийн Даваанаран |
| Хэргийн индекс | 144/2023/0151/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/152 |
| Огноо | 2023-10-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.С******** |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/152
2023 10 27 2023/ШЦТ/152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.С /томилолтоор/,
Шүүгдэгч: О.Т /өөрийгөө өмгөөлсөн/,
Шүүгдэгч: Б.М/өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Т, Б.Мнарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2********** дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч О.Т нь Б.Мөнгөншагайтай бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 15-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд хохирогч Н.Ц-той “...найзыг байхгүйд гэрийг нь эзгүйчилж эхнэр дээр нь ирлээ...” гэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар бие эрх чөлөөнд нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь нүүрний дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун дал орчмын зулгаралт гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч Б.Мнь О.Т-тэй бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 15-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд хохирогч Н.Ц-той “...найзыг байхгүйд гэрийг нь эзгүйчилж эхнэр дээр нь ирлээ...” гэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар бие эрх чөлөөнд нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь нүүрний дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун дал орчмын зулгаралт гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Т, Б.М нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2********** дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Т мэдүүлэхдээ:
Гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа. Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, хүлээх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг ойлгож, түүнийгээ хүлээн зөвшөөрсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ:
Гэм буруугаа ойлгож ухамсарлаж байгаа. Гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, хүлээх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг ойлгож, түүнийгээ хүлээн зөвшөөрсөн гэв.
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 30 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Ц-ын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42, 44, 46 дахь тал/, -
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Ариунболдын өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 489 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 63-64 дэх тал/
-Мөрдөн шалгах ажиллагаанд О.Тийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мөнгөншагайн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77 дахь тал/,
-Шүүгдэгч О.Тийн иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, жолоочийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хавтаст хэргийн 100, 101, 102, 103, 104, 105, 106 дахь тал/,
-Шүүгдэгч Б.Мөнгөншагайн иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, жолоочийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хавтаст хэргийн 110, 111, 112, 113, 114, 115 дахь тал/,
-Шүүгдэгч О.Тийн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь прокурорын газар гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 174 дэх тал/,
-Шүүгдэгч Б.Мөнгөншагайн Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь прокурорын газар гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 175 дахь тал/,
-Хохирогч Н.Цын Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь прокурорын газар гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 176 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч О.Т нь Б.Мөнгөншагайтай бүлэглэж 2022 оны 10 дугаар сарын 15-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд хохирогч Н.Цтой “...найзыг байхгүйд гэрийг нь эзгүйчилж эхнэр дээр нь ирлээ...” гэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар бие эрх чөлөөнд нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь “нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун дал орчмын зулгаралт гэмтэл” үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Б.Мнь О.Ттэй бүлэглэж 2022 оны 10 дугаар сарын 15-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд хохирогч Н.Цтой “...найзыг байхгүйд гэрийг нь эзгүйчилж эхнэр дээр нь ирлээ...” гэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар бие эрх чөлөөнд нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь “нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун дал орчмын зулгаралт гэмтэл” үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээрх дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Цын өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн орчимд Баянхөөврийн 13-46 тоотод байх хашаандаа машинаа асаах гэсэн чинь машин асахгүй байхаар нь хүн гуйж машинаа холбуулах гээд хашааныхаа хойд талд зам дагуу машин ирэхийг хүлээгээд зогсож байхад манай ар талын хашааны үүдэнд нэг цагаан өнгийн /маркийг нь мэдэхгүй/ машин зогсож байхаар нь алхаад очтол жолооч буугаад хашаан дотор байсан гэр лүү яваад орчихоор нь жолоочийг нь гуйх санаатай араас нь гэр лүү орох гэтэл хаалгаа түгжчихсэн тавихгүй байсан. Тэгээд би тэр айлаас гараад хашааных нь зүүн талд зам дагуу зогсож байхад цагаан өнгийн жижиг машинтай хүмүүс миний хажууд ирж зогсоод машинаас үл таних 5 хүн бууж ирээд нэг нь "чи манай найзыг эзгүйчлээд эхнэр дээр нь ирээд байна уу" гэхээр нь би “юу яриад байгаа юм бэ? Би машинаа холбуулж асаах гэсэн юм” гэж хэлсэн чинь "чиний машин гэж юу байдаг юм бэ?" гэж хэлээд нэрийг нь мэдэхгүй өндөр оюутолгойн хувцастай залуу миний гарнаас татаад саарал өнгийн ноосон цамцтай залуу миний нөгөө гарнаас татаад зуураад байхаар нь би гараа мултлаад зугтаад гүйсэн чинь араас "Оюутолгой" хувцастай залуу гүйж ирээд намайг татаж унагаад саарал хувцастай залуу нь араас хүрч ирээд миний толгой дээр дарж суугаад миний хоолойг шахаад байсан. Тэгж миний хоолойг шахаж байхад хэн нь мэдэхгүй нэг хүн миний нурууны хэсэгт үзүүртэй зүйлээр зураад шалбалчихсан. Тэгээд би гараа татаад босох гээд өндийтөл бас нэг нь миний нүүр лүү хөлөөрөө нэг удаа өшиглөчихсөн... Миний эрүүний хэсэг юм идэхэд хөндүүрлэж зовиурлаж байна, толгой өвдөнө, нурууны хэсэг жижиг шалбарсан шарх үүссэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Цын 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дахин өгсөн: “...Тухайн үед намайг зугтаах үед Оюутолгойн хувцастай залуу араас гүйж ирээд миний куртикны малгайнаас татаад газарт унагасан тэр үед саарал цамцтай залуу миний толгой хэсэг дээр дарж суугаад хоолой шахаад базаад байсан. Тэр үед би толгойгоо мулталж аваад өндийх гэтэл миний нүүрний зүүн талын хэсэг рүү оюутолгойн хувцастай өндөр залуу цохиод авсан... Тэр залуу миний нүүрний хэсэг рүү цохисны дараа араас нэг хүн миний нуруу хэсэгт зураад эсвэл маажаад байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Цын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дахин өгсөн: “...Мөнгөншагай, Түвшинтөр нар нь миний эмчилгээний явцад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Миний эмчилгээ болон бусад зардалд нийт 500.000 төгрөгийг бэлнээр надад төлж барагдуулсан. Цаашид миний биед учирсан гэмтэл нь хамар ясны хагалгаанд орох эмчийн заалттай бөгөөд эмчилгээний явцад гарсан зардлыг Түвшинтөр, Мөнгөншагай нар төлж барагдуулахаар бид нар хоорондоо тохиролцсон байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Ариунболдын өгсөн: “...дахиж нэг шил архи авч ирээд дахиад уугаад сууж байхад Түвшинтөр, Мөнгөншагай 2-ын нэг нь /хэн нь хэлснийг нь санахгүй байна/ “манай найз Оюутолгой дээр ажил дээрээ байгаа юм байна, гэрт нь хүмүүс архидаад байна гэж байна, очоод үзээдхээч гэж байна” гэж хэлсэн. Тэгээд Дашням гэх залуугийн машинтай нь бид нар суугаад тэр ярьсан Мөнхбаясгалан гэх найзынх нь гэрт очоод Түвшинтөр, Мөнгөншагай, Гантулга 3 буугаад тэр айлын хашаа руу орсон би Дашнямын хамтаар машинд суугаад байж байхад хашаанаас нэг хүн гарч ирээд араас нь Гантулга, Түвшинтөр, Мөнгөншагай 3 хөөгөөд булан тойроод гүйгээд гарсан. Тэгэхээр нь би араас нь явганаар булан тойроод гараад очсон чинь тэр хүн газарт уначихсан Түвшинтөр дээрээс нь тохойгоороо цээж хэсэг рүү нь тохойдоод, Мөнгөншагай цээжин хэсэгт нь хөлөөрөө өшиглөж байх шиг харагдсан. Тэгэхээр нь би очоод Мөнгөншагайг салгаж аваад холдуулах үед Гантулга мөн Түвшинтөрийг салгаад тэр хүн босоод явчихсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 489 дугаартай “1.Н.Цын биед нүүрний дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун дал орчмын зулгаралт гэмтэл үүсчээ. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. З.Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 63-64 дэх тал/
-Мөрдөн шалгах ажиллагаанд О.Тийн яллагдагчаар өгсөн: “...тухайн өдрийн 16 цагийн орчимд намайг гэртээ байж байхад манай найз Мөнгөншагай манай гэрт хүрч бид 2 хамт гэрээсээ гараад Ханбогд сумын төвд байдаг Ариунболд ахын гэр лүү явсан. Бид 2-ыг тэнд очиход Ариунболд ах, Эрдэнэтээс ирсэн гэх 2 залуугийн хамтаар байсан бөгөөд бид нар Ариунболдын гэрт 2 шил 0,75 литрийн савлагаатай “Хараа” нэртэй архи хувааж уусан. Тэнд байсан хүмүүсээс Эрдэнэтээс ирсэн Дашням гэх залуу нь огт уугаагүй. Бид нарыг Ариунболдын гэрт архи уугаад сууж байхад Оюутолгой ХХК-нд ажилладаг манай найз Мөнхбаясгалан над руу утсаар залгаад “манай гэрт хүмүүс цуглаад архи уугаад байна, очиж үзээд хүн байвал хөөгөөд явуулчих” гэж хэлсэн... Тэнд очоод Мөнгөншагай, Ариунболд, Эрдэнэтийн сахалтай залуу бид 4 машинаас буугаад А.Дашням гэх залуу машиндаа суугаад үлдсэн. Намайг анх хашаагаар нь яваад ороход өөдөөс О.Цэрэнноров гэх залуу гараад ирэхээр нь “Чи яагаад манай найзыг эзгүйчлээд гэрт нь архи уугаад байгаа юм бэ” гэж хэлээд нүүрний хэсэгт нь гараараа 2 удаа алгадсан. Тэгсэн чинь нөгөө залуу хашаанаас гараад зугтаагаад гүйгээд явчихаар нь араас нь Мөнгөншагай, бид 2 гүйж очоод барьж аваад би Цэрэнноровын нурууны хэсэгт гараараа нэг удаа цохисон тэгсэн чинь Цэрэнноровыг газарт хэвтэж байхад нь Мөнгөншагай хүрч ирээд нүүрний хэсэгт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэр үед араас Ариунболд ирээд бид 2-ыг салгаад зогсож байхад Дашням машинтайгаа хүрч ирээд бид нарыг суулгаад буцаад Ариунболдын гэрт очсон... би Цэрэнноровыг манай найзын хашаанаас гараад ирэхээр нь 2 удаа нүүрний хэсэгт нь алгадсан. Тэгээд араас нь хөөгөөд гүйж байхад газарт уначихаар нь нурууны хэсэгт нь гараараа цохисон. Мөнгөншагай хөлөөрөө нүүрний хэсэгт нь 1 удаа өшиглөсөн. Өөр цохиж зодсон хүн байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Мөнгөншагайн яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 16 цагийн орчимд Ханбогд сумын төвд байх Ариунболд гэх ахын гэрт О.Тийн хамтаар очсон юм. Бид 2-ыг тэнд очиход Ариунболд ах гэртээ, Эрдэнэтээс ирсэн гэх 2 залуугийн хамт байсан. Тэнд очоод Түвшинтөр би, Ариунболд ах, тэнд байсан 2 залуугийн нэг нь Гантулга гэх залуу нь хамт сууж байгаад 1 шил архи уусан. Тэр архиа уугаад дуусаж байхад манай найз Мөнхбаясгалан гэх залуу утсаар залгаад “Манай гэрт очоод үзээдхээч хүмүүс архи уугаад байх шиг байна” гэж хэлсэн... бид нар бөөнөөрөө очиход хашаанаас нь Цэрэнноров гэх эрэгтэй гарч ирж байсан. Тэгсэн чинь надтай хамт явж байсан О.Т нөгөө залууг “Чи яахаараа манай найзын гэрээс гарч ирдэг юм бэ, найз эзгүйчлээд байна уу” гэж хэлээд гараараа нүүр хэсэгт нь нэг удаа алгадсан тэгсэн чинь нөгөө залуу гүйгээд зугтаагаад явчихаар нь араас нь би, нөгөө Эрдэнэтийн Гантулга гэх залуу, Түвшинтөр бид 3 араас нь гүйж байтал Цэрэнноров гүйж байхдаа өөрөө газарт уначихсан тэгэхээр нь цамцных нь захнаас барьж байгаад доош нь дараад хэвтүүлээд байж байхад О.Т ирээд нурууны хэсэгт нь гараараа 2-3 удаа цохисон тэгэхээр нь би цамц нь доош нь дарж хэвтүүлж байгаад гараа мулталж аваад Цэрэнноровыг газарт хэвтэж байхад нь хөлөөрөө гэдэс болон нүүрний орчимд нэг удаа өшиглөсөн, тухайн үед яг аль хэсэгт оносныг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд О.Т бид 2-ыг тэнд нөгөө залууг өшиглөж цохиж байхад араас Ариунболд ах алхаж ирээд бид 2-ыг болиулсан юм... Н.Цын нүүрний хэсэгт өшиглөчих шиг болсон нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь намайг өшиглөсний улмаас үүссэн байх гэж бодож байна. О.Т Н.Цын нурууны хэсэгт 2-3 удаа цохиод байх шиг байсан түүний улмаас үүссэн байж магадгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77 дахь тал/,
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.
Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Т, Б.Мнар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгч нарын хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
1.4. Хууль зүйн дүгнэлт.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 489 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Цын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч О.Т, Б.Мнар нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж болохыг ухамсарлаж байсан хэдий ч хохирогчийн биед халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” гэж, 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “бүлэглэж” гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.
Бүлэглэн гүйцэтгэх гэдэг нь гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэнийг ойлгох бөгөөд шүүгдэгч нар нь хохирогчийг хамтран зодож байгаа үйлдлийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Т, Б.Мнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч О.Т, Б.Мнарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Б.Түвшинтөр, Б.Мнарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Т, Б.Мнар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Хохирогч Н.Цын биед “нүүрний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун дал орчмын зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 489 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 63-64 дэх тал/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн
мөрдөгчийн тогтоолоор иргэн Н.Цыг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 39 дэх тал/
Хохирогч Н.Ц нь “шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газарт бичгээр “...О.Т, Б.Мнар нь надад хохирсон хохирлыг бүрэн төлж барагдуулсан, цаашид эмчилгээний явцад гарах хохирлыг бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон тул миний зүгээс хохиролтой холбоотой ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Дээрх хүмүүстэй хоорондоо эвлэрч эв зүйгээ олсон тул хэргийг хялбаршуулан шийдвэрлэж өгнө үү” гэж гаргасан хүсэлтээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 176 дахь тал/
Иймд шүүгдэгч О.Т, Б.Мнар нь хохирогч Н.Цт гэм хорын хохиролд тус бүр 250.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Н.Ц нь шүүгдэгч нараас “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүгдэгч О.Т, Б.Мнар нь бүлэглэж, хохирогч Н.Цын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус ял шийтгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч нарт оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Тд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Мөнгөншагайд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах”-аар гаргасан санал нь шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.Мөнгөншагайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Түвшинтөр, Б.Мнар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй, шүүгдэгч Б.Түвшинтөр, Б.Мнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
-Шүүгдэгч О.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнгөншагайд 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тд 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч О.Т, Б.Мнарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баталсан ажлын байранд эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.Т, Б.Мнар нь хохирогч Н.Цт гэм хорын хохиролд тус бүр 250.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Н.Ц нь шүүгдэгч нараас “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч О.Т, Б.Мнар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Т, Б.Мнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүй болохыг тус тус мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААНАРАН